Улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд эдийн засгийн шахалт үзүүлсэн анхны тохиолдол эртний Грекийн үед тэмдэглэгдэн үлдсэн байна. 1812 онд АНУ Их Британитай дайтахын өмнө тус улсад эдийн засгийн хориг тавьж байв. Үүний дараа 1966 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл түүхэн шийдвэр гаргаж, эдийн засгийн анхны хориг тавьсан юм. Саддам Хусейний террорист үйл ажиллагааг зогсоохын тулд АНУ-ын тавьсан хориг зэвсгийн санхүүжилтийг нь хязгаарласан гэж үздэг юм.
Харин өнөөдөр АНУ НҮБ-тай хамтран дэлхийн III дайнаас сэргийлэхийн тулд Хойд Солонгосыг эдийн засгийн хувьд “булан”-д шахахыг оролдож байна. Эдийн засгийн судсыг нь “ханах” замаар цус урсгалгүйгээр энх тайванд хүрэх гэсэн энэ оролдлого нь үр дүнд хүрэх, эсэх нь олон улсын маргааны сэдэв болоод байгаа юм.
1990 он хүртэл дэлхийн хэмжээнд 116 удаагийн хориг арга хэмжээ хэрэгжсэн байдаг. АНУ, Европын холбоо, Австрали, Канад, Япон, Израйль, ОХУ, Өмнөд Солонгос болон олон улсын зарим байгууллагууд Мьянмар, Судан, Сири зэрэг оронд 20 гаруй үндэслэлээр эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж байв. Сүүлийн 30-аад жилд дэлхийн нийтэд 500 гаруй хориг арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн тухай World Finance сэтгүүлд нийтэлжээ.
Хориг бол дайн, дипломат хэлэлцээний хоорондох харилцааны механизм
Гэвч эдгээрийн үр дүнгийн коэффициент асар бага. Тодруулбал, 66 хувь нь эдийн засгийн хориг тавих үндсэн зорилгодоо хүрч чадаагүй бол 34 хувь нь дөхсөн гэж судлаачид үздэг. 2007 онд хэвлэгдсэн “Эдийн засгийн хоригуудыг эргэн харахуй” номд дурдсан энэ дүгнэлтийг хожим нь АНУ-ын улс төр судлаач Роберт Пэйп дөрвөн хувь хүртэл буулгасан байдаг.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхээс эхлээд хүний эрхийн суурь зарчмуудыг хангах, улс төрийн зорилгоо хэрэгжүүлэх гээд олон шалтгаанаар хориг санаачилдаг. Гэсэн ч сэргийлэх ёстой хямралынхаа суурь шалтгаан боллоо гэж буруутгагдах нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хориг арга хэмжээ үндсэн зорилгоосоо гажиж, асуудлыг улам дэвэргэдэг гэсэн үг юм. 1990-ээд онд Иракт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дагаврыг судлаачид жишээ болгон авах нь түгээмэл. Бодлого тодорхойлогчдод анхааруулга өгөх ёстой эдийн засгийн хоригийн гол хохирогчид нь нийгмийн хамгийн эмзэг бүлэг байлаа. Харин хоригийг хэрэгжүүлэгч тал үүнийг зайлшгүй хохирол гэж тооцох нь элбэг. Иракт худалдааны хориг хэрэгжсэнээр бага насны хүүхдүүд хоол тэжээл, эм болон цэвэр усны дутагдалд орж, орчин цагийн түүхэнд хамгийн томд тооцогдох хүмүүнлэгийн хямралыг эхлүүлсэн.
Өмнө нь төдийлэн дуулдаж байгаагүй нэгэн үр дагаврын талаар Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригтой зэрэгцэн ярих боллоо. АНУ-ын Хойд Каролины их сургуулийн профессор Брюс Макдоналд III хориг арга хэмжээ нь хоригийг хүлээн авч буй оронд “өдөөн хатгалга” гэж харагддагийг онцолсон байна. “Хориг арга хэмжээний бүтэлгүйтэл: Эдийн засгийн өсөлт, батлан хамгаалах салбарын зарцуулалт болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс” гэх нийтлэлдээ хориг арга хэмжээ нь улс орны хүн ардыг хоорондоо нэгдэж, сэтгэлгээний хувьд дэлхийн бусад орноос өөрсдийгөө тусгаарлахад хүргэдэг гэж дүгнэжээ.
Энэ сэтгэлгээ нь батлан хамгаалах салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сэдэл болдог байна. Эдийн засгийн ухагдахуунаар нь аваад үзвэл, аливаа улс батлан хамгаалах салбар дахь хөрөнгө оруулалтаа нэг хувиар өсгөхөд эдийн засагт 7.4 хувийн эерэг нөлөө үзүүлдэг. Ингээд бодвол зөвхөн батлан хамгаалахын төсвөө өсгөснөөр хоригоос шалтгаалан эдийн засагт нь учирч болох аливаа сөрөг нөлөөг саармагжуулж чадна гэсэн үг. Жилд гурван хувь хүрэхгүй хурдаар өсөж байгаа дэлхийд 7.4 хувь гэдэг бол бараг сэргээх арга хэмжээ гэсэн үг. Зөвхөн энэ тоон үзүүлэлт хориг арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн тохиолдол нь нийт тохиолдлын 30 хувиас (өөдрөгөөр харахад) хэтрэхгүй байгаагийн цаад шалтгааныг тайлбарлаж байна.
Энэ байдал даамжирвал “Сувдан эрэг”-ийн түүх давтагдах эрсдэлтэй. АНУ-ын Японд тавьсан газрын тосны хоригоос үүдэлтэй үүссэн нөхцөл байдал нь япончууд Сувдан эрэг рүү довтлох үндсэн шалтгаан болж байжээ. 19 дүгээр зууны түүхийн энэ хэсгийг ном, сурах бичгүүдэд төдийлэн тэмдэглээгүй байдаг. Түүхий эдийн нөөц хомс, ялангуяа, эдийн засгийн өсөлтийг тэтгэх эрчим хүчний түүхий эд нь импортоос хамааралтай Япон улс бүх нийлүүлэлтийг нь хаах гэсэн АНУ-ын дараалсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдэд ийм байдлаар хариу өгсөн хэрэг.
Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээнд харьцангуй болгоомжтой хандаж ирсэн байдаг. 1945-1990 он хүртэл олон улсын хэмжээнд заналaхийлсэн, энх тайван байдлыг алдагдуулсан үйл явдлыг таслан зогсоохын тулд ердөө хоёр удаа эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан аж. Ийнхүү түүхийг манай эриний өмнөх 432 оноос эхлэн нуршиж болох ч хориг гэгч орчин цагийн тулааны “шинэ зэвсэг” бүхний шийдэл биш гэдгийг ойлгоход олон жилээр ухрах шаардлагагүй.
- Эдийн засгийн хориг арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байдал 20-30 хувь
- Иракт хориг тавьсны дараа түүхий эдийн ханшийн өсөлт 1000 хувь
- Нярайн эндэгдлийн өсөлт /1990-1995 он/ 250 хувь
Хамгийн сүүлд АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригт барууны компаниуд ОХУ-аас илүүтэй хохирсон нь нууц биш. Үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байтал эдийн засгийн хоригийг уйгагүй хэрэгжүүлсээр байгаагийн шалтгааныг “цус урсгасан дайн, дипломат яриа хэлэлцээ гэх хоёр туйлыг холбох өөр альтернатив байхгүй байгаа”-тай судлаачид холбон тайлбарладаг.
Нэг талаас энэ бол цус урсгахгүйгээр улс төрийн болон хүмүүнлэгийн зорилгоо биелүүлэх орчин цагийн “дэвшилтэт” арга. Харин хоригийг эсэргүүцэгчид үүнийг “энгийн иргэдийг тарчлаах замаар ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зөвхөн том гүрнүүдийн зэвсэг” гэж шүүмжилдэг.
Дэлхийн том гүрнүүдийн удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг сааруулах, магадгүй зогсоох гол шийдэл нь эдийн засгийн хориг гэж тодорхойлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 5-нд Умардын түүхий эдийн экспортод хориг тавьж, тус улсад орох гурван тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг зогсоосон. Үүнд нь Умард хэрхэн хариу барихаас дэлхийн геополитикийн түүхийн үргэлжлэл хамаарна.
Б.Дуламхорлоо