Н.Онондарь: Германы хамтлагт өөрийнхөө чадварыг батлан харуулах, хүлээн зөвшөөрүүлэхэд их тэвчээр шаардсан

Сэтгүүлч Б.Нямдарь

2018-12-07 10:20 GMT+8

БНХАУ-ын Шэньжэнь хотод энэ сарын 2-нд болсон Цэнгээнт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман улсын хамтлаг түрүүлсэн. Тэгвэл уг хамтлагт Н.Онондарь хэмээх МОНГОЛ БҮСГҮЙ бүжиглэдэг бөгөөд түүнтэй онлайнаар ярилцсанаа хүргэж байна.  

Юуны өмнө Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Маш их баярлалаа. Намайг Нэргүйн Онондарь гэдэг. Би 21 настай. Германы Бремен хотноо амьдардаг. 

Өнгөрсөн жил ОХУ-ын хамтлаг аварга болж байсан. Тиймдээ ч энэ жил бидний хамгийн том өрсөлдөгчид тэд байлаа. 

-Хэзээнээс эхлэн бүжгийн спортоор хичээллэх болсон бэ?
Намайг анх 5 настай байхад ээж минь Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулж байсан. Тэр үеэс хойш л өдийг хүртэл бүжгийн спортоо орхилгүй хичээллэж байна. 

- Сая Хятадад болсон Дэлхийн аваргын тэмцээний талаар сонирхуулаач?
Сая бид Латин америк бүжгийн спортын хамтлаг төрлөөр дэлхийн аварга боллоо. Уг тэмцээнд манай Монгол улсаас Star, Moon гэсэн хоёр хамтлаг оролцсон. Би 6 жилийн өмнө Star хамтлагт бүжиглэж байхдаа Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан. 

Энэ жилийн тэмцээн Азийн оронд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог байлаа. Хятадын Шэньжэнь хотод болсон бөгөөд тиймдээ ч тус улсын бүжгийн хамтлаг анх удаа оролцсон. 

- Дэлхийн аварга болох үеийн торгон мэдрэмжээ яг одоо бидэнтэй хуваалцвал?
Аварга болох үеийн төрсөн сэтгэгдэл миний өмнө төсөөлж байснаас огт өөр мэдрэмж төрүүлсэн. Эхэндээ хагартлаа л баярлана гэж бодож байлаа, сэтгэл догдолж эсвэл том зүйлийн ард гарчихсан мэт тайвшрах мэдрэмж авах байх гэж бодож байсан ч тэгээгүй. 

Харин үүний оронд өмнөхөөсөө илүү их хариуцлага ирж байгаа мэт маш олон зүйлийг бодогдуулж байсан. Нэг талаараа мэдээж гоё байсан ч “Ингээд аварга болчихлоо гэж үү” гэж өөртөө итгэж чадаагүй. Нөгөөтэйгүүр энэ нь миний хувьд шинэ содон мэдрэмж байсан бөгөөд дараа дараагийн олон зүйлд хариуцлагатай байх алхмыг нээж өгч байна. 

- Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсынх байсан бэ?
Өнгөрсөн жил ОХУ-ын хамтлаг аварга болж байсан. Тиймдээ ч энэ жил бидний хамгийн том өрсөлдөгчид тэд байлаа. 

- Герман улсын цэнгээнт бүжгийн хамтлагт харьяалагддаг шүү дээ. Хамтлагийнхаа талаар сонирхуулбал?
Манай хамтлаг Бремен хотноо харьяалагддаг “Grün-Gold” (Ногоон алт) бүжгийн холбооны хамтлаг юм. Өмнө нь Герман улсын аваргаар 12 удаа, Дэлхийн аваргаар 8 удаа шалгарч байсан бол энэ жил 9 дэх нь болж байна. 

“Grün-Gold” хамтлагийн аваргын төлөөх бүжгийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Нийт 16 хос байдгаас 8 хос дэлхийн аваргын тэмцээнд бүжиглэх эрхээ бэлтгэлийн үеэр авдаг. Нэг үгээр хоорондоо өрсөлдөж яг аваргын тэмцээний дэвжээнд гарах эрхээ авдаг гэсэн үг. Түүнээс гадна 3 дасгалжуулагч, захирал, эмч, фитнесийн багш гээд маш олон бүрэлдэхүүнтэй хамт олон юм. Бид тэмцээн дууссан ч Хятадын томоохон хотуудын арга хэмжээнд оролцоод харьж амжаагүй л явна. (инээв)

- Анх нэгдэхэд хамтлагийнхан нь хэрхэн хүлээн авч байв?
- Өөрийнхөө чадварыг батлан харуулах, хүлээн зөвшөөрүүлэхэд их тэвчээр шаардсан. Хамтлагт ороод л шууд үндсэн бүжигчин болоогүй, эхлээд бусад 16 хостой өрсөлдсөн. Гэхдээ бусад бүжигчин 3-4 жилийн дараа үндсэн бүжигчин болсон байхад хаа очиж би нэг жилийн хугацааг зарцуулсан шүү. (инээв)

- Өөр бусад тэмцээн уралдаанд гаргаж байсан амжилтаасаа дурдвал?
Монголд байхдаа улсын тэмцээн уралдаануудад оролцож улсын аварга болж шагналт байр зэргийг авч байсан. Тэднээс сэтгэлд үлдсэн нь 2010 онд “Би бүжиглэж чадна” тэмцээнд оролцож аварга болж байсан. Мөн олон улсын тэмцээнүүдэд хагас финал болон эцсийн шатанд тунаж үлдэж байсан үеүд минь сэтгэлд хоногшсон байна. 

Хамтлагийн дасгалжуулагч Роберто Альбанес

- Хэзээнээс ХБНГУ-д амьдарч байгаа вэ?
Германы Бремен хотноо ирээд яг нэг жил болж байна. Сургуульдаа яваад хажуугаар нь бүжгийн бэлтгэлээ хийгээд аж төрдөг дөө. 

- Ямар чиглэлээр суралцдаг вэ?
Би сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг. Тиймээс цаашдаа одоо хийж байгаа зүйлтэйгээ уялдуулаад спортын сэтгэл зүйч болох төлөвлөгөөтэй байна.

- Цаашдын хүсэл зорилго тань юу вэ?
Мэдээж их сургуулиа амжилттай төгсөх, энэ хамтлагтаа бүжиглэж өмнөх амжилтуудаа бататгахаас гадна өөрийн ур чадвараа дээшлүүлж олон зүйлийг шинээр сурч мэдэхийг зорьж байна. 

- Цөөн хором ч гэсэн бидэнтэй ярилцсанд баярлалаа. Урлагийн их амжилт хүсье. 
Баярлалаа. Намайг мөн урьж ярилцсанд баярлалаа. 


Дэлхийн аварга болсны дараа өөрийн цахим хуудсан дээрээ нийтэлсэн түүний тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж ойлгуулж өгч буй мэт. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг эхийн минь хөдөлмөр энэ медальд шингэсэн гэж хэлмээр байна. 2018 он миний хувьд тэр чигтээ их олон шалгуур дагуулсан чанга жил байлаа. Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байлаа. Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр нь шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл 2, 3 дахин илүү хэцүү өрсөлдөөнтэй, маш хатуу байдаг юм байна лээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм байна. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дарааллан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ эргэн хартал би энэ Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн"

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ