Утаанд нуугдаж, усанд нэвчсэн уран

Засгийн газрын мэдээ

2017-10-12 14:40 GMT+8

Харангадах эсвэл хордох харгис сонголтод тун дөхсөн нийслэлийнхний гүний усанд чухам яагаад уран агуулагдаж байгаа нь анхаарал татаж байна. 2011 онд ЭМШУИС-ийн эрдэмтэд АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн долоон дүүргийн 129 худгаас дээж авч шинжлэхэд усан дахь ураны хэмжээ ДЭМБ болон Монгол Улсын тухайн үед мөрдөж байсан стандартаас бараг дөрөв дахин өндөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн гүний усан дахь ураны бохирдол гаднын эх үүсвэртэй

Тэгвэл ундны усыг бохирдуулсан уран хаанаас эхтэй вэ? Үүнд бид хариулт эрэлхийллээ. Цацраг идэвхит, хүнд металл болох ураны нөөцөөр манай улс арвин. Үүнийг мэддэг хүн ч мэргэжилтнүүдээс гадна олон. Харамсалтай нь, нийслэлийн ураны бохирдлын эх үүсвэрийг геологийн тогтоцтой нь хамааруулж ойлгох сэжим тун бүдэг аж. Харин “гаднын” нөлөөтэй гэдгийг илтгэх олон үндэслэл бий.

ШУА-ийн доктор Л.Дарамсэнгэ, Их Британийн эрдэмтэн Робин Грэйсон нарын 2016 онд эцэслэсэн судалгаанд гүний усан дахь ураны эх үүсвэр нүүрснээс гаралтай хэмээн нотолжээ. “Ураны өндөр агууламжтай нүүрс хэрэглэдэг учраас нүүрсний утаагаар дамжин хөрсөнд буусан цацраг идэвхит, хүнд металл газрын гүнд хурдтай шингэдэг” хэмээн тэд бичсэн байна. Багануур, Шивээ-Овоо, Налайхын нүүрсний ордуудыг Монгол орны хаа байсан өмнө болон зүүн өмнөд нутгаар элбэг тархсан ураны ордод хамааруулаагүй гэдгээ зориуд тодотгоё. Харин төвийн эрчим хүчний хэрэглээг хангадаг нүүрсний ордууд геологийн өвөрмөц тогтцын улмаас цацраг идэвхийн өндөр агууламжтай байдаг аж.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн зөвлөх геологич, доктор С.Ариунбилэг “Налайх, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний нөөц нь Цэрдийн настай буюу Чойр, Нялгарын хотгорт хамаардаг. Газрын зурагт ногооноор тэмдэглэдэг энэ хэсэг бол ураны тунамал хурдасны ордыг дагаж үүссэн нөөц юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн “хэрэглээд” байгаа уран эдгээр цацраг идэвхийн агуулга өндөртэй хүрэн нүүрсний ордод байгаа гэж ойлгох хэрэгтэй” гэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн тодорхойлж буйгаар нэг тонн нүүрсэнд нэг грамм уран байвал цацраг идэвхийн өндөр агууламжтай эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг юм байна. Тодорхой хэлбэл, ийм нүүрсийг цөмийн станцад хэрэглэх боломжтой аж.

Үүнээс гадна, нүүрсэнд агуулагдах ураны хэмжээ шаталтын дараа нэмэгддэг нь анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал. Бүр хэд дахин. Энэ нийтлэлийг тэрлэхэд суурь болсон “Улаанбаатар болон орон нутаг дахь уран, фторын эх үүсвэрийн судалгаанд нийслэлийн эрчим хүчний станцуудыг хангадаг хүрэн нүүрс дэх ураныг нэгд нэгэнгүй гаргажээ. Тухайлбал, төвийн эрчим хүчний 60 хувийг нийлүүлдэг Багануурын уурхайн нүүрсний тонн тутамд долоон грамм уран агуулагддаг. Шатсаны дараах хаягдалд энэ хэмжээ дөрөв дахин их болдог аж. Харин үлдсэн 40 хувийг хангадаг Шивээ-Овоогийн нүүрсний нэг тоннд агуулагдах уран нь Багануурынхаас бага боловч утаа тортог, үнсэн дэх цацраг идэвхийн агууламж мөн л ихэсдэг.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний баримт бичигт Улаанбаатар хотын хэрэгцээнд жилд 6.1 сая тонн нүүрс түлдэг гэж тэмдэглэжээ. Үүний 5.1 сая тонн нь дулааны цахилгаан станцуудад түгээгддэг бол үлдсэн нэг саяыг нь гэр хорооллын 218,665 өрх хэрэглэдэг. Тэгэхээр цахилгаан станцууд жилд 31.8 мянган тонн уран шатааж байна. Харин утаан хөшиг, үнсэн хаягдлаар нь дамжиж 105 орчим мянган тонн уран нийслэлд “суурьшиж” буй юм. Ураны ширхэг атом бүр өвлийн хүйтэн, зуны халуунд ялгаагүй хөрсөнд хурдтай шингэж гүний усанд тардаг. Тиймээс ураны бохирдлыг гүний ус, нүүрснээс гарч буй утааг шинжилж байж бодитой тогтоохыг уг элементийн өөрийнх нь шинж чанар илтгэж байна.

Нөгөөтэйгүүр, ураныг “гаднын” эх үүсвэртэй гэж бодохоос өөр аргагүйд хүрсэн үндэслэл бий. 2011 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уранаас болж олон мал үрэгдэж, хүн өвчилсөн талаар дуулиан дэгдсэн. Гэхдээ ийн өвчлөх болсон шалтгаан нь уран бус харин селенитэй холбоотой байсныг судлаачид тогтоожээ. Харин селени хэмээх хүнд металлын геологийн тогтоц нь мөн л ураныг дагаж бий болдог аж. Ерөөсөө ихэнх төрлийн хүнд металлын тогтоц уран, хайлуур жоншны ордыг дагаж байрладаг талаар олон жил уран судалж буй С.Ариунбилэг доктор тайлбарласан юм.

Нүүрсэнд агуулагдах ураны хэмжээ шаталтын дараа хэд дахин нэмэгддэг

Монголын хүн амын 40 орчим хувь урантай хамт аж төрж, уранаар бохирдсон усаар ундаалсаар байна. Ундны усан дахь ураны агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоохдоо хүн өдөрт хоёр литр ус 70 жилийн турш хэрэглэхэд бие организмд нь ямар өөрчлөлт гарах вэ гэдгээр тооцдог аж. Үүний үндсэн дээр нэг литр усанд 30 мкг-аас илүү уран агуулагдаж болохгүй гэж ДЭМБ 2012 онд тогтоосон байна. Үүнээс хэтэрсэн агууламжтай ус хэрэглэвэл бөөрний үрэвсэлтэй болох, цусны даралт хэлбэлзэх, ясны уян хатан байдлыг муутгаж, цаашлаад нөхөн үржихүйн эмгэгт хүргэх эрсдэлтэй аж.

Гэтэл нийслэлчүүд үүнээс хоёр дахин их урантай ус хэрэглэж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Тэгсэн атлаа үүнээс сэрэмжлүүлж, шинжилгээ тогтмол хийж, хяналт тавих ёстой эрх бүхий байгууллагынхны ам нь үдээтэй, нүд нь аниатай, чих нь таг битүү сууж байна уу гэмээр. Нийслэлийн хэмжээнд гүний худгийн тоо жилд 1000 орчмоор нэмэгдэж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн хэлж байна. 2013 онд албан ёсны тооллого явуулснаас хойш худгийн тоо 2700-гаар нэмэгдэж, өнөө жил 8000 хүрсэн байна. Үүний тал орчим нь албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Ч.Дамбасүрэн “Нийслэлийн алслагдсан бүсүүдэд дэд бүтэц муу тул хүмүүсийн худаг ухах хэрэгцээ нэмэгддэг. Ус хүнд зайлшгүй шаардлагатай учраас эсэргүүцэх аргагүй. Гэхдээ эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас усаа заавал шинжлүүлэх ёстой” хэмээв. Гэвч “хонх нь дуугарахад дамар нь таг” гэгчээр шинжлүүлье гэсэн ч манайд ураны агууламж үзчих олигтойхон тоног төхөөрөмж алга. Ганц байдаг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн лаборатори.

Гэтэл тэрхүү лабораторийн багажийн хүчин чадал нь ДЭМБ болон Монгол Улсын MNS 0900:2016 стандартад заасан хэмжээний нарийвчлалд хүрдэггүй. Хамгийн сүүлд буюу 2015 оны зургадугаар сард нийслэлчүүдийн ундны долоон эх үүсвэрийн дээжид ураны хэмжээг үзжээ. Харамсалтай нь, 30 мкг/л-ээс доош хэмжээнд агуулгыг нь тогтоох ёстой атал 40 мкг/л тус лабораторийн хамгийн дээд хүчин чадал аж. Түүнээс хойш НМХГ-ын лабораторид шинжлүүлж буй ч тэнд ураны агууламж үздэггүй гэдгийг УСУГ-ын Усны төв лабораторийн химич, чанарын менежер Ц.Болормаа ярьсан юм. Уг нь улсдаа усаар дагнасан цорын ганц лабораторийн хувьд тоног төхөөрөмжөө сайжруулж байж ундны усны аюулгүй байдлыг хангах нь хэнд ч ойлгомжтой баймаар юм.

Уг нь Усны төв лаборатори ураны агууламж тодорхойлдог, 500 сая төгрөгийн үнэ бүхий ICPOMS төхөөрөмж авахаар жилийн жилд хүсэлтээ дээд байгууллагад уламжилдаг боловч өнөөг хүртэл шийдээгүй. Гэтэл иргэд төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны хохирлыг барагдуулахын тулд төсвийн тодотгол хийгээрэй гэж хуруу хумсаа хугалах шахсан хэдэн төгрөгөө татвар нэрээр илүүчилдэггүй л байлтай. Татвар буй дор төр байдаг юм бол татвар төлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүргээ умартах эрх төрд байхгүй.

З.Цэлмэг

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ