Хаалга нь автоматаар онгойж, дотно инээмсэглэл гэрэлтүүлсэн хөгшин өөдөөс харна. Акасака-Мицүкэ гэж хэлээд газрын зураг үзүүлэхэд урд талынхаа GPS дээр байршлаа хийгээд, хаалга автоматаар хаагдаж бид хөдлөв.
Хеллоуин үзэж яваад сүүлийн метроноос хоцорсон учраас Шибүяагаас буцах замдаа такси барьсан нь энэ. 01:00 цагийн үед Токиогийн гудамж хүн багатай, бороо зүсэрч байв. Хаалга хаагдаад дөнгөж хөдлөхөд төлбөр заах дэлгэц дээр “410 иен”/~9000 төгрөг/ гэсэн бичиг харагдаж байлаа. /2017 оны нэгдүгээр сараас ийм тооцооны системд шилжсэн, өмнө нь эхний 2 километрийн үнэ 730 иен байжээ. Гэхдээ 410 иенээс эхэлдэг болсноор ойрхон газар явах хүмүүст ашигтай хэдий ч, 2 километрээс дээш явж байгаа тохиолдолд үнэ хуучинтайгаа ижил юм/
Токиод зогсоолын үнэ хамгийн өндөр бөгөөд 24 цаг зогсоход 3000 иен төлөх нь хэвийн үзэгдэл
Энэ такси эхний 1025 метр ийм үнээр яваад түүнээс цааш тодорхой хугацаа болон 237 метр өнгөрөх бүрт 80 иен нэмэгдэх аж. Ингээд ойролцоогоор 1,9 км газрыг туулах хооронд 1370 иен буюу 30000 төгрөгөөр таксидсан юм.
Хэрвээ метроноосоо хоцроогүй бол үүнээс 10 дахин бага зардлаар буудалдаа ирэх байв. Тэгэхээр Токио бол яах аргагүй шаардлагатай үед л таксинд суух газар аж. Такси ийм үнэтэй, дээрээс нь автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг учраас Токиочууд машин их унадаг байх гэсэн бодол тухайн үед төрсөн юм.
Гэвч бас л тийм биш аж. Япон улсын хувьд нийт хувийн автомашины тоо 77,6 сая буюу хоёр хүний дунд нэг автомашинтай бөгөөд Токио хотын хувьд улсдаа хамгийн цөөн тооны автомашин хэрэглэдэг бүс нутаг аж.
Автомашин хэрэглэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн нэгдүгээрт зогсоол. Токиод зогсоолын үнэ хамгийн өндөр бөгөөд 24 цаг зогсоход 3000 иен төлөх нь хэвийн үзэгдэл. Тэгэхээр сард дунджаар 200-1000 ам. долларын төлбөрийг зөвхөн машинаа хаа нэгтээ түгжиж орхиход зарцуулна.
Үүнээс гадна төлбөртэй хурдны зам ашиглахад километр тутамдаа ойролцоогоор 700 төгрөг төлөх хэрэгтэй. Ингээд бодохоор энд машинтай байна гэдэг бас л өндөр зардалтай шийдэл аж.
Ийм үнэтэй болсон хоёр шалтгааны нэг нь нийтийн тээвэр, нөгөө нь бас л нийтийн тээвэр. Нэгдүгээрт нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд эрх баригчид ийм арга хэмжээ авчээ. Хоёрдугаарт угаасаа олон сая хүн амтай, дээрээс нь Япончууд шиг “Яг таг” хүмүүст хамгийн тохирох шийдэл нь Метро байсан аж.
ИХ ХОТЫН ТӨГС ШИЙДЭЛ МЕТРО
28 настай Окүно Эрика өдөр бүр Чиба дахь гэрээсээ ажил хүртлээ галт тэрэг, метро ашигладаг. Ажлын өдрүүдэд ойролцоогоор 30-40 минут зарцуулах бөгөөд тэрээр “Их хотод галт тэрэг, метро хамгийн зохимжтой тээврийн хэрэгсэл. Заримдаа галт тэрэг саатдаг ч гэсэн дээд тал нь 20 минут тутамд явдаг” гэсэн юм.
Түүний зорчдог Тозай шугам нь Токиогийн хамгийн ачаалалтай шугамуудын нэг бөгөөд өдөрт 1,4 сая хүн тээвэрлэдэг аж. Метроны үнэ дунджаар 200-300 иен болохоор автомашин, такситай харьцуулах юм биш.
Хамгийн олон шугам эзэмшдэг, нийт есөн замтай Токио Метро компани гэхэд өдөрт 7,2 сая зорчигч тээвэрлэдэг аж. Харин Токио хотын тээврийн хорооны эзэмшдэг Тоэй метро нийт 109 километр урт, дөрвөн шугам эзэмшдэг юм байна.
Магадгүй Токиогийн метро төвөгтэй санагдаж болох хэдий ч буудал бүрийг тоогоор тэмдэглэсэн болохоор бусад хотын метротой харьцуулахад хэрэглэхэд хамаагүй хялбар байсан юм. Өдрийн ачаалал ихтэй үеэр 10 бүхээг бүхий метронууд дээд тал нь 2000 зорчигч тээвэрлэх даацтай бөгөөд метроны ажилчид хүмүүсийг чихэж байж метронд суулгадаг.
Метроны дараа галт тэрэг. Токиод хувийн галт тэрэгний компани өндөр амжилтад хүрсэн шалтгаан нь тээврийн системээ үл хөдлөх хөрөнгө, их дэлгүүрүүдтэй нэгтгэсэн явдал аж. Газар ашиглалт, тээврийн хэрэгсэл сэтгүүлд бичсэнээр “Засгийн газар галт тэрэгний үйлчилгээний үнийг тогтоон барих шийдвэр гаргаснаар хувийн компаниуд илүү шинэлэг, илүү өргөн цар хүрээтэй бизнесийн загвар ашиглах шаардлагатай болжээ.
Урт хугацаанд олон нийтэд ашигтай байх, тухайн компани өөрөө мөн ашиг олох зорилготой болохоор компаниуд өндөр чанартай, тогтмол үйлчилгээг явган зорчигчдод аюулгүй байдлаар шийдэж, их дэлгүүр, бусад компаниудтай хамтран ажиллах болсон юм.
Ингэснээр автомашин эзэмшинэ гэдэг амьдралын хэв маяг болохоос хэрэгцээ биш болжээ. Жишээлбэл 1922 онд байгуулагдсан Токюү корпораци өнөөдөр 400 гаруй компани эзэмшдэг, 30 мянган ажилчинтай галт тэргэнд суурилсан конгломерат/Нүсэр бүтэцтэй корпораци/ болсон байна.
Гэхдээ нийт ажилчдынх нь 10 хүрэхгүй хувь нь галт тэрэгний салбартаа ажилладаг бөгөөд Токюү корпораци 1930 оноос эхлэн галт тэрэгний зогсоолын орчмын газруудыг худалдаа, арилжааны чиглэлээр хөгжүүлж, их сургууль, орон сууцны зориулалтаар, хямд үнэтэйгээр газраа зарж эхэлжээ” гэжээ.
Үүнийхээ ачаар Токюү корпораци өнөөдөр долоон шугамаараа жил тутам нэг тэрбум зорчигч тээвэрлэж байгаа төдийгүй зам бүрээсээ 587 сая ам. долларын ашигтай ажилладаг болсон аж. Ашгийн гуравны нэг нь галт тэрэгний тасалбарын орлогоос, үлдсэн нь үл хөдлөх хөрөнгө болон бараа бүтээгдэхүүний борлуулалтаас бүрджээ.
НЭГ КАРТ НЭЛЭЭД ХЭДЭН ШИЙДЭЛ
Японы нийтийн тээврийн хамгийн ашигтай шийдэл нь Pasmo, Suica зэрэг соронзон карт юм. Хэрэглэгч өөрийн хэрэгцээгээр цэнэглэн ашиглах бөгөөд метро, галт тэрэг, автобусанд ашиглахаас гадна зарим дэлгүүр, үйлчилгээний газрууд, автомат машинаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахад ашиглаж болдог аж.
Автобус, метро, галт тэрэгний буудал бүр дээр эдгээр картыг цэнэглэх киоскнууд байх учраас данс нь хоосорно гэж санаа зовох ч шаардлагагүй. Түүнчлэн автобусанд суухдаа урьдчилсан болон дараа төлбөрт хоёр сонголтыг тухайн үедээ шийдээд явж болно.
Наритагийн нисэх буудал дээр энэ хоёр картыг аль алийг нь борлуулж байдаг аж.