Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр буюу Dental Anxiety гэж юу вэ?

GoGo.mn

2018-04-17 09:30 GMT+8

Зарим хүн шүдний эмч дээр очихыг үзэж чаддаггүй мөртлөө өрхийн эмч болон бусад эмч дээр зүгээр очиж үзүүлэх нь бий. Уг нь бол шүдний эмчилгээний ихэнх ажилбарууд ямар ч өвчин зовиур үүсгэдэггүй боловч тэдгээр хүмүүс шүдний эмчилгээний сандал дээр зөвхөн суух төдийд л мэгдэж сандраад хөлс нь чийхраад эхэлдэг.

Ийм төрлийн хүмүүс бол шүдний эмнэлэгт очих тухай төсөөлөхөд л дотор нь арзасхийдэг.

Энэ бол тийм ч ховор тохиолддог зүйл биш юм. Хүн амын дийлэнх хэсэг нь амьдралынхаа туршид шүдний эмчтэй холбоотой ямар нэгэн айдас түгшүүртэй байдаг. Гэтэл ердийн айдас түгшүүр биш бүр шүдний эмчийг үзэж чаддаггүй хэт их айдас түгшүүртэй нэгэн ч байдаг. Ийм төрлийн хүмүүс бол шүдний эмнэлэгт очих тухай төсөөлөхөд л дотор нь арзасхийдэг. Үүнийг шүдний эмнэлгээс жигшил буюу dental phobia гэнэ. Ийм хүмүүс шүдний эмчид болж өгвөл л очихгүй байх төрөл бүрийн арга замыг өөрийн мэдэлгүй хайж байдаг.

Phobia гэдэг нь ямар нэг юмнаас ямар нэг шалтгаангүйгээр маш хүчтэй айх, жигших түгшүүр юм. Хүн болгонд ямар нэг хэмжээгээр phobia илэрдэг. Ямар нэг зүйл хийхээс жигших, эсвэл ямар нэг зүйлээс маш их айх нь бий. Шүдний эмнэлгээс айх айдас түүнтэй нэгэн адил. Хөндлөнгийн хүн тухайн хүний мэдэрч буй айдас түгшүүрийг мэдрэх боломжгүй. Энэ их айдас түгшүүрийнхээ улмаас амны эрүүл мэндээ гаргуунд гаргаж маш ноцтой байдалд хүрэх нь бий.

Шүдний эмнэлгээс эмээх (Dental Anxiety), шүдний эмнэлгээс жигших (Phobia) нь санасныг бодоход маш элбэг тохиолддог. Америкийн нийт хүн амын 9–15 хувь нь шүдний эмнэлгээс айх айдсын улмаас эмнэлэгт очдоггүй болох нь тогтоогдсон. Энэ бол 30–40 сая хүн ам гэсэн үг юм. British Dental Health Foundation явуулсан судалгаагаар тус улсын хүн амын 36% нь шүдний эмнэлэгт байнга очих дургүй бөгөөд гол шалтгаан нь айдас гэж хариулсан байна.

Хүмүүс шүдний эмнэлгээс эмээх “anxiety” ба жигших “phobia” хоёрыг нэг утгатай гэж андуурах нь бий. Гэвч эдгээр нь маш өөр зүйл юм.

Шүдний эмнэлгээс шалтгаалах phobia бүхий хүмүүс нь тулгуур эдийн эмгэгт эрт өртөх, түүний улмаас шүдээ алдах өндөр эрсдэлтэй байдаг.

Шүдний эмнэлгээс эмээдэг “anxiety” айдас түгшүүртэй хүмүүс шүдний эмнэлэг очихоос айдаг ч амны хөндийн эрүүл мэндийн асуудлаасаа шалтгаалан шүдний эмнэлэгт ирдэг. Тэгвэл dental phobia буюу шүдний эмнэлгийг жигшдэг хүмүүс шүдний эмнэлгийн тухай төсөөлөхийн аргагүй их айдастай байдаг. Тэд бүр сүнс нь зайлсан мэт айж, мэгдэн сандардаг.

Шүдний эмнэлгээс шалтгаалах phobia бүхий хүмүүс нь тулгуур эдийн эмгэгт эрт өртөх, түүний улмаас шүдээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Шүдний өнгөний өөрчлөлт, амны хөндийн бусад асуудлууд нь түүний нийгэм болон бусад хүмүүстэй харьцахад саад учруулсанаар хувь хүний өөртөө итгэх итгэл эрс буурах шалтгаан болно. Үүний улмаас тухайн хүн нийгэмтэй харьцах харилцаанд бэрхшээл учирч амьдралын чанарт нөлөөлнө.

Dental phobia-тай хүмүүс нь мөн биеийн ерөнхий эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай байх бөгөөд энэ нь тухайн хүний амьдралын нөхцөл байдлыг муутгаснаар наслалт богиносох шалтгаан болно. Учир нь амны хөндийн өвчин эмгэг нь биеийн эрхтэн тогтолцооны өвчнүүдийн шалтгаан болсоноор зүрх судас, элэг бөөр, уушигны архаг өвчнүүдийг үүсгэдэг. Иймд Dental phobia байгаа бол аль болох эрт эмчлүүлэх нь зүйтэй.

Dental phobia нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийн адил эмчлэх боломжтой зүйл юм.

Dental phobia-тай хүмүүс нь ихэнхдээ өвдөлтийн босго багатай хүмүүс байдаг. Энэ нь тэдгээр хүмүүс бусад хүнээс илүү амархан өвдөлтийг мэдэрдэг гэсэн үг юм. Иймд ийм хүмүүсийг үзэхдээ өвчин намдаах эм, тайвшруулэх эм хэрэглэхийн зэрэгцээ хэсгийн мэдээ алдуулалт хийх нь зүйтэй. Эдгээр хүмүүст мөн үзлэгийн явцад хэт их айдас түгшүүрээс шалтгаалсан бие эрхтний бусад дагалдах хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ нь толгой өвдөх, хүзүү нурууны булчин татах шинж тэмдэгээр илэрнэ.

Dental Anxiety ба Phobia-ийн шалтгаан

Шүдний эмнэлгээс эмээх ба айх айдас түгшүүр phobia-тай хүмүүсийн шалтгаан өөр хоорондоо харилцан адилгүй байна. Судлаачид тухай хүмүүстэй асуумжийн аргаар судалгаа явуулсаны дүнд дараах шалтгаануудыг олж илрүүлсэн байна.

  1. Өвдөлт- Шүдний эмнэлэгт ойрын 12 сарын хугацаанд очоогүй хүмүүсээс шалтгааныг нь тодруулах судалгаа явуулахад 6 хувь нь өвдөлт шүдний эмнэлэгт очихгүй байх гол шалтгаан гэж хариулсан байна.
  2. Авралгүй болсон мэт мэдрэмж төрөх- Ихэнх phobia-тай хүмүүст яг онгоцонд суух үед төрдөг хэрэв аюул тохиолдвол ямар ч аврал байхгүй гэх далд сэтгэлийн зовиур, таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Тэд амны хөндийд юу болоод байгааг нь мэдэхгүй учраас эмчилгээ сайн болоо ч уу үгүй ч үү гэх санаа зовнилоосоо шалтгаалсан хэн нэгэн түүнд тусламж үзүүлэхээсээ өнгөрсөн мэт таагүй мэдрэмж төрнө.
  3. Ичих мэдрэмж– Амны хөндий бол тэр болгон хүнд харуулдаггүй далд эрхтний нэг. Энэ нь шүдний эмчийн өмнө амаа нээхдээ аман доторх нөхцөл байдал нь ямар байгаа бол гэх айдас ичгүүр төрөх шалтгаан болно. Мөн шүдний эмчилгээний явцад эмч болон сувилагчийн нүүр болон бие хэт ойр байх нь тухайн хүнд ичгүүртэй мэт таагүй мэдрэмж төрүүлдэг.
  4. Гашуун дурсамж- Өмнөх удаагийн ирэлтээрээ ямар нэг өвчин зовиур үүсгэх таагүй зүйл тохиолдсон бол дараагийн ирэлтэндээ түүнийгээ мэдэрч айж түгших нь бий.

Хэрэв танд dental phobia шинж тэмдэг илэрч байгаа бол шүдний эмнэлгээс айж зугтаахын оронд сэтгэлзүйчийн дэмжлэгтэйгээр шүдний эмнэлэгийн анхан шатны тусламж авахыг хичээх хэрэгтэй.

Шүдний эмч нар ч dental phobia-тай хүмүүс үнэхээр байдаг гэдгийг анзаарч тийм хүмүүстэй ажиллах менежемент, эмчилгээний хөтөлбөрийг тусгайлан боловсруулах нь зүйтэй.

Эх сурвалж: shud.mn

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4464 санал өгсөн байна.

Дээшээ