Цукербергээс ирсэн захианд битгий ИТГЭЭРЭЙ

Д.Багахүү GoGo.mn

2018-04-14 13:00 GMT+8

“Сайн уу, Facebook-ийн дарга Марк Цукерберг байна...” гэж эхэлсэн зурвас танд ирсэн байх магадлал тун өндөр байна. Тэгээд зурваст “... 18 өөр хүнд илгээснээр таны тэмдэг цэнхэр өнгөтэй болж, үнэгүй ашиглах эрхтэй болно” хэмээн бичжээ.

Яг л манайд өргөн тархсан “Тэдэн хүнд илгээвэл аз жаргалтай болно”, “Сүнс чамайг дагана шүү” гэх мэт утгагүй агуулга бүхий зурвасуудтай нэг ижил спам юм. Түүнчлэн Цукербергийн бичсэн гэх “зурвас”-т “Маргааш оройн 18:00 цагаас шинэчлэгдэнэ... ирэх 24 цагийн хугацаанд... үдшийн 23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл” гэх мэтээр цагийг нарийн заажээ.

Гэтэл дэлхийн цагийн бүс 24 цаг байхад бүхэл бүтэн 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй Facebook-ийн хувьд 18:00 цаг гэдэг нь аль цагийн бүсийн, хэдэн сарын хэдний өдрийн болох нь тодорхойгүй зурвас хэзээ ч бичихгүй бөгөөд сүүлийн өгүүлбэр нь гүйцэт биш болохыг та харж болно.

Ингээд эцэст нь хэлэхэд энэхүү зурвастай хамт ирж буй бичлэг нь “Video of the Internet” хэмээх цахим хуудсанд хоёр долоо хоногийн өмнө нийтлэгдсэн, Цукербергийн бичлэг дээр ам нийлүүлж эвлүүлсэн, дуу оруулга нь хүртэл зөрсөн байгаа нь харагдана.

Түүнчлэн бичлэгийг хуулсан хуудасныхан “Мэдээж хэрэг тоглоом шүү дээ...” хэмээн сэтгэгдэл хэсэгтээ үлдээжээ. Тэгэхээр Facebook-ийн хувьд сүүлийн үед үнэхээр олны анхаарлын төвд орж, Цукерберг хүртэл “Үнэтэй хувилбар” байж болох тухай ам нээсэн нь үнэн.

Гэхдээ үнэтэй боллоо гэхэд түүнийгээ ингэж Messenger-ээр дамжуулан илэрхийлэхгүй л болов уу. Facebook-тэй холбоотой шинэчлэл хийх тохиолдолд newsroom.fb.com хаяг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь тодорхой юм.

Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, өөртөө болон бусад 18 найздаа битгий төвөг удаарай. Аан нээрэн Цукерберг Facebook-ийн дарга биш харин гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга гэсэн албан тушаал хашдаг.

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ