"Хуралдай" бондын ханш 20 центээр өслөө

BloombergTV.mn

2017-10-13 11:35 GMT+8

Есдүгээр сарын сүүлийн гурван долоо хоног тасралтгүй унасан “Хуралдай” бондын ханш аажмаар эргэн өссөнөөр өнгөрсөн сарын 21-ны түвшинд дахин хүрлээ. Даваа гарагаас хойш ханш нь 20 цент орчмоор өссөнөөр, өнөөдрийн байдлаар 112.8 ам.долларт хүрээд байна. Ерөнхий сайд С.Хүрэлсүх Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн нь бондыг хугацаандаа эргүүлэн төлөх итгэлийг нэмэгдүүлж, ханшийг өргөхөд сайнаар нөлөөлж байна гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

2022 онд төлөгдөх 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч бас энэ долоо хоногт Засгийн газар байгуулагдаж байгаатай холбоотойгоор чангарч, 40 орчим центээр өссөнөөр 98 ам.долларыг даваад байна. Өөрөөр хэлбэл “Чингис” бондын ханш түүхэн дээд түвшиндээ тун ойрхон ирээд байна гэсэн үг аж. Өмнө нь Засгийн газар унахаас өмнөхөн есдүгээр сарын эхний долоо хоногт 98.4 ам.доллар хүрч байсан юм.

Энэ оны тавдугаар сард Монголт Улстай адил Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан Ямайк улсын бондыг харвал бондын ханшийн хөдөлгөөн тун төстэй буюу тавдугаар сараас хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Мөн ханш нь есдүгээр сард унаад эргэн өсөж байгаа аж. Хэдий тийм боловч уналтын шалтгаан нь Засгийн газрын шинэчлэл биш, хар салхины аюул Карибын тэнгисийг дайрсантай холбоотой юм.

Б.Дашням

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ