Монгол инженерүүдийн оюуны бүтээлийг гаднын зах зээлд гаргах БОЛОМЖ

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-06-19 15:13 GMT+8

Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн компаниуд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гаднын 20 улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, олон улсын зах зээлд хамтран ажиллах эхлэлийг тавилаа.

Тодруулбал, “ASOCIO 2017 Multilateral Trade Visit” хэмээх энэхүү арга хэмжээг Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА) зохион байгуулж байгаа бөгөөд МОСА нь Asian-Oceanian Computing Industry Organization (ASOCIO) буюу Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллагын гишүүн юм. Тус байгууллага нь нийт 24 гишүүн оронтой, долоон зочин орны гишүүнчлэлтэй бөгөөд 350 тэрбум ам.долларын борлуулалттай 10,000 гаруй компани дээрх холбоодын гишүүн болсон байдаг. 

Монгол Улсад ASOCIO олон улсын байгууллагын гишүүдийг урьж өөрсдийн програм хангамж үйлдвэрлэлийн салбартай танилцуулах, туршлага солилцох, олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилготой  арга хэмжээг зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд "Монгол Контент" ХХК, "iTools", "GrapeCity", "Able", "OD Innovation" "ITZone", "Интерактив" зэрэг компаниуд оролцсон бөгөөд тэдэнд өөрсдийн бүтээгдэхүүний талаар танилцуулж, гаднын ямар компанитай хамтран ажиллах боломжтой эсэхээ ярилцаж сонгох бололцоог олгосон билээ.

Гаднын төлөөлөгчид Монголын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, Data center-ийг Монголд байгуулах, манай зах зээлд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байгаа эсэхийг сонирхож байсан бол Монголын компаниуд тухайн орны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийн талаар сонирхож харилцан ашигтай байдлаар санал солилцжээ.

Монголын програм хангамжийн үйлдвэрлэгчийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир

Монголын програм хангамжийн үйлдвэрлэгчийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир:

ГАДНЫ КОМПАНИУДТАЙ ХАМТАРСНААР ОЛОН ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

"Монголын програм хангамжийн компаниуд олон улсын зах зээлд контент програм хангамжаа гаргахыг зорьдог. Гэвч тухайн зах зээлийг мэдэхгүй, хэрэглэгчийн соёлыг мэдэхгүйгээсээ болоод маш их хэмжээний цаг хугацаа алдаж, мөнгө санхүүгийн алдагдалд хүрдэг. Үүнээс улбаалаад  тодорхой хугацааны дараа шантардаг.

Тиймээс манай компаниуд зах зээлээ мэддэг, мэдэрдэг, тухайн зах зээлдээ нэр хүндтэй, өөрийн гэсэн хэрэглэгч, харилцагчтай болсон компаниудтай хамтарч бүтээгдэхүүнээ гаргах нь энэ эрсдлээс сэргийлэх боломжтой юм. Тиймээс энэ боломжийг нээж өгөх зорилгоор бид өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Цаашдаа олон улсын зах зээлд хамтран ажиллах хамтрагчдаа олж авах үр дүнг хүлээж байна." гэлээ.

ASOCIO холбооны тэргүүн Дэвид Вонг Нан Фэй:

МОНГОЛЫН КОМПАНИУДАД ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАМТРАГЧДАА ОЛОХ БОЛОМЖ ОЛГОНО

ASOCIO байгууллагад Ази номхон далайн 24 гишүүн орон багтдаг. Нийтдээ Малайз, Шри Ланк, Япон, Бангладеш, Вьетнам, Тайланд зэрэг есөн орны холбооны төлөөлөгчид ирээд байна. Бид Монголын мэдээллийн технологийн хөгжилтэй танилцаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран ажиллах хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хилийн чанадад гаргах боломжийг нээх зэргийг эрэлхийлж байна. Мөн IT  паркт очиж холбогдох хүмүүстэй уулзлаа. Монголд "Multilateral Trade Visit"  арга хэмжээ хоёр дахь удаагаа болж байна. Өмнө нь 12 жилийн өмнө буюу 2005 онд болж байсан. Түүнээс хойш маш их зүйл өөрчлөгдсөн байна. 

"Монгол Контент" ХХК-ийн Системийн шинжээч С.Оргил:

БИД ДИЖИТАЛ КОНТЕНТ, ВЕБ САЙТ, АППЛИКЕЙШН ҮЙЛДВЭРЛЭДЭГ

"Монгол Контент" ХХК нь МОСА-гийн гишүүн бөгөөд интернет болон үүрэн холбооны контент болон програм хангамж үйлдвэрлэдэг. Бид хэрэглэгчдэд зориулж дижитал контент, веб сайт, аппликейшн үйлдвэрлэж нийлүүлдэг.

Энэ удаагийн арга хэмжээнд зургаан улсын мэдээллийн технологийн холбооны захирал төлөөлөгчтэй уулзаж, холбоо тогтоон хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн дараачийн уулзалтад оролцох урилга авлаа. Гаднын мэдээллийн технологийн холбоонуудын захирлууд бидний саналыг холбооныхоо гишүүн компаниудад танилцуулаад цаашдаа хамтран ажиллах эхлэлийг тавилаа.

GrapeCity ХХК-ийн Бизнесийн албаны захирал Б.Мөнхцэцэг:

ЗАРИМ ОРНООС ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД УРД НЬ ЯВЖ БАЙНА

Манай компани банк санхүү төлбөр тооцооны чиглэлээр програм хангамж зохион бүтээдэг. Бид банкны суурь бүртгэлийн систем, мобайл хэтэвч гэдэг цогц эко системийг Монголдоо нэвтрүүлсэн. Тиймээс гадаад зах зээлд хэрхэн гаргах арга замыг эрэлхийлж байна. Тиймээс өнөөдрийн  арга хэмжээ энэ арга замыг олох үүд хаалгыг нээх болов уу гэсэн найдлагыг тавьж байна. Олзуурхууштай зүйл гэвэл гаднын төлөөлөгчид Мост Мони үйлчилгээнд ашиглагдаж байгаа NFC  системийг хэрхэн нэвтрүүлснийг сонирхож, картгүй  хэрнээ гар утсаараа мөнгө авч болдгийг гайхаж байна. Тэгэхээр бид зарим орноос технологийн хөгжил дэвшлээр тодорхой хэмжээнд урд нь явж байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

ABLE ХХК-ийн захирал Д.Дөлмандах:

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ПРОГРАМЧИЛСАН ПРОГРАМЫН ЦУГЛУУЛГЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Манай компани вебд суурилсан байгууллагад  зориулсан систем боловсруулдаг. Ямар ч төрлийн байгууллагын дотоод үйл ажиллагааг бүгдийг нь програмчилсан програмын цуглуулгын системийг 2008 оноос хөгжүүлж байна. Зөвхөн энэ чиглэлээр дагнаж ажилладаг. Энэ систем нь зөвхөн компьютер бус гар утас, таблет дээр ажилладаг. Манай хэрэглэгчдийн 70 хувь нь төрийн байгууллага.

iTools ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Алтантулга:

ДАРХАНД ДАТА ТӨВ БАРИНА

iTools ХХК 2012 онд дата төв байгуулснаас хойш жилээс жилд үйл ажиллагаа  маань өргөжөөд 4000 орчим хэрэглэгчтэй, давхардаагүй тоогоор 10 мянга орчим үйлчилгээтэй. Улаанбаатар хотдоо өөрийн дата төвийг байгуулаад ажиллаж байна. Газарзүйн нөөц дата төвөө Дархан хотод байгуулахаар ажиллаж байна. Учир нь стандартын дагуу үндсэн дата төвөөс багадаа 200 км зайтай нөөц дата төвийг байгуулах ёстой. Дархан хотын ажил 1,4 тэрбум  төгрөгт бүтээн босгох ажил. 

ITZONE  ХХК-ийн Борлуулалтын менежер А.Ууганбаяр:

ХҮНИЙ НӨӨЦ, ГЭРЭЭНИЙ СИСТЕМИЙГ ХЯЛБАРЧИЛСАН ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Манай компани 1997 онд байгуулагдсан. Энэ жил 20 жилийн ой тохиож байна. Бид "Хүний нөөц" болон "Гэрээний систем"-ээ өнөөдөр танилцууллаа. Аль ч байгууллагад гэрээ алга болох, тодорхой хугацааны дараа хоёр талд гэрээний үл ойлголцолд хүрэх, гэрээг  олон удирдлагаар батлуулах, тэр хүмүүсээ хайж явдаг. Энэ асуудлыг бид шийдэж байна. Гэрээтэй холбоотой мэдээлэл мобайлаар болон мэйлээр даргад нь ирнэ. Дарга батлах эсвэл цуцлах үйлдэл хийж, баталсан тохиолдолд цахим гарын үсэг хэвлэгддэг.

Хүний нөөцийн системийн тусламжтай ажилтан цалин, ирц, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг бүх мэдээллээ харах боломжтой. Удирдлага ажилтан хоёрын харилцаа ойлгомжтой болно. Хүний нөөцийн ажилтан ажлын цагийнхаа 80 хувийг цаастай зууралдаж өнгөрөөдөг. Тиймээс энэ систем цаг хэмнэх давуу талтай.

"OD Innovation" ХХК-ийн програм хангамжийн ахлах програмист Н.Мөнх-Эрдэнэ:

ГЭРИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАДАГ

Бид смарт хоум домофон болон гэрийн автоматжуулсан ситемийг нэгтгэсэн. Өндөр зэрэглэлийн орон сууц, хауснуудад зориулсан систем. Гэрийн үндсэн автоматжуулалтад бүдгэрдэг гэрлүүд, хөшиг, орчны хяналтын камерууд, ус алдалтын мэдрэгч, хаалганы дижитал цоож багтсан.

Мөн бид хурлын өрөөний програмыг танилцууллаа. Энэ програмын тусламжтай хурал хариуцсан хүнд олон хурал давхцахаас сэргийлдэг. Хүмүүс веб рүү нэвтэрч хурлаа захиалах, баталгаажуулах боломжтой. Мөн хурал дээр яригдсан асуудлууд, даалгаврууд гишүүдэд мэйлээр очдог систем юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3801 санал өгсөн байна.

Дээшээ