Хөгжиж буй орнуудын ханшийн хамгаалалт бидэнд ч хамаатай

Засгийн газрын мэдээ

2018-09-14 14:25 GMT+8

     ЭНЭ САРЫН 20-НД МОНГОЛБАНК ХУРАЛДАЖ ТӨГРӨГИЙН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ​
Хөгжиж буй зах зээлийн томоохон төлөөлөл болох Аргентин улс өнгөрсөн сард бодлогын хүүгээ 60 хувьд хүргэлээ. Уг нь хөгжин, дэвжихээр зорьж буй орнууд мөнгөний бодлогоо аль болох суллаж, эдийн засаг дахь цусны эргэлтээ эрчимжүүлэн, бизнесээ тэтгэхээр зорьдог.

Гэтэл Өмнөд Америкийн энэ улс сүүлийн арав гаруй жил 10-15 хувьд хэлбэлзсэн бодлогын хүүгээ 60 хувь хүртэл цочир өсгөж, мөнгөний хатуу, хашир бодлогоор дэлхий нийтийг гайхашруулав. Өнгөрсөн сараас эхлээд хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш шил шилээ даран суларсан. Олон улсын анхаарлыг байсхийгээд татдаг Туркийн мөнгөн тэмдэгт болох лирийн ханш өнгөрсөн сарын дунд үеэс бас огцом уруудлаа. А

м.доллартай харьцах лирийн ханш нэг долоо хоногийн хугацаанд бараг 20 хувиар суларч, ханшийн уналтаараа валютын зах зээлийг хошуучлав. Гэхдээ лир ганцаараа чөлөөтэй унасангүй. Энэтхэг, Индонез, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтүүдийг хөлдөө чирсэн. Өмнөд Африкийн рандын ханш нэг өдөрт 10 хувиар буурсан нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдсон ганц өдрийн хамгийн огцом чөлөөт уналт болсон юм.

Индонезийн рупиа 1998 оноос хойших доод цэгтээ хүрсэн бол Аргентиний песо өнгөрсөн сард 29 хувиар унажээ. Хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшийг нэгтгэн тооцдог жишиг индекс гэхэд өнгөрсөн сард 2015 оноос хойш хамгийн олон хоногоор үргэлжлэн уналаа. Ханшийн ийм огцом уналтад цочроо авсан хөгжиж буй орнуудын мөнгөний бодлого тодорхойлогчид ханшаа хамгаалахаар ханцуй шамлаад байна.

Нийтлэлийн эхэнд дурдсан Аргентин улс үүний нэг жишээ бөгөөд тус улсын мөнгөний бодлого тодорхойлогчид өнгөрсөн сард хэд хэдэн удаа ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүгээ өсгөжээ. Бас азийн Филиппин, Индонез, Малайз, Тайланд зэрэг хөгжиж буй орнууд ч өнгөрсөн улирлаас хэдийнэ ханшаа хамгаалж эхэлсэн. Туркийн лирийн ханш наймдугаар сарын дунд үеэс унаснаас улбаалан хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш суларсан нь үнэн. Гэхдээ эдгээр орны валютын ханш унах үндсэн нөхцөл үүнээс өмнө буюу энэ оны эхний хагаст бүрдчихээд байсан юм.

• Туркийн лирийн ханш наймдугаар сарын дунд үеэс унаснаас улбаалан хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш суларсан.
• Гэхдээ эдгээр орны валютын ханш унах үндсэн нөхцөл үүнээс өмнө бүрдчихээд байсан юм.
• Валют болон суур түүхий эдийн ханшийн өөрчлөлт, худалдааны дайн зэрэг хавсарсан шалтгаан хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлж мэдэхээр байна. 

Ам.долларын жолоо атгадаг АНУ мөнгөний бодлогоо эргэлт буцалтгүй чангалж, “ногоон”-ы ханш өсөх дохио бүр өнгөрсөн оноос хадаж эхэлсэн.

Улмаар америкийн мөнгөний бодлого тодорхойлогчид энэ оноос бодлогын хүүгээ бодитоор чангалж эхэлсэн нь хөгжиж буй орнуудын валютад ханшийн эрсдэл дагуулав.

Ам.долларын ханшийн өсөлт яагаад хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшийг хөндөж байна вэ. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын өр зээл эрчтэй тэлсэн. Ялангуяа, Зүүн ази, Номхон далайн орнуудын өр үлэмж хэмжээгээр өссөнийг дэлхийн банк анхааруулсан юм.

Тиймээс ам.долларын ханш чангарснаас тус валютаар их хэмжээний зээл авсан Азийн орнууд валютын хямрал, цаашлаад өрийн хүндрэлд орж магадгүй болоод байна. Бас АНУ гэлтгүй Англи, Япон, Европын төв банк сүүлийн 10 жил замнасан мөнгөний зөөлөн бодлогоосоо хазайж эхэлсэн нь евро, иен зэрэг голлох мөнгөн тэмдэгтүүдийн ханш өсөх суурь нөхцөл болов. Өөрөөр хэлбэл, хөгжингүй орнуудын төв банкууд мөнгөний бодлогоо чангатгаж эхэлсэн нь хөгжиж буй орнууд ханшаа хамгаалах хариу арга хэмжээ авахад хүргээд байна.

Ийнхүү томоохон орнуудын мөнгөний бодлогын салхи эргэж буйтай зэрэгцээд үйлдвэрлэлийн үнээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханшийг хөнддөг газрын тосны ханш чангарсан нь мөнгөн тэмдэгтийн ханшид давхар дарамт болов. 2014-2017 онд тасралтгүй уруудаж, ёроолдоо хүрсэн газрын тосны ханш сүүлийн дөрвөн жилийн доод цэгээсээ даруй гурав дахин өсөөд байна.

Валютын ханшийн зах зээл ийм эмзэг байхад дэлхийн хамгийн том хоёр ч эдийн засгийн худалдааны нөхцөл байдал хүндэрлээ. Он гарснаас хойш америк, БНХАУ-ын худалдааны үл ойлголцол гүнзгийрсэн нь гал дээр тос нэмсэн. Тиймээс хөгжиж буй орнууд тун болгоомжтой хөдөлж байна.

Ялангуяа, Азийн орнууд тун анхааралтай ажиглаж байгаа юм. 20 гаруй жилийн өмнө буюу 1997 онд Азийг сөхрүүлж байсан эдийн засгийн хямралын сүүдэр эргэн тусах вий хэмээн энэ бүс нутгийн орнууд сэрэмжтэй хандаж, хаширлаж байна. Уг нь Азид 1997 оноос хойш санхүүгийн хямралын эсрэг хамгаалалт сайжирсан. гэхдээ валют болон суурь түүхий эдийн ханшийн өөрчлөлт, худалдааны дайн зэрэг хавсарсан шалтгаанууд хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлж мэдэхээр байгаа аж.

Тиймээс одоо байгаа хамгаалалт нь хангалтгүй хэмээн олон улсын бодлогын байгууллагууд сэрэмжлүүлж байна. Сүүлийн хэдэн жил эдийн засгаа тэтгэж, бизнесийн идэвхжилийг дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого баримталж ирсэн Зүүн Өмнөд Азийн орнууд, хөгжиж буй улсууд валютын ханшаа хамгаалахаар эргэлт буцалтгүй зорьж байна.

Өөрөөр хэлбэл, Монголтой нэг бүс нутагт оршдог, эдийн засаг, зах зээлийн бүтцийн хувьд бидэнтэй төстэй орнууд ханшаа хамгаалах арга зам эрэлхийлсээр. Валютын ханшийн уналтаараа байнга л толгой цохидог, төлбөрийн тэнцэл муутай орны зовлон амссаар ирсэн Монгол улсад хөгжиж буй орнуудын хариу арга хэмжээ хамаатай ч байж мэднэ. Бас анзааралгүй өнгөрч үл болох хамгаалалт байхыг үгүйсгэхгүй.

Хэдийгээр сүүлийн хэдэн жил ам.долларт дарлуулсан төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн ч олсон хэдэн “ногоон”-ыг буцаагаад урсгачихдаг импорт он гарсаар огцом өсөөд байна. Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 20-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдах товтой. Энэ хурлаар төгрөгийн хувь заяаг хэлэлцэнэ. Хамгаалах уу, харзнах уу гэдгийг харах л үлдэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2690 санал өгсөн байна.

Дээшээ