ФОТО: Төрийн дээд цол, одон медалиар шагналаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2018-12-28 15:51 GMT+8

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын уран зохиолч Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, АРДЫН ЭМЧ

Монголын Үндэсний язгуур соёлын нэг Монгол ардын уртын дуу дуулах ур чадварыг гарамгай эзэмшиж, уртын дууг сэргээн амилуулах, түгээж дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Мөн Эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, цус судлал, дотоод шүүрэл судлалын салбарт онцгой амжилт гаргасныг үнэлж Гавьяат эмч Норовын Оюундэлгэрт Монгол Улсын Ардын Эмч цол хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах,
  • “Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

  • Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,

  • Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Дорждэрэмийн Лхагвасүрэн,

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,

  • Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,

  • “Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,

  • Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа нарыг шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР

  • Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
  • СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,

  • “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЫН ЭМЧ ЦОЛООР

  • Дорнод аймгийн Булшан сумын өндөр настан Рагчаагийн Дугарыг шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

  • “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг шагнав.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР

  • ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,

  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн нарыг шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР

  • “Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал нарыг шагнав.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайханг шагнав.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР

  • АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
  • Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш нарыг хүний гавьяат эмч цолоор тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,

  • Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,

  • Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,

  • Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж нарыг шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,

  • ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох нарыг шагнав.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудоржийг шагналаа.

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,

АЛТАНГАДАС ОДОНГООР

  • Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
  • “Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,

  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан нарыг Алтангадас одонгоор шагнав.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа  Гончигдоржийн Хатанбаатар

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

  • Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг

ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР

  • Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Уламжлалын дагуу шинэ оны босгон дээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан ажлын өндөр амжилт гаргасан иргэддээ төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулж байна.

Шагнагдагсдыг төлөөлүүлэн зарим хүнийг цохон дурдъя.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Ардын уран зохиолч Бөхийн Баастыг шагнаж байна. Энэ жил Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ. Танд эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ардын жүжигчин цолыг Дамдинжавын Түвшинжаргалд олгож байна. Уртын дууны урлагийг түгээх, хойч үедээ өвлүүлэх ажилд олон жил бүтээлчээр зүтгэж байгааг тань үнэлж байгаа юм.

Монголын Хүүхдийн ордны дуулаачийн багш Сандуйжавын Ганчимэгт Монгол Улсын Гавьяат багш цол олгож байна. Таныг 32 жилийн турш хүүхэд багачуудад дуу хөгжмийн боловсрол, мэдлэг чадвар олгох ажилд уйгагүй, үр бүтээлтэй ажилласныг үнэлж, энэхүү хүндтэй цолыг олгож байна. Баяр хүргэе.

Хашбатын Хаш-Иш таны эрүүлийг хамгаалах үйлст олон жил үр бүтээлтэй зүтгэснийг тань үнэлж Монгол Улсын Хүний гавьяат эмч цол олгож байна. 1973 оноос хойш өнөөг хүртэл хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зүтгэсэнд талархал илэрхийлье.

Рагчаагийн Дугар Монгол Улсын Гавьяат малын эмч цолоор шагнагдаж байна. 1973 оноос хойш мал аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, бүтээмжтэй ажилласан хүн гэж онцолж байгаа юм.

Жамсрангийн Баяртогтох нь Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч залуу. Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдаж байна. Удаа дараа олон хүний амь аварсан, Онцгой байдлын албаны хүнд хэцүү даалгавруудыг цаг тухайд нь гүйцэтгэж явсан үнэхээр үнэлэх гавьяатай залуу юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч, хариуцсан ажилдаа гарамгай ийм хүмүүсийг төр цаг тухайд нь шагнаж, алдаршуулж байх ёстой гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу Гамбагаагийн Угалзцэцэгт Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээлээ. Г.Угалзцэцэг нь Дэлхийн Бодибилдинг, Фитнес спортын холбооны дэлхийн аварга цолыг удаа дараа хүртжээ. Хөдөлмөрч хичээнгүй түүнээс залуучууд үлгэр дууриал авч, энэ спортоор олон залуус хичээллээсэй гэж хүсэж байна.

Төрийн шагнал хүртсэн амжилт бүтээлийн эзэддээ баяр хүргэе.

Төрөөс өөрийн эзэмшсэн ажил мэргэжлийн эзэн нь байж, үр бүтээл гарган амжилтад хүрсэн иргэдээ урамшуулан шагнал олгох нь монгол төрийн нандин уламжлал бөгөөд үүний утга учир нь Та бүхнийг алдаршуулан бусдад үлгэр дуурайл болгох, амжилт бүтээлийн оргил өөд уриалах байдаг билээ.

Та бүхэнд ирж байгаа шинэ ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монголын нийт иргэддээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн мэндийг хүргэе” гэлээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уртын дуучин  Д.Түвшинжаргалд Ардын жүжигчин цол хүртээлээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 129 санал өгсөн байна.

Дээшээ