Энэ эмэгтэйг Ц.Оюунтуул гэдэг. Баянзүрх дүүргийн 22-р хороонд оршин суух түүний хувьд улсын эмнэлэгт тусгай зориулалтын үзлэгийн ор байдаггүйгээс 20-иод жилийн турш эмэгтэйчүүдийн үзлэгт орж чадаагүй гэнэ.
Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10 төвийн амбулатори хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөтэй болсноор түүний хувьд бусдын тусламжгүйгээр үзүүлэх боломжтой болж байна хэмээж байв.
Тэрбээр “Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй бидэн шиг хүмүүс эмэгтэйчүүдийн орон дээр гарч чадахгүйгээс болоод эмэгтэйчүүдийн үзлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй байсан. Зарим тохиолдолд хүнээр өргүүлж байж бидний хэлдэг үзлэгийн өндөр орон дээр гардаг. Харин одоо зориулалтын автомат орны тусламжтайгаар үзлэгт хамрагдаж, жингээ үзэж, дуртай үедээ ирээд дасгал хөдөлгөөн хийх боломжтой болж байна. Үнэхээр их баяртай байна” гэсэн юм.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зориулалтын эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, жин үзэх, дасгал хийх тусгай төхөөрөмж бүхий өрөөг ашиглалтад орууллаа.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10 төвийн нэгдүгээр давхарт хоёр өрөөг тохижуулсан. Үзлэгийн орны хувьд автоматаар доош буудаг бөгөөд бүхий л зүйлс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байхаар хийгджээ. Ариун цэврийн өрөөний тохижилт ч мөн тэдний хэрэглээнд тохирсон байв. Мөн суугаараа жингээ үзэх боломжтой тусгай зориулалтын жин, жирэмсэн үед ашиглах дасгалын өрөөг ч тохижуулжээ.
Үндэсний статистикийн хорооны 2016 оны дүн мэдээнээс харахад манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 45.9 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудал байсаар ирсэн. Тулгуур хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үзлэгийн өндөр орыг ашиглаж чаддаггүй, ариун цэврийн өрөөнд тэргэнцэртэйгээ орж багтдаггүй зэргээс шалтгаалаад энэ төрлийн үйлчилгээг авч чаддаггүй байна.
Тиймээс “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-аас гаргасан хүсэлтийн дагуу Финляндын засгийн газар, Флом олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлжээ. Төсөл энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ талаар Флом олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн дарга Мика Лайхо “Манай байгууллага 2001 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийвэрлэх, чадавхижуулах талаар сургалт, төслүүдийг хийдэг. Энэ удаагийн төсөлд нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Анх удаа ийм төрлийн кабинет байгуулж байна. Тиймээс үйл ажиллагааны байдлыг харж, эмч нартай ярилцаад сайжруулах шаардлага байгаа эсэхийг судална. Үр дүнгээ харсныхаа дараа дараагийн төслүүдээ хийх болно” гэсэн юм.
Хэдийгээр тус өрөө Баянзүрх дүүргийн эмнэлэгт байрлаж байгаа хэдий дүүрэг харгалзахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10-р төвийн дарга Ж.Энхзул “Манайх 11 эмэгтэйчүүдийн эмчтэй. Түүнээс дөрөв нь 10-р төв дээр байрладаг. Эдгээр эмчээ он дуустал хуваарийн дагуу буюу 12.00 цагаас хойш үзлэг хийхээр хуваарь гаргасан. Харин он гараад төсөв батлагдвал тогтмол ажиллах хүний нөөцтэй болно. Үзлэгийн өрөө хоёр давхарт байрладаг, тусгай зориулалтын оргүйгээс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд бидэнд хандахаас хандахгүй нь их. Тиймээс энэ удаад үзлэгийн өрөөгөө нэгдүгээр давхарт байрлуулсан нь илүү давуу тал боллоо гэж харж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дэм болох үүднээс салбар яам болон Флом ОУБ-ыг тусгай зориулалтын шүдний кабинеттэй болоход дэмжлэг үзүүлэхийг хүсээд байна” гэсэн юм.
“Хүний эрх хүн эрүүл байхаас эхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид манай улс нэгдэн орж, соёрхон баталсан үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай байх ёстой. Энэ үүргийг зөвхөн ТББ-ууд хийх бус төр энэ үүргээ хүлээх ёстой. Энэ удаагийн төсөл бусад төрийн байгууллагад жишиг болж байна гэж болно. Бусад эрүүл мэндийн байгууллагууд ч хүртээмжтэй үйлчилгээг үзүүлдэг болох хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комисс, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтраад нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан ажиллах болно” гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцсон ХЭҮК-ийн референт Сэмжидмаа хэлсэн юм.