Цонх үед цоорхой гарах вий

Засгийн газрын мэдээ

2017-09-13 14:00 GMT+8

Төрөлт дэмжих бодлогыг боловсролын салбарын хөгжил гүйцэхгүй

Ирэх оноос хүн амын өсөлтийг дэмжсэн нэгэн хууль хэрэгжих гэж байгаа нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль. Энэ бол эдийн засгийн өсөлтөд эрч нэмж, залуу хүн амын бүтцийг хадгалах гэж буй төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үүрэгтэй зохицуулалт. Хуулийг хэрэгжүүлэхэд 72 тэрбум төгрөг хэрэгтэй гэх тооцоог ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Гэхдээ бодит байдал дээр үүнээс ч их хөрөнгө хэрэгтэй бололтой. Энд зөвхөн эцэг, эх, асран хамгаалагчид жилд нэг удаа эсвэл сар бүр олгох мөнгөн тэтгэмжийн тухай яриагүй. Харин энэ бодлогын үр дүнд бий болсон нялх үрс, ирээдүйн боловсролтой иргэдийн хөрөнгө оруулалтын талаар ярьж буй юм.

Сургуулийн өмнөх насны, ялангуяа амьдралын боломж тааруу хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролыг бүхий л талаар дэмжих нь бүх нийтийн боловсролын нэгдэх зорилт гэж дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн үздэг.

Бага насанд хүний уураг тар хины хөгжлийн чухал үе тохиодог. Хүрээлэн буй орчинтойгоо харилцаж, ирээдүйд ямар хүн болох эхлэл тавигддагийг илтгэх баримт судалгаа олон. Тиймээс ч сургуулийн өмнөх болон бага боловсролын хүртээмж улс орнуудын амин чухал ажил. Энэ амин чухал салбартаа ДНБ-ийхээ 20 орчим хувийг зарцуулдаг гэх боловч үр дүн нь ярихаас ч ичмээр.

Хамгийн өөдрөг тооцоогоор 2038 он гэхэд дөрвөн сая хүн амтай болно

Манай улс нэг сая хүн амтай болоход 45, дахиад нэг саяар бүл нэмэхэд 26, гурван саяын босго давахад 28 жил зарцуулжээ. Мөн хамгийн өөдрөг тооцоогоор 2038 он гэхэд дөрвөн саяулаа болно. Тодорхой хэлбэл, дахин нэг сая иргэнтэй болох хугацаа хамгийн багадаа 21 жилийн дараа. Засгийн газраас ч эл зорилтод хүрэхийн тулд төрөлт дэмжих бодлого явуулж буй. Энэ нь алсдаа хүн амын цонх үе буюу 15-59 насныхан нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй одоогийн бүтцийг хадгалж, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх ач холбогдолтой.

Харамсалтай нь, бага боловсролд хамрагдаж чадахгүй байгаа маргаашийн иргэд өнөөдөр олон бий. 2008 онд эхэлсэн төрөлтийг идэвхтэй дэмжсэн тэтгэмжийн үр дүнд нийслэлийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль хүнээр хахаж, хүүхдээ багтааж ядах болов. Хүүхдээ бүртгүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх үйл явцыг технологийн тусламжтай ард иргэдэд чирэгдэл багатай шийдэж эхэлсэн ч төрөөс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадахгүй иргэд байсаар байна. Тоо хэмжээний хувьд нэмэгдсэн үү гэхээс цөөрөөгүй.  

Нийслэлийн Боловсролын газрын жил тутмын статистик мэдээллийг сөхвөл зургаан жилийн өмнө улсын хэмжээнд нийт сургууль, цэцэрлэгийн 32.3 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Энэ тоо 2016 онд бараг 40 хувь болж нэмэгдсэн. Задлаад харвал, хувийн ба улсын цэцэрлэгүүдийн тоо зургаан жилийн хугацаанд 82 хувиар нэмэгдэж, 623 болжээ.

  • Хувийн ба улсын цэцэрлэгүүдийн тоо зургаан жилийн хугацаанд 82 хувиар нэмэгдэж, 623 болжээ.
  • Гэсэн хэдий ч цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 70 гаруй хувьд л хүрэлцэж байна.
  • Боловсролын хүртээмж, төрөлтийн хурдаасаа хоёр дахин удаан явах юм бол цоорхойтой цонх үеэс хөгжил хүлээгээд хэрэггүй л болов уу.

Цэцэрлэгийн хүртээмжийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн хэдий ч цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 70 гаруй хувьд л хүрэлцэж байна. Үндсэндээ, 2-5 насны хүүхдүүдийн дөрөвний нэг нь төрийн хайр халамжийн гадна үлдэж, ялгавартай боловсролын золиос болж байна. Энэ бүх тоог чанарт шилжүүлбэл бүр ч эгдүүцмээр дүр зураг буух биз ээ.

Түүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зарим сургуулийн бага анги дөрвөн ээлжээр хичээллэхээс аргагүй болсон талаарх мэдээлэл энэ хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн дуулиан үүсгэсэн. Тус дүүргийн 26 дугаар хороо ардчилсан нийгэмд эрх тэгш тогтолцоо үйлчилдэггүй гэсэн урвуу жишиг үйлчилдэг мэт одоо ч сургууль, цэцэрлэггүй. Номын дуу сонсож, эрдмийн хэт цахихыг хүссэн багачууд нь зэргэлдээх хорооныхоо сургуульд дөрвөн ээлжээр багтаж, шингэхээрээ хичээллэж буй талаар дүүргийн удирдлага мэдэгдсэн. Тэрчлэн гурван ээлжээр хичээллэдэг, нэг анги нь 40-өөс дээш хүүхдийн дүүргэлттэй сургуулийн тоо буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн жил гаргасан судалгаагаар 240 хүүхдийн багтаамжтай 160 цэцэрлэг барьж байж нийслэлийн балчир иргэдийн хэрэгцээг хангах тооцоо гарчээ. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн юм. Харин энэ жилийн хувьд нийслэлд долоон цэцэрлэг шинээр барих төсөв хуваарилсан талаар албаны эх сурвалж хэлэв. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд төрөлт жилд 10 гаруй, цэцэрлэгийн насныхан 7.6, нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бараг есөн хувиар нэмэгдэж байна.

Даанч төрийн ажил, төсвийн хуваарилалт энэ чигээрээ үлгэн салган явбал бага боловсролын төлөөх дайн мөддөө дуусахгүй. Уг нь бол нийслэлийн хаана, ямар хэмжээний цэцэрлэг, сургууль шаардлагатай талаар боловсруулсан тайлан, судалгаа бий. Гацсан ганц зүйл нь хөрөнгө оруулалт гэдгийг Ж.Гантулга дарга учирлана билээ. Энэ мэт цаасан дээр ярзайтлаа буувч агуулахын зай бөглөхөөс хэтэрдэггүй бодлоготой хүн амын цонх үеэ хадгална гэдэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой агаар нэг.

Дэлхийн дунджаар хүн амын цонх үе 50-60 жил үргэлжилдэг. Түүнээс хойш хүн ам насжиж, дахин өөр үед ордог байна. Харин манай улсад цонх үе 812 жил үргэлжлэх тооцоог 2010 онд салбарынхан гаргасан. Нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насныхны хувь хэмжээ 2025 оныг хүртэл 66.4 хувиас буухгүй бөгөөд цонх үеийн оргил хэсэг нь 2025-2030 онд тохиох аж. Энэ цаг хугацаа эрүүл мэнд, боловсролын олигтой үйлчилгээ авч чадаагүй өнөөгийн хүүхдүүдийн хөдөлмөрийн идэвхтэй настай давхцана гэсэн үг.

Ер нь чанаргүй боловсролын горыг бид хангалттай амсаж яваа ард түмэн. Ажилгүй иргэдийн дийлэнх, хорт зуршилтай, өрсөлдөх чадвар сул, хүүхдийн тусламжийн 108 утсанд холбогдож буй хүүхдүүдийн олонхын эцэг, эх 35-аас доош насныхан байдаг гээд цонх үед цоорхой гаргаж мэдэх баримт олон. Харин боловсролын хүртээмж, төрөлтийн хурдаасаа хоёр дахин удаан явбал цоорхойтой цонх үеэс хөгжил хүлээгээд хэрэггүй. Төрөлтөө тэтгэмжээр дэмждэг жишиг хаана ч бий. Гагцхүү хүн бүрт хүртээх ёстой эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг бодлогоор дэмжсэн иргэд чинь хэзээ авдаг болох вэ.

З.Цэлмэг

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 130 санал өгсөн байна.

Дээшээ