Үлэг гүрвэлийн музейд байрлах /Хуучнаар Ленин музейн зүүн хаалгаар/ Орчин үеийн урлагийн галерейд гэрэл зурагчин О.Баярсайхан анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гарагт нээлээ.
Түүний үзэсгэлэнд ихэвчлэн байгалийн зургууд зонхилох бөгөөд хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй сонин содон агшныг дууран буулгаснаараа онцлогтой ажээ.
Шог зураач, СГЗ С.Цогтбаяр түүний бүтээлүүдийн талаар:
"Бид үл анзааран хажуугаар нь өнгөрдөг түг түмэн агшны нэг хэсэг нь энд анирлан одох цаг хугацаанаасаа үлдэн хоцорч хадагдсан мэт бодогдов. Хэдэн живаа агшнаас яг юуг нь бодож бас юунд нь татагдаж дуран авайгаараа олзлон үлдээснийг Агшны анчин, Хормын гөрөөчин өөрөө л тайлбарлах биз" гээд "Байдаг л нэг зургийг Баярсайханы бүтээлээс харахгүйг л би итгэлтэй хэлж чадна. Яагаад гэвэл тэр өөр хүн" гэжээ.
Тус үзэсгэлэнгийн талаар гэрэл зурагчин, СГЗ С.Цацралт:
"Зурагчин болгон өөр өөрийн өнгө аястай. Гэрэл зургаар урлаг хийж болдог. Зургуудыг нь хүмүүс хараад сэтгэгдэл төрж байвал Баяраагийн ертөнцөд ойр очиж байна гэсэн үг. Эсвэл Баяраагаас тэс өөрөөр харж байж ч магадгүй. Заавал нэг саванд цалгих ёсгүй л дээ.
Бүтээлүүд нь хэвшмэл зургуудаас арай өөр. Гэрэл зурагчин эргэн тойрны орчноос өнцгийг өөрийнхөөрөө олж харж, шүүрч авдаг. Эсвэл агшин онож авна. Баяраагийн сонгож авсан зургууд нь тун өвөрмөц. Энэ зургуудаараа урлаг хийж, өөрийгөө өгүүлж, өөрийн ертөнцийг илэрхийлж чадаж байна" гэлээ.
Шог зураач, СГЗ С.Цогтбаяр:
"О.Баярсайхан өөр мэргэжилтэй хүн. Гэхдээ амьдралынхаа явцад олсон шинэ мэргэжил нь гэрэл зураг байх. О.Баярсайханы зургууд бусад түгээмэл байдаг гэрэл зурагчдын бүтээлээс эрс ялгаатай. Аав нь Орсоо гэж нэртэй уран зураач хүн. Баяраа багаасаа уран зургийн орчинд өсөж, будаг бийр үнэрлэж явсан хүн.
Уран зураг гэдэг бол байгалийн сайхныг өвөрмөц болгож хүмүүст уран сайхнаар харуулж байгаа нэг хэлбэр. Тэрийг харж өссөн болохоор Баяраагийн өвөрмөц зохиомж, аливааг харах өнцөгт нөлөөлсөн байх. Хүний тэр болгон хараад байхааргүй онцлог дүр төрх нарийн мэдрэмжүүдийг олж харсан зургууд байна.
Өөрөө хөдөө аялах дуртай. Монголын байгалийн олон сайхан үзэмж дундаас уран зураг шиг өвөрмөц онцлогтой дүр төрхийг олж хардаг. Баяраа бусдаас өөр зурагчин. Тиймдээ ч үзэсгэлэнгийн дэглэлт арай өөр харагдаж байгаа болов уу. Сонгосон танхим нь хүртэл өвөрмөц харагдаж байна. Илүү уран бүтээлч хандлагыг харуулж байна. Тийм болохоор Баяраагийн гэрэл зургуудыг уран зураг шиг л гэж хэлмээр байна.
Гэрэл зурагчин О.Баярсайхантай ярилцлаа.
-Та гэрэл зургийг хэзээнээс сонирхож авдаг болсон бэ?
-Би тавдугаар ангиасаа зураг сонирхож аавынхаа аппаратаар зураг авч өөрөө угаагаад цаасан дээр буулгадаг байлаа. Ингээд зургаа бүр орхиод 2013 оноос дахин сэргээсэн юм. Түүнээс хойш дөрвөн жил авсан зургийнхаа үзэсгэлэнг өнөөдөр нээж байна. "Хөх нар" Монголын контемпорари төвийн тэргүүн Ё.Далх-Очир ахтай уулзаад ийм үзэсгэлэн гаргая гэж ярилцаад шийдсэн юм.
-Ихэвчлэн байгалийн зургууд харагдаж байна. Таны хэв маяг юу вэ?
-Би хөдөө гадаа явах дуртай. Эрх чөлөөтэй орчинд байхыг хүсдэг учраас дандаа байгалийн зургууд бий. Миний зургууд ихэвчлэн хар цагаан, дүнсгэрдүү гэх үү дээ.
-Таны урын санд маш олон зураг байгаа байх. Гэхдээ үзэсгэлэнд зориулж зургаа хэрхэн сонгосон бэ?
-Энэ бүгд миний л дотоод сэтгэлийн илрэл. Үзэсгэлэнгээс онцлоод хэлбэл энэ морины зураг байна. Өглөөнөөс эхлээд цас орсон бүүдгэр өдөр зургаа авсан юм. Хөдөө айлын гадаа байж байтал цас ороод явж чадахгүй байлаа. Хэдийгээр цас ороод бүүдгэр байсан ч морины нүд нь гэрэлтэж байсан учраас би зургаа их томоор угаалгаж тавьсан.
Тус үзэсгэлэн 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн мэдээллийг Orsoo Bayarsaikhan Photography Фэйсбүүк пэйжээс авна уу.