БНАСАУ-ын хоригоос Монгол хожоогүй

Засгийн газрын мэдээ

2017-10-12 14:00 GMT+8

Ижил түүхий эдээр нэг зах зээлд өрсөлдөгчдийн эрэмбэ, эзлэх жин өөрчлөгдөж эхэл лээ. Сүүлийн хэдэн сард Монгол Улсаас урд хөршийг чиглэсэн нүүрсний экспорт саарахтай зэрэгцэн зарим орны нийлүүлэлт эрчимжжээ. Урд хөршийн нүүрсний зах зээлийн тоглогчдоос ОХУ, Австралийн экспорт өсөв. Хятадын нүүрсний импорт есдүгээр сарын 25-наас хойших долоо хоногийн хугацаанд 51 хувиар нэмэгдэж, 2.91 сая тонн хүрснийг Bloombergийн Global Ports Dataд дурджээ.

Энэ өсөлтийг Австралийн экспорт бүрдүүлсэн байна. Тус улсын дулааны болон коксжих нүүрсний экспорт есдүгээр сарын дунд үеэс 48 хувиар өссөн. Уг нь есдүгээр сарыг эс тооцвол дэлхийн нүүрсний томоохон экспортлогчдын нэг Австралийн нийлүүлэлт буураад байв. Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээллээр Австралийн нүүрсний нийлүүлэлт наймдугаар сард 19 хувиар буурч, долоон сая тоннд хүрсэн. Гэтэл сүүлийн саруудад саараад байсан Австралиас Хятадыг чиглэсэн нүүрсний нийлүүлэлт сэргэж эхэлсэн нь энэ.

Хойд хөрш Умард Солонгосын нүүрсний нийлүүлэлтийн тэн хагасыг нөхжээ

Түүхий эдийн экспортоор дэлхийд тэргүүлэгч Австралиас гадна сүүлийн саруудад урд хөршид нийлүүлэх нүүрсний экспортоо хамгийн эрчтэй хийгээд тогтмол тэлж буй тоглогч бол ОХУ. Одоогоор олон нийтэд ил болсон мэдээллээр энэ оны наймдугаар сард хойд хөршийн нүүрсний нийлүүлэлт 20 хувиар өссөн. Оросууд өнгөрсөн найман сарын хугацаанд урд хөршид нийт 17.25 сая тонн нүүрс нийлүүлчихээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн үр дүн. Ингэснээр өмнөд хөршийн Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригоос хамгийн их хожиж буй нь ОХУ болж байгаа юм.

Хятадын эрх баригчид Хойд Солонгосын нүүрсний экспортыг өнгөрсөн гуравдугаар сард зогсоосноос хойш БНАСАУ-ын нийлүүлэлт зогссон гэхэд болно. Ийнхүү Умардын нүүрсний нийлүүлэлт энэ хугацаанд 10 сая тонноор буурах зуур Оросын экспорт таван сая тонноор өссөн байна. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлд үүссэн борлуулалтын орон зайн тэн хагасыг зөвхөн ОХУ нөхжээ. Ялангуяа, тус улсын антрацид төрлийн нүүрсний экспорт эхний найман сард 4.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 212 хувиар огцом дээшилсэн юм.

Хойд Солонгосын хориг, Хятадын нүүрсний салбарын бодлого ОХУ-д экспортоо ахиулах таатай нөхцөл болсон. Энэ боломжийг ч хойд хөрш ашиглан үнийн уян хатан бодлого баримталсан нь тус улсын нүүрсний экспортын өсөлт өдгөө хэдэн зуун хувиар хэмжигдэхэд хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Орос улс зах зээлийн таатай хөрсөн дээр үнийн ухаалаг бодлого баримталж, худалдаагаа өсгөсөн нь энэ.

ОХУ-ын олборлогчид Австралийн санал болгож буй үнээс ч хямдаар Хятадад нүүрс нийлүүлж байгаа. Тухайлбал, сайн чанарын антрацид нүүрсийг 101.25 ам.доллараар нийлүүлж байна. Гэтэл Австрали үүнээс өндөр буюу 129.71 ам.доллараар эцсийн хэрэглэгчдэд худалдаж байгаа юм. Зөвхөн энэ төрлийн түүхий эдээс гадна Оросын коксжих нүүрсний үнэ ч Австралитай харьцуулахад өрсөлдөх чадвар өндөр байна. Тиймээс ч хойд хөршийн коксжих нүүрсний экспорт 108 хувиар өсчээ. ОХУ тонн коксжих нүүрсээ 119.96 ам.доллараар борлуулж байхад Австрали үүнээс 30 гаруй ам.доллараар өндөр үнээр нийлүүлж буй. Ийнхүү хойд хөрш үнээр өрсөлдөж, экспортоо өсгөлөө.

Гэтэл Хятадтай хил залган оршдог Монгол Улс энэ түвшний үнийн бодлого хэрэгжүүлж, тээврийн зардал, тээвэрлэлтийн саад, бэрхшээлээ шийдэж чадалгүй хугацаа алдсаар. Монголын нүүрсний экспортын гол хаалга болох Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагаа хумигдсан. Өмнийн говийн гарц болсон гол боомтоор гарах гэж буй нүүрсний тээврийн машинууд гацаж, олон километр үргэлжилсэн урт цуваа үүсгэсэн хэвээр. Энэ хэрээр мэдэгдэхүйц өсөж байсан манай нүүрсний нийлүүлэлт саараад байна. Уг нь хэдхэн сарын өмнө монголчууд нүүрсний зах зээлд өмнө нь үзэгдээгүй амжилт олж байна хэмээн хөөрцөглөж байв. Гэтэл нүд ирмэхийн зуур нөхцөл байдал өөрчлөгдөж, нүүрсний экспортын гол хаалга хумигдлаа. Сүүлийн хоёр сар гаруй гацсан нүүрсний тээвэрлэлтэд өнөөг хүртэл ахиц гараагүй байгааг албаныхан ч хүлээн зөвшөөрч байгаа.

Нүүрсний экспортоо хамгийн эрчтэй хийгээд тогтмол тэлж буй улс бол ОХУ

БНХАУ-ын тал хилийн хяналт, шалгалтаа нэмэгдүүлсэн гэсэн шалтгаанаар өнгөрсөн долдугаар сард Монголын нүүрсний экспорт өмнөх сараасаа хоёр дахин буурсан. Тухайлбал, зургадугаар сард дөрвөн сая тонн нүүрс экспортолсон Монгол Улс долдугаар сард 2.2 саяыг хилийн чанадад гаргажээ. Харин наймдугаар сард ялимгүй сэргэсэн ч өмнөх саруудын жишигт хүрээгүй хэвээр байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс харж болно. Наймдугаар сарын байдлаар Манай Улс 23 сая тонн нүүрс экспортлоод байгаа. Энэ тоог жилийн эцэст 32 сая тоннд хүргэхээр тооцож, төсвийн тодотгол өргөн бариад байгаа юм. Гэхдээ нүүрсний тээврийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал 32 сая тонн нүүрс экспортлох нь амаргүй даваа болохоор байна.

Уг нь манай худалдан авагчийн эрэлт буураагүй. БНХАУ-ын дотоодын олборлолт буурснаас үүдэн тус улсын гадаад зах зээлээс татах импорт өсчихөөд байгаа юм. Гэвч Монгол Улс тээвэр ложистикоо сайжруулж чадаагүйгээс гадна улс төрийн хүчин зүйлээс хамаарч манай нүүрсний нийлүүлэлт буураад байгаа гэж “Голомт" банкны шинжээч Г.Мөнх-Эрдэнэ дүгнэсэн юм. Уг нь газар нутгийн байршлын давуу талаа тооцож үзвэл Монголын нүүрс Хятадын хойд нутгийн зах зээлд хамгийн өрсөлдөх чадвартай түүхий эд болохыг шинжээчид хэлдэг. Гэвч энэ давуу талаа ашиглаж чадаагүйгээс болж, бусад тоглогч зах зээлийн сул орон зайг эзэлсээр байна. Энэ өрсөлдөөнөөс нэг тоглогч ухрахад бусад нь орон зайг нь хэрхэн булааж буйг Хойд Солонгос ба хойд хөршийн жишээнээс харж болно.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ