Д.Рэгдэл: Гэрээ дулаалж, цахилгааны сүлжээгээ сайжруулах хэрэгтэй

Зууны мэдээ

2018-01-12 15:35 GMT+8

ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй агаарын бохирдлын судалгааны талаар ярилцлаа.

-Агаарын бохирдолыг үүсгэдэг олон хүчин зүйл бий. Манай хотын хувьд гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Агаарын бохирдол бол хүн төрөлхтний өмнө тулгамдсан хүнд асуудлын нэг. Төв суурин газрын агаарын бохирдол бусад орнуудад байдаг ч арилгасан туршлага бий. Харин манай орны утаа арилдаггүй шалтгаан нь ихэнхдээ маш их гэр хороололтой. Гэр бол нүүдэллэхэд зориулсан сууц болохоос суурин газар хэрэглэх зүйл биш. Гэрээс үүдэлтэй агаар, орчны бохирдол их. Жишээ нь, ил жорлон, муу усны нүх зэрэг нь хөрсөнд шингэж, түүгээрээ дамжин Туул голын доор байрлах хөрсний сэвсгэр хурдсанд байгаа ус руу орох юм бол Улаанбаатар хотод хүн оршин суух аргагүй болно.

Одоогийн нөхцөлд л хамгийн ил харагдаж байгаа зүйл нь утаа болоод байна. Өмнө нь тухайн үеийн Ерөнхийлөгч, дараа нь ерөнхий сайд хариуцаж 200 гаруй тэрбум төгрөг зараад утааг багасгаж ч чадаагүй. Харин сүүлийн үед утааны асуудлыг төрийн гурван өндөрлөгөөс эхлэн анхаарч байгаа нь маш том ололт. Одоо ажлаа төлөвлөөд явбал утааг эрс багасгах шинжлэх ухааны бүрэн үндэстэй, боломжтой зүйл юм. Утааны эх үүсвэр болсон гэр хорооллыг өөрчлөх олон арга бий. Америкт л гэхэд ядуусын хороолол байгуулж утаатайгаа тэмцсэн байдаг.

Манай иргэд ядуусын хороолол гэвэл хүний эрх зөрчиж, ялгаварлан гадуурхаж байна гэж ойлгох байх. Гэтэл тэр нь хүнийг ялгаварлах биш юм. Улаанбаатар хотод 50 мянган ядуу өрх байлаа гэхэд хотоос зайдуу орон сууц барьж өгөөд, хямд үнэтэй хүнсний дэлгүүр нээгээд, төрийн өмчит сургууль цэцэрлэг байгуулаад амьдруулвал иргэд бага мөнгө хэрэглэнэ. Харин манайд энэ ойлголтыг арай соёлтойгоор “Дагуул хот” гэж нэрлээд байгаа юм.

-ШУА-ын эрдэмтэд утааг бууруулахад ямар бүрэлдэхүүнтэйгээр хэр үр дүнтэй ажиллаж байна вэ?
-2017 оны нэгдүгээр улиралд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ШУА-аас эрдэмтдийн баг байгуулж, утааг эрчимтэй буу­руулах санал, шийдлээ боловсруулж өгөх  үүрэг өгсөн. Манай ажлын хэсэг Ерөнхий сайдын байгуулж байсан захирамжаар 11 хүнтэй байгуулагдсан. Түүний дараа эрдэмтэд хуралдаж байгаад гурван дэд хэсэгтэй болсон.

Эхнийх нь цахилгаанаар халаахад ямар ажил хийх вэ гэдгийг судалдаг. Хоёр дахь нь дулаан алдагдлыг багасгах, цахилгаан хэмнэх асуудлыг яаж шийдэх талаар судална. Гурав дахь хэсгийн эрдэмтэд тээврийн хэрэгслээс гарч байгаа хортой утааг багасгах санал боловсруулдаг. Энэ ажлын хэсгүүд тус бүрдээ 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Эрдэмтдийн баг тодорхой санал боловсруулж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хийсэн ажлаа тайлагнасан. Харамсалтай нь төсөв мөнгө, бусад асуудлаас болж өгсөн төлөвлөгөөт ажлын аль нь ч хэрэгжээгүй.

Нэгэнт цахилгаан эрчим хүч хүрэхгүй байгаа нөхцөлд нийслэл хотод шөнийн тарифыг тэглэсэн байгаа.

-Судалгаагаар агаарын бохирдлыг бууруулах ямар боломж байна вэ?
-Нэгэнт цахилгаан эрчим хүч хүрэхгүй байгаа нөхцөлд нийслэл хотод шөнийн тарифыг тэглэсэн байгаа. Үүнийг ашиглаад гэр бүрт дулааныг өөртөө хуримтлуулдаг аккумлятор хийж өгч болно. Шөнө цахилгаа үнэгүй байх есөн цагт аккумлятороо цэнэглэж дулаанаа хадгалаад, өдрийн цагт нь таван ханатай гэр 20-24 хэмийн тогтмол дулаантай байх боломжтой юм. Манай эрдэмтэд аккумлятороо хийж Улаанбаатар хот, Тосонцэнгэл суманд туршиж үзсэн. Нэг аккум­лятор 1.3 сая төгрөгөөр бүтэх бөгөөд 20 жилийн эдэлгээтэй, дээрээ цахилгаанд зал­галгүй хоол хийж болох хоёр ширэмтэй. Энэ бол утаатай тэмцэх бас нэгэн хувилбар. Үүнийг хийхийн тулд дулааны аккум­лятор хийдэг үйлд­вэр байгуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийх асуудалтай байдаг бол кон­цессоор байгуулах боломжтой.

-Түүхий нүүрснээс татгалзах арга зам бий юу?
-Эрдэмтэд утаа гар­гадаг түлшний судалгааг эрт дээр үеэс хийж эхэл­сэн. Монголын нүүрсний үндсэн том орд болгоны нүүрсний судалгааг хийж цахилгаан станц, гэр орон сууцад түлэхэд аль нь тохиромжтой эсэхийг судалсан бүх баримт ШУА-ын химийн хүрээлэнд бий. Гэхдээ энэ судалгаа нь хотын утаа ихсэхээс өмнө хийж байсан судалгаа бөгөөд одоо утааны эсрэг тэмцэхэд ашиглах хэрэгтэй өгөгдөлүүд байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар утааг түргэн арилгах арга бол түүхий нүүрс оруулж ирэхийг зогсоох гэж үзэж байна. Шахмал түлш хийдэг байсан үйлдвэрүүд нээгдэхэд түүхий нүүрсээ бага үнээр тарааснаас болж дампуурсан.

2011 онд тендер зарлаад нэгдүгээр цахилгаан станцын зуухыг ашиглаад 16 тэрбумаар шахмал түлшний үйлдвэр нээсэн ч одоо ажилладаггүй. Энэ үйлдвэрийг ажиллуулах хэрэгтэй.Шахмал түлшнээс илүү нүүрс угаадаг үйлдвэрийг байгуулах нь зөв. Багануурын уурхайн дэргэд концессоор, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтаар нүүрс угаах үйлдвэр байгуулахыг эрдэмтэд санал болгодог. Нийслэлд нэг ч зууханд түүхий нүүрс түлэхгүй байвал утаа тортог 25-30 хувиар багасна.

-Агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилийнхээс нэмэгдсэн үү?
-Зарим их хурлын гишүүд агаарын бохирдол сүүлийн хэдэн жил хоёроос гурав дахин нэмэгдлээ гэж яриад байна. Энэ бол ташаа мэдээлэл. Автоматаар хэмждэг багажны өгөгдлийг боловсруулаад үзэхэд агаарын бохирдол өмнө жилүүдээс нэмэгдсэн зүйл байхгүй. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд байдаг учраас огт салхигүй үед утаа нь нэг газраа тогтчихдог. Энэ үед гамшгийн хэмжээнд хүрдэг боловч 24 цаг үргэлжилсэн тохиолдол байхгүй. Агаарын бохирдол нэмэгдээгүй хэвэндээ байгаа гэдгийг бүх хүнд зөвөөр ойлгуулах хэрэгтэй.

-Одоо утааг арилгах нэг арга бол салхин сэнс гэх яриа гарчээ. Энэ талаар?
-Утааны эсрэг санал боловсруулах эрдэмтдийн ажлын хэсэг байгуулагдсан нь ард түмэнд маш сайн хүрсэн. Гэр халаагч, утаагүй зуухны санаа, утааг арилгах өвөрмөц, сонин саналыг бид бичгээр авч анализ хийдэг. Ирсэн саналууд дунд үл бүтэх, хэрэгжих боломж муу саналын нэг нь нийслэл хотод салхин сэнс тавих  юм. Энэ том хотын агаарыг хөдөлгөдөг салхин сэнс гэдэг маш том хэмжээтэй, их эрчим хүч шаардлагатай учраас одоогийн технологийн төвшинд хийхэд хэцүү. Хотын хойд талд байгаа зарим даваа гүвээг сэт ухаад, Богд уулыг нүхлэчих юм бол салхины урсгалтай болно гэж бодоод байгаа юм. Ямар зардалтайг тооцоолох хэрэгтэй.

-Тээврийн хэрэгслийн утааг багасгахад эрдэмтэд ямар саналтай байгаа вэ?
-Тээврийн хэрэгслийн утаа багасгах талаар маш их судалгаа хийснээс эхнээсээ хэрэгжиж эхэлж байна. Хамгийн түрүүнд дизель хөдөлгүүртэй том оврын автобусыг хийн хөдөлгүүртэй болгох юм. Тиймээс гаднаас зөвхөн хийн хөдөлгүүртэй автобус оруулж ирэхийг Зам тээвэр хөгжлийн яамнаас дэмжсэн. Энэ нь утааг багасгахад үр дүн өгнө. Тэрнээс гадна суудлын автомашинд шүүлтүүр суулгах талаар судалгаа хийж байна. Шүүлтүүр суулгахад 2500-3000 ам доллар учир үнэтэй тусч байгаа юм. Тиймээс хортой утаа гаргадаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болгох нь зүйтэй шийдэл юм.

Улаанбаатар хотод байгаа 120 мянга орчим гэрийг дулаална.

-ШУА-аас хонины ноосоор монгол гэрийг дулаалах санал танилцуулсан. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?
-Монгол гэрийг хоёр давхар эсгийгээр дулаалдаг. Долоон жилийн өмнөөс хонины ноосоор байшингийн дулаалга хийж байна. Харин одоо гэрийн дулаалгыг хонины ноосоор хийх санал гаргаж байгаа юм. Хонины ноос нь эсгийтэй төстэй, нороод хатахдаа ямар нэгэн эвгүй үнэргүй, чанарын хувьд ижилхэн. Улаанбаатар хотод байгаа 120 мянга орчим гэрийг дулаална. Үүнээс шаардлагатай гэсэн 60 гаруй мянган айлд өгөх бүрээсийг оёох дотоодын оёдлын үйлдвэрийн хүчин чадал хангалттай байгаа.

-ШУА-аас агаарын бохирдлын эсрэг ямар шийдэл гаргасан бэ?
-Нэгдүгээрт, гэр хороолол, амины орон сууцыг цахилгаанаар халаадаг болгох. Үүнийг хийхийн тулд айл бүрт хангалттай цахилгаан хүргэж түгээх сүлжээг сайжруулж, нийслэл хотод олон тооны дэд станц барихад нийт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Хоёрдугаарт, одоо байгаа цахилгааны хүч бүх айлын гэрт хүрэхгүй. Тиймээс цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, эсвэл гэр хороолол, амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах аргыг Ерөнхий сайдад танилцуулсан. Үүний гэр, амины орон сууцны дулаан алдалтыг багасгах туршилтыг академчид хийж одоо нэг гэрийг халаахад дөрвөн киловатт шатлал хэрэгтэй. Харин гэр дулаалдаг материал дээр нэмэлтээр дулаалга хийхэд хоёр киловатт шатлалаар таван ханатай гэрийг халаах боломжтойг тогтоосон.

Хэрэглээгээ хоёр дахин багасгахад иргэдийн цахилгааны төлбөр хоёр дахин багасах ашигтай. Олон жил ашиглаж болох сайн материалаар нэг таван ханатай гэрийг дулаалахад 1.3 сая орчим төгрөгийн зардал гарна. Эсвэл нэг, хоёр жил ашигладаг дулаалгын материалаар хийвэл 90 мянган төгрөг болно. Энэ тооцоогоор 100 мянган гэрийг дулаалахад есөн тэрбум төгрөг хэрэг болно. Энэ бол гаргаж болох мөнгө. Тиймээс хамгийн эхний ээлжинд гэрээ дулаалах, цахилгааны сүлжээгээ сайжруулах хэрэгтэй. Энэ ажлыг хийх хооронд тавдугаар цахилгаан станцаа барьж болно. Ингэж чадвал таваас зургаан жилийн дараа утааны асуудлыг шийдэх боломжтой юм.

-Өмнө нь агаарын бохирдлын эсрэг хийсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн нь ямар байна вэ?
-Багануурын нүүрс, үнэгүй зуух тараах зэрэг нь хэсэг хүмүүсийн бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болсон. Жишээ нь, бүрэн шаталттай турк зуух. Төр хувийн компаниас нэг ширхгийг 600 мянган төгрөгөөр тооцож 140 мянган зуух худалдаж аваад, иргэдэд 10 хувиар нь буюу 60 мянган төгрөгөөр тарааж өгсөн. Гэр хороололд амьдардаг иргэд тэр зуухыг үнээр нь аваад, малчин айлд арай үнэтэй зарчихдаг гэж байна. Одоо 20 орчим хувь нь л хотын гэр хороололд үлдэж, ихэнх нь хөдөө байгаа гэсэн үг.

-ШУА-д агаарын бохирдлыг багасгах ажлыг хийхэд тулгарч буй асуудал гэвэл?
-Одоо тулгарч байгаа гол асуудал нь утааг бууруулах ажилд төсвөөс тавьдаг мөнгө эрс багасчихсан. Сүүлийн жилүүдэд таван тэрбум орчим  төгрөг өгдөг болсон. Энэ мөнгөөр утааг төдийлөн багасгаж хүрэхгүй. Утааг багасгахад мөнгө хэрэгтэй гэдгийг бүх хүн ойлгох хэрэгтэй.

М.Баасандэлгэр

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 92 санал өгсөн байна.

Дээшээ