Энэ онд орлогын өсөлт эрчимжиж, зарлагынх саарчээ
Долларын богцтой зээлийн багц олон хүнд найдвар төрүүлээд байна. Албан мэдээллээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 24-нд Монголын хүсэлтийг хэлэлцэх аж. Хэрэв хэлэлцээр урагшилбал нийт 4.4 тэрбум ам.долларын мөнгөн урсгал Монголыг чиглэнэ. “Цус”-ны эргэлтгүй болсон Монголын эдийн засагт энэ мөнгө амь тариа ч болж мэднэ.
Сангийн сайдын мэдэгдсэнээр хамтарсан хөтөлбөрийн нийт санхүүжилтийн дийлэнхийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулах аж. Ингэснээр өдөр өдрөөр өсөж буй төсвийн алдагдал буурч, дундарч буй төрийн сан дүүрэх нь. Тэгвэл олон улсын тусламж, дэмжлэгээс өмнө одоогийн төсвийн нөхцөл байдал ямар байгааг тандъя. Төрийн “хэтэвч” рүү өнгийвөл энэ онд төсвийн орлого өсөж, зарлага жилийн өмнөхөөс буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын төсвийн зарлага бараг таван жил дараалан тэлж байна. Одоогоос долоон жилийн өмнө ОУВС Монголд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж дууссан тэр цагаас хойш манай төсвийн зарлага тасралтгүй нэмэгджээ. 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газар 153 сая ам.долларын санхүүжилттэй “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд буюу Валютын сантай дотно “нөхөрлөсөн” хоёр жилийн төсөв төдийлэн тэлээгүй байдаг.
Харин хоёр талын хамтын ажиллагаа дуусгавар болж, ОУВС-гийн хараанаас мултарсан 2011 оноос Засгийн газрын зарлага хоёр их наяд төгрөгөөр тэлэв. Тодруулбал, гурван их наядаас таван их наяд орчим төгрөг болтол нь өсгөжээ. Үүнээс хойш төсөв тооцоогүй томорч, орлогын өсөлт саарч, зарлага нь дээшилсээр байв. Ингэснээр төсвийн орлого, зарлагын дэнс тэнцэхээ болж, алдагдлын хэмжээ талийсаар таван жилийг үджээ.
Төсвийн орлого ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр өсчээ
Тэгвэл энэ онд эсрэгээрээ орлогын өсөлт эрчимжиж, зарлагынх саарчээ. 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын төсвийн зарлага жилийн өмнөхөөс 60 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол орлого ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Орлого тэлж, зарлага саарснаас төсөв эрүүлжиж, алдагдал буурчээ. 2016 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад төсвийн алдагдал бараг хоёр дахин буурчихаад байна. Жилийн өмнө хэдийнэ хагас их наядыг давж байсан сангийн алдагдал өдгөө 285 тэрбум төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, алдагдал ойролцоогоор 380 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд орлогын өсөлт зарлагынхаас 23.8 пунктээр илүү байсан нь нөлөөлсөн байна.
Одоо ганц асуулт. Орлого яагаад ийн өсөв. Сангийн яамны мэдээлэлд дурдсанаар орлогын албан татвар хамгийн өндөр буюу 260-аад тэрбум төгрөгөөр өсчээ. Дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар 107 тэрбум төгрөгөөр өсөж, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 50 тэрбум төгрөгөөр дээшилжээ. Энэ нь манай төрийн санг тэтгэсэн байна.
Үүнээс гадна өсөлт дагуулсан нэгэн түүхий эд Монголын эдийн засагт ногоон гэрэл асаагаад хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ бол нүүрс. Нүүрсний экспорт биет дүнгээрээ 2.3 дахин өссөн. Эхний дөрвөн сард Монгол Улс нийт 11.6 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөх 5.05 сая тоннтой харьцуулахад хоёр нугалсан дүн. Харин мөнгөн дүнгээр бараг тав дахин өссөн байх юм. Монголчууд 2016 оны дөрөвдүгээр сард 155.8 сая ам.долларын нүүрс экспортолж байсан бол өдгөө 769.8 сая ам.доллар олжээ. Өөрөөр хэлбэл, нэг их наяд төгрөгөөр дээшилсэн гэсэн үг.
Хөрөнгийн зардлын төсөвт эзлэх жин 4.5 пунктээр буурсан
Тэгвэл төсвийн зарлагын тухайд төдийлэн өсөөгүй, өнгөрсөн оны түвшинд хадгалагджээ. Төсвийн зарлагын 88.1 хувийг урсгал зардал бүрдүүлсэн. Харин 9.7 хувийг хөрөнгийн зардал, 2.2 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлж байна. Хөрөнгийн зардлын төсөвт эзлэх жин 4.5 пунктээр буурсан бол урсгал зардлынх 3.3, цэвэр зээлийнх 1.2 пунктээр тус тус өсчээ. Гэхдээ Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр нэмэгдээд байна. Өнгөрсөн оны мөн үед зээлийн хүүгийн төлбөрт Засгийн газар 120-иод тэрбум төгрөг төлж байсан бол одоо 330 тэрбум төгрөгт хүрчээ.
Эцэст нь, төсвийг тэтгэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөс урьдаад манай улсын санд эерэг шинж ажиглагдаад байна. Энэ жишгээр төсвийн сахилга батыг сахиж чадвал улсын төсөв эрүүлжих боломж бүрдэнэ.
Г.Байгал