АНУ, Хятадын зөрчил шинэ зах зээлүүдэд цохилт өгнө

Засгийн газрын мэдээ

2018-09-14 16:55 GMT+8

ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард АНУ болон Хятадын худалдааны дайн эрчимжиж, хэдийнэ хүндрэлтэй тулгараад буй шинэ зах зээлүүдэд цохилт болно гэж анхаарууллаа. Тэрбээр Аргентин, Туркийг хамраад буй хямрал хөгжиж байгаа ертөнцөд тархаж болзошгүй хэмээн үзэж байна.

Хатагтай Лагард Financial Times сонинд ярихдаа сангийн шинжээчид одоогийн хямрал олон оронд халдварлах шинжгүй гэж дүгнэснийг эш татав. Гэвч тэрбээр нөхцөл байдал түргэн хувирах болзошгүй бөгөөд шинэ зах зээлүүдэд год аюул учруулахыг онцлов. Мөн “тодорхойгүй ба итгэл алдагдсан энэ байдал бодитоор биелэхээсээ өмнө худалдаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод шинэ тариф ногдуулахаар бэлтгэж байгаа тухай мэдэгдлээс болж хоёр талын худалдааны зөрчил эрс хурцатсаны дараахан ОУВС-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ. АНУ-ын долларын чангаралтыг дагаад шинэ зах зээлүүдийн хувьцаа унасан нь мөнгөн тэмдэгтийг нь сулруулж, ам.доллараар нэрлэгдсэн олон тэрбумын өрөө төлж чадах эсэх асуудал үүсгэсэн.

Хөгжиж буй орнуудын хямрал татварын ба улс төрийн тодорхой асуудлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдыг түгшээсэн Аргентин, Турк мэт улсад төвлөрч байна. Гэвч Өмнөд Африк, Индонези, Бразил гэх мэт янз бүрийн орноос хөрөнгө зугтаж эхэлсэн нь их хэмжээний хямрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэв. Туркийн төв банк пүрэв гарагт хуралдаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн болАргентин ОУВС-д хандаж, 50 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгээ түргэтгэхийг хүслээ.

Хатагтай Лагард Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макрийн зарласан хэмнэлтийн бодлого тусламжийн гол шалгуур болно гэдгийг онцлов.

Тэрбээр ОУВС Аргентиний хүсэлтийг харгалзан зээлийн хуваарийг өөрчлөхөөр ярилцаж байгаа гэжээ. Хатагтай Лагард хэлсэн үгэндээ, АНУ-ын тариф Хятадын өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, нэгдсэн хангамжийн сүлжээний улмаас азийн хөршүүдэд нь эмзэг байдал үүсгэнэ хэмээв. Түүний үзэж буйгаар тарифын улмаас олон төрлийн барааны үнэ нэмэгдэх тул Америкийн доогуур орлоготой иргэдэд бас нөлөөлөх аж.

Тэрбээр “халдварт автаагүй газар оронд цохилт өгөх боловч хэсэгчилсэн нөлөө ажиглагдаж болзошгүй. Худалдаа бол ашигтай зүйл. Худалдаанд тодорхой байдал хэрэгтэй бөгөөд өсөлтийн хэрэглүүр, хөдөлгүүр болдог. Яг өнөөгийн нөхцөлд худалдаанд аюул занал учруулах ёсгүй” хэмээн анхааруулсан юм.

ОУВС-гийн тэргүүн цааш нь ярихдаа Аргентиний мөнгөний бодлого “тодорхой, ил тод, зөв, зах зээлд оролцогчдод зохих ёсоор мэдээлэгдсэн, харилцаа холбоог сайжруулсан” байх ёстойг сануулав. Ийм байдал ард иргэдийн валютын зах зээлд хандах итгэлийг сэргээж, эерэг нөлөө авчирна гэж зөвлөсөн байна.

Үүнээс гадна ОУВС ноён Макрийн хэмнэлтийн хөтөлбөрийг тэнцвэртэй төсвийг урьд төлөвлөснөөс жилийн өмнө хэрэгжүүлж чадах эсэхийг хянаж байгаа аж. Түүнчлэн эдийн засгийн шинэчлэл, түүний нөлөө зэргийг авч үзэх юм байна. Хатагтай лагард хэмнэлтэд илүү эмзэг буюу нийгмийн хамгийн эмзэг бүлэгт анхаарал хандуулахыг уриалжээ.

Гэвч Аргентиний сонгогчид ОУВС-гийн хэмнэлтийн хөтөлбөрт их дургүйцдэг. Лагардын хэлснээр “Аргентиний Ерөнхийлөгч шинэчлэлийн бодитой алхмуудыг төлөвлөгөөндөө тусгасан бол ОУВС түүний макро эдийн засагт үзүүлэх нөлөөг судлахаас гадна өрийн тогтвортой байдлыг тооцож, тус улстай хамтран ажиллах шаардлагатай” аж.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2701 санал өгсөн байна.

Дээшээ