Өмнөд Солонгосын компаниуд хямарч эхэллээ

Засгийн газрын мэдээ

2018-11-07 13:15 GMT+8

Сөүлийн хаяанд орших Ли Жун Рогийн үйлдвэр ажин түжин. Тавхан жилийн өмнө тус үйлдвэрийн цехэд ноён Лигийн 15 ажилчин Өмнөд Солонгосын тэргүүлэх компаниудын баглаа боодлын захиалгад дарагдаж, жилийн борлуулалт нь сая, сая ам.доллараар хэмжигдэж байлаа.

Гэвч захиалга нь 80 хувь буурсан тул ажилчдынхаа тоог дөрөв болгон цөөлөх хэрэг гарлаа. Ноён Лид тохиолдсон зүйл Өмнөд Солонгосын ажлын байрны 90 хувийг бүрдүүлдэг олон зуун мянган жижиг, дунд компанид тулгарсан нийтлэг ​бэрхшээл юм.  

Засгийн газар асуудлыг шийдэх гэж байгаа ч энэ бэрхшээл ужиг  болжээ.

Өмнөд Солонгосын хүчирхэг конгломератууд, оффшор өрсөлдөөн тус улсын жижиг бизнест шахалт болж байна. “Жижиг, дунд компаниуд Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь бага. Тэгсэн атлаа эдгээр компанид нүүрлээд буй бэрхшээл хөдөлмөрийн зах зээл, хэрэглээнд том нөлөөтэй” хэмээн Eugene Өмнөд Солонгосын  Investment Securities-ын эдийн засагч Ли Сан Же өгүүлэв.

Хятад өрсөлдөгчид Өмнөд Солонгосын экспортод түшиглэсэн эдийн засгийн тулгуур үйлдвэрлэлийн салбарыг огцом багасахад үүрэг гүйцэтгэв. Тулгуур үйлдвэрлэл буурсан нь Азийн дөрөв дэх гол эдийн засагт нийтэд нь сөрөг нөлөөлсөн ч өөрийн гэсэн олон улсын сүлжээ цөөтэй, гол нь дотоодын конгломератуудын борлуулалтад түшиглэдэг жижиг, дунд компаниуд онцгой хохирол амсав.

“Захиалга багасаад байвал бизнесээ зогсооно. Үйлчлүүлэгчдийн маань бизнес муудсан нь бидэнд нөлөөлөөд байна. Алдагдал хэрээс хэтэрлээ” хэмээн Nokstop Сhem-ийн ерөнхийлөгч, 56 настай ноён Ли өгүүлэв.

Өмнөд Солонгост 3.5 сая жижиг, дунд компани ажилладаг.

Өнгөрсөн 2017 онд жижиг, дунд компаниудын 45 хувь нь гурван жилийн турш үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөж чадаагүй тул “Зомби” ангилалд багтсаныг тус улсын төв банкны статистик харуулж байна.

Ихэнх нь хямд зээлээр торгоож байх зуур дампуурлаа зарласан компаниудын тоо жилийн өмнөх үеэс есөн хувиар өслөө. Өмнөд Солонгосын нэгтгэх, худалдан авах ажиллагааны брокер Korea M&a Exchange-ын статистик, шүүхийн тайлангаас үзвэл бусдад худалдахаар үнийн санал гаргаад буй жижиг, дунд компанийн тоо жилийн өмнөх үеэс даруй 44 хувиар ихэсчээ.

“Өмнөд Солонгосын компаниуд Хятад, Энэтхэгийнхтэй өрсөлдөж чадахгүй учраас өртгийн хэлхээгээ (value chain) өөрчлөхөөс аргагүй” хэмээн Сөүлийн үндэсний их Сургуулийн эдийн засгийн профессор Пак Сан-ин өгүүлж байна.

Конгломератуудад тулгуурлаж ажилладагаасаа болоод нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн аж үйлдвэрийн хувьсал жижиг, дунд компаниудад өрнөхгүй байгааг профессор тайлбарласан юм.

“Үнэ унах тусам байдал улам хэцүүднэ” гэдгийг Nokstop үйлдвэрийн менежер Чун Сун-Ко анхааруулж байна. Үйлдвэрлэлийг эрчимжүүлэх нь Өмнөд Солонгосыг Samsung, Hyundai зэрэг том конгломератуудын хамаарлыг багасгахаар хичээж буй Ерөнхийлөгч Мун Же Иний тэргүүн зорилт юм.

Чеболууд үйлдвэрлэлээ хилийн чанадад шилжүүлсээр байгаа нөхцөлд тус улс Токио, Берлиний жишгээр хүчирхэг, мэргэжсэн жижиг, дунд компаниуд төрүүлэхэд анхаарах шаардлагатай боллоо.

Нөхөн олговор, татварын хөнгөлөлт үзүүлэхээр амлаж байгааг эс тооцвол ноён Муны амлалт жижиг, дунд компаниудад өгөөж муутай. Цалингийн доод хэмжээг өсгөх, ажлын цагийг бууруулах зэрэг бодлого нь жижиг, дунд компаниудын нөхцлийг улам муутгаж байгаа юм.

Цалин нэмж чадахгүй гэдгээ Jinyoung Packaging-ын эзэн О Юн мин хэдийн мэдэгджээ.

“Шинээр ажилчин авах талаар бодох ч хэрэггүй. Харин ч одоогийн ажилчдаа цөөлсөн нь дээр” хэмээн тайлбарлав. Үүссэн бэрхшээл Өмнөд Солонгосын эдийн засаг хоёр туйлд хуваагдаж буйн илрэл юм. Жижиг, дунд компаниудад ажиллагсдын цалин том группүүдийнхээс хоёр дахин бага. Зөрүү жил ирэх тусам ихсэж байгааг тус улсын хөдөлмөрийн яамны статистик харуулдаг.

Ажилчид багахан цалингаа илүү цагаар ажиллаж, ихэсгэх арга хайдаг. Гэтэл долоо хоногт 68 байсан ажлын цагийг 52 болгосон ноён Муны санаачилга илүү мөнгө олох найдварыг нь хөсөрдүүлжээ.

“Илүү цаг ажиллахгүй бол цалин олигтой авахгүй. Цалин ахиу авах гэвэл илүү цаг ажилласан нь дээр” хэмээн Woong-Bee TS компанид сард 1800 ам.долларын цалинтай ажилладаг Ли Мюн Рю өгүүлж байна. Woong-Bee TS нь хагас дамжуулагчийн үйлдвэрийн цэвэр тасалгаа үйлдвэрлэдэг компани юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3333 санал өгсөн байна.

Дээшээ