Ханбогд суманд 7.2 тэрбумын өртөгтэй цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-12-06 13:00 GMT+8

Галбын улаан тэмээгээр улсдаа тэргүүлдэг Ханбогд сумынхан өчигдөр орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулсан цэцэрлэг, сургуулийнхаа нээлтийг хийлээ.

Өдөр ирэх тусам хүн амын тоо нь өсөж буй уг суманд нийт сургуулийн насны 1100 хүүхэд байдаг бөгөөд сумын ганц сургуульд ачаалал ихтэй суралцдаг байжээ. Тодруулбал Ханбогд сумын I бүрэн дунд сургууль 640 хүүхдийн багтаамжтай атал нийт 1100 хүүхэд суралцаж, 280 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжгүй байв.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хандсанаар "Оюу толгой" ХХК-ийн санхүүжилтээр 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг барьж, иж бүрэн тохижуулжээ. 

Н.Наранбаатар: ӨДӨРТ ХОЁР ХҮН ХАНБОГД СУМАНД ШИЛЖИЖ ИРЖ БАЙНА

Энэ талаар Өмнаговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “2015 онд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээгээр жилд 5 сая америк долларын хөрөнгө оруулалтыг “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан хөрөнгө оруулалт хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар нийт 78 төсөл хөтөлбөрийг 40 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний хамгийн сүүлийнх нь цэцэрлэг, сургуулийн цогцолбор болж байна.

Ханбогд сумын хүн ам өдрөөс өдөрт өсөж байна. Уул уурхайн салбартай холбоотойгоор өдөрт хоёр хүн Ханбогд суманд шилжиж ирж байна гэсэн статистик бий. Үүнийгээ дагаад цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал бий болж байна. I бүрэн дунд сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч даац нь нэг дахин хэтэрсэн байсан. Тиймээс яалт ч үгүй цэцэрлэг, сургууль хэрэгтэй байсан тул бид сумаас санал тавьж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ сайхан цэцэрлэг, сургуулийг барьсан” гэлээ.

А.Мишээл: СУРЛАГА, СПОРТОД ХҮЧ ЧАДЛАА ДАЙЧЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЛОО

Санал тавьснаас хойш 1.5 жилийн дараа Ханбогдын 2-р сургууль, 29-р цэцэрлэгийн цогцолборыг хүлээн аваад байгаа нь энэ юм.

Сургууль өнгөрсөн долоо хоногоос хүүхдүүдээ хүлээн аваад эхэлсэн бөгөөд 2-р сургуулийн 6б ангийн сурагч А.Мишээл, М.Хулан нар “Шинэ сургууль ашиглалтад орсонд маш их баяртай байна. Сургууль маань их том, урлаг, спортын заалтай учраас хүүхдүүд илүү их хөгжинө гэж найдаж байна. Хуучин сургууль маань жижигхэн, олон хүүхэдтэй байсан. Цаашдаа бид сурлага, спорт гээд бүхий л зүйлд хүч чадлаа дайчлах боломжийг бүгдийг нь бүрдүүлсэн гэж бодож байна. Сургуулийг маань барьж өгсөн, ийм сайхан боломжийг олгосон “Оюу толгой” компанийн захирал, бүх хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.

Харин эцэг эхчүүдийн төлөөлөл болох Т.Мөнхболд “Шинэ сургууль ашиглалтад орсноор бүх ангиуд нэг ээлжээр хичээллэж байна. Ингэснээр хүүхдийн сургуулиас гадуурх сургалтын чанарт өөрчлөлт авчрах байх гэж бодож байна. Тав тухтай 34 сурагчтай байсан бол одоо 20 сурагчтай байна” гэлээ.

Армандо Торрес: БИД ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХИЙН ТУЛД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АНХААРАХ ЁСТОЙ

Зөвхөн цэцэрлэг, сургуулийн барилгыг стандартын шаардлага ханган барихаас гадна зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай 637 төрлийн нийт 10 мянга гаруй тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлсэн байна.

Ингэхдээ жижиг гэлтгүй маш олон зүйлийг шийдсэн байв. Тухайлбал, зургаан настнуудад зориулан ангиасаа гаралгүйгээр ариун цэвэр сахих боломжийг олгон анги дотор нь ариун цэврийн зориулалтын өрөөг бэлтгэжээ. Нарны гэрэл дээврээр нь нэвт гэрэлтүүлэх уужим саруул номын сан, туршилт хийхэд бүхий л тоног төхөөрөмжийг нь бүрдүүлсэн хими, физикийн танхим, хүчин чадал өндөртэй компьютероор тоноглосон мэдээлэл зүйн танхим гээд сурагчид хөгжих бүх боломжийг шинэ цогцолбор бүрдүүлжээ.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес цэцэрлэг, сургуулийн нээлтэд оролцох үеэрээ “Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын хувьд маш чухал өдөр болж байна. Бид ирээдүйн эмч, инженер зэрэг мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн тулд боловсролын салбарт анхаарах ёстой. Өвнөговь аймаг, сумын захиргаа, “Оюу толгой”, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” гээд бүгд хамтран ажиллаж, цэцэрлэг, сургуулиа ашиглалтад оруулаад байна. Бид Ханбогд сумыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд боломжтой бүх хувь нэмрээ оруулахыг хичээн ажилласаар ирсэн. Тухайлбал, хамгийн анхан шатны хэрэгцээ болох цэвэр ус, халаалт, хог хаягдлын менежментээс эхлээд эрүүл мэндийн салбар, мал аж ахуй зэрэг олон салбарт ажиллаж байна. Харин энэ удаад илүү даацтай, ирээдүйтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаадаа баяртай байна. Үнэхээр гайхалтай өдөр байна. Ханбогд сумын хүүхэд багачуудын хувьд маш чухал өдөр байна гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Б.Амартүвшин: МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ, БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛ ДЭЭР ГОЛЛОНО

Тус сургууль олон улсын жишиг менежментээр сургалтаа явуулах бөгөөд судалгаа хийж, санал тавьсны үндсэн дээр “Шинэ эрин” сургуультай хамтран ажиллахаар болжээ. Тиймээс тус сургуулиас таван хүний удирдлагын баг Ханбогдод ирж ажиллаж байгаа юм. Шинэ сургуулийн захирлыг “Шинэ эрин” сургуулиас томилсон ба сургалтын менежер болон гадаад багш нар Ханбогдын 2-р сургуульд багшилна.

Менежментийн гэрээний ач холбогдлын талаар “Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин хэлэхдээ,

-”Шинэ эрин” сургууль бол төрийн өмчит олон улсын анхны сургууль. Бид Ханбогдын 2-р сургуульд олон улсын туршлагаасаа үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Менежмент гэдгийн цаана удирдлага, үйл ажиллагааны зохион байгуулалт нь олон улсын стандартын дагуу явна. Математик, англи хэл, байгалийн ухааны хичээл дээр голлон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гурван жилийн дараа гэрээгээ дүгнээд олон улсын сургалтын арга барилд шилжих эсэхээ шийднэ” гэлээ.

Мөн тэрбээр тус сургуулийн барилгыг хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайтар бүрдүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд “Орчин үеийн хүүхдийн хүсэл тэмүүллийг бий болгох орчныг бүрдүүлэх ёстой. Юу гэхээр коридор, заал гэх мэтчилэн нийтийн эзэмшлийг аль болох жижиг хийх гээд байдаг бол олон улсад байгалийн гэрэлтүүлэг ихтэй, коридор уужим байхыг илүүд үздэг. Тэр талаасаа их давуу талтай болсон байна” гэсэн юм.

Б.Ариунболор: ШИНЭЭР 100 ГАРУЙ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОСОН

Тус сургуулийн захирлаар Б.Ариунболор томилогдон ажиллах юм. Түүний хувьд “Шинэ эрин” сургуульд багшилж байсан бөгөөд ОХУ-д багшаар төгссөн, Англид гурван жил хөлбөмбөгийн дасгалжуулагчаар мэргэжил дээшлүүлжээ.

Сургуулийн хүчин чадал 640 хүүхдийнх бөгөөд одоогоор бүлэг тусбүр хоёр ангитай, анги дүүргэлт 25-30 байгаа юм. 2-р сургуулийн захирал Б.Ариунболор сургуулийнхаа талаар,

-Монголд анх удаа төрийн өмчийн сургуультай менежментийн гэрээгээр хамтран ажиллахаар болж байна. Энэ нь гурван жилийн хугацаанд орон нутагт олон улсын арга технологид баримжаалсан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний дараа багш, сурагчдын хөгжилд тулгуурлан дараагийн шат уруу буюу шилжих боломжийг хайна. Энэ нь хэдэн жилийн дараа Кэмбрижийн сургалтыг хэрэгжүүлэх бүрэн боломж гарна гэж үзэж байна. Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгийн цогцолбор. Танхимуудын хувьд мэдээлэл зүй, хими, физик гээд олон кабинетыг орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангасан. Сургалтын бодлогод үндсэн болон нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нэг ээлжинд хичээллэж эхэлснээр үдээс өмнө онолын хөтөлбөрийг үзэж, үдээс хойш хүссэн чиглэлээрээ нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Багш боловсон хүчний хувьд орон нутгийн багш нар төдийгүй баг хамт олон бүрдүүлэхийн тулд Улаанбаатар хот бусад аймгаас багш нарыг урьж авчирсан. Нийт 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Харин анги дүүргэлт 28-30 хүүхэдтэй” хэмээн танилцуулж байв.

2012 оноос хойш 390 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийгмийн болон дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулжээ. Үүний зэрэгцээ хүний хөгжилд чиглэсэн олон ажлыг хийсэн бөгөөд мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийн 1100 багшийг мэргэжил дээшлүүлсэн байна.

Б.Болорцэрэн: ЦЭЦЭРЛЭГТ ОГТ ХАМРАГДАЖ БАЙГААГҮЙ 280 ХҮҮХЭД ЭЛСЭЖ БАЙНА

29-р цэцэрлэгийн хувьд ирэх долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд нийт тойргийнхоо 280 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас эдгээр хүүхдүүдийн нэг нь ч өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй гэдгээрээ онцлог гэнэ. Бага, дунд, ахлах, бэлтгэл анги бүлэг тусбүр хоёр ангитай. Анги танхимыг хүүхдэд таатай байхаар саруул тохижуулсан бөгөөд бүгд тусдаа унтлагын өрөөтэй байна гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Болорцэрэн хэлж байлаа. Мөн сургалтын хувьд кабинетийн зарчмаар хичээллэх юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1535 санал өгсөн байна.

Дээшээ