Шинийн нэгэнд 9 градус хүйтэн байна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-02-14 15:06 GMT+8

-Шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна- 

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Хоёрдугаар сарын 16-ны өдөр цагаан сарын шинийн нэгний өдөр Монгол орны ихэнх нутгаар цаг агаар тогтуун. Харин 17, 18-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар цас орж, шуургатай хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний    газраас мэдээлээд, малчид болон ард иргэдэд цаг агаарын мэдээг харж орон нутагт зорчихыг анхааруулав.

Улаанбаатарт: Шинийн 1-3-ны өдрүүдэд 9-12 градус хүйтэн, шинийн 3-ны өдөр бага зэрэг цас орно. 

Баярын өдрүүдэд цаг агаарын мэдээг аймаг тус бүрээр харах бол ЭНД дарна уу.                                                      

Баруун аймгуудын нутгаар: 16-17нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр,16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.  

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 12,15,18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 13-14-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5351 санал өгсөн байна.

Дээшээ