Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулжээ

А.Мишээл GoGo.mn

2017-05-27 16:04 GMT+8

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч "Би эх орныхоо төлөө штанг өргөдөг" хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг.

Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар "Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аяныг зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлж байгаа юм.

Уг аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан бөгөөд энэ сарын 27-ны өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс хандивын мөнгийг М.Анхцэцэгийн гэр бүлд БХЯ-наа гардуулан өглөө.

Гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгааг манай улсад хийх боломжгүй учраас БНСУ-ын "Ханган сү" эмнэлэгт хагалгаанд орох юм байна. Уг хагалгаанд 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

"Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгийн аав Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа цолтой бөгөөд одоо Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ