Андрей Мовчан Оросын арилжааны банкууд ар араасаа дампуурцгааж байна. Открытие, Бинбанк хоёр 2017 онд сарын зайтай дампуурав. Сүүлийн 17 жилд тус улсад бүртгэлтэй 3000 гаруй банкнаас 2600 нь тусгай зөвшөөрлөө хураалгажээ. Олон жилийн буруу менежментийн үр дүнд Банк России буюу тус улсын төв банк зарчимгүй, үр дүнгүй банкны тогтолцоо бий болгов. Одоо бүхнийг шинээр эхлэхээс өөр аргагүй.
Орчин цагийн Оросын санхүүгийн салбар нь 1990-ээд онд хуучин ЗХУ-ын банкны тогтолцооны нурангид суурилж үүссэн. Анх үүсэж байх үед олигархуудын хяналтад оршдог банкууд хувьчлалд оролцож буй хувьцаа эзэмшигчдээ санхүүжүүлэх зорилгоор өр зээл цуглуулж гарав. Мөн мөнгө угаах, татвараас бултах явдлыг хамарсан сэжигтэй ажиллагаагаар орлого олж байлаа. Мянганы эцсийг эдгээр банкийн үлэмж хэсэг үзэж ч амжаагүй. Харин үзэж чадсан банкуудын олонх нь хууль ёсны орлого олдог институц болж чадаагүй хэвээр. Газрын тосны үнэ гаарахлаар далд алдагдлаа нөхнө хэмээн найдсан банкны эзэд хүлээцгээсээр. Гэтэл 2008 оны санхүүгийн хямрал энэ найдлагыг хөмөрч хаяв. Эдийн засаг удааширсан таван жилийн эцэст тархай бутархай банкны салбарт нэгдэн нийлэх явц ажиглагдсан юм.
Гэтэл худалдан авах, нэгтгэх явц ховор боллоо. Үүний гол шалтгаан нь Банк России хууль бус гүйлгээ ашигтай байх нөхцөл бүрдүүлсэнд оршино.
Төв банк санхүүгийн байгууллагууд хуулийн дагуу ажиллахад саадтай хэт зохицуулалт үүсгэж орхижээ. АНУ-ын ижил төрлийн байгууллагатай харьцуулахад зээлж буй ам.доллар бүрт тав дахин олон ажилтан ажиллуулах шаардлагатай эцэс төгсгөлгүй тайлан тооцоог ОХУ-ын арилжааны банкуудаас нэхдэг.
Ийм нөхцөлд банкууд хуулийн дагуу оршин тогтнох гэвэл элдэв арга мэх хэрэглэхээс аргагүй. Бүгд хуурамч баталгаатай зээл гаргаж, хөрөнгийн үнийг хэтрүүлэн үнэлцгээнэ. Мөнгө угаах, хөрвүүлэх хуучин арга сэргэлээ. Сүүлийн 15 жилд ОХУ-ын арилжааны банкуудын 80 хувь нь эрсдэлтэй арилжаа, хувьцаа эзэмшигчдийн оффшор дансанд шилжүүлэг хийх замаар үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийг шавхаж орхижээ.
Хамгийн хөгийн нь төмөр мэт хатуу дүрэм журамтай төв банк хяналт тавих болохоороо сохор. Сүйрэх гээд байгаа юм алга хэмээн тайлбарладаг төв банк өөртөө ямар ч хариуцлага хүлээхгүй явсаар өдий хүрсэн. Жишээ нь Открытие банкны хувьд тайлан тэнцэлдээ ОХУ-ын Засгийн газрын бондын үнийг хэт өсгөсөн буруутайг төв банкны тэргүүн Эльвира Набиуллина мэдэгдэж байв. Ийм гуйвуулсан тайлбараар төв банкны аудиторуудыг хуурах нь утгагүй. Тэгээд ч Банк России уг асуудлаар аудиторуудтайгаа холбогдохоос татгалзсан.
Зах зээлийн механизм хүртэл Оросын банкны салбарыг зохицуулж чадсангүй. Хадгалуулж буй мөнгөний 25 мянган ам.доллар хүртэлх үлдэгдэлд баталгаа гаргах төв банкны тогтолцоо нь зах зээлийн амин чухал зохицуулагч хөрөнгө оруулалтын эрсдэл гээч ойлголтыг үгүй болгов.
Хөрөнгийн зах зээлд үр дүнтэй зуучлах гол үүргээ гүйцэтгэхгүй байх нөхцөлийг төв банк л арилжааны банкуудад бүрдүүлж өглөө. Төв банкны хууль зүйн үндсэн үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчдийн хадгалуулсан мөнгийг Оросын компанийн болон Засгийн газрын бондууд руу хөрөнгө оруулалт болгон урсгахад чиглэж байна.
Мөнгө орж ирэх тусам зах зээлийн үнэ өсөж, банкууд орлогоо өсгөхийн тулд төв банкнаас дахин дахин бонд худалдаж авдаг боллоо. Үнэ улам өсөж энэхүү зах зээл хөндлөнгийн хөрөнгө оруулагчдад таагүй болж хувирав.
Банкны тогтолцоонд төв банкнаас хараат бус, хөндлөнгийн бие даасан хяналт шаардлагатай. Жижиглэнгийн банкууд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахыг хориглож, хөрвөх үнэт цаасны зах зээлийг хөрөнгө оруулагчдад нь үлдээх хэрэгтэй байна. Банк бус зээлийн байгууллагууд цэвэр гүйлгээний ажиллагааны эрсдэлийг бууруулахын тулд зээлийн болоод шилжүүлгийн бизнесийг ялгаж сурах хэрэгтэй. Зах зээлийн эрсдэлийн элемент үүсгэх үүднээс хадгалуулж буй мөнгөний даатгалыг нийт үлдэгдэлд бүгдэд нь хийлгүйгээр, хадгалуулагчдаас даатгалын төлбөр суутгах замаар хийдэг болох шаардлагатай.
Ийм арга хэмжээ авахгүй л бол Оросын банкны салбар нь уг тогтолцоогоор яаж тоглохоо сайн мэддэг хүмүүсийг баяжуулах үүрэгтэй ажилладаг дампуурсан тогтолцоо хэвээр байх болно.
Андрей Мовчан