Ачааны хүндээ иргэдэд үүрүүлсэн хотын төсөв

Засгийн газрын мэдээ

2017-12-07 12:30 GMT+8

“Чамбай төсөв баталлаа”... Нийслэлийн ИТХ-ын шинэхэн дарга ирэх оны төсвөө ийн үнэлж байна. Хотын удирдлагууд ч хуулийн хугацаанд нь багтаж, 2018 оны төсвөө батлуулсандаа хөл газар хүрэхгүй явна. Тэдний сайшааж буй энэ төсөв нийслэлчүүдийн таалалд нийцэх болов уу. Угтаа төслийг бүрдүүлэгч нь нийслэлчүүд. Ялангуяа ирэх оны хотын төсөв нийслэлийн иргэн танд дэндүү хамаатай гэдгийг дуулгая. Учрыг нь харин дараа хэлнэ ээ. Урьдаад төсвийн ерөнхий мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Ирэх онд нийслэлийн төсвийн нийт орлого 800.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж албаныхан тооцжээ.

Аз жаргалын индексийг цаасан дээр тооцлоо гээд нийслэлчүүд аз жаргалтай болох уу

Үүний ойролцоогоор 640 тэрбум төгрөгийг нь хот бие даан төвлөрүүлэх бол үлдсэнийг нь дүүргүүд бүрдүүлнэ. Ингэж бүрдүүлсэн хөрөнгөний 208 тэрбум төгрөг нь улсын төсөв, 342 тэрбум төгрөг урсгал зардал руу “урсах” бол 116 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтыг чиглэнэ. Харин үлдсэн мөнгө нь дүүргүүдийн ИТХ-ын эрх мэдэлд шилжихээр байна.

ТАТВАР ТҮШСЭН ТӨСӨВ

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогыг энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 81 тэрбум төгрөгөөр тэлэхээр тооцсон. Энэ мөнгөний дийлэнхийг ирэх онд үе шатлалтай нэмэгдэх татварын орлогоос бүрдүүлэхээр байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татвар үе шаттай нэмэгдэнэ. Ингэснээр 83 тэрбум төгрөг нийслэлийн хэтэвчинд орох тооцоотой байна. Төр орлоготой иргэдийн халаасыг тэмтэрч, өөрийнхөө зарлагыг ийн өсгөжээ. Мэдээж үүний “ачаар” нийслэлийн зарим иргэний ачаа ч нэмэгдэнэ. Бүр нэг хэсэгт нь хүнддэж ч магадгүй. Ер нь хотын төсөвт эзлэх нийслэлчүүдийн татварын жин улам нэмэгдэж байна. Энэ онд нийслэлийн төсвийн нийт орлогын 80 гаруй хувийг татварын орлогоос бүрдүүлж буй.

Тэгвэл ирэх онд энэ дүн 90 хувийг давах нь. Энгийнээр хэлбэл, нийслэлийн төсөвт орж ирж буй 10 төгрөг тутмын ес нь иргэд, хувийн хэвшлийн халааснаас гарч байна гэсэн үг. Үндсэндээ 721 тэрбум төгрөгийг татвараас олно. Харин үлдсэн багахан буюу 78 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцож байна. Энэ мөнгийг өнөөх л газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаар олохоор тусгажээ. Хотын удирдлагууд иргэдийн халаас руу гар дүрэхээс гадна төсвийн орлогоо бүрдүүлэхээр сонгосон арга нь энэ. Үүнээс өөр орлогын эх үүсвэрийн эрэлд тэд гарсангүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн нурууг амрааж, илүү орлого олоход хөшүүн хойрго ханджээ.

Гэтэл нийслэл бол 1.2 их наяд төгрөгөөр тоологдох эргэлтийн бус хөрөнгөтэй чинээлэг “айл”. Үүнээсээ ч ашиг олох боломжтой. Гэтэл орон нутгийн өмчит газруудын менежментийг өөрчлөх, засаглалыг нь сайжруулахад дорвитой санаачилга харагдсангүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийтлэг жишгээр алдагдалтай ажиллаж байна хэмээн толгойг нь илээд өнгөрсөн ч юм шиг. Тэгвэл ингэж олсон мөнгөө юунд зарцуулах бол.

Батлагдсан төсвийн орлогын багагүй хэсэг нь урсгал зардал руу “урсах” нь. Учир нь урсгал зардлыг ирэх онд дунджаар 30 тэрбум төгрөгөөр өсгөсөн гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Харин хөгжлийн санхүүжилт болох хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан байна. Уг нь нийслэлийн төсөв хүмүүсийн орлогыг хуримтлуулж, хөгжлийн санхүүжилт хийж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгахад чиглэж баймаар. Гэтэл ажил хийдэг хүмүүсийн орлогыг хамж аваад урсгал зардалд хуваарилдаг муу зангаа энэ удаад бас л тавьсангүй.

УТААТАЙ ТЭМЦЭХЭД “ГАР ТАТАВ”

Ингэж урсгал зардалд хайр гамгүй гар сунгасан атлаа утаанд “гар татчихаж”. Хотын удирдлагууд “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулахад гурван тэрбум төгрөг тусгасан гэвэл танд ямар сонсогдож байна. Итгэмээргүй санагдаж магадгүй. Уг нь энэ бол урсгал зардлын тэлэлтийн 10 хувьд л хүрэх тоо. Дээрээс нь нийслэлийн янданг бодитой бууруулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг төдий л тоосонгүй. Зөвхөн нийслэлийн удирдлагуудын урсгал зардалд тусгасан 30 гаруй тэрбум төгрөгийг урсгаад өнгөрөх бус гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны төслүүдтэй уялдуулсан бол 3200 янданг үгүй болгох эхлэл тавигдахаар байсныг нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлж байсан.

Гэтэл гуравхан тэрбум төгрөгөөр хэрхэн агаарын бохирдлыг бууруулахаар “төлөвлөж” буйгаа нийслэлийн удирдлагууд л мэдэж байгаа байх. Ер нь хотын удирдлагууд утаатай тэмцэхээс татгалзаж байна гэсэн дүгнэлтийг ирэх оны төсвөөс хийчихэж болмоор. Бараг л гамшгийн хэмжээнд хүрчихсэн агаарын бохирдлыг удирдлагууд нүдээ аниад өнгөрөхөөр байна гээд хатуухан хэлчихэж болно. Өнгөрсөн даваа гарагт баталсан нийслэлийн төсөвт нүд бүлтийлгэсэн тоо үзүүлэлт, төлөвлөлт мундахгүй.

Тухайлбал, Аз жаргалтай хотын индекс боловсруулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Ийм хэмжээний мөнгийг энэ оны төсөвт ч мөн тус индекст тусгасныг дуулгая. Аз жаргалын индексийг цаасан дээр тооцсоноороо нийслэлчүүд аз жаргалтай болох уу. Энэ мэт иргэдийн халаасыг цоолж авсан хэдэн төгрөгийг үр ашиггүй зарцуулахаар шийдсэн жишээ цөөнгүй. Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагуудын урсгал засварт ч багагүй мөнгө төлөвлөсөн. Энэ төрлийн мөнгөөр ямар урсгал засвар хийж, өрөөгөө тохижуулдгаа манай нийслэлийн удирдлагууд хангалттай харуулсан гэдгийг танд сануулахад илүүдэхгүй болов уу.

Ийн нэгэн нүд бүлтгийлгэмээр төсвийг хотын “парламент” баталлаа. Харин үүнийгээ дугуйн зам төсвийг үргэлжлүүлнэ, хэдэн цэцэрлэг, сургууль барина гэсэн чихэнд чимэгтэй мэдээгээр халхлаад өнгөрч байна. Товчхондоо, үүрэхийг нь чи, аахилахыг нь би гэсэн шиг ч хамаг ачаагаа иргэдэд үүрүүлчихээд, өөртөө өрөө засах мөнгө авсан төсөв. Урамгүй төсөв, өлгийдөн авах сайн жишиг ховорхон атлаа хэт үрэлгэн бодлогын баримт бичиг гээд дүгнэчихэж болмоор. Ийм урамгүй мэдээтэй зэрэгцээд дахин нэг сайнгүй мэдээ дуулгах нь. Батлаад хоног ч хүрээгүй төсвөө ирэх онд тодотгохыг үгүйсгэхгүй хэмээн даваа гарагт НИТХ-ын дарга С.Амарсайхан хэвлэлүүд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байх юм. Ийм хайнга төсвөөр сая давсан хүн амтай хот ирэх оныг үдэх нь. Харамсалтай биш гэж үү.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ