Эх орны хоймор нутгаар аялсан аян замын тэмдэглэл #1
Хөвсгөл нуурыг 2 сая гаруй жилийн настай, дэлхийн 17 эртний нуурын нэг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй хүндлэх, бишрэх сэтгэл төрсөн юм. Асар эртний газар нутаг дээгүүр алхахыг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ... Эхийнхээ өвөр дээр дэгэн дэрвэх хүү нь болюу би. Цэнгэг усны нөөцөөр дэлхийд 2т ордог энэ ариухан атлаа нүд алдам их нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор тойрно гэж сонсоод сүрдмээр ч юм шиг санагдсан шүү. Гэхдээ би тойрсон юмаа. Тойрохдоо, ой тойнд хийгээд сэтгэл зүрхэнд буусан мөчөө хуваалцъя гэж бодлоо.
Хатгал сумаас гарч “Могой мод” буюу хүслээ шивнэх модон дээр очсоноор аялал эхлэв. Нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүсэл мөрөөдлөө даатган шивнэдэг нь хүний л зан. Энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо уйлагнасан үеэр ирсэн нь бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байлаа.
Эндээс хөдлөөд бид Жанхайн даваагаар давж, Онголог нуурын хөвөөгөөр өгссөөр Чөчүгийн давааг даван Хясаан сайр хэмээх газарт хоноглохоор ирцгээв. Онголог нуур гэдэг Хөвсгөл далайн баруун урд орших салаа нуур ажээ. Би Жанхайн давааг өгсөж явахдаа Уран дөш уулыг сөөлжүүлэн тавьсан “геологи”-ийн нэртэй замыг хараад, яагаад ч юм харамын сэтгэл төрсөн юмдаг.
Угаас энэ нутгийн байгаль, уул толгод, ширхэг чулуу болгоныг харамлахгүй байхын аргагүй. Гэтэл тэр жил маш ихээр ярьсан “фосфоритын ордыг ашиглах” тухай аймшигт яриа төгсгөл болсныг сонсоод сэтгэл бага ч гэсэн уужрах шиг. Гэхдээ л тэр Уран дөш уулыг эмжин хэвтэх замын сорви эргэж сэдрэлгүйгээр эдгэрээсэй гэсэн гуниг сүлсэн бодол уйлагнуур бороотой хамт улам лавширч байлаа.
Хоёр дахь өдөр буюу “Сормуусаараа униар сөхнө”
Хясаан сайрт хоносон биднийг угтсан манант өглөө аяллын маань удаах өдөр болох юм. Урд шөнө нь борооноор ирж майхан саваа хагас дутуу барьж хоноглосон бид Хөвсгөл далайнхаа эрэгт ирснээ мэдээгүй юм. Шинэ газар орон, шинэ орчин гэдэг хүний сонирхлыг үргэлж л татаж байдаг тул бид эртлэн сэрцгээж, майхан, майхнаасаа хар толгойгоо шоволзуулан цухуйцгаав.
Шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон үүр хаяарахтай зэрэг татарч, униар манан хөшилдсөн байлаа. Миний анхны мэдрэмж “чийг” байлаа. Майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсан юм. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж төрсөн байх. Бүгд л өглөөний сайхныг ам амандаа магтацгаана. Аялагч бүр өөр өөрийн сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.
Яг л санаа дагасан мэт бидний ард морьдын төвөргөөн зөөлөн хөрсийг товшиж, адуу тургилах чимээ чийгт мананг цуулж ирэв. Учир нь эндээс бид цааш мориор аялах ёстой учир газарчид маань адуугаа хураан ирж буй нь энэ аж. Би морь унаж чадахгүй дээ биш, зүгээр л бодолд автах гэсэндээ эхний замчинг даган алхаж эхэллээ.
“Энэ Далай ээж бол зөвхөн Хөвсгөлчүүдийнх биш, Монголчуудынх ч биш, дэлхийн далай гэж би боддог. Дэлхийн зон олон бүгдээрээ хамгаалах ёстой” хэмээн ярьсан түүний үг миний чихэнд биш зүрхэнд хэлэх шиг болсондоо. Шүүрс алдмаар сайхан байгаль ажээ.
Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчхаад сэтгэлээр минь нэг зулаатай. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд сүндэрлэх нь сүртэй. Далай ээж л энэ их уулсыг ундалж, уур амьсгалыг нь зөөллөснөөр, жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль сэтгэл уяраав уу гэлтэй.
Аялал маань ар урдаа орон хөвөрсөөр байлаа. Ар, Өвөр хөндлөн, Бэлхийн ам, Хөх өвсний ам, Бахаагийн ам, Норогын амаар дамжсаар Бага хар усны аманд хоноглохоор болж хүн малын хөлийн чилээг гаргахаар майхан юугаа барьцгаасан. Бидний гэтлэн туулсан ам болгонд их бага хэмжээний гол горхи урсаж байсан юм.
“Хэрвээ Хөвсгөл нуурт 100 гол цутгадаг бол далай гэж нэрлэе гээд тоолсон чинь 99 гол цутгаж байсан” гэсэн аман гэмээр яриа байх ажээ. Үнэндээ бол 46 гол цутгадгийг албан ёсоор бүртгэсэн байх юм. Харин ганц Эгийн гол Хөвсгөл нуураас эх аван Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуур тийш урсан оддог ажээ. Ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, гайхамшигт нуурыг тойрон алхана гэхээр сэтгэл догдолно. Маргааш хурдан болоосой ...
Үргэлжлэлийг Woovoo Ulaanbaatar сэтгүүлийн 8 дугаар сарын дугаараас уншаарай...
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас