МУИС-ийн оюутнуудын гаргасан ШИЛДЭГ ШИНЭ САНААНУУД

GoGo.mn

2018-06-14 17:05 GMT+8

МУИС-ийн оюутан залуусын дунд “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай шинэ санаа, санаачилгыг шалгаруулах “МУИС Хакатон 2018” уралдаан зохион байгууллаа. Энэ уралдаан МУИС-д тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, суралцагч залуусын бүтээлч санааг дэмжих, тэднийг хөгжүүлэх, гарааны бизнесээ эхлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх зорилготой.

МУИС-ийн 60 гаруй оюутан 48 цагийн турш нэг танхимд байрлан, чөлөөт сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдлөө. Хамгийн шинэлэг санаа дэвшүүлсэн нийт зургаан багийг шалгаруулжээ. Тэргүүн байранд “Chat box” баг орж 4 сая төгрөгийн эзэн боллоо. 

Дэд байрын эзнээр “Админ оюутан” баг тодорч, 2 сая төгрөгөөр шагнуулан, гуравдугаар байрт шалгарсан “Анги захиалга”, “Num notification”, “Ирц бүртгэл” багийнхан тус тус сая төгрөгийн эзэн болсон бол “Buzzer” буюу тусгай байрын эзнээр “Spoint” баг тодорчээ. Тэд зуны гурван сарын амралтын хугацаанд төслөө бодит ажил болгон хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.  

#Санаа1 - “Chat box”

“Chat box” хэмээх аппликейшн нь оюутнуудад шуурхай мэдээлэл өгч, асуултад нь автомат хариулагчаар хариулах давуу талтай. Түүнчлэн секунд тутамд хоёр мянган оюутантай харилцах боломжтой.

#Санаа2 - “Админ оюутан”

“Админ оюутан” шинээр элсэгчдийг зохион байгуулалтад оруулж, салбар сургуулиудын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, удирдан чиглүүлэх үүрэгтэй.

#Санаа3 - “Анги захиалга”

“Сиси” системд (МУИС-ийн сургалтын мэдээллийн систем) анги захиалах гэсэн шинэ цэс бий болгох санал дэвшүүлжээ. Оюутны тоо гүйцсэн хичээлийг сонгох боломжгүй учир хичээлээс хоцрох явдал олон тохиолддог. Дээрх шинэ санааг хэрэгжүүлснээр энэ асуудлыг шийдэж, хөнгөвчлөх юм.

#Санаа4 - “NUM Notification”
 


Өнөө цагт оюутнуудын дийлэнх хувь нь гар утаснаасаа мэдээллээ авч байна. Мэдээллээ “Num notification” аппликейшн ашигласнаар илүү хялбар, хурдан хүлээн авах боломжтой.

Уг апп мэдээллийн ангиллуудыг санал болгон, хэрэглэгч өөрт хэрэгцээт мэдээллээ эрэмбэлнэ. Ингэснээр хэрэглэгч сонирхож буй мэдээллийг шуурхай хүлээн авах, мэдээллийн олон суваг ашиглах шаардлагагүй, бүгдийг нэг дор багтааснаараа онцлог юм. Тухайлбал, оюутан өөрийн дүнг системд орсон эсэхийг байнга шалгахын оронд дүн ороход хэрэглэгчид шууд мэдэгдэл, санамж илгээх юм.


#Санаа5 - “Ирц бүртгэл”

Нэг багшийн хичээлд 40-өөс доошгүй оюутан суудаг. Гэтэл бүх оюутныг бүртгэх нь хичээлийн цагаас хороож, цаг алддаг. Тиймээс систем рүү нэвтрэн зураг илгээж шууд бүртгэл хийх юм. Энэ нь ухаалаг ирц бүртгэлийн систем  ба уламжлалт хэв маягийг эвдсэн, шинэлэг технологи гэдгээрээ ялгарч байна. Системийг ашигласнаар цаг хэмнэж, багшийн ажлыг хөнгөвчилнө.

#Санаа6 - “Spoint”

Оюутнууд цахим үнэмлэхээ номын сан, ТҮЦ машин, ариун цэврийн өрөө зэрэгт ашигладаг. Үнэмлэхийг илүү  олон үйл ажиллагаанд хэрэглээнд нэвтрүүлэх санааг гаргасан юм.

Б.Мөнхбайгаль

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 312 санал өгсөн байна.

Дээшээ