Ц.Оюунгэрэл

"Нутгийн шийдэл" ТББ-ын тэргүүн
Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

 

-Танд нийгмийн зүтгэлтэн, улстөрч, зохиолч гэсэн дүрүүд харагдаад байна. Та чухам аль нь юм бэ? 

-Би номоо бичихээрээ зохиолч, жорлонгоо ярихаараа иргэний нийгмийн зүтгэлтэн болчихдог. Сая би НҮБ-ын хуралд иргэний нийгмийн зүтгэлтний байр сууринаас ярьсан. Тэгэхээр надад улстөрч, иргэний нийгмийн зүтгэлтэн, зохиолч гэсэн гурван дүр байна. Гэхдээ энэ гурван дүр хоорондоо зөрчилддөггүй. Би аль ч дүрээрээ ажилласан хүний эрхийн төлөө гэсэн ганцхан жанжин шугам намайг чирж явдаг.

Жорлонгийн төсөл рүү би хүний эрх ярьж байгаад л орчихсон. Би хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж бие засуулах вэ, хүүхдийг хэрхэн унагахгүй, ахмад хүнийг яавал суултуурт суулгах вэ. Энэ хүмүүсийн бие засах эрхийг яаж эвтэйхэн хангах вэ гэж бодож энэ сэдвийг даацтайхан судлахгүй бол шийдэгдэхгүй гэдгийг ойлгосон. Амар шийдэгдэх ажил биш юм байна, өөрөө л судлахгүй бол болохгүй юм байна гэсээр жорлонгийн идэвхтэн болчихлоо. 

-Улстөрч хүн өөрийн гол сэдэвтэй байх хэрэгтэй гэж би Таны ярихыг сонсож байсан. Тэр сэдвийг Та нийгмийн амьдрал дундаас олоод байна уу? 

-Би сонирхолтой сэдэв хөөцөлдөж улс төр хийдэггүй. Харин гол сэдэв бол байнга бий. Анх тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн асуудал намайг улс төрд оруулсан. Би хүний эрхтэй холбоотой асуудлыг маш их сонирхдог. Батаар гэхэд л үлэг гүрвэл гэхээсээ тусгаар тогтнолтой холбоотой асуудал байсан учир миний хувьд маш чухал байсан. Монгол Улсын тусгаар тогтнол соёл, соёлын өвөөр дамжиж хэрэгждэг. Тийм учраас Монгол Улсынхаа үнэт зүйлийг гадаадын хууль бус зах зээлээс олохын төлөө ажилласан.

Би хэдийгээр палеонтологийн сэдвийг улс төр, өөрийнхөө үйл ажиллагааны сэдэв болгоё гэж зориогүй ч цаад чухал үнэт зүйл нь намайг энэ сэдэв рүү оруулсан. Жорлон ч ялгаагүй. Ардчилал ч адилхан. Хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй, шударга шүүхтэй, иргэний нийгэм нь хүчтэй байх ёстой, иргэд нь сонгох эрхтэй байх ёстой, сонголтгүй зүйл тулгаж болохгүй гэх мэт ардчиллын суурь  зарчмууд намайг тухайн сэдэв рүү хөтөлдөг. Тухайн цаг үед анхаарал тавихаас аргагүй сэдвийг би гоцолж ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр улс төрд сэдвээ хайж байгаа залуучууд байвал сэдвээ хайхаас өмнө үнэт зүйлээ ол гэж хэлнэ. Тэр үнэт зүйлээ бэхжүүлэхийн төлөө дуугарч бай. Тэгэхэд таны сэдэв аяндаа гарч ирнэ гэж хэлмээр байна. 

-Та УИХ-ын сонгуульд ялагдсан жилдээ Ногоон нүдэн лам романыхаа хоёр дахь дэвтэр “Жаран цагаан хонь” романаа бичнэ гэсэн, бичээд гаргачихлаа. Одоо уран бүтээлийн ямар сонинтой байна вэ? 

-“Жаран цагаан хонь” номоо гаргаснаас хойш уран зохиол руу ороогүй байна. Энэ номоо гаргаад л би “Жорлонгоо өөрчилье” гэдэг ном бичээд эхэлсэн. “Жорлонгоо өөрчилье” номоо гаргачихаад шууд сургалтуудаа явуулаад эхэлсэн. Одоо миний толгойд хамгийн их буцалж байгаа контент бол би анх удаа кино зохиолын багт ажиллаж байна. 

-Ямар кино вэ. Сонирхолтой байна уу? 

-Киноны нэр нь нууц. Тэр киног зарлах болоогүй, зарлах эрх нь надад байхгүй. Би кино зохиолч биш, гэхдээ зохиолчтойгоо өдөр тутам ажиллаж байгаа. Маш сонирхолтой. Кино зохиол бичдэг, ажлаа хурдтай гүйцэтгэх чаддаг хүмүүстэй ажиллах сайхан байна. Би роман бичээд л уран зохиолын зах зух руу орсон. Роман бол бичлэгийн хувьд кино зохиолоос өөр. Би хүний бичсэн кино зохиолыг уншиж, хянах, зөвлөгөө өгөх ажил хийж байна. Гэхдээ энэ уран бүтээл зохиол бичих шатандаа л явна. Миний хувьд уран бүтээлийн цоо шинэ ажил. 

Шинэ зуунд технологийн хүчээр бидний хариуцлагын оноог тооцоод эхэлчихсэн 

-Орчин үед ямар залуу хүнийг XXI зуунд аялах тасалбараа авсан гэж үзэх вэ? 

-Боловсрол, технологи, хариуцлага. Энэ гурван зүйлд тийз авах хэрэгтэй. Хариуцлагагүй хүн энэ нийгэмд явахгүй шүү. Фэйсбүүк, твиттер зэрэг онлайн сүлжээнүүд энэ хүн нийгмийн сүлжээнд хэр зэрэг хариуцлагатай вэ гэж түүх үүсгэдэг болчихож. Тэр түүх нь виз авахад хамаарч байна. Нэг гадагшаа явъя гэтэл “Өө та чинь, твиттерт хүнийг янз бүрээр заналхийлдэг хүн байна шүү дээ. Ийм харгис хүнийг явуулахгүй” гээд виз өгөхөө больчихож. Нийгмийн сүлжээнд, амьдрал дээр ч таны хариуцлагын оноо XXI зууны маш том үнэлгээ юм билээ. Үнэлэмжийн систем асар нарийсаж байна.

Маш хариуцлагатай байх нь XXI зуунд сайн явах нэг жанжин шугам. Энэ жанжин шугам үеийн үед байсан. Гэхдээ нэг хэсэг эрэмбэ дараа алдагдаад зальтай нь болоод байгаа юм шиг, шударга нэг нь хамгийн сүүлд үлдэх юм шиг үнэт зүйлийн гажуудал үүссэн. Одоо энэ гажуудлыг технологи эргээд засаж эхэлж байна. Шинэ зуунд технологийн хүчээр бидний хариуцлагын оноог тооцоод эхэлчихсэн. Энэ үнэлэмжид өндөр оноо авч яваарай гэж залуустаа хэлмээр байна. Дээр нь боловсролын төлөө байнга тэмүүлдэг байгаарай. Юм уншиж, судалдаг, суурь үнэт зүйл түүхтэй нь судалдаг байгаарай, битгий хэтэрхий хялбар байгаарай гэж хэлмээр санагддаг.  Диплом авчихаад боловсролтой болчихлоо гэж тайвширч болохгүй. Жинхэнэ боловсрол ажил, амьдрал дээр өдөр тутам урд чинь байж байгаа. Тэрнээс байнга сурч явах хэрэгтэй. 

-Нийгэмд тодорхой байр суурьтай амьдрахын тулд сошиал орчинд олон дагагчтай, тодорхой байр суурьтай байх хэрэгтэй юү? 

-Сонголтын л асуудал. Хэзээ нэгэн цагт чамд олон хүний санал, дэмжлэг хэрэгтэй бол сошиалд олон найзтай байвал сайн л байна. Улстөрчид байнга л олон хүний дэмжлэгийг үгүйлж явдаг хүмүүс шүү дээ. Тиймээс сошиалгүйгээр улс төрийн дэмжлэг хэцүү. Бизнесийнхэн бараа, үйлчилгээгээ зарахын тулд сошиалаас тийм амар гарч чадахгүй. Харин иргэн хүний хувьд олон, цөөн найзтай байх, илүү нээлттэй байх эсэх нь тэр хүний сонголтын л асуудал.

Хүмүүсийн янз бүрийн эрэлт хэрэгцээгээ хангах технологи л өмнөх үеийнхнээс илүү байна гэсэн үг. Энэ технологийг ашиглах эсэх нь цэвэр сонголтын асуудал шүү дээ. Манай нөхөр бид хоёр гэхэд хоёулаа адилхан “Ногоон нүдэн лам”-аа бичсэн, хоёулаа адилхан номоо зарах хүсэлтэй. Тэр хүн сошиалд ямарч идэвхгүй. Би сошиалд жаахан идэвхтэй болоод өгөөч, гадаад зах зээл, борлуулалт энэ тэр гэхэд “Үгүй ээ, энэ бол миний сонголт” гэдэг. Уулздаг хүмүүстэйгээ уулзаад, найзуудтайгаа уулзаад л явж байя гэдэг. 

-Та ажлаа бүтэн жилээр төлөвлөдөг үү? 

-Том зорилтоо жилээр нь төлөвлөдөг. Тухайн жилдээ ийм л ажил амжуулна гэж төлөвлөсөн бол түүнийгээ яг л хийдэг. 2019 оны томоор нь харах зорилго бол шинэ, хямдхан жорлон. Илүү олон айлын жорлонг өөрчлөхөд тусалж чадах шинэ бүтээгдэхүүн гаргах. Би үүнд зориулж “Нутгийн шийдэл”-ийнхээ хамт олонтой хамтарч судалгаа хийх, энэ төслийг санхүүжүүлэх хөрөнгө босгох ёстой. 

-2020 он бол сонгуулийн жил. Та сонгуульд нэр дэвших үү? 

-Хэлж мэдэхгүй юм. Энэ сэдвийг би нээлттэй үлдээсэн. Надаас хамаарахгүй зүйл гарч болох учир ямар нэг төлөвлөгөө гаргаагүй. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд очиж байж жорлонгийн асуудал илүү хурдтай явна гэж үзэж байгаа учир өрсөлдөх л байх.

-Гадаадад амьдарвал илүү сурч боловсорно, хүүхдээ илүү сайхан орчинд өсгөж, хүмүүжүүлнэ гэх мэтээр мөрөөдөх залуус олон. Таны хувьд ч нөхрөө дагаад ийм бодолтой залуусын адилаар гадаадад  амьдрах боломж байсан? 
 

-Би улс төрд орохдоо гурван зүйлийн төлөө орсон гэж хэлсэн дээ. Тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх гэж. Яг үнэнийг хэлэхэд энэ бүхнийг хийхэд маш их хүн хүч, сэтгэл зүтгэл хэрэгтэй байдаг. Тэрийг гаднаас хийж болохгүй. Гадаадад байсан бол би сошиалд сэтгэгдэл бичихээс өөрөөр оролцож чадахгүй. Хууль батлахад оролцох, хүмүүстэй нүүр тулаад уулзаж чадахгүй. Тийм учраас би Монголдоо өөрчлөлт хийх, эх орондоо амьдрах орчныг илүү таатай болгох нь миний амьдралын зорилго гэх үү дээ. Тиймээс анхнаасаа надад Америкт амьдрах, ногоон картыг нь авах сонголт байсан ч би энэ сонголтыг авч хэлэлцэж  байгаагүй. 

-Эх оронч?

-Эх оронч гэж дөвийлгөх хэрэггүй байх. Миний хувийн зорилгод гадаадад амьдрах нь нийцээгүй. Миний хувийн зорилго бол Монголдоо амьдрах, Монголоо сайхан болгох. Тийм учраас би нөхрийгөө хувийнхаа зорилгод нийцүүлж, Монголдоо дагуулж ирсэн(инээв). 

-Таныг Америкт нисэхийн инженерээр төгссөн хүүгээ хүртэл “Хамгийн их проблемтэй газарт хамгийн их боломж байдаг. Проблемноос шийдэл, баялаг үүсдэг” гэж ятгаж Монголдоо ажиллуулах болсон тухай хүү тань залууст ярьсан байсан? 

-Тэгсэн. Хоёр хүүхэд маань бас л тэдний хуулийн дагуу ногоон карт авах, бүр иргэн нь ч болох эрхтэй байсан. 26 нас хүртлээ энэ шийдвэрийг тэд гаргах эрхтэй байлаа. Би хүүхдүүдийгээ нэг нь ч ногоон картны өргөдөл бичихгүй шүү, та хоёр монгол хүүхдүүд шүү гэж хүмүүжүүлсэн. Тэд ч минийхээр болж Монголдоо ажиллаж амьдрах бөөн итгэлтэй хүмүүс болцгоосон.

Идэр-Одыг олны өмнө яриа хийж байхыг нь би анх удаа үзэгчийн танхимаас сонслоо. Ээж ингэж хэлсэн гээд яриад эхлэхээр нь нээрээ тэгж байсан юм байна шүү гэж санасан. Ер нь л гэрт нэг асуудал болохоор би дандаа л хэлдэг дээ. "Наад асуудал чинь гоё драм байна, нэг юм болгооч. Далимд нь нэг шинэ зүйл судлаад аваач. Ийм гоё асуудал чинь чамд дахиж тохиохгүй шүү, ингээд хувиргачихвал ховор завшаан биш үү" гээд л явчихдаг юм. 

-Таны хүүхдүүддээ хэлэх дуртай үг? 

-Манай хүүхдүүд ээжийн амнаас хариуцлага гэдэг үг хамгийн их гардаг гэдэг. Ямар үг олон хэлдгээ би мэдэхгүй байгаа юм. Хүүхдүүдээ багаас нь бие даасан, шийдвэр гаргах чадвартай, хийж байгаа зүйлдээ хариуцлага хүлээх чадвартай хүн болгохыг хичээсэн. Хариуцлагатай бай, амьдрах чадвартай бай гэж хамгийн их хэлдэг байсан гээд манай хүүхдүүд инээдэг. Ямар ч бага мөнгө өгсөн наадахаа хүргэ, болго гэсэн зарчмаар л ханддаг даа. 

-Хүсэл эрмэлзэл дүүрэн залуус Таныг цахим орчинд дагаж, Таны лекцийг сонсох дуртай байдаг. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ? 

-Энэ зун би Швейцарь, Швед, Финляндаар явлаа. Өндөр хөгжилтэй гурван орноор яваад нэг л зүйлд маш атаархлаа. Тэр улсын залуучуудын мэдлэгтэй, өндөр боловсролтой нь үнэхээр харагдаж байна. Тэд дэлхийн 4-5 хэлээр ярьж, дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авч байна. Шинэ бүтээл, шинэ бүтээгдэхүүн, инновацид маш их цаг зарцуулж байна. Энэ улсууд өмнөх үеийнхнийхээ бүтээсэн баялгийн ихээхэн хэсгийг залуучуудынхаа гаргасан шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнесийг дэмжих зээл олгоход зарцуулж байна. Хаашаа л харна бизнес инкубатор, старт-ап инкубатор, инновацийн төвүүд. Тэгэхээр залуу байгаа дээрээ толгойдоо л их зүйл хий, залуу дээрээ сур. Монгол хүний ямар л чадвар байна, тэр бүхнээ ашиглаад сурахад маш их цагийг зарцуул гэж залуустаа хэлмээр санагдсан. 

Дахин хэлье, дээр нь маш хариуцлагатай бай. Ахмадууд хариуцлагагүй юм чинь гээд залуучууд дуурайж болохгүй. Та нар бидний үеийнхнийг дуурайх биш, гаднын залуусыг өөрийнхөө өрсөлдөгч гэж харж, хариуцлагатай бай. Тэнд хууль, экологийн хариуцлага маш чанга, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа залуус хэний ч бүтээлээс хуулахгүй, худлаа хэлэхгүй. Иш татах зүйлүүдээ ном ёсоор иш татаад, хэнээс ямар санаа иш татсанаа ном ёсоор нь хэлээд, оюуны өмчийг дээд зэргээр хүндэлж байна. Маш ухаалаг, хэмнэлттэй амьдарч байна. Тэд дугуй унаад л давхиж байна. Сайндаа л мопед унаж байна. Байгаа мөнгөндөө санхүүгийн сахилга баттай амьдрахыг Европын залуус харуулж байна л даа. Би Европын хотуудад очихоороо байнга л алхчихдаг. Тэнд алхаж яваа, дугуй унаж байгаа хүмүүс нь дан залуус байгаа болохоор тэдний эрч хүч их мэдрэгдлээ. 


 

“Ногоон нүдэн лам”-ынхаа англи эхийг “Амазон”-д гаргана

-2016 оны сонгуульд ялагдсанаас хойших энэ дөрвөн жил Таны хувьд ямар байна вэ? 

-Их л завгүй явна. УИХ-ын гишүүн, сайд байхад бүр их завгүй байлаа. Гэхдээ төрийн ажил хийгээд завгүй явах, өөрийнхөө төлөвлөснөөр уран бүтээл хийгээд завгүй явах хоёр ялгаатай. Төрийн ажилд УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаан, яамны ажлын хуваарь зэрэг ажлын хуваарьт уягдаж, тэр хуваарийн дагуу гүйсээр байгаад цаг их алддаг. Олон хүний хамтын ажил учир бүтээмж санаснаар болохгүй. Өөрөө завгүй байгаа энэ дөрвөн жилийг юунд зарцуулмаар байна гэж өөрөөсөө асууна. Эхний жилд “Жаран цагаан хонь” романаа бичсэн.

Хоёр дахь жилийг “Жорлонгоо өөрчилье” төсөлд зарцуулсан. Одоо гурав дахь жилийг жорлонгоо өөрчлөхөд 70 хувь, кино зохиолд 30 хувийг зарцуулахаар хуваарилсан. Нэмж ном бичих цаг гарахгүй байх. “Жаран цагаан хонь”-ийг үргэлжлүүлж бичих,  романы туршид сонирхолтой байх хэмжээний драмтай материал цуглараагүй байна. Харин нөхөртэйгээ “Ногоон нүдэн лам”-ынхаа англи хувийг Амазон дээр гаргах зөвшилцөлд хүрсэн. Манай нөхөр энийг зөвшөөрөхгүй, уламжлалт хэлбэрээр гаргая гээд Амазонд  гаргахыг зөвшөөрөхгүй олон жил болсон. Хамтран зохиогчоосоо зөвшөөрөл авч байж гадаад зах зээлд гаргах ёстой. Жефф бид хоёр ирэх он гаруут англи номоо гадаад зах зээлд гаргах том зорилго тавиад байна. 

-Франц хэлнээ гаргачихсан шүү дээ, борлуулалт нь ямар байгаа бол? 

-2017 оны арваннэгдүгээр сард Франц хэлнээ гаргасан. Бидэнд 2018 оны борлуулалтын мэдээ ирээгүй. Өнгөрсөн жилийн сүүлийн нэг сарын боруулалтын мэдээ ирсэн. “Ногоон нүдэн лам” Монголд гарсан эхний сардаа 2008 онд 3000 хувь борлогдож байсан. Францад гарсан эхний сардаа 4400 хувь борлогдсон байсан. Энэ жилийн мэдээ шинэ он гарсны дараа ирнэ. 

-Борлуулалтын нэг сарын дүнгээс харахад Европчууд Монголын уран зохиолыг их сонирхож байна гэсэн үг үү? 

-Нэг сарын дүнгээр харахад маш сайн борлуулалттай байж. Тэр байдал жилийн турш үргэлжилж чадсан эсэхийг жилийн эцсийн мэдээллээс л харагдана. Хэвлэлийн газраар (publishing house) ном хэвлүүлэхэд мэдээ авах, төлбөр хийгдэх, сурталчилгааны процесс ямар байдгийг сая Францын зах зээлд зах зухаас нь харлаа. Харин одоо онлайн дээр номын бизнес ямар байдгийг харьцуулах боломжтой болно. Тэгсний дараа дээрх хоёр хувилбарын алинаар нь “Жаран цагаан хонь” номынхоо бизнесийг хийх нь зүйтэйг шийднэ. 

-Та өнөөг хүртэл 20-иод ном бичиж, зах зээлд гаргажээ. “Ногоон нүдэн лам”-аас гадна “Америкт сурсан тэмдэглэл”, “Гэрт болсон яриа” гэх мэтээр олон ном тань борлуулалтаараа тэргүүлж байсан. Энэ номнуудаас хэр орлого ордог вэ?

-Намайг хэдэн номнууд маань тэжээж байна шүү дээ. Ном гаргахаас өмнө, гэрлэсэн эхний гурван жилдээ нөхрөөсөө байнга мөнгө гуйдаг байлаа. Байр, хувцас хунар, хоолны мөнгө гээд л бүх юмаараа нөхрөөсөө хараат байсан үе бий. Ном гаргаснаас хойш нөхөр намайг “Чи надаас мөнгө гуйхаа больчихож” гэдэг болсон. Номнуудыг маань байнга авч уншиж буй уншигчдадаа энэ дашрамд "Баярлалаа" гэж хэлмээр байна. Уншдаг ард түмэнтэй байхад ном бичээд сайхан амьдарч болдог юм байна.

Монгол хүний ямар л чадвар байна тэр бүхнээ дайчилж, сурахад маш их цагийг зарцуул

-Сурахад тийм их мөнгө хэрэгтэй юү? 

-Үнэтэй газарт, тансаг орчинд сурна гэхээс илүү манай залуус гэрийн даалгавраа гэртээ хийж сурах хэрэгтэй. Гадаад хэлийг Монголд ямар ч сургалтгүйгээр хичээл зүтгэлээрээ сурах бүрэн бололцоотой. Бага зэргийн мөнгө төлөөд сайн чанарын хэлний боловсрол олж авах боломжтой. Хамгийн түрүүнд хэлийг гэртээ сур. Цаашид мастер, докторт тэтгэлэгтэй хөтөлбөрийг хай, үнэхээр олдохгүй бол төлбөрийн тухай бод. 

-Та өөрийгөө дайчлах, гэртээ сурах аргыг хамгийн сайн хэрэгжүүлсэн тухай уншиж байсан? 

-Надад төлбөр төлж сурах мөнгө байгаагүй. Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах гэдэг зарчмаар л амьдарч ирсэн. Мөнгө багатай үед хамгийн сайн боловсролыг  олъё гэвэл гэртээ сууж, хичээх л хэрэгтэй. Номоо их унших, үгээ сайн цээжлэх, судалгаагаа гэртээ хийх хэрэгтэй. Интернэт хямд байна гэдэг чинь дэлхий үнэгүй ороод ирлээ гэсэн үг. Бүр гадаадад суръя гэтэл ар гэрийн амьдрал хэцүү, зардал мөнгө их гарах гээд байвал онлайнаар сурах боломж маш их болсон. Ялангуяа Финлянд, Швед, Швейцарийн дээд сургуулиудад онлайнаар суръя гэвэл үнэ төлбөргүй юм билээ. 

-Та гэртээ оюутнууд суулгадаг байсан. Яагаад оюутан суулгахаа болихоор шийдэв ээ? 

-1998-2018 он хүртэл 20 жил гэртээ оюутан байлгалаа. 20 жилийн дараа анх удаа , “Жаран цагаан хонь” номынхоо буянаар байраа ч бас заслаа (инээв). Цоо шинэ байртай боллоо. Гэртээ шинээр оюутан авах эсэх тухай асуудал яригдахад хүүхдүүд, гэр бүлийнхнээсээ асууя гэж бодлоо. Өмнө нь би дандаа ганцаараа шийддэг байсан. Анх удаа гэрийнхнээсээ асуутал манайхан “Байлгахгүй” гэж шийдсэн.

Ялангуяа манай нөхөр “Надаас ингэж асуугаасай гэж бодож байсан. Энэ удаа би байлгахгүй гэсэн санал өгье. Чамд угаалга цэвэрлэгээ хийхэд туслалцаа хэрэгтэй бол хааяа цагийн ажилтан аваад ажиллуулчихаж бай” гэж зөвлөсөн. Тэгээд гэр бүлийнхнийхээ олонхийн саналаар оюутан байлгахгүйгээр шийдсэн. Гэхдээ одоо манайд хоёр оюутан байгаа. Манайд хамгийн сүүлийн жилд амьдарч байгаад сургуулиа төгссөн хоёр. Тэр хоёр маань гэрлээд тусдаа гартлаа манайд амьдрах эрхтэй үлдсэн. Хугацаагүй эрхтэй үлдсэн, тэр хоёртоо манай зээ охин ч дассан учир амар л байдаг. 

-Оюутнууд гэрийн ажилд тусалдаг байх. Танай ах дүү, хамаатан садны хүүхдүүд үү?

-Дийлэнх нь хамаатан садны хүүхдүүд дээ. Гэрт оюутан байлгахад 2-3-хан зарчимтай. Хоол, ариун цэврийн хэрэгслийг манайх даана, унтах ор, хичээл хийх бололцоогоор хангана. Тэгээд л хувиараар хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, угаалгаа хийнэ. Нэг оюутныг бүх ажилд дайчлахгүй. Тийм учраас би 2-4 оюутан гэртээ байлгадаг. Гэрийн ажлын хуваарьт манай хоёр хүүхэд ч адилхан орно. Тэгэхээр нэг хүүхэд долоо хоногт хоёр л хоол хийх хуваарь ноогддог. Гэхдээ “Хичээлээ тасалж болохгүй, тасалбал манайхаас шууд явна” гэсэн тохироотой. Манай оюутнуудаас тэгж факталсан хүүхэд байхгүй дээ, төгсөөд л хоолондоо хүрээд явцгаасан. 

-Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна? 

-Кино үзнэ, зээтэйгээ тоглоно. Идэрээг (хүү) уривал хааяа “UB Comedy” очиж үзнэ.  

-Та хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын хуралд оролцоно гээд ярилцлагаа хойшлуулсан. Ямар хуралд оролцоод ирэв?

-НҮБ-д хүний эрхийн цуврал хуралдаанууд боллоо. Монгол Улс НҮБ-ын  Хүний  эрхийн  зөвлөлийн гишүүн орон  учир  идэвхтэй  оролцож  байна.  Монгол  Улсын  Швейцарь  дахь  байнгын төлөөлөгчийн  газар,  Хүний эрхийн  зөвлөлийн  Хөгжих  эрхийн  хэлтэстэй  хамтран хөгжих эрхийнхээ хүрээнд  ус,  ариун  цэврийн  асуудлаар  иргэдийн  идэвхтэй  оролцоойгоор ямар  өөрчлөлт  гаргах  боломжтой  вэ  гэдэг  асуудлаар  арга  хэмжээ  зохион  байгуулсан. Энэ арга хэмжээнд илтгэгчээр оролцоод ирлээ. Хуралдааныг Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлсэн. Хурлыг Хөгжих  эрхийн  хэлтсээс даргалж,  зохион байгууллаа. 

Ус ариун цэврийн асуудлаар Монголд ирж жорлонгийн асуудал судалж байсан НҮБ-ын тусгай  элч  Лео  Хеллер  гуай  илтгэл  тавьсан.  Мөн  хөгжих  эрхийн  асуудлаар Хүний  эрхийн  түгээмэл  тунхаглалд  тусгасан  хөгжих  эрхийн  асуудалд иргэд  хэр  идэвхтэй  оролцож байна вэ,  хөгжилд  иргэдийн  оролцоог идэвхжүүлэхэд  юу  шаардлагатай  вэ  гэдэг  асуудлаар  хөгжих  эрхийн тусгай  элч  үг  хэлж  байна  лээ.  Тэр  хоёр Тусгай  илтгэгчийн  дараа  би “Жорлонгоо  өөрчилье”  төслийн  хүрээнд  иргэний  нийгмийн байгууллагын удирдлага,  иргэдийн  оролцоотойгоор  жорлонгоо  өөрчлөх  ажил  Монголд яаж явагдаж буй талаар ярилаа.  Хөгжилд  иргэдийн  оролцох  эрх  хангагдаж,  иргэдийн  үүсгэл санаачилгаархөгжлийн тодорхой асуудал хэлэлцэгдэж байна гэдэг утгаар Монгол 
сайн жишээ болж уригдсан юм билээ. 

-Хуралд олон орны төлөөлөгч оролцсон уу?

Гол илтгэгч нь би байсан. Тусгай илтгэгч нар нь Олон улсын конвенцуудаа бариад ярьчихдаг. НҮБ-ын  Тогтвортой  хөгжлийн  зорилтыг хангахад  иргэдийг  яаж  оролцуулах  вэ,  нөгөө  илтгэгч  нь  хөгжих  эрхийг хангахад  иргэдийг  яаж 
оролцуулах вэ гэдэг сэдвийн хүрээнд ярьсан. Энэ хоёр  байр  суурины  уулзвар  цэг  нь  жорлонгоо өөрчлөх хөдөлгөөний маань жишээ болж  байгаа  юм.  Тиймээс  би  гол  илтгэгчээр оролцсон юм билээ. 

Намайг илтгэл тавьсны дараа хуралдаанд оролцогчид баяртайгаар  алга  ташиж  хүлээн  авсан. Ер нь НҮБ-ын  хуралд  ороход  хүмүүс асуудлыг сэтгэлийн  хөдөлгөөнөөр хүлээж авдаггүй. Монголчууд цаг агаарын хувьд бусдаас нэлээд  өөр,  эрс  тэс,  эдийн  засгийн  хувьд сул дорой, дэд бүтцийн бэрхшээлтэй нөхцөлд жорлонгоо өөрчлөх шийдлийг олон янзаар хайж байгаад баяр хүргэж байна лээ. Тэр нь надад сайхан санагдсан. 

-Жорлонгуудыг хэр өөрчилж байна вэ? 

-Жорлонгоо  өөрчилье  төсөл  эхний  жилийнхээ  дүнг  олон нийтэд танилцуулахаар  бэлдэж  байна.  Энэ  дашрамд  хаа  нэгэн  газар,  хэн  нэгэн  хүн жорлонгоо  өөрчилсөн  бол  уралдаанд оролцох боломжтой. Бид 11 дүгээр сарын эхэн хүртэл уралдааны материал хүлээн авч байна. Уралдаанд материал ирүүлэхийг хүсэгчид "Нутгийн Шийдэл"-ийн гүйцэтгэх захирал Б.Номинзултай 99108092 утсаар харилцаж болно.

Таван  төрлөөр шилдгийг  шалгаруулах  уралдаан  зарласан.  Та  “Жорлонгоо  өөрчилье”  номыг  уншсан  бол  хамгийн сүүлчийн хуудсыг уншаарай. Сүүлчийн хуудсанд  “Нутгийн  шийдэл” сангийн хаягтай  уралдааны болзол бий. Тэр болзлыг  хангасан бол  жорлонгоо  өөрчлөхийн тулд ийм  ажил хийлээ гэж материалаа ирүүлбэл шалгаруулалтад оролцуулж, шилдгүүдийг тодруулна. 

-Манайх шиг модон жорлонгоосоо салаагүй улс хөгжсөн оронд ч байдаг юм байна?

-Хаа сайгүй  л  модон  жорлон  байна.  Дэлхийн  хүн  амын  тал хувь    нь  ариун цэврийн  нөхцөл хангасан эрүүл жорлонгоор хангагдаж чадаагүй. 2030  он гэхэд  бүх  нийтээрээ  эрүүл, аюулгүй жорлонтой болъё гэдэг хөдөлгөөн дэлхий  даяар  өрнөж  байна.  Тогтвортой  хөгжлийн зорилтын 6-д жорлонгоо өөрчилье гэж байгаа. Тэгэхээр  дэлхийн  тогтвортой  хөгжлийн  төлөө  хийж байгаа  бас  нэг  ажил  юм.  Хэдэн  хүн  жорлонгоо  өөрчилсөн  гэх тоо бидэнд алга. Бид нэг жилийн ажлаа дүгнэж, тодорхой тайлан мэдээтэй болно. Энэ тайлан мэдээг 11 дүгээр сарын 19-нд  олон  нийтэд  зарлана. 

Тэр  хүртэл аймаг,  орон  нутаг  дахь  бүх  зөвлөхүүд,  уралдаанд  оролцогчдоороо  дамжуулан мэдээлэл цуглуулна.  Нүдэн  дээр  харагдаж  байгаа  сайн  зүйл бол  олон нийт, хэвлэл мэдээлэл, бизнесийнхэн ч жорлон гэдэг үгнээсайхаа больсон. 
Бизнесийнхэн жорлон хийнэ, хийлгэнэ гэсэн зарыг чөлөөөтэй  рекламддаг  болсон.  Энэ  нь  зах  зээлийг  нээж  байгаа  юм. Жорлонгийн асуудлаар  бизнес  хийж  байгаа  компаниуд  төрж байгаань нэг амжилт гэж бодож байгаа. 

 

Хүнийг хөгжүүлэхгүй хэтэрхий удаан орхих нь хүний эрхийн зөрчил гэж үздэг

-Таны хэлсэн хөгжих эрх бол хүний эрхтэй адил хэмжээний эрх байх, тийм үү?

-Ямар ч улс оронд иргэдийнхээ оролцоог хангаж, иргэддээ нээлттэй хөгжих нь хүний салшгүй эрх мөн гэж томъёологддог юм билээ. Өөрөөр хэлбэл, улс хөгжих гэж байгаа нь энэ гээд өөрт чинь мэдэгдэхгүйгээр танай гэрийг шууд нураагаад зам барьж болохгүй гэсэн үг. Хөгжилд иргэн оролцох эрхтэй. Энүүгээр зам барих гэж байгаа бол надад эхлээд хэлэх хэрэгтэй. Надад нөхөн төлбөр өгч байж миний газрыг авах ёстой. Тэгээд хүүхдээ ч хөгжүүлж чадах, өөрөө ч ажилд орох боломжтой байршилд нүүж очих эрхтэй. Хөгжих эрхийн конвенц бол иргэнд зориулсан конвенц, хөгжлийн нэрээр хүний эрхийг хамаагүй зөрчиж болохгүй.

Дээр нь хөгжүүлэхгүй хэтэрхий удааж хүмүүсийг хөсөр хаяж болохгүй гэсэн утга санаанууд бүхий тунхаг юм. Жишээлбэл, бохир жорлонтой нь аюултай байдалд, үгээгүй ядуу удаан байлгаж болохгүй. Яаж ажилтай, мөнгөтэй болгох вэ гэж хамтарч санаачилга гаргаж байх ёстой. Жорлонгоо өөрчилье хөдөлгөөн иргэдээ насанд туршид нь өмхий, аюултай орчинд бие засуулахгүй гэж тэмцэж буйгаараа хөгжих эрхийн төлөө тэмцэж байгаа. 

-Тэгэхээр Монголд хөгжих эрхийг хангах яагаа ч үгүй байх шиг. Та юу гэж бодож байна? 

-Манай улс бол хөгжих эрхийг маш дутуу хангаж байна. Хуульд хөгжих эрхийг хангасан тодорхой заалтууд байдаг. Жишээлбэл, ажлаас халбал гэнэт халагдсаны мөнгө өгдөг. МСҮТ-үүдэд үнэ төлбөргүй сургалтууд явагддаг, насан туршийн боловсрол олгодог гэх мэтээр хүнийг хөгжүүлэх зүйлүүд байдаг. Дээр нь манай Нийтийн сонсголын тухай хууль хөгжих эрхийг хангах маш том хууль юм билээ. Энэ хуульд танай орон нутагт хог хаягдал, зам ус зэрэг дэд бүтэцтэй холбоотой том том асуудлыг шийдэх гэж байгаа бол иргэдээ заавал оролцуулж, иргэдийн саналыг авсан байх ёстой гэдэг. Хөгжих эрхийг хангах хамгийн гол зүйл нь иргэд хөгжлийн асуудалд зориулах төсвийн хэдэн хувийн шийддэг вэ? гэдэг асуултад л хариулдаг юм байна. Иргэд нэг ч төгрөг шийдэх эрхгүй бол хөгжих эрхэнд оролцох эрхгүй л гэсэн үг.

Мөн иргэдэд мэдээлэл өгч байж иргэдийн саналыг авна. Мэдлэггүй хүнээс санал асуувал хөгжих эрхийн зөрчил болдог. Мэдээлэл өгч байж үнэ цэнэтэйгээр саналыг нь ав гэдэг. Манай “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн хүмүүст мэдээлэл хүргэх зорилготой байсан. Бидний сургалтад суусан хүмүүс эрүүл ахуй, стандарт, хууль эрхзүйн мэдээлэлтэй болж, манайд ямар жорлон тохиромжтой вэ гэдэг сонголт хийгээд, ийм жорлон тохиромжтой юм байна гэсэн шийдлээ олоод тардаг. Хүмүүст энэ талаар багц мэдээлэл өгсөн учир бид нар бүтэн жилийн турш хөгжих эрхийн төлөө ажиллажээ. Энэ зун жорлонтой холбоотой бизнес хийсэн старт-ап компаниуд амжилттай ажилласан. Жишээлбэл, Энэ жил маш их үер болсон. Үерийн дараа гэдэсний халдварт өвчин тархдаг шүү дээ. Гэтэл энэ жил халдвар аюултай түвшинд тархаагүй. Яагаад тархаагүй гэж бодож байна?

-Жорлонгоо сайжруулсан юм болов уу? 

-Жорлонгоо хангалттай сайжруулж амжаагүй. Гэхдээ “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний хүрээнд жорлонг ариутгадаг компаниудыг бид маш их сурталчилсан. Эдгээр био тек компаниудын хүчээр маш олон бохир жорлонг ариутгасан. Жорлон үерт хальсны дараа гадуур урссан бохирыг богино хугацаанд бактериар идүүлж, цэвэрлэх ажиллагаа явагдсан. Биотехнологийн аргаар манай монголчууд халдварт өвчнийг багасгасан. Энэ бол “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний нэг том үр дүн гэж боддог. Жорлон гэдэг ганцхан модон жорлон төдий барилгын материалын асуудал биш барилга угсралт, тэрийг биологийн аргаар удирдаж, менежмент хийх биотек компаниа хөгжүүлэх асуудал.

Мөн бордоошуулах компани, жорлонг янз бүрийн нөхцөл байдалд тохируулж технологийг өөрчлөх технологийн сонголтын компаниудыг дэмжлээ л дээ. Бид нар өнгөрсөн өвөл “Жорлонгоо өөрчилье” номоо бичиж дууссан. Өвлөөс хойш хаваржингаа 21 аймгаар явж, жорлонгоо өөрчлөх талаар сургалт явуулсан. Зун нь жорлон барьж, ариутгаж, био бордоо хийдэг компаниудыг гурван сарын турш дэмжиж сурталчилгааг нь үнэ төлбөргүй хийж өгсөн. Хамгийн сүүлд одоо бид нар жорлонгийн зээл олгох банкуудтай хамтарч ажиллаж эхэллээ. Хамгийн түрүүнд Капитрон банк жорлонгоо өөрчлөх хүмүүст зориулсан бичил зээл гаргахад нь хөрөнгө босгох ажлыг хамтран зохион байгуулж байна. Одоо бид нар банкиудад туслах шатны ажилдаа орж байна гэсэн үг. 

-Боловсон, эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой болоход хэр зэрэг өртөг хэрэгтэй вэ? 

-Зах зээл дээр нэг айлын жорлон хамгийн хямддаа 1,5 сая төгрөгөөр босож байна. Үнэтэй нь 2,5 сая төгрөг, бүр септик танктай системээр нь хийлгэе гэвэл 15 сая төгрөг болж байна. Энэ нь бага болон дунд орлоготой, жинхэнэ жорлонгоо өөрчлөх шаардлагатай массд арай үнэтэйдээд байна. Тэгэхээр бид 1.5 сая төгрөгөөр жорлонгоо өөрчилье гэвэл урт хугацааны, бага хүүтэй зээлийг нь бэлэн байлгах хэрэгтэй гэж үзсэн учир Капитрон банктай хамтарч ажиллаж эхэллээ. Вьетнам, Камбож зэрэг улсад 200 ам.доллараар хийж болох жорлон манай нөхцөлд үнэ нь өсөөд 650 доллараас наашгүй болчихоод байна. Монголд хүйтэн учир тэр нь хагарна, эвдэрнэ. Тэгэхээр арай бат бөх юмаар хийх хэрэгтэй. 

-Жорлон яриад эхлэхэд үүнээс өөр хийх ажилгүй юм байх даа гэх мэтээр шүүмжлэгчид олон байдаг. Тэгвэл жорлон яагаад чухал гэж?

-Хамгийн энгийнээр тайлбарлавал эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ. Бохир жорлонгоос олон өвчин үүсдэг. Жорлонд ялаа сууж өвчин дамжуулдаг. Жорлонгийн бохир гүний усанд шимэгдэж ороод, хөрсний усыг бохирдуулж, усаар дамжин өвчилж байна. Гуравдугаарт, бохир жорлонд хүүхэд, хөгшид унах, хальтрах зэргээр эрсдэлтэй. Мөн жорлонг цэвэрлэхгүй бол бактер вирусууд агаар бохирдуулж, агаар дуслын замаар өвчин дамжина. Жорлонгоо өөрчилбөл агаар дуслын замаар дамждаг, усаар дамждаг өвчин багасна, дээр нь жорлонтой холбоотой гэмтэл бэртэл буурна. Энэ бол хамгийн эхний ач холбогдол. Цаашлаад хүний нэртэй төртэй амьдрах эрх гэж бий. Тав тухтай бие засах, эрхэмсэг орчныг бий болгоно гэсэн үг. 

-Манай аялал жуулчлалын салбарт ч шийдэгдээгүй хамгийн гол асуудал нь жорлон шүү дээ? 

-Аялсан хүний сэтгэгдэл Монголд дараагийн аялагч ирэх эсэхийг шийддэг. Жуулчны хувийн сэтгэгдлийг таатай байлгахад нөлөөлдөг гол зүйл нь жорлон байсан. Нэг хэсэг бид чинь хоолгүй, Монголд ногоо байхгүй, зууш байхгүй гэж шүүмжлүүлдэг байлаа. Бууз, хуушуур, хорхог идсээр байгаад гүйлгэж туулгасаар ирлээ гэж гадаадынхан бичдэг байв. Одоо бол Монголд хоолны сонголт өргөн. Цагаан хоол, төрлийн бүрийн ногоо Монголд байна гэж бичдэг болсон байна лээ. Одоо бид нар жорлонгоороо муулуулж байна. Жорлонгоо өөрчилбөл жуулчин ирэхэд таатай орчин бүрдэж, жуулчны тоо нэмэгдэнэ л гэсэн үг. 

-Таныг жорлонгоо өөрчилье гээд ажиллаад эхлэхэд 2020 оны сонгуульдаа бэлдэж байна гэж сошиалаар бичээд байна л даа. Тийм үү?

-Жорлонгоо өөрчилье төслөө 2017 оны 11 дүгээр сарын 19-нд эхлээд 2018 онд 11 сарын 19 буюу дэлхийн жорлонгийн өдөр хаая гэж төлөвлөсөн. Жорлонг улстөрөөс хараат бус байлгая, тэгж байж бүх хүмүүс жорлонг зөв ойлгох ёстой гэж бодсон. Ажиллаад эхлэхэд нэг жилийн дотор хийдэг ажил биш юм байна. Хоёрдугаарт, хүмүүс наад ажлаа битгий зогсоогоорой, бүх жорлонг өөрчлөгдтөл тууштай байгаарай гэж шахаж байна. Бүх жорлонг өөрчлөхийн тулд нэлээд мөнгө босгож, олон хүнийг зээл авах боломжтой болгох ёстой. Жорлонгийн өртгийг хямдруулахын тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй. Зохион бүтээгч нарт судалгааг нь хийж өгөх хэрэгтэй гэх мэтээр хийх ажил маш  их байна. Бүх хүнд хэрэглэхэд, төлөхөд хялбар жорлонтой болохын төлөө явахаас аргагүй болсон. 

-Тэгвэл та 2019 онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? 

-Төслөө үргэлжлүүлнэ, сургалт, олон нийтэд нөлөөлөх ажлаа үргэлжлүүлнэ. Дээр нь би жорлон бүтээхэд оролцохоос өөр аргагүй болж байна. Тэгэхээр 2019 онд энэ ажлыг үргэлжлүүлэн хийх нь. Тэгэхээр 2020 онтой золгоход сонгууль гэж ойлгоно уу, яана хүслээрээ л болох байх даа. Би эхлүүлчихээд дундаас нь хаях эрхгүй болсон. 

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.  

 

Санал болгох

Хаан хөгжмийн хатан төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг “GoGo Cafe”-ны энэ удаагийн зочин. Хөгжим, бүжгийн дунд сургуулийн сурагч 15-хан настай охин П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сурахаар Москва руу явж байв. Улмаар П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөн, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн сонгодог урлагийн содон төлөөлөл. Тэрбээр Орос, Хятад, Япон, Болгар, Мексик, Канад, Өмнөд Америк, АНУ, Украйн, Итали, Испани, Швед, Унгар, Герман зэрэг олон орны алдартай танхимуудад тоглож, төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлсэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тоглогч. Нью-Йоркийн алдарт “Карнеги холл”-д уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч. Гадаадад олон жил амьдарч тоглолтоос тоглолтын хооронд аялсан С.Саянцэцэг сурсан эрдмээ хүүхэд залууст зааж, Монголоос дэлхийд үнэлэгдэх тоглогч төрүүлэхээр 25 жилийн дараа эх орондоо ирсэн. Саяа багш 1992 оноос хойш олон чадварлаг шавь төрүүлж, олон улсын тэмцээн уралдаанд эхний гурван байр эзлүүлж, амжилттай оролцуулжээ. Тэдгээрээс хамгийн сүүлийн сайхан мэдээ гэвэл ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын анхны олон улсын тэмцээнд түүний бяцхан шавь Хөгжим бүжгийн коллежийн сурагч есөн настай О.Нандин гуравдугаар байр, зургаан настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлжээ.

С.Саянцэцэг: Би эх орондоо мэргэжлийн амбийц, тодорхой зорилготой ирсэн

2018-04-15 77 918 Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2812 Дэлгэрэнгүй
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 89 809 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 36 3267 Дэлгэрэнгүй

Дээшээ