Нийслэлийн засаг даргын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Гэр бүлийн хүрээнд хүүхдээ сонсох талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хүүхдийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЯРИАНААС ТӨВӨГШӨӨВӨЛ ХҮҮХЭД ЯРИХ ХҮСЭЛГҮЙ БОЛЖ ӨСНӨ
-Өнөөдөр “Хүүхдээ сонсох өдөр” тохиож байна. Хүүхдээ сонсох нь яагаад чухал вэ?
-Сонсох нь харилцааны 55-аас дээш хувийг эзэлдэг харилцааны чадвар. Бие биеэ сонсохгүй бол харилцаа үүсэхгүй. Хүүхдээ ойлгоё гэвэл сонсох хамгийн чухал. Хүүхдүүд удаан ярьдаг, гол зүйлээ ярьдаггүйгээс эцэг эхчүүд хүүхдээ яаруулах, төвөгшөөх, яриаг нь таслах тохиолдол их.
Бид ихэвчлэн өөр зүйлээ хийнгээ сонсох гэдэг. Гэтэл үүний уршгаар хүүхэд тантай ярихаа болино.
Сонсоно гэдгийг хоёр чихээрээ сонсоно гэж ойлгодог. Сайн анзаараад харвал биеийн хөдөлгөөн, харц, толгой дохилт сонсолтод нөлөөлдөг. Бид ихэвчлэн өөр зүйлээ хийнгээ сонсох гэдэг. Гэтэл үүний уршгаар хүүхэд тантай ярихаа болино. Үнэхээр хүүхдээ сонсъё гэвэл өдөрт 20-30 минут л зориулахад хангалттай. Тухтай суугаад, бие биеэ харан өнөөдөр юу хийсэн, ямар байсан зэргийг ярилцах нь зөв. Хамгийн чухал нь анхаарч сонсох юм.
-Хүүхдээ сонсохын ач холбогдол юу вэ?
-Хүүхдээ сонсдог эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар мэдээлэл сайтай байдаг. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгоно, хүүхэд ямар хувь хүн болж төлөвшиж буйг анзаардаг. Энэ бол эцэг эхчүүдийн давуу тал. Мөн хүүхдэд өөрийгөө зөв илэрхийлэх, үзэл бодлоо ойлгуулж сурахад дэмтэй. Хүүхэд өөрөө бусдыг сонсох чадварт суралцдаг. Бусдыг хүндэлж харьцдаг, нийгмийн харилцаанд орохдоо ямар нэг асуудалгүй болдог.
ХҮҮХДЭЭ БАГААС НЬ СОНСООД СУРЧИХВАЛ ӨСВӨР НАСНЫ, ХЭЦҮҮ ҮЕИЙГ ДАВАН ТУУЛАХ АМАРХАН
-Хүүхдийн насны ямар онцлогууд байдаг вэ?
-Бага насны хүүхдүүд өөрийгөө илэрхийлж буй байдлыг дэмжиж, тэднийг ойлгох хэрэгтэй. Хэрэв анзаарахгүй төвөгшөөвөл хүүхэд ярих хүсэлгүй болж өсдөг. Хүүхэд хэл ярианы хоцрогдол болон сааталтай болно. 2-3 насныхан яагаад гэж байнга асуун, их сониуч. Тэр болгонд хариулснаар хүүхдийн танин мэдэхүй хөгжинө.
6-7 насанд ёс суртахууны хэм хэмжээний анхны ойлголттой болно. Энэ үед яагаад энэ үйлдлийг хийж болдог, болдоггүй, хэн хийж болдог, хэн нь болдоггүй зэргийг анзаарч эхэлнэ. Тэр болгонд нь хүүхдэдээ зөв ойлголт өгөх нь чухал.
9-10 насандаа хүүхэд эцэг эхээсээ харилцааны хувьд холддог. Энэ насанд үе тэнгийнхэнтэйгээ илүү харилцаж, нийгэмших байдал руу өөрөө хүсч тэмүүлнэ.
Энэ үед эцэг эхтэйгээ ярилцахыг хүсдэггүй ч далд хүсэлдээ хэн нэгэн намайг ойлгоосой, хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэх нь хэрэгцээ нь байсаар байна. Өөрийг нь няцаалгүй сонсох, хүлээн зөвшөөрөх нь хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг болоход чухал нөлөөтэй.
Өсвөр насныхан ичих гэдэг ойлголттой тулгарна. Хэрэв энэ үед тухайн хүүхэд багаасаа эцэг эхтэйгээ ярилцдаг байсан бол ямар ч асуудал гарахгүй. Хүүхэд өөрөө бүх асуудлаа ярина. Хэрвээ ярилцдаггүй байсан бол эцэг эхчүүд хүнд асуудлуудтай нүүр тулдаг.
Тэгэхээр хүүхдээ багаас нь сонсоод сурчихвал өсвөр насны, хэцүү үеийг даван туулах амархан. Хүүхэд энэ үедээ ч хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Өсвөр нас бол өөрийгөө олох буюу дахин төрөх үе.
0-3 насанд суурь төлөвшил бий болдог бол өөрийгөө бусдад яаж илэрхийлэх нь өсвөр насанд илэрдэг. Энэ үед хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байснаар тухайн хүүхэд буруу зүйл рүү явна.
Өөрийг нь няцаалгүй сонсох, хүлээн зөвшөөрөх нь хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг болоход чухал нөлөөтэй.
Хүүхэд тань юу ч ярьсан хамаагүй, заавал анхаарч сонсох нь чухал. Нүд рүү нь эгцлэн хараад идэвхжүүлсэн асуулт тавиад “Өнөөдөр юу хийв? Чиний хувьд ямар өдөр байсан бэ? Яагаад муухай өдөр болсон?” зэрэг асуултад дүгнэлт өгөлгүй сонсох л хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхдэд тайвшралт хэрэгтэй байдаг. Энэ үед нь тайвшруулах хэрэгтэй ба дэмжиж сонсох нь чухал. Харилцааг амьд байлгах л хамгийн чухал.
Мөн хэн хэнийх нь хувьд тухтай нөхцөл бүрдүүлнэ. Нөгөө талаар хүүхэд сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, сэтгэл хөдлөлөө зөв танин мэдэх үйл явц үргэлжилж байдаг. Хүүхдээ сонссоноор хүүхэд дотоод ертөнцөө нээгээд, өөрийгөө ойлгодог хүн болно.
-Хүүхэд телевиз, утас их үзэж, ээж ааваасаа холдож байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Зурагт хүнд мэдрэмж төрүүлэхгүй. Мэдрэмж амьд харилцаанд л оршдог. Хүүхэд уйлна, гомдоно, уурлана, баярлана. Эдгээр мэдрэмжээ илэрхийлэхийн тулд хүнтэй харилцах хэрэгтэй. Зурагт үзээд хүүхэд танин мэдэхүйн хувьд хөгжихөөс мэдрэмж, сэтгэл зүйн хувьд хөгжихгүй. Сэтгэл зүйн хөгжлийг амьд харилцаа л тэтгэнэ.
-Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог нас хэд вэ. Жишээ нь хоёр насны синдромын талаар их ярих болсон.
-Нас насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал, өөрчлөлт тохиолддог. Синдром гэдэг нь өөрчлөлт хэт хүчтэй илэрч байгаа үе юм. Бид энэ үеийг онцолж хараад байгаагаас 2-3 нас, 3-4 нас, сургуулийн өмнөх нас, сургуульд орсон үе бүгд өөрчлөлт, хямралтай байдаг.
Бид анзаардаггүй л болохоос хүүхдэд сэтгэлзүйн өөрчлөлт, шилжилтүүд бараг байнга явагддаг.
Хоёр настангууд бүхнийг өөрөө хийж үзэхийг хүсэх сониуч зантай үе. Энэ үед бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө хувь хүн гэдгийг илэрхийлэхийг хүсдэг. Энэ үед нь аль болох өөрийнхөөр нь байлгавал аяндаа зүгээр болно.
-Монгол хүүхдүүдийн сэтгэлзүйн боловсрол ямар түвшинд байна вэ?
-Манай боловсролын систем өөрөө танин мэдэхүйн боловсролыг чухалчлаад сэтгэлзүйн боловсролыг орхигдуулдаг байв. Харин одоо энэ байдлыг шинэчилж, хүүхдийг сэтгэлзүйн боловсролтой болгох чиглэлээр ёс зүй, нийгэмшлийн хичээлүүд зааж эхэллээ. Эдгээр нь хүүхдэд сэтгэлзүйн боловсрол олгож байгаа нэг хэлбэр. Энэ бол дэвшил.
Гэхдээ ихэнх тохиолдолд сэтгэл зүйн боловсролыг хүүхэд гэр бүлээсээ авдаг. Гэр бүлийн харилцаа халуун дотно, дулаан байж, ээж аавууд хүүхдээ сонсдог байх нь хүүхдэд өгөх хамгийн чухал сэтгэл зүйн боловсрол. Хүүхдээ сонсох нь маш том урлаг юм шүү.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд хар тамхинд донтох, уруу татагдах болсон шалтгааныг сэтгэл зүйн талаас тайлбарлах боломжтой юу?
-Хар тамхинд орсон ихэнх хүүхдийн гэр бүл түүнийг үл хайхарсан шинжтэй байдаг. Санхүүгийн хувьд боломжтой атлаа завгүй эсвэл амьдрал ахуй нь хэцүү айлууд хүүхдээ анхаардаггүй, хайхрахгүй байснаас ийм байдал руу оруулчихдаг.
-Төгсгөлд нь өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцож чаддаггүй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч.
-Сэтгэл зүйчид ханд. Энэ үед сэтгэл зүйч чухал үүрэг гүйцэтгэнэ. Эсвэл тэр хүүхдэд нөлөөлж чаддаг хэн байна, тэр хүнээр нь дамжуулан нөлөөлөх нь чухал.
-Танд ажлын амжилт хүсье.
Ярилцсан: Х.Тунгалаг