Д.Нямбаяр: Дэлхийд шинээр нэвтрүүлэх хавдрын эмчилгээг би Монголдоо хийнэ
Г.Одгарав Сэтгүүлч

Япондоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг 100 жилийн түүхтэй “Riken” шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн дархлаа судлаач доктор Д.Нямбаяртай “Монгол бахархал” буландаа уулзаж ярилцлаа. Тэрбээр ирэх жил дэлхийд цоо шинээр нэвтрүүлэх хавдрын дархлаа эсийн эмчилгээний арга технологийг Монголд нутагшуулах ажлынхаа хүрээнд орчин үеийн өндөр хүчин чадлын дархлааны эс тоолох төхөөрөмж авчирчээ.

Би өөрийнхөө судалгааг дэлхийн эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
16 жил хөдөлмөрлөсөн

Та олон улсын “Nature” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн. Энэ нь тухайн эрдэмтнийг илтгэх том шалгуур мөн үү?
Дэлхийн шинжлэх ухааны өнөөгийн өнгө төрхийг тодорхойлдог хамгийн том талбар бол “Nature” сэтгүүл. Тиймээс судлаач эрдэмтдийн мөрөөдөл нь “Nature”, “Science” сэтгүүлд бүтээлээ гаргаж, шинжлэх ухааны салбарт өөрийн байр сууриа олох юм. Миний хувьд ч мөн адил энэхүү сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, дэлхийн эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 16 жил бууж өгөлгүй, тууштай тэмцсэн. Үр дүнд нь дархлаа судлалын чиглэлийн сэтгүүлд судалгаагаа нийтлүүлж чадсан.

Шинжлэх ухааны бус салбарын хүмүүс эрдэмтдийн ажлыг их уйтгартай мэтээр ойлгодог. Гэтэл та амьдралынхаа бүхий л өдрүүдийг эрдэм шинжилгээний бүтээлд зориулсан байдаг. Шинжлэх ухааны юунд тэгтлээ дурладаг юм бэ?
Ажил бол миний хобби. Тиймээс надад амралтын өдөр гэж ерөөсөө байдаггүй. Би 16 жил Японд амьдрахдаа монголчуудтайгаа уулзсан нь ховор. Яагаад гэвэл надад цаг зав, танилын хүрээ байхгүй. Энийг би мэргэжлийн онцлог гэж хэлнэ. Шинжлэх ухааны юу нь сонирхолтой байдгийг хэлье. Хамгийн гайхалтай нь миний ажлын өдөр хэзээ ч давтагддаггүй. Шинжлэх ухаан нэг цэг дээр хэзээ ч зогсдоггүй юм. Судалгааны ажил дуусна гэж байхгүй. Дараа дараагийн асуудлууд ар араасаа ундарсаар байдаг. Нэгийг нээсэн бол дараагийн сэжүүрүүд гараад ирнэ. Энэ мэт зогсолтгүй үргэлжлээд л байна. Маш сонирхолтой…

Гэтэл судлаачийн ертөнцөд асар сонирхолтой үйл явдал болдог юм байна. Тийм үү?
Яг тийм. Тэр хүний дотор юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Гэтэл өнөөх эрдэмтэн өөрийнхөө хамгийн чухал асуултдаа хариулт авах гээд л хайж суугаа нь тэр шүү дээ. Асуултаас асуулт ургасаар байна. Эрдмийн оргилд хүрнэ гэсэн үг байдаг даа. Миний хувьд оргилд хүрэх боломжгүй. Бид судалгаандаа амьдралынхаа бүхий л цаг завыг зарцуулаад, мэдлэгтэй болсон мэт хэрнээ тэр хэрээр мэдэхгүйгээ ухаардаг. Тиймээс  өөрийгөө мэдлэгтэй, мэддэг гэж бардамнаж чаддаггүй. Оюутан байхдаа “Би сайн. Би мэднэ…” гэж их эндүүрдэг байж. Ажил дээр гараад судалгаа хийх явцдаа би юу ч мэддэггүйгээ мэдэж эхэлсэн дээ.

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй гэсэн Монтенийн афоризмтай таны хэлэх гэсэн санаа яв цав нийлж байна?
Тийм байна. Хүн ер нь сурах мэдэхийнхээ хэрээр аливааг өргөнөөр харж эргэцүүлэн бодож эхэлдэг. Мундаг доктор профессор болчихлоо гээд “болчихлоо” гэсэн сэтгэхүй шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шинжлэх ухааны салбарын нэг гоё юм нь салбарынхаа мундгуудтай мэтгэлцэх боломжтой. Эрэмбээрээ би цэрэг байсан ч жагсаалынхаа даргатай эн тэнцүү бодол санаагаа солилцож, мэтгэлцэх эрхтэй, арын хаалгагүй, авилгагүй. Шинжлэх ухаан гэдэг хүн төрөлхтний бодож олсон ардчиллын хамгийн төгс загвар гэж Япон профессор маань хэлдэг байж билээ.

Хөгжил дэвшил мөхөл рүү хөтөлнө гэдэг. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
Наад санааг чинь ёстой зөвшөөрч чадахгүй. Шинжлэх ухаан хөгжиж байгаа нь хүн төрөлхтний төлөө юм. Түүнээс бус хүн төрөлхтний эсрэг зүйл хийхийн тулд шинжлэх ухаан урагшлаагүй. Тэгэхээр яаж ч бодсон эсрэгээрээ гэж бодож байна.

200 жилийн өмнө Монгол шиг байсан
Японы хөгжлийн нууц юу гээч…

Та Японы “Riken” үндэсний хүрээлэнд дархлаа судлаачаар ажилладаг. Хүрээлэнгийнхээ талаар танилцуулахгүй юу?
Япондоо хамгийн том нэр хүндтэй хүрээлэн. Манайхаар бол Шинжлэх ухааны академи. Дэлхийд эхний байрт эрэмбэлэгдэнэ. Энэ жил 100 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. Түүхийг нь яривал их сонирхолтой. Нэг асуулт асууя. Япон улсын хөгжлийн нууцыг чи юу гэж боддог вэ?

Ёс заншил үндэсний үнэт зүйлээ хадгалж үлдсэн. Нөгөө талаас үйлдвэржилттэй холбоотой юм болов уу?
Хоёулаа Японы 1800-аад оны үеийг аваад үзье. Хөгжил нь яг өнөөгийн Монгол шиг байж. Зөвхөн хэрэглэгч улс. Америк, Англи, европын орноос бараа бүтээгдэхүүнээ импортолдог. Өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй. Дандаа алт, нүүрсээ ухна…

Яг л Монгол шиг байж…
Тэгсэн их айхтар. Тэд өөрсдийгөө шулуулж байгаагаа, ийм замаар яваад ирээдүйгүйгээ мэдэрсэн. Тэгээд үндэстний хөрөнгөтнүүд нь нэгдсэн. “Манай улс энэ мэтээрээ байвал хэзээ ч Америк, Английн дарлалаас гарч чадахгүй. Бид өөрсдөө үйлдвэрлэгч болохгүй юм бол ирээдүйгүй. Энэ чигээрээ явсаар байгаад дуусна” гэж үзэн Англи, Герман, Франц гээд өрнийн соёлоос суралцуулахаар залуусаа хэдэн мянгаар нь гадагшаа явуулсан. Нэг хүнийг боловсруулахад хэчнээн жил зарцуулах вэ. 30, 40, 50 жил шүү дээ. Тэд сайн сурч, салбартаа амжилтад хүрээд эргээд улсдаа оюуны хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Бүх салбарын эрдэмтэн энэ л замаар бэлтгэгдсэн. Үйлдвэрлэгч улс болоход гол суурь нь хими, физикийн шинжлэх ухаан. 1800 оны сүүлчээр эхний ээлжний залуус эргэж ирсэн. Эргэж ирэхдээ нас тогтчихсон, туршлага, мэдлэг, нэр хүндтэй болсон эрдэмтэд Токиогийн их сургуулийг байгуулж хими, физикийн суурь шинжлэх ухааныг хөгжүүлсэн.

Эндээс манай хүрээлэнгийн түүх эхэлнэ. Тэдэнд эх орноо хөгжүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан. Үүний дараа Өрнийн соёлыг дэлгэрүүлэх Мэйжигийн хувьсгал болсон. 1900 онд Японы эдийн засгийн эцэг гэгдэх Шибусава Эйичи үйлдвэрлэгч улс болоход хими, физик хэрэгтэй юм гээд лобби бүлэг байгуулж, тэр бүлэгтээ эзэн хааныг татан оруулж анхны хими, физикийн шинжлэх ухааны хүрээлэнг 1917 онд байгуулсан нь манай хүрээлэн юм. Манай институтийн анхны ерөнхийлөгч нь эзэн хаан байв. “Riken” хүрээлэн Японы хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэжээ. Хүрээлэнгээс 4-5 гаруй хүн Нобелийн шагнал хүртсэн. 2001 онд миний ажиллаж байгаа Анагаах ухааны салбар хүрээлэнг байгуулсан юм билээ. Би 2006 оноос хүрээлэндээ азаар орчихсон доо.

Азаар орсон гэнэ ээ. Үүнийгээ дэлгэрүүлж ярихгүй юу. Ер нь дархлаа судлаач гэх мэргэжил тийм ч түгээмэл бус. Яагаад заавал дархлаа судлаач гэж?
Би бүр эхнээс нь ярья. Би 2001 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн юм. 1994 онд анх эмч болох гэж элссэн. Миний хамгийн хайртай эгч, ээжийн минь дүү эмч байсан юм. Тэрбээр намайг өсгөсөн. Би өөрийгөө хоёр ээжтэй гэж боддог байлаа. Аравдугаар анги хүртлээ эмч болъё гэх бодолгүй байв. Төгсөх ангид орсон жилийн өвөл эгч минь хавдартай болсныг мэдэв. 36-хан настай хавдартай эгчийгээ цаг цагаар үхэж байгааг би харсан. Тэр үед яаж туслахаа ч мэдэхгүй байв. Тэгээд л эмч болъё, эгчийгээ аваръя гэж шийдсэн. Анагаахад орсон жил эгч маань өөд болж хавдар гэж ямар хэцүү өвчин болохыг би тэр үед л мэдэж билээ. Түүнээс хойш хавдрын талаар их сонирхох болсон.

Гуравдугаар курсдээ Анагаах ухааны доктор Г.Батбаатар багшийн дархлаа судлалын лекцид суугаад өөрийнхөө хайж явсан сэдвээ олсон. Түүнээс өмнө хавдрыг “цаагуур” нь яаж устгах вэ гэсэн асуултын хариултыг хайж явлаа. Лекц дуусангуут багштай уулзаад “Би таны шавь болъё. Би ямар ном унших вэ” гээд асуусан. Багш дуртайяа зөвшөөрч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид хоёр хэлхэлдээд явж байна. Сургуулиа төгсөөд Японы хуучнаараа бол империал буюу эзэнт гүрний найман том их сургуулийн нэг болох Хоккайдогийн Үндэсний Их Сургууль руу докторантурт явсан. Сургуульдаа очоод япон профессороо өөрөө олж уулзаад “Би дархлаа судлаач болмоор байна” гэхэд “Өдийг хүртэл намайг аваач ээ гэж хүн ирж байсангүй. Чамайг шавиа болгоно” гэв. Миний профессорууд болох Оноэ болон Ивабүчи багш маань хоёулаа намайг хүндлээд 45 градусаар бөхийж билээ. Учир нь сургуульд улсын тэтгэлэг байхгүй учраас би нэгдүгээр курсийнхээ төлбөрийг олоод хувийнхаа зардлаар тэнд очсон юм. Над шиг хувийн зардлаараа очоод дархлаа судлалаар суралцмаар байна гэсэн хүн байгаагүй юм билээ.

Танай профессор салбартаа тэргүүлэх зэрэглэлийн хүн байсан уу. Яаж яваад “Riken” хүрээлэнтэй холбогдсон бэ?
Манай профессор Казунори Оноэ нь 2001 онд хавдрыг устгах чадвартай NKT дархлааны эсийг нээлцсэн хүн байв. Би дархлаа судлалын талаар багагүй ойлголттой гэж эндүүрч явснаа тэнд очоод мэдсэн. Монголд тэр үед номоос өөр зүйл бидэнд байгаагүй. Анагаахын Их Сургууль төгссөн эмч гээд очсон ч үнэндээ дархлаа эсийг микроскопоор ч харж байгаагүй гээд бодохгүй юу. Эхний хэдэн сар учраа олохгүй л явсан. Миний зүтгэлийг үнэлээд багш миний сэдвийг NKT эс буюу Дархлааны алуурчин Т эсийн ялгаран хөгжлийн ээдрээтэй сэдвийг сонгож өгсөн.

Би докторантурын гуравдугаар курсдээ нэг хуралд илтгэл тавьж байхдаа NKT эсийг нээсэн Япондоо топ гурван эрдэмтний нэг Масару Танигүчигийн анхааралд өртсөн. Тэрбээр намайг Riken-нд ажлын ярилцлагад урьсан. Уг эрдэмтний хувьд эзэн хааны шагналыг хоёр удаа хүртсэн миний хувьд бурхан шиг л хүн байв. Түүнтэй уулзах нь битгий хэл нэрийг нь сонсож, түүний тухай сэтгүүлээс л уншдаг байлаа. Сургуулиа төгсөөд Riken-ий эрдмийн зөвлөлийн ярилцлагад орж тэнд өөрийнхөө хэрэгжүүлэх гэж буй төслөө танилцуулж тэрийгээ амжилттай хамгаалснаар хүрээлэндээ ажиллах болсон. Энэ бол аз юм.

Монголд суурь боловсрол нь муу болохоор
хүмүүс шинжлэх ухаанд дургүй, сонирхдоггүй

Тэгэхээр манайх шиг баялгаараа амьдардаг байсан Япон шинжлэх ухаанаа хөгжүүлэх бодлого баримталснаар 200 жилийн дотор өнөөгийн хөгжилд хүрсэн гэж ойлгож болно. Тийм үү?
Чи зөв ойлгосон байна. Гэхдээ Япон чинь манайхаас хэд дахин илүү хүн амтай. 130 сая шүү дээ. Нэг Монгол хүн 60-70 хүний дайтай хичээж ажиллахгүй бол гүйцэхгүй.

Японы бодлогыг баримтлаад эрдэмтдээ өндөр хөгжилтэй орнуудад сургаад эргээд шинжлэх ухаанаа хөгжүүлж, үйлдвэрлэгч орон болбол өндөр хөгжилд хүрэх бололцоо бидэнд бий юу?
Байлгүй яах вэ. Би их өөдрөг хүн. Надад ирээдүй их гэрэл гэгээтэй харагддаг. Яагаад гэвэл бидний гол баялаг бол залуус. Гэтэл Японы хүн амын харьцааг насаар нь үзвэл доошоо харсан гурвалжин хэлбэртэй. Ажиллах хүч багасч байгаа учраас ирээдүй бүрхэг. Ихэнх нь хөгшчүүл. Тэгэхээр бидэнд боломж бий. Гагцхүү ашиглах л хэрэгтэй. Ашиглахгүй бол мөхнө. Хөгжлийг өнөөдрөөс эхлэхгүй л бол сонгуулийн дөрвөн жилээр хэмжээд хол явахгүй. 10, 20, 30, 40 жилээр л төлөвлөх ёстой гэсэн санаа.

Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн шалтгаан нь хүүхдүүдэд шинжлэх ухааны суурийг хамгийн сайн тавьж, энэ асуудалд төрөөс хамгийн их анхаарал хандуулдагтай холбож болох юм. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүүхдүүд байтугай томчууд нь хүртэл шинжлэх ухааны энгийн ойлголт тааруу. Энэ талаарх таны бодол?
Энэ юутай холбоотой гээч. Багш нарын мэдлэг боловсрол муутай холбоотой. Японы дунд сургуулийн дөрөв тавдугаар ангийн хүүхдүүдийн үзэж байгаа хичээл нь гайхалтай. Багш нар нь хичээлийг маш ойлгомжтойгоор тайлбарладаг. Гэсэн хэрнээ хичээлүүд нь тийм ч хялбар бус. Бид их сургуульд байхдаа хүртэл тийм нарийвчлалтай хичээл үзэж байгаагүй. Жишээ нь дунд сургуулийн хүүхдүүд хромосомын хуваагдлыг хичээл дээрээ микроскопоор харчихаж байгаа юм. Гэтэл би тэрийг их сургуульд суралцаж байхдаа ч хараагүй. Номоос уншсан. Тэгэхээр номоос уншаад бодитоор харж, туршилт хийж байгаа хүүхдүүдийн шинжлэх ухааны мэдлэг сайн байхаас аргагүй биз дээ. Шинжлэх ухааны мэдлэгийг гараар барьж, туршиж, мэдэрч байж л олдог. Түүнээс биш зөвхөн уншаад амжилт олохгүй. Ер нь Япончууд нийтээрээ боловсрол сайтай. Аливаа мэдээлэлд амархан хууртагддаггүй. Манайхан нэг зүйлд амархан туйлширдаг бол Японд хэзээ ч тийм зүйл болохгүй. Монголд суурь боловсрол нь муу болохоор хүмүүс шинжлэх ухаанд дургүй, сонирхдоггүй. Жаахан сенсаац гарав уу үгүй юу бүгд хуйларна.

Өнөөдөр залуучуудад их боломж бий гэж та хэлсэн. Залуучууд боломжоо ашиглаж чадаж байна уу?
Өнөөгийн залуусын ихэнх нь миний төсөөлж байснаас тааруу байна гэж хэлнэ. Интернэт хөгжсөн хүссэн мэдээллээ авах боломжтой өнөө үед тэд хамгийн их мэдээлэлтэй байх хүмүүс. Гэтэл бидний үе өөр байсан. Мэдээлэл авах суваг нь хязгаарлагдмал… Номоос өөр сонголтгүй байлаа. Тэр үетэй харьцуулахад одоогийн залууст их боломж бий. Гэсэн хэрнээ хэрэгтэй мэдээллээ авахгүй дийлэнх нь тархи толгойгоо “хог”-оор дүүргэж байна.

Миний онолоор үүссэн дархлааны алуурчин Т эс нь
хавдрын эсрэг тэмцэх өндөр чадалтай

Чин сэтгэлээсээ хүсвэл заавал өгдөг гэдэг?
Үнэний хувьтай. Хүн үнэн сэтгэлээсээ хичээвэл хэзээ нэгэн цагт бүтнэ. Дундаа л зогсож болохгүй гэж боддог. Бууж өгч болохгүй. Бууж өгөхгүй байна гэдэг миний гол чанар. Яагаад гэвэл би бүх амьдралдаа бууж өгөөгүй. “Riken”-нд анх ажиллахдаа барьж авсан онол бол NKT эсийн яаж үүсэж хөгждөг асуудлыг би судалсан. Тэр үед дэлхий даяар баримталж байсан онол минийхээс өөр байсан. Өөрийнхөө онолыг баталж “Nature” дээр тавьж дэлхийн эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэхгүй бол онол батлагдахгүй. Би бууж өгөлгүй хийсээр байсан. Зорилгодоо хүрсэн.

Та хавдрыг устгах чадалтай NKT буюу дархлааны алуурчин Т эсийн судалгаагаар зэрэг хамгаалсан. Дэлхий дахинд баримталж байгаа онолоос юугаараа ялгаатай юм бэ?
Миний онолоор үүссэн энэ эс нь хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй. Харин дэлхийд баримталж байсан онолоор буюу сэрээ булчирхайн хөгжлийн СиДи-4/8 давхар эерэг үе шатнаас үүсэх NKT эсүүд нь голчлон харшлын эсрэг үйлчилгээтэй гэдгийг тогтоосон юм. Үүрэг нь өөр. Харшлыг зохицуулж байдаг эсээс хавдрын эсрэг үйлчилгээтэй NKT эс өмнө нь үүсдэг.

Энгийнээр тайлбарлавал?
Хавдрыг чи хүчтэй дайсан гээд тунгаа. Тэрийг дарахад өндөр бэлтгэлтэй тусгайгийн цэрэг хэрэгтэй дээ. Дийлдэшгүй цэргийг чи хэрхэн бэлтгэх вэ. Мэдээж эртнээс бэлтгэнэ. Багаас бэлтгэх тусмаа мэргэжлийн алуурчин болно. Хэрэв 18 настайд нь сонгоод бэлтгэвэл найман настайгаас бэлтгэгдсэн алуурчнаас муу байна биз дээ. Тэгэхээр багаас нь хүчирхэгжүүлбэл хавдрын эсрэг хүчтэй урвал үзүүлж чадах NKT эс үүсэн бий болно. Хавдрыг устгахаас гадна бас нэг чухал үйлдэл нь бусад дархлааны эсүүд буюу цэргүүдийг дуудан сэрээж идэвхжүүлдэг. Хавдрын хамгийн аюултай нь мэс заслын дараа эсвэл хими эмчилгээний дараа дахидаг бас өөр бусад эрхтэн рүү үсэрхийлдэг. Хавдрыг бүрэн төгс устгах гарцыг дэлхий дахин олоогүй. Аюултай дайсан байсаар байна. Манай судалгааны багийн боловсруулж буй NKT эсийн эмчилгээний арга нь өвчтөний дархлаа системийг идэхжүүлэх замаар хавдрыг төгс эмчлэх найдвар төрүүлж байгаа. 

Хавдрыг аймшигтай мэтээр ярьдаг байсан бол сүүлийн үед эрт үедээ оношлоод эмчлүүлбэл эдгэх боломжтой гэх болсон?
Хавдрын тухай ярихаасаа өмнө хавдрын эс хэрхэн үүсдэг талаар энгийнээр тайлбарлая. Хүний бие махбод эсүүдээс бүрэлдэн тогтдог ба хүний биед ойролцоогоор 3.7x1013 буюу 373 триллион эс байна. Тодорхой тогтсон хугацаанд эдгээр эсүүд үхэж бас шинээр үүсэж байдаг. Үхэхээсээ өмнө өөрийн генетикийн мэдээллээ хувилах замаар өөрийнхөө хуулбар шинэ эсийг бий болгож байдаг. Хүн амьд байгаа цагт энэ процесс үргэлжилнэ. Харин энэхүү хувилах ажиллагаанд хэзээ нэгэн цагт ямар нэгэн алдаа гарч таарна. 30 боть номыг өдөр болгон нэг бүрчлэн хувилна гэж үзвэл нэг өдөр хаа нэгтээ ганц хоёр үсэгний алдаатай хувилагдаж болзошгүй биз дээ. Түүнтэй адил хэрвээ нэг үсэгний алдаанаас болоод маш чухал өгүүлбэрийн утганд гажиг алдаа гарвал ийм алдаанаас болж үхэхийг үл мэдэх эс буюу хавдрын эс бий болдог. Эдгээр эсүүд үхэхгүй мөнхийн болохоос гадна бас улам л үржинэ. Хүний биед ийм гаж болсон эс хэд байдаг гэж бодож байна. Өдөрт хэдэн зуугаараа үүсдэг. Үүнийг дархлааны эсүүд таньж устгадаг. Тиймээс чи хавдраар өвчилдөггүй.

Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машин засаж байгаа юм шиг
хүчээр сэргээж болохгүй

Тиймээс л дархлаагаа эртнээс дэмжих шаардлагатай юм байна тийм үү. Сүүлийн үед хүмүүс дархлааны элдэв бэлдмэл хэрэглэдэг болсон. Энэ нь үнэхээр дэмжигч болж чаддаг уу?
Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд иймэрхүү бэлдмэлүүд нь шинжлэх ухааны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.

Шинжлэх ухаанаар нотлогдсон гээд л зардаг шүү дээ?
Харин тийм, би бүр гайхаад л байдаг юм. Яг үнэндээ шинжлэх ухааны ямар ч баталгаагүй. Би бол тийм бэлдмэл хэрэглэдэггүй. Сайн хоол идэж, сайн унтахыг л хамгийн сайн эм гэж үздэг.

Хүүхдүүддээ Трансфер фактор дархлааны бэлдмэл уулгаад өвөлдөө ханиад хүрсэнгүй гэх эцэх эхтэй таарч байсан?
Сэтгэлийн л юм гэж хэлнэ. Надад энэ асуултад өгөх тайлбар алга байна.

Японд тийм бэлдмэл хэрэглэдэггүй гэж үү?
Хэрэглэхгүй. Дэлхий нийтэд ч байхгүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.

Тэгэхээр дархлаагаа яаж сэргээх үү. Та бүр эртнээс анхаарах хэрэгтэй гэсэн?
Яг үнэндээ хамгийн шилдэг аргыг тогтоогоогүй байна. Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна. Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон. Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.

Хоёр дахь нь цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.

Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.

Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.

1 | 9 фото
1
1
1
1
1
1
1
1
1

Хавдрын эмчилгээний шинэ чиглэлийг
дэлхийд анх удаагаа Монголд туршина

Антибиотик хэрэглэсний дараа дархлаа мууддаг гэдэг. Ямар процесс тэнд явагддаг юм бэ?
Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь дархлааг муутгадаг нь саяхнаас л шинжлэх ухаанаар нотлогдсон. Нарийн бүдүүн гэдэсний хэвийн бичил биетнүүд дархлаа зохицуулгад чухал үүрэгтэйг манай хүрээлэнгийн эрдэмтэд болох доктор Оно, Хонда, Сидония нар тогтоосон. Антибиотикийг хэтрүүлэн зохисгүй хэрэглэвэл эдгээр бичил биетнүүдийг устгаж улмаар дархлаа тогтолцоог гажуудуулдаг.

Сүүлийн үед хүн болгон л дархлаа гэдэг үгийг амнаасаа цухуйлгадаг болжээ. Өвчлөмтгий болсон нь дархлаа муудсантай холбоотой гэнэ. Монголчуудын дархлаа тэгтлээ их муудсан юм уу?
Тэрийг тогтоохын тулд би Японоос дархлалын эс тоолдог аппаратыг АШУҮИС-аас саяхан шалгарсан өөрийнхөө эрдэм шинжилгээний төслийн хүрээнд авчраад байна. Миний үндсэн зорилго болох хавдрын эсрэг дархлаа эсийн эмчилгээний шинэ аргыг эх орондоо нутагшуулах ажлын маань бэлтгэл шатны ажил гэж ойлгож болно. Дархлаа эсийн эмчилгээ хийхэд суурь нь болдог энэхүү төхөөрөмж байхгүй бол би ажлаа эхлүүлж чадахгүй. Боловсон хүчнээ бэлтгэнэ сургана гээд их ажиллагаа орно. Энэ аппаратыг авчирч Монголдоо ажиллуулах чинь Г.Батбаатар багш бид хоёрын олон жилийн мөрөөдөл.

Дархлааны эс тоолох энэ төхөөрөмж дэлхий нийтэд хэдийнэ хэрэглээ болчихсон уу?
Чи бод л доо. Японы их сургуулиудад бараг байхгүй. Ижил төрлийн төхөөрөмжүүд байгаа ч гурван лазераар 10 параметр зэрэг бүртгэх ийм өндөр чадлынх нь ховор. Бас нэмж хэлэхэд иммунотерапи буюу дархлаа эсийн эмчилгээ бол дөнгөж эхэлж байгаа шинжлэх ухааны салбар шүү дээ. Бид анхдагч болж байгаа юм. Япондоо энэ эмчилгээг дараа жилийн дөрвөн сараас эхлүүлнэ. Бид энэ ажлыг “Riken” институттэй хамтарч Монголд нэвтрүүлбэл дэлхийд энэ төрлийн эмчилгээгээр анхдагч нь Монгол, Япон улс болно. Бидний хийх гэж байгаа ажил дэлхийд шинэ юм. Дөнгөж одоо л бий болж байгаа шинэ концепт, өөрөөр хэлбэл хавдрын эмчилгээний шинэ чиглэл. Одоогоор хавдрын эсрэг эмчилгээнд мэс засал, туяа, химийн эмийн аргуудыг түгээмлээр хэрэглэж байна. Хамгийн сүүлд гарч ирж найдвар төрүүлж байгаа нь дархлаа эсийн эмчилгээ юм. Бид судалгааны явцад уушгины хорт хавдрын эцсийн шатанд орсон 17 өвчтөнд дархлаа эсийн эмчилгээ хийж туршихад 10-т нь их сайн нөлөө үзүүлсэн. Үнэхээр үр дүнтэй байгаа.

Дархлааны эсээ тоолоод үр дүнг нь эмчилгээнд хэрхэн ашиглана гэсэн үг билээ?
Хүний биед олон төрлийн дархлаа эсүүд байдаг бөгөөд энэхүү төхөөрөмжөөр эдгээр эсийн хүний цусан дахь тоог нь нэг микролитрт хэд байгааг тоолж аль эс буурсан, аль нь ихэссэнийг мэдэж болно. Хэрвээ тодорхой нэг эс нь буурсан байгаа тохиолдолд тэрхүү эсийг нь олшруулаад тухайн өвчтөндөө буцаан хийж өгөх эмчилгээг хийнэ. Үр дүнд нь дархлааны систем хэвийн болно. Ингэснээр хавдрын эсрэг тэмцэх боломжтой болно. Энийг дархлаа эсийн эмчилгээ гэж хялбараар ойлгож болно. Мөн хүний дархлаа тогтолцоотой холбоотой төрөл бүрийн эмчилгээнүүд, жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах ажилбарын үед өвчтөний биеийн байдлыг хянах, эмчилгээний үр дүнд хяналт тавих, өвчний прогноз гаргах, өвчний онош тодруулах гэх мэт дархлаа хяналтын зорилгоор энэ тоног төхөөрөмжийг маш олон зүйлд ашиглаж болно.

Нэг талаас хүнийг хавдраас сэргийлэх боломжтой болж байна гэж ойлгож болох уу?
Тийм. Дэлхий дахинд хөрөнгөтэй хүмүүс дархлаа эсүүдээ тоолуулах энэ төрлийн шинжилгээг хийлгэж, улмаар хэрэгтэй гэж үзвэл дархлаа эсийн эмчилгээг хийлгэх замаар хавдраас сэргийлж бас эмчлүүлж байна. Яг одоо дэлхийн хөгжингүй улсуудад трэнд болж байна.

Дом бол өвчнийг эдгээхгүй, харин тархин дахь удирдлагыг өөрчилж
өвдөлтийг намдаадаг

Монголын эрдэмтэн бүх төрлийн хорт хавдрыг эмчлэх эмийн бэлдмэлийг гарган авсан гэж нэг хэсэгтээ шуугьсан. Гэтэл дэлхий нийтэд эмчлэх арга замыг нь хараахан тогтоогоогүй байдаг. Ийм зөрүүтэй байдлыг би ердөө ойлгодоггүй юм. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
Би тэр эрдэмтнийг яаж баталсныг сайн мэдэхгүй юм. Энэ талаар хүмүүс надруу их бичсэн. Надад тодорхой баримт мэдээлэл байхгүй учраас дүгнэлт хийх боломжгүй байна. Дархлаа судлалын салбарт ажиллаж байгаа хүний хувьд хавдрын эсийг сонгомлоор дарангуйлах бүтээгдэхүүнийг ургамлаас гаргаж авсан бол асар олон төрлийн баталгаа нотолгоо шаардана. Тийм бодис нь байвал машин засаж байгаа юм шиг хавдрын өвчтөнийг эдгээнэ гэсэн үг. Харамсалтай нь одоогоор ийм ид шидтэй зүйл дэлхийд мэдэгдээгүй байгаа. Хэрэв энэ үнэн бол дэлхийд энэ чиглэлээр асар их хөрөнгө мөнгө зарцуулан ажиллаж байгаа эрдэмтдийг ажилгүй болгох хэмжээний нээлт болно. Хүний бие махбод маш нарийн зохион байгуулалттай. Нөгөө талаас уг мэдээг бичсэн сэтгүүлч алдаа гаргасан байж магад.

Өвөг дээдсээс ардын домын эмчилгээг хийж, иргэд илааршсаар ирсэн. Энэ үзэгдлийг судлаач хүний өнцгөөс хэрхэн тайлбарлах нь сонин байна?
Домыг тархинд ирсэн мэдээлэл тухайн хүний бие сэтгэлзүйд ихээр нөлөөлөх үзэгдэл гэж тайлбарлана. Жишээ нь би халбага улайсгаж байгаад чиний гар дээр тавих гэж байгаа дүр үзүүлснээ нүдийг чинь боож хүйтэн халбага тавилаа гэж бодъё. Чамд түлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Домыг би тэр сэтгэлзүй талаас нь тайлбарлана. Өвчнийг бол эдгээхгүй, харин тархин дахь удирдлагыг өөрчилж өвдөлтийг намдаадаг. Ардын уламжлалт анагаах ухаан бол өвчний үүсгэгч голомтыг шууд устгадаггүй хэрнээ шинж тэмдгийн үйлчилгээ үзүүлж эмчилдэг хүн төрөлхтний маш олон жилийн ажиглалт туршилт дээр тулгуурлан бий болсон гэж боддог.

Дэлхий нийтэд хавдартай адил эмчлэгддэггүй эрдэмтэн судлаачдын толгойн өвчин болсон хэчнээн өвчин байгаа бол?
Дэлхийн анагаах ухаанд том том асуудал зөндөө бий. Шинээр гарч ирж буй бактери, вирусүүд байна. Бактери, вирусүүд хүнтэй адил амьд биет болохоор өөрсдөө амьдрахыг эрмэлзэж мутацид ордог. Жишээ нь инфлуэнза буюу томуугийн халдвар үүсгэгч вирус байна. Онолын хувьд уг вирус хүний дархлаа эсүүдэд танигдаагүй урьд өмнө нь учирч байгаагүй “азгүй” вариантаар мутацид орчихвол хүн төрөлхтнийг хэдэн зуу саяар нь устгах боломж бүрдэнэ. Тийм “азгүй” өдөр нь ирэх нь үү, хэн ч мэдэхгүй. Үүний эсрэг эрдэмтэд ажиллаж байна. Энэ мэт асуудлууд их ээ.

Хүн төрөлхтөнд хэзээ нэгэн цагт эдгэшгүй өвчингүй үе ирэх болов уу?
Ирэхгүй байх. Хүн байгаа цагт өвчин байх болно, тиймээс ч эмчийн мэргэжил хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Сайн эмч бэлтгэхэд анагаахын шинжлэх ухааны хөгжлийн төвшин нь тулгуур хүчин зүйл юм. Тиймээс, эрдэмтэд судлаачдыг өндрөөр үнэлж, шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө харамгүй зардаг болсон тэр цагт манай улсад анагаах ухаан жинхэнэ утгаараа хөгжиж дэлхийн хэмжээнд хүрнэ. Миний туйлын хүсэл зорилго бол эх орныхоо анагаах ухааны хөгжилд өөрийн чадлын хирээр хувь нэмрээ оруулж Монголдоо гардан хийсэн бүтээлээ олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, улмаар ойрын ирээдүйд Монголоос гадаад руу биш, харин ч эсрэгээрээ гадаадаас Монгол руу өвчтөнүүд ирж эмчлүүлдэг болгох. Энэ бол ганц миний ч биш, маш олон монголчуудын хүсэл тэмүүлэл гэдэг нь эргэлзээгүй...   

Ярилцсанд баярлалаа. 


 

Зургийг Д.Жавхлантөгс
 

Дээшээ