Хиймэл оюун ухаан TI7 тэмцээний үеэр Dendi-г яллаа

Д.Багахүү GoGo.mn

2017-08-12 12:30 GMT+8

Компьютерууд өмнө нь уламжлалт тоглоомд хүмүүсийг ялж байсан хэд хэдэн түүх бий. Зүгээр ч хүмүүс биш дэлхийн хамгийн шилдэг шатрын мастер, Го даамын тоглогч нарыг компьютер ялж байв.

Харин өнөөг хүртэл “Dota 2” тоглоомын дэлхийн шилдэг тоглогчийг хожсон түүх байхгүй. Valve компанийн 24 сая ам. долларын шагналын сан бүхий “The International” тэмцээний үеэр дэлхийн шилдэг тоглогчдын нэг Dendi, Элон Маскын хөрөнгө оруулсан OpenAI компанийн хөгжүүлсэн бот нэгийн эсрэг нэг тоглож, хиймэл оюун ухааны ялалтаар өндөрлөв.

Эхний тоглолт 10 хүрэхгүй минут үргэлжилж хиймэл оюун ухаан ялсан бол хоёр дахь тоглолт эхлээд удаагүй байхад Dendi бууж өгснөөр тоглоом дуусжээ. Элон Маск энэхүү тоглолтын дараа “Бид дэлхийн шилдэг тоглогчийг өрсөлдөөнт цахим спортын төрлөөр ялсан анхны хиймэл оюун ухааныг хөгжүүлжээ” гэж жиргэсэн юм.

OpenAI ашгийн бус компанийн Технологийн албаны дарга Грег Брокман “Бид энэ ботыг мянган амьдралтай тэнцэхүйц хугацааны сургалтаар, өөртэй нь тоглуулж, сургасан бөгөөд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Dota 2 тоглоомын мэргэжлийн тоглогч нарыг олон удаа ялсан” гэжээ.

Тэрээр өөрийг нь өөртэй нь тоглуулж сургах аргын тусламжтай ийм амжилтад хүрсэн бөгөөд хэрвээ чадвар багатай тоглогч эсвэл хүчирхэг тоглогчтой тоглуулж байсан бол юу ч сурахгүй байх байсан, өөртэйгөө тоглох нь үргэлж тэнцүү өрсөлдөгчтэй тоглох боломж олгосон гэсэн юм.

OpenAI зөвхөн энэ удаагийн тоглолтоор тэмцээнийг дуусгахгүйгээр шийджээ. Ирэх жилийн тэмцээнд тэд 5-ын эсрэг 5 тоглолтод өөрсдийн ботыг бэлдээд ирнэ гэсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ