АРАЙ Ч ДЭЭ! Туул голын эргээс 20-хон метрийн зайд хотхон барьж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Энхмаа

2018-05-03 10:00 GMT+8
2018.05.02-ны өдөр: Туул голын эргийн бургасыг хядаж, газар чөлөөлөөд таун хотхон барьж байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Туул голын эрэг дагуу газар олгосон нөхцөл байдалтай танилцлаа. Тус байнгын хороонд сүүлийн хоёр жилийн турш иргэдээс Туул голын бохирдол, голын эрэг дагуух замбараагүй газар олголтыг зогсоох асуудлаар 6000 гаруй өргөдөл, гомдол ирсэн аж. 

Энэ асуудалд тус байнгын хороо анхаарал хандуулж, голын эрэг дагуу хайрга, дайрга, элс  олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулж, үйл ажиллагааг холбогдох албаныхантай хамтран зогсоож чаджээ. Одоо нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваад орон сууцны барилга барьсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохоор ажиллаж байна.

БОАЖ-ын сайд Д.Цэрэнбат Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх 54 га газарт 54 иргэн, аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийн 48-ыг нь цуцлах тушаал гаргажээ. Үлдсэн дөрвөн зөвшөөрлийн гуравт нь обьект барьсан, нэг нь шүүхийн маргаантай байгаа талаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр мэдээлэв.

Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан. Ийм үед нийслэлчүүд амралт, чөлөөт цагаараа хүүхдээ агаарт гаргах хамгийн дөт газар нь Туул гол юм. Гэтэл Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх газар хэдийнэ бусдын эзэмшилд орж, голын дагуу үргэлжлүүлэн өөр өөрийн “бяр чадал”-ыг илтгэсэн хашааг үргэлжлүүлэн барьж, хатан Туул харагдахаа больжээ. Баянзүрх, Маршалын гүүр орчмын хэсэгхэн газрыг үл тооцвол Туул голын эрэг дагуух газар мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн эзэмшилд бүрэн шилжсэн байна.

Г.ШИЙЛЭГДАМБА САЙД 2008 ОНД 4 ГА ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ



Бид өчигдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын амьдран суудаг Их тэнгэрийн амын эсрэг талд 4 га газрын зөвшөөрөл авсан ч зориулалтаа өөрчилж, орон сууцны хотхон барьж буй “Зүүн баян рефайнери” ХХК-ийн эзэмшил газарт очив. 300-400 метр төмөр хашаа татан, дотор нь орон сууцны хотхон барьж байна. Барилгын ажил явагдаж буй уг хашаа руу орохыг хүссэн ч харуул хамгаалалтынхан “Бид ажлаа хийж байна” гээд дотогш нэвтрүүлэх янзгүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга нар шаардлага тавьснаар хэсэг хугацааны дараа хашаанд оруулав. Тус компанид Г.Шийлэгдамба сайд байхдаа 2008 онд 4 га газрын тусгай зөвшөөрөл өгсөн гэж дэд сайд Ц.Батбаяр танилцуулав.



-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, Энэ компанийн газар ашиглах хугацаа дууссан учир бүх үйл ажиллагаа нь  зөвшөөрөлгүй явагдаж байгаа. Барилга барих гэж 1.3 га газрын бургасыг тайрсан. Голын бургасыг тайрахад усны түвшин багасна. Энэ компани Дархан цаазат газрын тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хууль зэрэг олон хууль зөрчсөн. Бид 2017, 2018 онд үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлөх албан шаардлага тавьсан ч орон сууцны таун хаус бариад эхэлсэн. 

Голын онцгой хамгаалалтын бүс эргээс 50 метр, энгийн хамгаалалтын бүс нь 200 метрт байдаг. Гэтэл эднийх голын эргээс 20-хон метрийн зайд орон сууц барьж байна. Энэ компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул газрыг унаган төрхөнд нь оруулж, чөлөөлж өгөх шаардлага тавьж байна гэж ярилаа. 

-Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, “Зүүн баян рефайнери” компани Туул голын үерийн хамгаалалтын далан дээр хашаагаа барьсан. Энэ нь голоос 20-хон метрийн зайтай.  Сав газрын захиргаанаас энэ компанид 2014 оноос эхлэн албан шаардлага хүргүүлж байгаа. Бид УМБГ-ын Байгалийн гэмт хэргийн эсрэг 6 дугаар хэлтэс, МХЕГ-тай хамтарсан албан шаардлага тавьж байсан ч нэг удаа хариу ирүүлээгүй. Өнгөрсөн долоо хоногт хүртэл хэд хэдэн удаа компанийн удирдлагатай уулзахаар ирсэн боловч хашаа руу нь орж чадалгүй буцсан. Удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгдөггүй байгууллага гэлээ.

М.ОЮУНЧИМЭГ: ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛОМЖ ОЛГОСОН ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД Ч ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдол, эрэг дагуух замбараагүй газар олголтыг цэгцлэх тухай иргэдээс 6000 гаруй өргөдөл, гомдол ирсэн.

Тийм ч учраас манай байнгын хорооныхон газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудалд зориглон орох шаардлагатайг ойлгосон. УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, БОАЖЯ, дүүргүүдийн удирдлага хууль хяналтын холбогдох албаныхантай хамтран үр дүнд хүрэхийн тулд ажиллаж байна.

Байнгын хороо энэ асуудлаар удаа дараа хуралдаж, голын эрэг дагуу барилга барьсан аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг зогсоохын төлөө ажиллана. Монгол төр гэж байдаг бол хуулиа хэрэгжүүлэх ёстой.

Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохоос гадна ийм түвшинд хүртэл өөгшүүлсэн төрийн өндөр албан тушаалтнууд, тусгай зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Туул голын эрэг дагуу 52 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ бүх зөвшөөрлүүдийг ямар албан тушаалтан хэзээ олгосон жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулах үүрэг даалгавар өгсөн. Мэргэжлийн хяналтын газар, холбогдох яам, тамгын газруудтай хамтарч ажиллах бичгээ Өргөдлийн байнгын хороо өгсөн гэж ярив.



УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голыг улсын тусгай хамгаалалтад авч, Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу амралт, аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх санаачилга гарган ажиллаж буй юм.

Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр. Голын эрэг дагуух бургас усны түвшинг барьж байдаг. “Зүүн баян рефайнери” компани барилга барихдаа голын эргийн 1.3 га газрын бургасыг хядсан хэмээн Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна.

Хэдийгээр зөвшөөрөлгүй ч нэгэнт барилга обьект барьчихвал яаж ч чадалгүй орхидог жишиг манайд тогтоод байна. "Зүүн баян рефайнери" компанийн ойрын өдрүүдэд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн нь хуулийг гууль болгодог энэ жишигт найдсантай холбоотой байж болох. Хууль зөрчигчдийг энэ мэтээр өөгшүүлбэл Туулын бургасыг хядаж дуусна. Ингэснээр гол, мод хэмээх нягт шүтэлцээтэй экосистем устана. Үр дагаварт нь нийслэлийн 1.4 сая иргэн уух усгүй болох аюул бий.

"Зөвшөөрөлгүйгээр барилга барьсан бол буулгахаас өөр аргагүй" хэмээн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын дэд сайд нар эрс шулуухан хэлцгээж байна. Тэд хэрхэн ажиллаж, аж ахуйн нэгжүүд хуулиа мөрдөхийг харах л үлдэж байна.

1 | 5 фото
1
1
1
1
1

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 406 санал өгсөн байна.

Дээшээ