Дэлхийн олон Төв банкны мөнгөний бодлого дунд болон урт хугацаанд инфляцийг тогтвортой байлгах зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ одоогийн ерөнхий инфляци гэхээсээ үнийн өсөлтийн дунд хугацааны суурь хандлагад тулгуурлан бодлогын шийдвэр гаргах нь оновчтой юм.
Мөнгөний бодлого нэлээд хугацааны дараа нийт эрэлтэд нөлөөлдөг учраас инфляцид богино хугацаанд хэлбэлзэл үүсгэж буй түр зуурын шинжтэй үнийн өөрчлөлтийг мөнгөний бодлогын хэрэгслээр дамжуулан засах гэж оролдох нь тийм ч оновчтой биш.
Тухайлбал, ургац алдсан жил хүнсний ногооны үнэ богино хугацаанд огцом өсөх, нефтийн үнээс хамаарч шатахууны үнэ хэлбэлзэх, улирлын шинж чанартай махны үнэ өөрчлөгдөх зэрэг нөлөөгөөр ерөнхий инфляцид богино хугацааны нийлүүлэлтийн шинжтэй дарамт үүсдэг. Гэхдээ дунд урт хугацаанд энэ байдал байнга давтагдахгүй учир инфляцийн трендэд нөлөө багатай юм. Ийм үед нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн өсөлтөд мөнгөний бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлж, мөнгөний бодлогын төлөвийг хатууруулах нь эдийн засгийн идэвхжлийг сааруулж, ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Тийм учраас инфляцийн хэлбэлзлийг бууруулан, тогтвортой байлгах зорилготой мөнгөний бодлого хэрэгжүүлж буй төв банк инфляцийн дунд хугацааны хандлагыг зөв тооцож таних, бодлогын шийдвэр гаргах зорилгоор суурь инфляцийг тооцдог. Эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглээний онцлог, бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан төв банкууд суурь инфляцийг ялгаатай аргачлалаар тооцдог байна. Тухайлбал, төв банкуудын туршлагаас үзэхэд
- Тодорхой бараа бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасах
- Тайлант хугацааны үнийн хэлбэлзлээс хамаарч, тодорхой жин хүртэлх бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасах зэрэг аргачлал ашиглаж байна.
Манайд цаг агаарын байдлаас шалтгаалан мах, сүү, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт богино хугацаанд хумигдаж, үнийн хэлбэлзэл үүсгэдэг онцлогтой. Иймд дээрх нэр төрөлд багтах 41 бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэрэглээний сагснаас хасч, суурь инфляци тооцож байна.
Махны үнэ дунджаар 2015 онд 12.0 хувь, 2016 онд 9.9 хувиар хямдарснаар ерөнхий инфляци суурь инфляциас бага байх нөхцөлийг бүрдүүлсэн.
2016 оны сүүлийн хагаст дефляцитай байв. Харин 2017 оны сүүлийн хагасаас эхлэн мах, сүүн бүтээгдэхүүний үнэ аажим нэмэгдэж, их хэмжээний ургац алдсан нөлөөгөөр хүнсний ногооны үнэ огцом өссөн.
Нийлүүлэлтийн шалтгаантай эдгээр үнийн өөрчлөлт 2018 оны сүүлийн хагаст суурь нөлөөгөөр эргээд агшиж, ерөнхий инфляци богино хугацаанд өндрөөр хэлбэлзэхэд хүргэж байна. Ерөнхий инфляци 2018 оны 7-9 дүгээр сарын хооронд 2.9 нэгж хувиар буурч, 5.9 хувьд хүрсэн бол 10 дугаар сард эргээд 6.8 хувь болж өсөөд байна. Харин суурь инфляци оны эхнээс харьцангуй тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд, сүүлийн 6 сарын хугацаанд 6.4-7.5 хувийн орчимд байна.