Монголын кино урлаг сүүлийн үесэд мэргэжлийн чиг хандлага руу эргэн эргэж байх шиг байна. Ерээд онд самууран бужигнаж сайн дурын уран сайханчдын дэвжээ болон хувирч ашиг орлого арилжааны чиглэлээр өнгө мөнгөний өнцөг давамгайлах болсон монгол киноны шар урсгал хоёр мянгаад оноос татарч эдүгээ шинэ давалгаа эхэлсэн нь мэргэжлийн чиг хандлагыг эрхэмлэх болсонтой уялдаатай юм. Энэ нь монгол кино урлагийн хөгжлийн өнөөгийн шаардлага, шалгуур билээ.
Монголд жил тутам хэдэн арван кино дэлгэцэнд шилжиж байна. Тэр тусмаа үндэсний болон олон улсын кино наадамд оролцох нь онцгой сонин тохиолдол бус хэвийн үзэгдэл болон хувирлаа. Үзэгч түмний кино урлагт хандах элгэмсэг хандлага үлэмж өсөв. Энэ бүхэн сайн хэрэг. Тиймээс гадаад дотоодын мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид манай кино урлагийн хөгжлийн шинэ давалгааг анхааралтай ажиглаж байна. Тэд удахгүй үгээ хэлж эхэлнэ. Тэдний хэмжүүр дэлхийн чиг хандлага, мэргэжлийн стандарт байх болно.
Кино бол урлагийн бие даасан том төрөл. Тэр тусмаа урлагийн бараг бүх төрлийг нэгтгэж, нийлэгжүүлж цомнон бүтээдгээрээ манлайлах урлаг юм. Нэн ялангуяа уран зохиолд суурилсан урлагийн нэг нь кино гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл кино зохиолгүйгээр кино бүтээх тухай ойлголт байж болохгүй бөгөөд харин ч түүнд мэргэжлийн шаардлагыг хүчтэй тавьж гэмээ нь бусад төрлийн цөм нэгдлийг буй болгож сайн кино туурвиж чадна.
Кино зохиол нь бие даан бичигдэхийн зэрэгцээ аль нэг зохиолоос сэдэвчлэн /adapted screenplay/ бичиж бас болдог. Тэгэхдээ бие даасан буюу эх кино зохиолыг /original screenplay/ мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, мэргэшсэн кино зохиолчийг бэлтгэх тухай ярих нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна. Эдүгээ эх кино зохиолыг дагнан бичиж буй зохиолч хуруу дарам цөөхөн бөгөөд тэдний нэг нь Александрын Миеэгомбо юм. Тэрбээр кино зохиолч төдийгүй найруулагч, продюсер, жүжигчин, дуу оруулагч, хөтлөгч билээ.
А.Миеэгомбын кино зохиолч болсон түүх энгийн бөгөөд тохиолдлын зүйл байсангүй. Түүний намтар киноны төлөөх амьдралын хөрөг мэт санагдана. Тэрбээр СУИС-ийг жүжигчин-найруулагчийн мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа эхлэн таван мянга орчим орчуулгын кинонд дуу оруулж, UBS, TV-8, Боловсрол суваг, Шинэ дэлхий телевизийн кино мэдээллийн албанд хариуцлагатай ажил хашиж, үндэсний хэмжээний хэд хэдэн төслийг санаачилан удирджээ. Энэ бүхэн нь түүнийг кино зохиол бичих орчинг бүрдүүлсэн нь илэрхий.
Тэрбээр арваад жилийн дотор хориод кино зохиол бичсэн нь анхаарал татаж байна. Тэдгээрийн анхных нь С.Баттулга, Ц.Ганбат, Д.Золбаяр нартай хамтарч бичсэн “Ийм нэгэн дурлал 1”, “Ийм нэгэн дурлал 2” кино зохиол юм. Залуусын өнөөгийн бодит амьдралд тохиож буй ийм нэгэн учрал, ийм нэгэн дурлалын тухай өгүүлнэ. Оюутан нас дурлалын нас. Хайраа хайрлах нь амьдралыг хайрлахын учир мөн болохыг өгүүлснээрээ энэхүү кино зохиол үнэ цэнтэй юм. Гэр бүлийн хэрүүлээс гэмт хэргийн ертөнцийг хүртэл тасралт үгүй үзүүлэх олон ангит харийн киноны эзэгнэлийн үед ийм гэгээн монгол хайрын тухай дуулах нь зохиогчдын эх оронч үзэл санааны илрэл юм. Юм энгийнээс эхэлдэг. Заавал үйл явдлыг хүндрүүлж, ээдрээ будилаантай болгож үзэгчдийн саналыг татах гэх албагүй. Кино зохиолын өөрийнх нь чадамж, багтаамж, боломж хичнээн их болохыг эгэл жирийн амьдралд оршин буй гэгээн сайхны энэхүү илэрхийлэмж юм.
“Ийм нэгэн дурлал-1” /2007/, “Ийм нэгэн дурлал-2” /2008/ кино нь дэлгэцийн бүтээл болон амилж кино зохиолын бичлэгт эерүү зөөлөн амьсгал, энэ цагийн дүр төрхийг инээд ханиадын завсар эвлэгхэн үзүүлсэн нь үзэгч залуусын талархлыг хүлээсэн юм. Энэ нь түүнд урам нэмж кино зохиолыг дагнан тууштай бичих зоригийг хөгжөөж батламжийн тамга дарсан билээ. Тэрбээр “Урагшаа залуусаа” /2009/, “Миний хөрш: Чөтгөр” /2009/, “Амьдралын амт” /2010/, “Дэв” /2010/, “Сайн, муу, хэрцгий 1” /2011/, “Сайн, муу, хэрцгий 2” /2013/, “Миний хайр” /2014/, “Мөрдөгч” IV /2014/, “Саятан болох дамжаа” /2015/, “Цагийн ажил” /2016/, “Single Ladies 1” /2013/, “Single Ladies 2” /2015/, “Single Ladies 3” /2017/ зэрэг хориод кино зохиол бичсэн нь дэлгэцнээ амьдарч нийтийн хүртээл болсон байна.
А.Миеэгомбын кино зохиолууд нь сэдэв, төрөл зүйлийн хувьд давтагдашгүй аж. Тэгэхдээ орчин үеийн сэдвийг дагнасан байх бөгөөд төрөл зүйлийн хувьд инээдмийн “Миний хөрш. Чөтгөр”, аймшгийн “Дэв”, романтик, инээдмийн “Single Ladies” зэргээр янз бүрийн туршиц хийсэн нь олзуурхууштай байна. Кино зохиолын бүхий л төрөл зүйлээр бичиж өөрийгөө эрж өө сэвээ билүүдэж чадал чансаагаа сорино гэдэг нэн чухал. Тийм нэгэн чансаа сорьсон бүтээл нь Б.Ариунболд, Б.Жаргалсайхан нартай хамтран бичсэн “Дэв” кино зохиол юм.
“Дэв” бол шууд утгаараа аймшгийн кино. Сөрөг энергийн сүнс буюу бузар шингэсэн ариун бусыг дэв гэдэг. Аймшгийн кино бол бичлэгийн хүнд төрөл. Үйл явдал хурц, дэв дав байх авч эцэстээ утга учиргүй юм орчлонд үгүйг номлоно. Гол дүр Базар бол хүний хувьд муу хүн биш. Тиймээс багын найз Болдын шидсэн цаламд төвөггүйхэн орж амьдралаа үрж байна. Түүнд туслах гэсэн сайхан сэтгэл нь самуун явдал, сархадын халуунд дэв сууж өөрийгөө мэдрэх мэдрэмжээ алдаж байна. Тиймээс тендерийн луйварт өөрөө өөртөө бүдэрч байна. Сайн санааг муу сэтгэл дагуулан тонгорч амьдралыг нь үрж амь насыг нь авч одож буй энэ эмгэнэлт явдал өнөөгийн нийгмийн дүр төрх, аймшиг юм.
Энэ кино зохиолыг уншихад огиудас хүрнэ. Мэргэжлийн бус томилгооны дарганцар хэрхэн бусдын аманд багтаж, хавханд хавхлагдаж, ёс бусын садарлал, сархад ёр хэрхэн дуудаж Базар хэрхэн бузар болж буйг уншихад жихүүдэс төрнө. Садар Навчаагийн самуун явдлын золиос болж намрын навч мэт салан одсон Хонгор хэмээх бяцхан охины амирлаагүй сүнс киноны үйл явдлын давхар өгүүлэмжийг хөтөлнө. Үйл явдлын сүлжээс, дүрийн мөн чанарын илэрхийлэмж нь бичлэгийн нэлээд ур чадварыг сорьж байна. Энэ бол түүний хувьд кино зохиолын гүнд нэвтрэх томоохон сургалт болсон нь илэрхий.
“Дэв”-ийн “төөрөг” гэлтэй нэгэн сонирхолтой кино зохиол бол “Төөрөг” /2017/ юм. Үйл явдал нь төмөр замын өртөөнд болно. Амьдрал бол өртөө төдийгүй оноосон хувь тавилан юм. Кино зохиол хэн нэгний сарвайсан 200 төгрөгийг аваад 2 литр сүү хийж өгч буй дүрсээр эхэлж байна. Эндээс үйл явдлын хос шугам эхэлнэ. Нэг талаас өнгө цагаан, үнэр анхилуун, шим ангир сүүн билэгдэлт сайхан сэтгэл, нөгөө талаас гар дээрээс худалдаа хийж буй гэмт хэрэг, зөрчил болж байна. Энэ зөрчлийн зангилаа нь сүү зарагч Цээнээ, түүнийг хязгаарлах үүрэгтэй цагдаа Жаргал хоёр юм. Киноны төгсгөлд энэ хоёр ээж хүү хоёр болж таарч байна. Төөрөг тавилан гэгч ийм азын зөрлөг, адын санаа, амьдралын үнэ цэн юм.
“Төөрөг” киноны төөрөг нь юм бүхэн учиртайг өгүүлнэ. Зөв үл бодвол буруу үл тойрно. Амьдрал бол түмэн учрал буман зөрчлийн дэвжээ бөгөөд нэг үйлийн төөрөг үл давтагдах агшин зуурын эгшин юм. Түүнийг анзаарахгүй өнгөрч алдаж үл болно. Амьдрал бол анзаарахуй. Хэрвээ тэд оюутны байранд очсон бол танхай залуустай таарахгүй, тэдэнтэй таараагүй бол Батсүх зодоон оролцож улмаар Цэцгээтэй хайр сэтгэл гүнзгийрэхгүй, тэр хоёрын анхны хүүхэд эндээгүй бол Цээнээгийн орхисон үрийг авахгүй, Жаргал тэнд өсөөгүй бол хожим ээжтэйгээ учрахгүй байсан. Чухам учрахгүй байж болох учрал бүхний учралыг гарцаагүй учруулсанд зохиолчийн уран чадвар оршиж байна.
А.Миеэгомбын бас нэг сонирхолтой туршиц нь “Мөрдөгч” олон ангит киноны “Сэргэлэн” буюу 4-р ангийг бие дааж бичсэн явдал юм. Сэдэв нь маш чухал. Ерээд онд нийслэл хотод золбин хүүхэд олширч траншейн цооног бүхэн тэдний гэр орон болж хувирсан. Хувьсгал гэгч хатуу харгис бөгөөд ихэнх гэр бүл, хүүхдийн амьдралд хэрхэн нэвчиж, сайны гэгээ саарын сүүдэр тусгаж байсныг энд үзүүлсэн байна. Энэ нь нэг талаас ардчилал ямархан үнээр ирснийг, түүнд ирээдүй үе хэрхэн бэлэн биш байсныг, мөрдөгч үнэнийг тогтоохыг тулд яаж мөгшдөгийг, хүүхдийн сав ертөнц гэж ямархан ахуй, сэтгэлгээнд эргэлдэж байдгийг өдөр тутам давтагдаж нүдэнд дасал болсон тэр л зураг дотор нээн үзүүлсэн нь сонирхол татаж байна.
А.Миеэгомбын кино зохиолуудаас хамгийн хөөрхөн нь Ц.Золжаргалтай хамтран бичсэн “Миний хайр” /2014/ туурвил юм. Тэрбээр зохиолынхоо эхэнд “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн зүйр үгийг ишилсэн нь байгаа онож. Амьдрал бол тэр аяараа сонжоо, сорилго, зорилго юм. Тэр тусмаа хайр дурлал сэрүүн зүүд л гэсэн үг. Хүслэн, Заяа хоёрын хайр бол хүслэн болсон заяаны хайр. Тэр хоёрын түр зуурын гоморхол тунирхал даамжирч салж саринахдаа тулж байна. Энэ үед Даваа гэгч Заяад гэрлэх санал тавина. Түүний хувьд хар багын нь хүслэн байсан болохоор бас буруу зүйл биш. Ийм тохиол амьдралд элбэг. Тэр бүхэнд унаж, босож яваа нь ч бишгүй. “Миний сэтгэлийн луужин хэсэг хугацаанд эвдэрчихсэн байж. Түүний минь байхгүй орон зайгаар салхи исгэрч, би даарч байна. Даваа намайг уучлаарай. Хүслэн минь өөр хэний ч биш, зөвхөн миний л хайр” гэж Заяа хэлж байна. Мэдээж тэд учраа ололцоно. Харин Даваагийн энэ үед Хүслэнд хэлсэн үг гайхалтай. “Энэ тоглоомонд би ялагдсан байж мэднэ. Гэхдээ Хүслээн, би чамд эр хүний хувиар ганцхан юм хэлье. Яг одоо, эндээс гараад Заяа дээр оч, тэнэг минь. Өөрийнхөө жинхэнэ хайрыг ол. Тэгээд хэзээ ч битгий сал. Үгүй гэвэл над шиг хэн нэг нь чиний хайрыг аваад явчихаж мэднэ, яв түргэл” гэх Даваагийн үг бүхнийг холбож, бас ухаарал ухаж, гэгээ татуулж байна. Ялигүй тунирхал ялын тогтоол шиг болох тохиолдол залуу гэр бүлийн аз жаргалд гай болж байна. Тиймээс зөрүүд занг зөөллөж, бие биедээ хүлээцтэй, хүндлэлтэй хандахыг энэхүү кино нийгэмд, залуучуудад уриалж байна. Гэр бүлийн асуудал өөрөө нийгмийн асуудал болоод байгаа энэ үед ийм эерэг мессеж үнэхээр хэрэгтэй байсан юм.
А.Миеэгомбын кино зохиолуудын энэ цагийн хамгийн төгс төгөлдөр нь “Single Ladies” буюу ганц бие бүсгүйчүүдийн тухай 3 ангит кино зохиол юм. Гурван өөр насны ганц бие гурван бүсгүйн амьдралыг гурван ангит кинондоо гурван өөр орчинд өрнүүлсэн нь анхаарал татна. Гурван ангит кино зохиол бичигдсэн түүх, дараалал нь сонирхолтой. Тухайлбал “Single Ladies 2”-ыг хийхдээ үйл явдыг арагш нь үргэлжлүүлж бус урагш нь татаж “Single Ladies 1”-ын өмнөх үйл явдлыг нөхөж хийсэн нь манайд төдий л байгаагүй жишээ, жишиг. Өмнөх хоёр ангид үйл явдал хотод болсон бол “Single Ladies 3”-ыг хөдөөгийн амьдралд өрнүүлсэн нь бас л ухаалаг шийдэл. Тэр тусмаа ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг романтик, инээдмийн жанраар үзүүлнэ гэдэг нэн ярвигтай, бэрх зүйл. Энд зөвхөн мэргэжлийн кино зохиолчийн жинхэнэ уран чадвар шимэгдэж, шигшигдэж байна. Тиймээс энэ кино зохиол мэргэжлийн жүжигчдийн чансаа сорьсон шилдэг бүтээл бөгөөд “Single Ladies”-ийн гурван анги бүхэн шуугиан дэгдээж тухайн оны шилдгийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Үүний үндэс нь кино зохиолын уран чадвар юм.
Энэ бүхнээс А.Миеэгомбын кино зохиолын агуулгын цар хүрээ, сэдвийн боловсруулалт, дүрийн бүрдүүлбэр, зөрчлийн шийдлийн өвөрмөц онцлогийг олж харж болно. Юутай ч түүний давтагдашгүй давуу тал нь найруулагч, жүжигчин, зохиолчийн гурамсан сүлжээний сүлэлт болох нь тодорхой байна. Тиймээс дараах гурван зүйлийг онцлохыг хүсч байна.
Нэгдүгээрт, А.Миеэгомбын кино зохиол нь найруулагчийн зохиолтой амин холбоотой юм. Чухамдаа зохиолч, найруулагчийн оюун санааны нэгдэл гэж хэлж болно. Энэ бол ховор зүйл. Тиймээс түүний кино зохиолын бичлэг уламжлалт кино зохиолоос тэс өөр юм. Уншихад яахын аргагүй кино зохиол боловч хэлбэр нь найруулагчийн зохиол мэт. Жирийн кино зохиол бол хэзээ ч найруулагчийн сэтгэлгээ, эвлүүлгийн дүрслэлийг ингэж кадрлан монтажилж инжаан шиг эвлүүлж, шар цавуу шалзан хадаас шиг нааж бичихгүй.
Хоёрдугаарт, А.Миеэгомбын кино зохиол нь жүжиглэхүйн урлагтай, жүжигчний уран чадвартай шууд уялдаж байна. Тэрбээр кино зохиолоо бичихдээ дүр, дүрслэлээр үйл явдлыг өрнүүлж, тодолж бичдэг учраас бүх зүйл дүртэй холбогдож, дүрээс үүдэж, ундарч байна. Жүжигчин хүнд ийм л өгөгдөл хэрэгтэй. Түүний бичсэн дүр бүхэн өөр өөрийн зан чанар, араншинтай. Тэр нь зохиолоос тодорч, дуу хоолой нь сэтгэлд мэдрэгдэж байна. Өөрөө жүжигчин, тэр тусмаа орчуулгын киноны нэрт дуу оруулагч учир дүр бүрийн сэтгэлгээг хөвөрдөж бичсэн нь анзаарагдаж байна.
Гуравдугаарт, А.Миеэгомбын кино зохиол нь эх кино зохиол юм. Тэрбээр бэлэн зохиолоос сэдэвчлэн кино зохиол бичсэнгүй. Тэрбээр сэдвийг маш сайн судалгаатай сонгоно. Сэдвээ зөв сонгоно гэдэг бүтээлийн амжилтын тал нь юм. Тэгэхдээ сэдвийн чухалд дулдуйдаж хэзээ ч халтуур хийсэнгүй. Тэрбээр дүрээ маш сонирхолтойгоор сонгоно. Түүнд илүү орон тоо гэж үгүй. Дүр бүхэн өөр өөрийн хувь заяаны зурлагатай ч өнгө будгийн найрсал мэт уусан нэгдэнэ. Урлаг бол уран сайхны дүр бөгөөд энэ нь арга төдийгүй амьдралын мөн чанар юм.
Монголын кино урлагийн хөгжил эрчимжиж, эрүүлжиж шинэ үеийн залуучууд түрэн гарч ирлээ. Тэд монголын төдийгүй дэлхийд дэвжээнд зодоглохыг хүсч байна. Тэд дэлхийн кино урлагийн чиг хандлагыг гайхалтай мэдэрч тэрхүү хөгжлийн хөдөлгүүрийн нэгэн байхыг хүсч байна. Тэд монгол төрийн киноны бодлогыг тодолж стратегийн салбарын түвшинд дэмжиж ажиллахыг хүсч байна.
Монголын кино урлагийн хөгжлийн суурь хүчин зүйл нь кино зохиол. Мэргэжлийн кино зохиолч, зохиолоо дэмжихгүйгээр алхам ч урагшлахгүй. Алексардрын Миеэгомбо бол мэргэжлийн кино зохиолч төдийгүй монголын кино урлагийн шинэ үеийн төлөөлөгч юм. Кино зохиолд мэргэжлийн шинэ стандарт хэрэгтэй. Тэр нь дэлхийн стандарт.
Хэл бичгийн ухааны доктор //Ph.D/ Ү.Хүрэлбаатар
2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр