Залуу байгаа өдрүүдээ байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн юм


2017-12-07 15:30 GMT+8

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эзэн, “Гэрэг” сэтгүүл, UB.Life сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж.Тэгшжаргал өөрийн 25 эсээ, тэмдэглэлээс бүрдсэн “25” номоо хэвлүүлж, өчигдөр нээлтийн баяраа хийв.

Тэрбээр “Хүмүүс нас тогтож, амьдрал үзсэн хойноо л дурсамж, тэмдэглэл бичсэн байх нь элбэг. Гэвч залуу насандаа юу бодож, юу хийж явсан нь түүнд нь маш товч, заримдаа огт дурдагдаагүй байх нь ч бий. Тийм болохоор бүхнийг туулж, дүгнэсэн цэгнэсэн номнууд байдаг. Харин би тэгэхийг хүсээгүй. Залуу насны өдрүүдээ байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн маань ном бичих болсон шалтгаан юм” гэлээ.

Ж.Тэгшжаргал 25 нас хүртлээ бичсэн эсээ, тэмдэглэлүүдээ эмхтгэж мөн шинээр таван бүтээлээ номдоо багтаажээ. Түүний “25” номыг “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч асан, одоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар ариутган шүүсэн аж. Найман жилийн өмнө “Өнөөдөр” сонинд ажиллаж сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Ж.Тэгшжаргалын анхны ном араасаа олон бүтээлийг дагуулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр онцолж байв.

“25” номын нээлтийн баярт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын гэр бүлийнхэн, найз нөхөд нь төдийгүй хэвлэл, мэдээллийн салбарын төлөөллүүд оролцсон байна.

“25” номын өмнөтгөл хэсгээс:

“Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрэхэд хэтэрхий омголон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хэчнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босож ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давилуун үе юм.

Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босож, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрэхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ.

Өдий хүртэл надад ирсэн амьдралын туршлага, зөвлөгөөнүүдийг хогийн сав руу нясалж байх зуур минь хэн нэгэн залуу хүн ирээд хэрэг гарган зөвлөгөө хүсвэл “Хэнийг ч бүү сонс, 4.5 тэрбум жилийн турш эргэлдсээр байгаа энэ дэлхий дээр толгой нь эргэж, самуураагүй нэг ч хүн үлдээгүй” гэж хэлнэ дээ гэж бодоод инээмсэглэн алхсан тэр мөчөөс би жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн билээ. 

Ж.Тэгшжаргал

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ