ГАРААНЫ БИЗНЕС булангийн шинэ зочин “Үнэгхэн” брэндийг танилцуулж байна. Хүүхэд унтаж байхдаа өсөж, тархи нь хөгжиж байдаг гэдэг. Тэгвэл энэ хэрэгцээг хангах, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх санааг Э.Болорчимэг гаргасан байна.
Бяцхан хүүгээ өлгийдэхгүйгээр хэрхэн дулаан бас тухтай байлгах вэ гэсэн түүний эрэл хайгуул “Үнэгхэн” брэндийн эхлэл болжээ. Уламжлалт загварыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлсэн дэлхийд танигдсан брэндийг бүтээх зорилгыг өвөртлөн буй түүнтэй ярилцлаа.
-”Үнэгхэн” нэрийн бүтээгдэхүүнийг хэзээнээс эхлэн үйлдвэрлэж эхлэв?
-Хоёр жилийн өмнө, хүүгээ төрүүлээд удаагүй байсан үе. Эмч хүүхдийг өлгийдөх нь түнхний хөгжилд сөргөөр нөлөөлдөг учраас аль болох хөлийг нь сул байлгахыг зөвлөсөн. Дээр нь хүүхдийг өлгийдсөнөөс илүү хувцаславал өсөлтөд сайн байдаг гэж сонсож байсан учраас өлгийдөх сонирхол төдийлөн байгаагүй. Удалгүй зун болж, бид зуслан гарсан. Зуслан дээр өглөө, оройдоо сэрүүхэн учраас даарчих болов уу гээд хөвөнтэй баривч хийж өгсөн боловч хөлөө хөдөлгөх бүрд нь дээш хөөрөөд хөл, нуруу нь даарчих гээд ер нь асуудалтай байсан юм. Тэгж байтал нэг найз маань унтлагын уут (sleeping sack) бэлэглэсэн. Тэр нь яг л бидний хэрэглээг хангасан, хүүхэд чөлөөтэй хөдөлж болох мөртлөө дааруулахгүй эд байсан юм. Тиймээс ийм төрлийн бүтээгдэхүүнийг уламжлал шингээн хийх санаа төрсөн.
Хүүхэд 8, 9 сар хүртэл битүү чигээр нь өмсөөд хөлд орох үедээ задлаад хоёр нас хүртлээ дээл болгож өмсөх боломжтой
-Хоёр жилийн өмнө гаргасан загвар нь бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гарт хүртлээ ямар шат дамжлага дамжсан бэ?
-Юун түрүүнд судалгаа хийж эхэлсэн. Бүтээгдэхүүнийхээ загварыг цаасан дээр буулгачихаад өмнө нь хамт ажилладаг байсан оёдлын технологич мэргэжилтэй О.Оксана гэж хүнд “Та технологи талыг нь хариуц, би бусдыг нь хариуцъя, хоёулаа хамтраад хүүхдийн хувцасны брэнд бий болгоё” гэж санал тавьсан. Эгч маань ч сайхан хүлээж аваад бид эхэлсэн дээ.
Манай бүтээгдэхүүн өмнө нь хийгдэж байгаагүй, хаанаас ч хуулбарлах боломжгүй бүтээгдэхүүн. Үүний технологийг О.Оксана эгч маань гаргасан. Анхны загвар маань доогуураа цахилгаангүй битүү, углаж өмсүүлдэг байсан. Тухайн бүтээгдэхүүн дээрээ хэрэглэгчийн судалгаа автал ээж, аав нар хүүхдэд нэг авсан хувцсаа удаан өмсгөх сонирхолтой байдаг нь тогтоогдсон. Тэгэхээр нь бид хоёр ярилцаж байгаад битүү хэсгийг нь цахилгаантай болгосон. Ингэснээр хүүхэд 8, 9 сар хүртэл битүү чигээр нь өмсөөд хөлд орох үедээ задлаад хоёр нас хүртлээ дээл болгож өмсөх боломжтой болсон. Үнэгхэн углаа баривчийг нялх үеэс эхлэн хөлд ортлоо буюу 3-24 сар хүртлээ өмсөж болдог нь давуу тал.
-Үнэгхэн нэрийн хэчнээн бүтээгдэхүүн байгаа вэ?
-Углаа баривч, гарын бүсийг борлуулж байна. Цаашлаад хүүхдийн өлгий, даавуу гаргах төлөвлөгөөтэй. Мөн бид углаа баривч дээрээ хүүхдийн нэрийг бичиж өгөх үйлчилгээг ч үзүүлж байна.
Хүүхдийг өлгийдэхгүй, хөлийг нь сул байлгах нь өсөлт, хөгжилд сайнаар нөлөөлдөг талаар дээр дурдсан. Гэвч ингэхээр хүүхдүүд гарнаасаа цочоод сэрээд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх үүднээс бид гарын бүс хэмээх бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн. Гарын бүсийг наалт болон уяа бүхий хийлгэж болно. Үүнийг мөн хүүхдийн гэдсийг баадагнах зориулалтаар ашиглаж болно. Дулаан байхаас гадна хол замд гэдэс зайлагдахаас сэргийлэх зориулалттай. Хүүхдийн хувцас хэрэглэл чанартай байхаас гадна хүүхдийн биеийн онцлогт таарсан байх ёстой гэдэг үүднээс бид туршилт, судалгаанд анхаарлаа хандуулдаг. Яг үүнтэй холбоотойгоор өвлийн улиралд дотор өмсгөхөд халууцахаар болчихсон учраас даавуун дотортой болгож өөрчилсөн.
Унтаж байхдаа гарнаасаа цочиж, сэрдэг хүүхдүүдэд зориулан гарын бүсийг гаргасан
-Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд материал чухал. Эрүүл ахуй, чанарын хувьд ямар шалгуур тавьж байна вэ. Олдоц хэр вэ?
-Материал сонгох маш чухал. Удаан хугацаанд хайж, судалж байж тохирсон материалыг олдог. Орос хөвөн даавуу, солонгос тааран материалыг сонгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
-Углаа баривчийг удаан хугацаанд өмсөх боломжтой байна гэдэг нэг талаараа байгальд ч бас ээлтэй байх. Шошго, сав баглааг ч мөн тэр талыг харгалзан шийдсэн байх нь ээ?
-”Үнэгхэн” гэдэг хөөрхөн нэр өгчихөөд сав баглаа боодлоо пластикаар шийдэхийг хүсээгүй. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээс хог хаягдал битгий гараасай гэж хүсдэг. Аль болох удаан хэрэглэгдэж, дахин ашиглагдаж байвал зүгээр шүү дээ. Бүтээгдэхүүнээ савлаад өгч байгаа уут нь хүртэл гялгар уут биш даавуун тор байвал дараа нь ээжүүд маань хүүхдийнхээ памперс, хувцсыг ч хийгээд явчихна, дахин хэрэглэж буй учраас байгаль орчинд ч ээлтэй. Шошгоо ч гэсэн байгальд хурдан шингэхийг нь бодож дахин боловсруулсан цаасаар хийж байна.
-Уншигчид маань үнийн талаар сонирхож байгаа байх. 3 сартайгаас эхлээд хоёр ой хүртэл хэрэглэх боломжтой углаа баривч хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Үнийн талаар ярихад би үнээ арай яараад олон нийтэд зарлачихсан юм байна лээ. Дараагийн бүтээгдэхүүн дээрээ арай туршлагатай хандана гэж бодож байна. Яасан гэхээр дэлгүүрүүдээр борлуулалт хийхээр шимтгэл авдаг юм байна. Тэр тал нь бага зэрэг хэцүү санагдсан.
Би ганцаараа ажиллахгүй шүү дээ. Оёдлын технологич, гэрээр 2-3 хүн ажиллуулж байна. Тиймээс тэдний өмнө би хариуцлага хүлээж байгаа юм. Борлуулалтаа сайн хийх ёстой. Борлуулалт хийгээд явахаар тухайн байгууллагын шимтгэл гээд 30-35 хувь нэмэгддэг. Гэтэл би бүтээгдэхүүнийхээ үнийг 50 мянган төгрөг гээд зарлачихсан. Одоо санаа зовоод үнээ нэмж чаддаггүй юм. Гэхдээ энэ бэрхшээлийг зарим бизнес эрхлэгчид ойлгоод, борлуулалтын шимтгэлийн хувиа багасгах зэргээр боломж олгож байна. “Миний хайпермаркет” гэхэд зөвхөн НӨАТ-аа л суутгаж байна. Манай том бизнесийн байгууллагууд шинээр гарч ирж байгаа гарааны бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд энэ тал дээр дэмжлэг үзүүлээсэй гэж хүсдэг.
Зүгээр л оёх дуртай, сайн оёдог байгаад бизнес хийнэ гэдэг худал. Хэрэглэгчээ ойлгох гэж нэг юм байна
-Бүтээгдэхүүнээ хаана, хаана худалдаалж байна вэ?
-Одоогийн байдлаар хэд хэдэн газарт худалдаалж байна. Нарны зам дагуух Миний хайпермаркетад худалдаалж, цагаан сарын үеэр хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцсон. Үйлдвэрийн байрнаас хүмүүс бас ирж авдаг. Гэртээ байгаа ээжүүдэд зориулаад захиалга авч, хүргэлт хийдэг. Хүргэлтийн үйлчилгээний төлбөр нь 2000 төгрөг байдаг. Үнэгүй хүргэж өгөхийг хүссэн ч цаг зав, түгжрэл, бензин тос гээд бага боловч үнэлгээ тогтоохгүй бол болохгүй байгаа юм. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмээд, ирэх жилээс нэрийн барааны дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй.