Huawei-гийн 5G-д итгэхгүй байхыг АНУ анхаарууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-02-01 09:20 GMT+8

Huawei Technologies компанийн эсрэг АНУ-ын даваа гарагт мэдүүлсэн олон хуудас баримт бичигт 5G сүлжээ болон Хятадын тагнуулын байгууллагын тухай шууд өгүүлсэн зүйл байхгүй.

Гэхдээ уг баримт бичиг нь дэлхийн удирдагчдад гар утас, автомашин, хөлөг онгоц гээд бүх юмыг холбох шинэ үеийн холбооны зориулалттай Huawei төхөөрөмжийн ашиглах эсэхээ сайтар цэгнэ, “Хятадын технологийн тэргүүлэх компани нь үндэсний аюулгүй байдалд занал учруулагч” гэсэн сануулга боллоо.

“Тагнаж туршсан өмнөх үйлдлийг нь нотлохоор чармайж буй хэрэг биш” хэмээн Вашингтонд төвтэй, Хятадын дижитал эдийн засгийг судалдаг New America судалгааны группийн судлаач Грэм Уэбстер тайлбарлав. “Дэд бүтэцдээ энэ компанийн төхөөрөмжийг бүү ашигла гэж хэлэх замаар Huawei-д итгэх итгэлийг нураахыг л хичээгээд байгаа юм” гэв.

Huawei компанийг 5G сүлжээнээс шахах АНУ-ын чармайлтад Австрали, Шинэ Зеланд нэгдэж буй.

Huawei-гийн хэрэг нь дэлхийн хүчирхэг хоёр улс манай гарагийн эдийн засгийн өсөлт, компаниудын орлогод сөрөг нөлөөтэй, олон сар үргэлжилж буй худалдааны дайнаа зогсоохоор тохиролцлоо ч стратегийн сөргөлдөөн нь цаашид ихсэхийн дохио. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Эдийн засгийн шадар зөвлөх худалдааны тариф өсөх аюулыг зайлуулахаар Вашингтонд ирээд буй үед энэ нь байдлыг улам хүндрүүллээ.

Хэрэгт буруутгасан нь Хятадын эдийн засгийн хүчирхэгжлийн бэлгэ тэмдэг, дэлхийн гол их гүрэн хэмээх АНУ-ын статусыг ганхуулагч Huawei компанийг нийтийн анхаарлын төвд авчирлаа. Ялангуяа, Huawei-г үндэслэгч, тэрбумтан Рэнь Жэнфэйн охин Мэн Ваньжоуг хэрэгт татсан нь Бээжингийн дургүйг хүргэж, шинэ хүйтэн дайн дэгдэх вий гэсэн түгшүүр төрүүлэв.

Huawei компанийн хувьд АНУ-ын эрх баригчдын мэдэгдэл тун таагүй үед тохиолоо. Тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Канадад баривчилснаас хойш тус компани тоног төхөөрөмжөө тагнуулын зорилгогүйг дэлхий  нийтэд итгүүлэхээр чармайж байна. Энэ сард Польш улс Huawei-гийн ажилтныг баривчлахад тус компани ажилтныхаа үйлдэлд хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдсэн. Мэн овогтыг шилжүүлж авах АНУ-ын хүсэлтийг Канад гуравдугаар сарын 1-нийг хүртэл судалж үзнэ.

Huawei-г үндэслэгч, гүйцэтгэх захирал Рэнь компаниа Бээжингийн тагнуулын ажиллагаанд тусалдаггүй болохыг ойлгуулахын тулд энэ сард Шэньжэнь дахь оффистоо хэвлэлийнхнийг цуглуулав. Уг нь Рэнь Жэнфэй нь хэвлэлийнхний өмнө ховорхон гардаг нэгэн.

“Эх орондоо хайртай, ХКНыг дэмждэг миний бие дэлхий нийтэд муу зүйл хийхгүй” хэмээн Рэнь мэдэгдлээ. Huawei компани хэрэгт буруугүйгээ тайлбарласан мэдэгдлийг мягмар гарагт мөн хийсэн юм. Huawei компанийг 5G сүлжээнээс шахах АНУ-ын чармайлтад Австрали, Шинэ Зеланд нэгдэж буй. Канад, Их Британи, ХБНГУ, Франц одоогоор шийдвэр гаргаагүй байна.

Huawei-д хориг тавьсан Засгийн газруудын эсрэг сөрөг арга хэмжээ авахаар сүрдүүлсэн БНХАУ тагнуулын хэргээр Канадын хоёр иргэнийг саатуулсан нь Мэн Ваньжоуг баривчилсны хариу хэмээн Ерөнхий сайд Жастин Трюдо үзэж байна. Иймэрхүү үйлдэл нь Huawei болон Засгийн газар холбоотой гэсэн сэжгийг лавшруулахаас цаашгүй хэмээн Бээжинд дэх өрнөдийн дипломат тайлбарлав.

Huawei компани, 5G технологи нь хоёр улсын тэмцлийн ердөө л бүрдэл хэсэг. АНУ роботиксоос шинэ үеийн тээврийн хэрэгсэл, биотехнологи хүртэлх технологийн бусад салбарт ч ноёрхох Хятадын “Made in China 2025” төлөвлөгөөг худалдааны дайны хүрээнд нураах эрмэлзэлтэй билээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ