Есдүгээр сарын 1 боллоо, ерөөсөө бидний баяр даа. Хүүхдүүд төдийгүй томчууд ч сайн мэдэх энэ дуу өнөөдөр хаа сайгүй эгшиглэж байна.
Өнөө өглөө 08.00 цагаас дийлэнх сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Сунайсан урт гурван сарын амралт дуусаж, өнөөдрөөс эхлэн бүх монгол хүүхэд “албандаа орцгоолоо”. Шив шинэ дүрэмт хувцас өмсөн, үсээ засуулсан сургуулийн багачуул гартаа баглаа цэцэг барин сургууль руугаа яаран яаран явцгаана. Цэцэрлэгийн багачуул ч ах эгч нараасаа дутахгүй гангалжээ.
Бид Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцов. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр бүх сургууль, цэцэрлэг дуу шуугиан ихтэй байдаг. Цэцэрлэгийн хашаагаар яваад ороход анх удаа цэцэрлэгт ирж, эргэн тойрноо гайхсан харцтай багачуул угтав. Харин ээж аавууд нь багшийнх нь нэрийг хэлж, ангийг нь хайна.
Бага ангийн багш нар хамгийн их ачаалалтай харагдана. Тэд уйлсан хүүхдүүдээ ээлжлэн тэвэрч, ээж ааваа хайн үүд рүү гүйх багачуулаа аргадаж байв. Зарим ээж аавууд уйлагнасан хүүхдээ анги руу нь оруулахын тулд “Ямар гоё анги вэ, Маша, Мишатай юм байна” гэх нь дуулдана.
Хүүхдүүдээ хянах боломжийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор цэцэрлэгийн анги дотор камер суурилуулсан. Тэдгээр камерын бичлэгийг цэцэрлэгийн үүдэнд өлгөсөн дэлгэцээр харуулж байв. Хоёр настнуудын ээж аавууд дэлгэцийн өмнө овоорчээ. Зарим нь хүүхдээ орхиод явж чадалгүй хаалганы цаанаас харуулдахад багш нар нь хүүхэд уйлуулаад байна, одоо яв гэцгээж байв.
Энэ хичээлийн жилд нийт 252 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт элсэн орлоо. Нийслэлийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт энэ жил ч стандартаас давжээ. Ахлах болон бэлтгэл ангиуд 50, бага, дунд бүлгүүд 45 хүүхэдтэй байна. Уг нь 30-35 хүүхэд нэг ангид сурах ёстой. Гэвч цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй байгаа өнөө үед ээж аавууд ч хариуцлагатай байх хэрэгтэй. Хүүхдээ ханиад томуу тусахаас сэргийлэн, бусад хүүхдэд халдаахгүй байхад анхаарах нь ээж аавуудын үүрэг.
Мөн ирэх жил нэгдүгээр ангид элсэн орох таван настнуудын цэцэрлэгийг огт таслуулж болохгүй. Учир нь тэд энэ намраас сурагч болох бэлтгэлээ багш нарынхаа тусламжтай хангах учиртай.