ФОТО: Өдөрт 500 хүүхдийг эмчилгээ, сургалтад хамруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-25 08:30 GMT+8

Баянгол дүүргийн 20-р хороо буюу Сонсголонгийн гүүрний зүүн хойно  Моносийн эмийн үйлдвэрийн урд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв ашиглалтад орлоо.

БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь 14990 метр квадрат талбайтай.

Хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэх боломжтой

Олон улсын стандартад нийцсэн сэргээн засах төв нь 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, гадуур амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд өдөрт нийт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах хүчин чадалтай юм.

Тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийн багажийн шинжилгээ, оношилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна протез, ортопедийг хийлгэн авч болох аж.

Үйл ажиллагааны хувьд өдрийн, түр байршуулан сэргээн засах, явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх чиглэлээр ажиллах болохыг нээлтийн үеэр мэдээллээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь эцэг эхчүүд, багш, эмч, нарийн мэргэжлийн сэргээн засалтын мэргэжилтнүүд, эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт судалгааны ажлыг хийх юм байна.

Уг төвийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ХАХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа санаачлан улмаар 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн байна. Баянгол дүүргээс 2015 онд газар чөлөөлж, дэд бүтцийн асуудлыг эрчимтэй шийдэж, барилгын ажлыг явуулах нөхцөлийг хангасан гэдгийг тус дүүргийн засаг дарга С.Одонтуяа нээлтийн үеэр онцоллоо.

Манай улсын хувьд 2017 оны байдлаар нийт 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 11453 буюу 10 хувийг хүүхдүүд эзэлж байна. Эдгээр хүүхдүүдээс

  • харааны бэрхшээлтэй 1281,
  • хэл ярианы 853, сонсголын 848,
  • хөдөлгөөний 2571,
  • сэтгэцийн 2000,
  • хавсарсан 1188,
  • бусад хэлбэрийн 2709,
  • тэргэнцэртэй 594, байнгын асаргаанд байдаг 5648 хүүхэд байгаа юм. 

Нийт хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхдийн 7921 нь цэцэрлэг, сургуульд хамрагджээ.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ