Үлэг гүрвэлийн өлгий нутаг Булган сум

GoGo.mn

2018-05-29 12:57 GMT+8

Аймгийнхаа  хэмжээнд  хамгийн хойд  бүсэд орших говь хангай хосолсон сайхан нутагт “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг очсон. 2200 хүн амтай. Голлох аж ахуй нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал. Тус сум Говь гурван сайхан үүлдрийн ямаагаараа алдартай. Тал нутагтаа, тааваараа налайх таван хошуу малтай айл олон. Үзэж харснаа л бичиж байгаа учраас очоогүй нэгэнд нь мэдээлэл болох үүднээс  очсон танд харьцуулалт болох болов уу.

Салхилаал байдаг тус нутгийн гудамжаар жаал явлаа. Ажил тараад тэрүүхэндээ хөл хөдөлгөөнтэй. Тус суманд 23 дэлгүүр байдаг. Ганц гоо сайхны бараатай дэлгүүр нь энэ. Тус сумын гудамжаар мотоцикльтэй хүмүүс их таарна. Хаа газар амьдрал өрнөсөөр...

Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн улсын сайн малчин Ц.Валя гуай одоо 77 настай. Тэрээр улиас, хайлаас, бургас, сухай, нохойн хошуу, чацаргана, үхрийн нүд алимны мод зэрэг 8 төрлийн мод ургуулж байна. Мөн төмс хүнсний ногоо жимс улаан лооль тарьж байгаа. 2007 онд мод тарьж эхэлсэн. 100 гаруй мянган модтой. Давхар малын тэжээл бэлдэнэ. Залуудаа сумын тоо бүртгэгч хийж явжээ.

Булган сумын бас нэг онцлог нь гар бөмбөгийн спортыг хөгжүүлж буй нь сайшаалтай санагдсан. Дан ганц сумандаа бус аймагтаа энэхүү төрлөөр нэгт ордог юм байна лээ.  2004 оноос хойш тасралтгүй аймаг улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож дийлэнхдээ түрүүлдэг спортлог багш сурагчидтай. Биднийг очиход сонирхогчдын улсын аваргаас алтан медаль авсан амжилтаар угтан авсан билээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн заал нь тийм ч гял цал болсон сайхан биш ч гэлээ тус зааланд хичээллэж байгаа олон олон тамирчид төрөн гарч байгаа нь бахархалтай санагдсан. Бидний цөөхөн монголчууд төслийн баг аль ч аймаг сумын сургууль заалаар ордог. Зарим нь  шинэхэн заалтай ч ашиглаж байгаа нь ховор байдаг бол Булган сумынхан байгаагаа гололгүй дасгал сургуйлалтаа явуулж  хүүхэд багачууддаа дугуйлан лекцээ хийж байлаа.

Гурван хүүхдийн сайхан ээж говь нутгийн энэ бүсгүйг Мөнхсайхан гэнэ. Өмнөговь аймгийн Булган сумын Байгаль орчны байцаагч. /Уул нь их урт гуншинтай. / Бид гэрийн эзнийг эзгүй хойгуур нь зочилжээ. Аялал жуулчлалын  чиглэлээр ажилладаг.  Сургуульдаа байгаль орчны чиглэлээр эко клуб ажилуулдаг. 45 хүүхэд энэ клубт явдаг. Надад гэрт нь ороод хамгийн сайхан санагдсан зүйл нь их тохилог цэвэрхэн цэмцэгэр амьдарч буй нь нүдэнд туслаа. Монгол гэрт цонх гаргаад халаалтын асуудлаа шийдээд тохь тухтай сумандаа сэтгэл тэнүүн амьдарч буй гэр бүл.

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Хөөрхөн дэвсэг гэдэг газар Ганданчоймзадлийн тэгчинлэн гээд сайхан хийд байна. 2013 онд байгуулагдсан. Аглагын 5 бурханаа залсан гэж хийдийн хурлын лам Б. Бат-Ирээдүй бидэнд тус бүрийн утга учрыг тайлбарлаж байлаа. Мөн балингаа ямааны бөөрний өөхөөр хийдэг юм байна. 2 жил болж байгаа балин. Хүн eр нь 4 зүйлийг бодож зул өргөх ёстой гэнэ.

Их болсон 6-н зүйд хамаг амьтаны тусын тулд.
Эрүүл мэндээ.
Барцад саадгүй байх.
Өөрийн хүслээ бодох.
Энэ хийд нэг тийм сайхан орчинтой газар байсан. Тэр лам хүү их мэдлэгтэй сайхан тайлбарлаж байв. Зорьж очиход амар амгаланг мэдрээд гарах сайхан газар.

Зуу наслаж зургаадай таяг тулж буй Өмнөговь аймгийн Булган сумын өндөр настан А.Буджав гуай 35 жил мал малласан гэнэ. Инээгээд л хуучилав бидэнтэй. Удмаараа урт насалдаг гэнэ. Нууц нь хөдөлмөрлөж явсан минь гэж байна шүү. Мөн тэрээр "Ингэн нулимс" кинонд тоглож явж. Хөнгөхөн шингэн хөдөлгөөнтэй, шүд нь цав цагаан, сонсгол сайтай сайхан насалж буй буурайдаа эрүүлийг хүсьe.

Биднийг нутгийнхан 70  гаруй сая жилийн  өмнө амьдарч байсан махан ба өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн  орд бүхий Баян заг, Төгрөг, Алаг цав, Авдрант зэрэг газрууд үзүүлсэн. Ер нь Өмнөговь аймагт  монголын үзэсгэлэнт байгалийн нэг болох алдарт  Хэрмэн цавтай төстэй гэхдээ хэмжээний хувьд жижиг 3 нь ч газар байсан. Жишээ нь : Алгуйн улаан цав,  морин толгойн цав,  Баян заг нар их л төстэй. Энэ дундаас Булган сумын нутагт байх Баян загт 70 гаруй жилийн өмнө үлэг гүрвэлийн ул мөр үлдсэн түүхтэй. 

Газар тариалан эрхлэлтээрээ аймагтаа тэргүүлдэг. Голлон хүнсний ногоо тарих бөгөөд түүн дундаа Булганчуудын тарисан ПОМИДОР улсдаа алдартай. Сумын төвд оршин суугчидын ихэнх хэсэг нь дулааны улиралдаа хүнсний ногоо, помидор тарих бөгөөд намар түүнийгээ борлуулж олсон мөнгө нь тэдгээр хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйц дэм болж байдаг онцлогтой хөдөлмөрч хүмүүс юм. Ийнхүү “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг идэр хүйтэн өвлийн улирал ард хоцорч, урин дулаан хаврын улиралд ажиллаж  дараагийнсумаа зорилоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1020 санал өгсөн байна.

Дээшээ