Л.Пүрэвсүрэн: Гутлуудаа хөнгөн, дулаан, авсан эзэн нь сэтгэл ханамжтай байгаасай гэж сэтгэлээ шингээн оёдог


2018-01-13 14:50 GMT+8

-ГАРААНЫ БИЗНЕС-

Монголын хүйтэн, ширүүн өвлийг давахад дулаан, хөнгөн, хөлд эвтэйхэн гутал хамгийн чухал. Цаг агаар сэрүүсч эхлэхтэй зэрэгцээд л өвөл ямар гутал өмсөх гэж байна, аль нь илүү дулаахан байна вэ гэх асуултууд хөвөрч эхэлдэг. Тэгвэл монгол нэхий дотортой, уллагааг нь гурван давхар хийсэн адууны арьсан гутлыг хэрэглэгчид хэдийнэ мэддэг болжээ. Загвар, хийц, хөнгөн, дулаан байдлаараа цааны гутлаас ялгарахгүй ч үнийн хувьд харьцангуй хямд энэ төрлийн гутал оёдог нэгэн өрхийн үйлдвэрлэгчийг бид ГАРААНЫ БИЗНЕС булангаараа онцолж байна.

Хоёр жилийн өмнөөс гэрээрээ гутал хийж эхэлсэн “Чоно хараат” гутлын цехийн эрхлэгч Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

Тэрбээр оёдолчноор багагүй хугацаанд ажиллаж, гутлын үйлдвэрт гутал оёхыг сурсан бөгөөд 2015 оноос энэ чиглэлээр тасралтгүй ажилласаар өнөөдөр өөрийн гэсэн ажлын байр, хэрэглэгчидтэй болжээ.

Адууны арьсан, үхрийн ширэн гутал, монгол загвартай хромон гутлыг хэрэглэгчийн хүссэн загвар, хэмжээгээр хийдэг тул удахгүй болох сар шинийн баярын гоёлоо бэлдэх гэж буй хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл болох болов уу.

-Яагаад адууны арьсан гутал хийж эхэлсэн талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Би хувийн байгууллагад оёдолчноор ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан юм. Нөхөр бид хоёр 40 гарчихсан учраас ажилд орох гэхээр нас, царай зүс заагаад ажил олдохгүй байлаа л даа. Тэгээд л өөрийнхөө сурсан зүйл дээрээ үндэслээд анхны гутлаа хийж байсан.

Өвлийн улиралд адууны арьс, үхрийн ширэн, дулааны улиралд хромон гутал захиалга ихтэй

Эхний гутлуудыг маань авсан хэрэглэгчид сэтгэл ханамжтай, дахин захиалга өгч байсан учраас хийж болох юм байна гээд л үргэлжлүүлсэн дээ. Анх эхэлж байснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

Одоогийн байдлаар 5-6 төрлийн бүтээгдэхүүнтэй болсон. Хүмүүсийн хүссэн загвар, хэмжээгээр хийж өгдөг учраас өвлийн улиралд адууны арьс, үхрийн ширэн, дулааны улиралд хромон гутал захиалга ихтэй байдаг. Нэг үеэ бодвол ажлын байртай, хүмүүс ч бага сага мэддэг болсон байна.

-Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн хийж байв?
-Анх олигтой тоног төхөөрөмж гэх юмгүй л эхэлж байлаа. Гэр бүлийн бизнес учраас байсан мөнгөөрөө хоёр оёдлын машин аваад бололцоогоороо хийдэг байсан. Ингээд Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн буцалтгүй тусламжийн хөтөлбөрт төсөл бичиж өгсөн. Төсөл маань дэмжигдэж хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж авч, түүгээрээ тоног, төхөөрөмж авч, эргэлтийн хөрөнгөндөө нэмэрлэсэн.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтад хамрагдаж, нийт 5.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг буцалтгүйгээр авсан. Үүнээсээ 4.2 сая төгрөгөөр нь дөрвөн төрлийн тоног төхөөрөмж худалдан авснаар гар ажиллагааг хөнгөвчилсөн, нарийн хийц бүхий бүтээгдэхүүн хийх боломжтой болсон.

Бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах сурталчлах чиглэлээр мэдлэг дутмаг байсан учраас борлуулалт нэмэгдүүлэх чиглэлийн 1.0 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлсэн.

Адууны арьсан гутал маань цэвэр хонины нэхийгээр доторлохоос гадна гоёл, хараа зэрэг оруулга нь цэвэр арьсаар хийдгээрээ онцлог

Ажлын байрны хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас үйлдвэрлэгчдийг дэмжин түрээсгүй ажлын байраар хангаж 15.5 м2 энэхүү байшинд гэрээгээр ашиглаж байна. Үйлдвэрлэлээ тогтмол явуулж, ажлын байр бий болгосон тохиолдолд гэрээ маань сунгагдана.

-Бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Ямар давуу талтай, та бүхэн юун дээр нь илүү анхаарч ажилладаг вэ?
-Адууны арьсан гутал маань цэвэр хонины нэхийгээр доторлохоос гадна гоёл, хараа зэрэг оруулга нь цэвэр арьсаар хийдгээрээ онцлог. Зарим тохиолдолд оруулга, гоёлоо хиймэл арьсаар хийчихсэн байдаг. Өндөр өртөг шингээж хийж байгаа бүтээгдэхүүндээ иймэрхүү бага зэргийн анхаарал сулруулахад л үнэ цэнийг нь алга болгочихно шүү дээ. Өвлийн хүйтэнд хагарч, хугараад өнгө үзэмжгүй болчихно. 250-350 мянган төгрөгийн үнэтэй гутал нь нэг жил өмсөөд дээд тал нь өнгө үзэмжгүй болчихвол сэтгэл ханамж ямар байх билээ. Дундаж цалинтай хүний бараг хагас сарын цалинтай тэнцэх үнэтэй гутал учраас бид аль болох эдэлгээ урттай, 2-3 жил эзэн нь сэтгэл ханамжтай байгаасай гэж сэтгэлээ гаргаж хийдэг. Өвлийн гутал учраас нэгдүгээрт дулаан хоёрдугаарт хөлд эвтэйхэн, хөнгөхөн байх хэрэгтэй.

Материалын чанараас гадна тухайн хүний бие болон амьдрах, ажиллах орчны онцлогийг тусгах хэрэгтэй. Хэрэглэгч бүрийн биеийн онцлог, хүсэл сонирхолд нийцсэн байдлаар хийхийг зорьдог. Настай хүн байлаа гэхэд өмсөж тайлахад амар, хөнгөн, дулаан байдлыг гаргаж байхад залуу хүнд илүү дэгжин, гоёмсог оруулгатай, тод өнгөтэй гэдэг ч юм уу дулаан, чанартай байхаас гадна тухайн хүний хүсэл сонирхол, онцлогт нийцсэн байх нь захиалгаар хийж буйн онцлог. Шилбэ нь бага зэрэг бүдүүн энгийн стандарт гутлууд таардаггүй хүн байхад, их нарийн шилбэтэй ямар ч гутлын түрий унжаад байдаг хүмүүс бий. Эдгээр хүмүүст яг тааруулаад хийх нь л захиалгын гутлын давуу тал шүү дээ.

Бид аль болох эдэлгээ урттай, 2-3 жил эзэн нь сэтгэл ханамжтай байгаасай гэж сэтгэлээ гаргаж хийдэг

Адууны арьсан гутлаас гадна үхрийн ширэн дотортой, доторгүй үндэсний хэв маягтай гутлуудыг хийдэг. Монголчууд маань үндэсний хэв маягтай хувцас хэрэглэлээрээ гоёх, түүх соёлоо гэх гэх хүмүүсийн тоо өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр цагаан сар, наадмын үеэр үхрийн ширэн гуталны захиалга нэмэгддэг. Монгол загвартай үхрийн ширэн гутлыг зөвхөн дээл гэхгүй донж маягийг нь олоод өмсдөг залуус захиалга өгнө, сонирхоно шүү.

-Үнийн хувьд ямар байна вэ?
-Адууны арьс, үхрийн ширэн дотортой, доторгүй том хүний гутлууд маань 180-350 мянган төгрөгийн үнэтэй. Бид одоогоор хүүхдийн гутал оёдоггүй. Цаашид аав, ээж, хүүхдийн хос гутлууд хийхээр төлөвлөсөн.

-Танай пэйж дээр  “Монгол Тимберланд” гээд  жижигхэн богино түрүүтэй  гутлын зураг байсан.
-Тэр гутлын хувьд захиалагч маань цанын баазтай, тэндээ оффис ажил эрхэлдэг учир хөлд эвтэйхэн цэвэрхэн хэр нь дулаахан гутал хэрэгтэй байна гээд хийлгэсэн юм. Бид бүтээгдэхүүнээ илүү идэвхжүүлж, бусдаас өвөрмөц шинэлэг, зах зээлд гарч чадах гутал оёх санаа бий. Манай хүү гарын ур дүй сайтай, зураг, таталбар маш сайн зурдаг. Тиймээс шинэ санаа, загварын тал дээр илүү ажиллана. Зах зээл дээр илүү шинэлэг содон юм гаргах бодол байна. Шинэ бүтээгдэхүүн гаргахад хэнд зориулах вэ, их хэмжээгээр үйлдвэрлэх үү, тэрийг хэрэглэгч яаж хүлээж авах вэ гэдэгт судалгаа хийж байгаад гаргах хэрэгтэй байх. Тухайлбал рок сонирхдог хүмүүст зориулсан мотоциклийн гутал, залууст зориулсан, охидод зориулсан гэх мэт  хүмүүсийн хүсэл сонирхолд нь тааруулсан янз янзын загварын гутал гаргах сонирхол бий.

-Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст маш олон төрлийн мэдлэг шаардлагатай байдаг шүү дээ. Бүтээгдэхүүнээ хэрхэн таниулахаас эхлээд л. Таны хувьд өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хаанаас олж авдаг вэ?
-Эгч нь олон сургалтад суусан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв гэж бий. Тус төвийн сургалтад хамрагдсан. Сургалтаар төсөл бичих аргачлалаас эхлээд бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, идэвхижүүлэх, маркетинг, менежмент, сав баглаа боодол гээд л гарааны бизнес эрхлэгч хүний мэдвэл зохих бүхий л зүйлсийг зааж өгдөг их өгөөжтэй сургалт л даа. Бидэн шиг дөнгөж эхэлж байгаа хүмүүст зорилтот зах зээл нь хэн байх уу, хэнд зориулж ямар бүтээгдэхүүн хийх үү, зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн нэвтрүүлэх үү гээд маш олон зүйлийг энэ төвийнхөө сургалтуудаас олж авдаг. Эдгээр анхан шатны суурь мэдлэгийг өгсний үндсэн дээр цаашид бизнесээ амжилттай явуулах эхлэл нь болдог. Үүнээс гадна банкны зээл хөөцөлдөх, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа зэрэгт хамруулдаг. Энэ нь бусад бизнес эрхлэгчдээс туршлага судлах, бусдын бүтээгдэхүүнээс юугаараа давуу болон сул байгааг олж илрүүлэх гэх мэтчилэн олон шинэ санааг төрүүлэх боломжийг олгодог.

Сургалтаас гадна орчин үеийн бизнесийн аргачлал, техникүүдийг заадаг

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтуудад суугаад төслөө танилцуулснаар цаашдаа хөгжих магадлалтай, эдийн засаг болон нийгэмд үр өгөөжтэй гарааны бизнесүүдийг дэмждэг юм билээ. Дээрээс нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах дэмжих зорилготой. Сургалтаас гадна би энэ төвөөс 4 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт авч, дөрвөн тоног төхөөрөмж авсан. Мөн сая төгрөгт бүтээгдэхүүндээ бар код аваад уут баглаа боодол захиалж хийлгэсэн гээд их өгөөжтэй сургалт байсан. Одоо ч сургалтуудад хамрагдаад, зөвлөгөө аваад явж байна.

Тус төвийн талаар нэмж хэлэхэд сургалтаас гадна орчин үеийн бизнесийн аргачлал, техникүүдийг заадаг. Тиймээс миний өмнө нь сууж байсан олон сургалтуудаас ялгаатай. Мөн борлуулалтыг дэмжих, харилцагчийн бизнесийн харилцаа нэтворкинг үүсгэх гэх мэт маш шинэлэг олон үйл ажиллагаагаар харилцагчдаа чадавхижуулдаг юм.

-Олон төрлийн сургалтад сууж, мэдлэгээ зузаатгасан гэж байна. Таны хувьд зорилтот зах зээлээ хэрхэн тодорхойлж байна вэ?
-Манай улс чинь 3 сая гаруй хүнтэй. Зөвхөн өвөл, зуны улиралд нэг нэг гутал авна гэж тооцоолбол жилдээ дор хаяж 6 сая хос гутал хэрэглэдэг. Тэгэхэд үүний 10-20 хувийг л үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэж, үлдсэн буюу 80 хувийг нь 120 орчим тэрбум төгрөгийн гутлыг импортоор авдаг гэдэг юм билээ. Тэгэхээр гутлын үйлдвэрлэлийг өргөжүүлж, дотоодын зах зээлийг хангахад хувь нэмрээ оруулж, улсдаа баялаг бүтээж, мөнгөн урсгалыг гадагш нь гаргахгүй байх боломж бий.

Нийгмийн сүлжээний ачаар бид 21 аймагт байгаа хүмүүстэй цахимаар холбогдох боломжтой болчихсон шүү дээ. Тиймээс бид фэйсбүүк хуудсаараа дамжуулаад нийт 18 аймгаас захиалга аваад байна. Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас их авдаг. Хүмүүс чинь мөнгөө мобайлаар шилжүүлээд л бид гутлыг нь шууданд өгөөд явуулдаг юм. Тэгэхээр үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх юм бол аймгуудад салбар нээх боломж байна гэж харж байгаа юм.

-Одоогийн байдлаар зөвхөн захиалгаар хийдэг юм байна. Нэрийн дэлгүүр ч юм уу бэлэн худалдаалдаг газартай болох төлөвлөгөө бий юу?
-Эргэлтийн хөрөнгө сайтай, үйлдвэрлэлээ зөв төлөвлөх юм бол нөөц бэлтгэх нь маш чухал юм билээ. Бид бололцоондоо тааруулаад 9, 10 сараас эрчимтэй гутлаа хийж эхэлдэг. Тэгэхээр зөвхөн захиалгаар л гутлаа хийгээд худалдаалах бэлэн бүтээгдэхүүн хүлээгдээд байдаг. Уг нь хавар 3-6 сарын хооронд үйлдвэрлэл багасчихсан үед үйлдвэрлэлээ эхлээд  ирэх намрынхаа нөөцийг бэлдээд намар нь нэрийн барааны дэлгүүрээр зарвал хүмүүст илүү хүртээмжтэй байна. Манай одоогийн байршил хол болохоор хотын төв хавьцаа өөрийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй болбол хүмүүсийн цаг завийг ч хэмнэх олон тустай. Гэвч энэ бүх асуудлыг шийдье гэхээр хуримтлал, эргэлтийн хөрөнгө л чухал болоод байгаа юм. Гэхдээ хөрөнгө оруулалт авч чаддаггүй юм аа гэхэд ямар ч байсан өөрийнхөө нөөц бололцоогоор ирэх намар гэхэд лангуу түрээслээд бүтээгдэхүүнээ зарна.

Монгол хүн сэтгэлээ шингээгээд хийвэл цааны гутлаас дутахгүй дулаан, чанартай гутлыг хийх боломжтой

-Ойрын хугацааны зорилгоосоо хуваалцахгүй юу. Түрүүн та бас дурдсан шүү дээ, хүн хүчээ нэмээд цехээ компани болгох тал дээр ажиллана гэж байсан.
-Цаашид цехээ компани болгон өргөжүүлэх бодолтой байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг шиг цех, нөхөрлөл байснаас илүү компани болчихвол илүү хариуцлагатай, бүтээгдэхүүнээ сурталчилах, хүмүүстэй хамтран ажиллахад илүү дөхөм юм билээ. Одоогоор нөхөр, хүү бид гурав дамжлагаар хийдэг. Би эсгэж оёод, манай хүн хэвлэж, хүү маань улладаг. Гэхдээ ачаалал их бол хөрвөх чадвартай гэдэг шиг л аль аль руу нь л ороод ажилладаг юм. Хүн хүч ихтэй, эргэлтийн хөрөнгөтэй бол захиалга төдийгүй бүтээгдэхүүний нөөц үүсгэх зорилго бий. Эргэлтийн хөрөнгөн дээрээ нэмэх шаардлагатай гэж үзсэн учраас бид зээл хөөцөлдөж байна. Зээл маань бүтчих юм бол цаашид 2-3 хүн авч, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөө бий.

Гутлын зах зээлийн 20 хувийг л хангадаг гэж түрүүн би хэлсэн шүү дээ. Приус машин дотроос годон гуталтай хүн гарч ирдэг гээд явган шог болгоод байгаа шүү дээ. Годон гутлыг сайн муу гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ Якутдаа -40 градус хүрэхэд өмсдөг гутлыг бид -20 хэм хүрээгүй байхад өмсөж байгаа нь сайнгүй болов уу гэж боддог юм.

Монгол хүн сэтгэлээ шингээгээд хийвэл цааны гутлаас дутахгүй дулаан, чанартай гутлыг хийх боломжтой. Тэгэхээр заавал 650-1.2 саяын гутал авч байхаар тэрний дайны чанартай, дулаан гутлыг 250-350 мянган төгрөгөөр худалдаж авбал зүгээр юм болов уу гэж боддог. Нэг хүний үйлдвэрлэлийн ард нэлээд хэдэн хүний амьдрал яригдаж байдаг шүү дээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд өөртөө таарсан гуталтай болох нь чухал. Бид бүтээгдэхүүндээ баталгаа өгдөг. Аваад нэг жил болсон байсан ч ул нь муухай болчихлоо гэвэл бид засаад л өгнө. Гэхдээ ингэж ирсэн тохиолдол байхгүй. Манайхаас гутал авсан хүмүүс бүгд л сэтгэл ханамжтай байдаг. Өмнө жил нь авсан хүмүүс дараа жил нь дулаахан гоё гутал байна  одоо ээждээ, аавдаа авна гээд хүрээд ирдэг. Түүнд нь маш их урамшдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Та “Чоно хараат” гутлын цехийн бүтээгдэхүүн болон захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж болон 80110022 дугаарын утсаар авах боломжтой. 

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 93 санал өгсөн байна.

Дээшээ