Ганбатын Өсөхбаяр

Хоккайдо Монголын Эдийн Засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Г.Өсөхбаяр: Японд ирж эмчлүүлж байгаа хүмүүсийг харахад Монгол Улс хорт хавдрын өвчлөлд анхаарах цаг болсон санагддаг

Япон дахь Хоккайдо Монголын Эдийн Засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Саппоро дахь Монгол улсын өргөмжит консулын ажилтан Г.Өсөхбаяр бүсгүйг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 

Тэрээр Хоккайдогийн их сургуульд Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус улсад амьдраад даруй 10 жилийг үджээ. Өдгөө тэрбээр хоёр улсыг холбох олон салбарын ажилд гар бие оролцон, хувь нэмрээ оруулдаг нэгэн. Монгол улсыг Японд сурталчлах, Япон улсын хөгжил дэвшил, ололт амжилтаас өөрийн улсдаа нутагшуулах чин хүсэлтэй бүсгүй гэдэг нь бидний ярилцлагын туршид анзаарагдаж байлаа.

-Таныг “Хоккайдо Монголын Эдийн Засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга гэдгийг энд ирээд мэдлээ. Үүнийхээ хажуугаар өөрийн тань ажил үүрэгт тусгагдаагүй ч элэг нэгтнээ гэсэн сайн дурын ажил хийдгийг чинь хүмүүсээс сонслоо. 

-Ихэвчлэн хавдрын оноштой, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэдийг Саппоро хотын эмнэлэгтэй зуучлах ажлыг 2015 оноос хийж байна. Хамгийн анх тархины хавдар гэсэн оноштой 7 настай хүү эмчлүүлэхээр ирж байсан. Аав нь энд таньж мэддэг хүн байхгүй учир туслах боломжтой эсэх талаар надаас учирлан холбогдож байлаа. Би тэдэнд зөвхөн орчуулга хийх биш аль сайн эмнэлэг, эмчтэй холбож, байрлах газрыг нь олж өгөх гээд чадах чинээгээрээ туслахыг эрмэлзсэн.

Тэр хүүгийн хагалгаа, эмчилгээ ч маш амжилттай болсонд баяртай байдаг. Түүнээс хойш эмнэлэг, эмчилгээний чиглэлээр тархи болон ходоодны хавдар, зүрх судасны өвчлөлийн хүнд оноштой хэд хэдэн Монгол хүнийг холбон өгч ажиллаж байна. 

Миний албан ёсоор харьяалагддаг “Саппоро Дай-Ичи Коосан” ХХК-ийн захирал Такеда Осамү гэж хүн бий. Тэр хүн маань “Чи оюутан байхаасаа л энэ ажлаа хийсэн, битгий зогсоогоорой. Ажлынхаа цаг завыг харгалзан аль боломжоороо хийгээрэй” л гэж хэлдэг юм. Тэгэхээр үүнийг нийгэмлэгийн ажилтай огт хамааралгүй гэж хэлж болохгүй ч цаашдаа тухайн эмнэлэгтэй харилцаа холбоотой ажиллах, хүрээгээ тэлэхэд мөн бидэнд чухал нөлөөтэй юм. 

Монголоос ирсэн зарим өвчтөн болон визний асуудалтай, энд түр байх шаардлагатай хүнийг гэртээ байлгах тохиолдол ч хааяа гардаг. Мөн байрлах газар байхгүй үед нь удирдлагаасаа зөвшөөрөл аваад компанийхаа ажлын байранд түр байлгадаг гээд байж болох бүхий л аргаа хэрэглэдэг гэх үү дээ. 

Дараагийн шатанд зорьж байгаа зүйл маань эмнэлгүүдтэй тухайн өвчтөний эмчилгээний зардлаас багахан ч болов хөнгөлөлт үзүүлэх албан ёсны гэрээ хийдэг болмоор байгаа юм. Хэрэв тэгвэл би ганцаараа л яваад байх биш өөр хүмүүсээр дамжуулан эмнэлэгтэйгээ холбогдох, ирж буй хүмүүсийн хувьд боломжууд илүү их нэмэгдэнэ гэсэн үг л дээ. 

-Өвчтөнүүд ихэвчлэн ямар оноштойгоор энд ирдэг вэ?

-Янз бүр. Гэхдээ ихэвчлэн хавдар. Тархины, үе мөч, ходоодны хавдартай хүмүүс их ханддаг. Тэр дундаа хүүхдийн тархины хавдар зонхилдог нь би энэ ажлыг орхихгүй байх нэг шалтгаан болдог гэх үү дээ. Монгол улсын хэмжээнд хавдрын аюултай нөхцөл байдал үүссэнийг зарлаад бид энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон юм шиг санагддаг.

Ирэх боломжтойнууд нь ирээд эмчилгээгээ хийлгээд буцдаг. Гэвч зарим нь ирэх гэсээр цаг алдаж холбогдож явсаар өнгөрчих тохиолдол гардаг нь хэчнээн харамсалтай гээч. Зөвхөн надад тохиолдсон нь л энэ болохоос маш олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өвдөхөөс өмнөх урьдчилан сэргийлэлт маш чухал санагддаг. Би эрүүл мэндийн үзлэгийг маш хялбар аргаар авах аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа хүнтэй фэйсбүүкээр дамжуулан холбогдоод явж байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгт орохын тулд өдөржин эмнэлгээр явж олон цаг зарцуулахгүйгээр хийдэг болсон шинэ технологиуд Японд аль хэдийнэ нэвтэрсэн. Түүнийг Монголын эрүүл мэндийн салбартай холбоод ажил хэрэг болгохыг зорьж байна. Хийхийг зорьж байгаа зүйлийн маань нэгхэн хэсэг ч гэлээ хэзээ нэгэн цагт энэ маань бодит ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна.  

-Таныг сая хэд хэдэн үйл ажиллагаанд орчуулагчаар ажиллаж, япон хэлээр “ус цас” ярьж байхыг харлаа. Синхрон орчуулга хийхэд илүү ур чадвар шаарддаг мэт санагддаг.

-Аав минь биднийг бага балчир байхын л хичээлээс гадуур заавал гадаад хэлний дугуйланд хамруулдаг байсан юм. Хэлтэй бол хөлтэй гэж их захина. Тухайн үедээ хүүхэд болохоор тийм ч их ач холбогдол өгдөггүй байж дээ. Одоо бол би энэ хэлээрээ л бүхий л ажлаа амжуулж, холбож байна.

Гэхдээ зөвхөн нэг үг өгүүлбэрийг шууд орчуулахыг хүсдэггүй, аль болох хүрэх эзэндээ тодорхой хүрч буугаасай гэж утгачилж орчуулахыг их хичээдэг. Хүн бүрийн арга барил өөр байх. Тухайн хүний хэлсэн нэг үгийг нөгөө хүндээ задалж тайлбарлаж илүү их ойлголттой болгохыг эрмэлздэг. Мэдээж өөртөө голонгуй хандах үе их олон. Тасралтгүй суралцахыг  л хичээж байна.

Өдөр бүр шинэ зүйлийг мэдэж, мэргэжил болгоны гүнд нь орох боломжийг олгодог учир орчуулгын ажлаа хийх дуртай. Хаана хэнд хэрэгтэй байна яваад л очдог. Ингэснээрээ өөрийгөө үнэгүйдүүллээ гэж шүүмжлэх хүмүүс байдаг ч би хувьдаа тэгэж боддоггүй юм. “Чамайг л орчуулагчаар авч явмаар байна” гэж хандах хүмүүс ч бий. Гэхдээ миний өөрийн гол хариуцлага, үүрэг маань нийгэмлэгийн ажил учир үүндээ л илүүтэй анхаарахыг хичээдэг дээ. 

Хоккайдо муж нь "Чингис хаан" хэмээх нэртэй хонины махтай хоолоороо алдартай

-Ер нь яагаад Япон улстай холбогдох болсон юм бэ? 

-Би 15 настайдаа их сургуулийн оюутан болсон. Манай аав ээж хоёул барилгын инженер. Би ч өөрийгөө мөн ШУТИС-д элсэн орж инженер болно гэж боддог байлаа. Намайг ахлах сургуулиа төгсөхөд тус сургуульд инженер-орчуулагч мэргэжил олгох гадаад хэлний тэнхим нээгдээд удаагүй байсан. Тэгээд япон хэлний ангид элсэн орж гуравдугаар курстээ Японы Засгийн газрын тэтгэлэг хүртэж Осакагийн гадаад хэлний их сургуульд нэг жил сурсан. Монголд буцаж ирээд их сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн яам болон JICA олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж байсан төсөл дээр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. 

Би өөрөө хөдөө аж ахуйн салбарт бас их дуртай. Төсөл дээр ажиллаж байх хугацаанд Монголынхоо олон аймгаар явахдаа бидний хөгжил яах аргагүй хөдөө аж ахуй юм байна гэх бодлыг төрүүлж билээ. Тиймээс дахиж сурах цаашлаад магистр, докторын зэргийг хамгаалахаар ахин Японы засгийн газрын тэтгэлгийн шалгалтыг өгсөн юм. Хоккайдогийн их сургуульд элсэж, нийт долоон жил суралцаад хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. 

-Та Хоккайдо муж дахь ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Тэр их сонин тохиолдол. Би Японы засгийн газрын тэтгэлэг авахдаа Японы  өөр олон их сургуулиас урилга авч байсан ч надад Хоккайдо муж яагаад ч юм эх газрын хэв шинжтэй, нутгийг минь санагдуулам, хөдөө аж ахуй хөгжсөн газар байсан учир эндэхийг сонгосон. Мэдээж анх ирэхэд таньдаг хүн байхгүй, нарийн дүрэм журам гээд төсөөлж байснаас өөр байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар Хоккайдог Монгол улстай холбох юмсан гэсэн далдхан хүсэл тээсээр анх ирж байлаа. 

Тиймдээ ч оюутан байхдаа зөвхөн сургуулийн орчинд биш, ер нь танилын хүрээгээ тэлэхээр Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргааны төрөл бүрийн семинарт идэвхтэй оролцож, шаардлагатай тохиолдолд орчуулагч хийдэг байсан. Тухайн үед интернетэд Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичиг асан Такебэ Цүтомү гэх эрхэм Саппоро дахь Монгол улсын Өргөмжит Консулаар өргөмжлөгдлөө гэсэн мэдээллийг олж харсан. Тэгээд би өөрөө шууд холбогдоод “Өөрийн боломж бололцоогоороо туслах зүйл байвал үнэ хөлс гэхгүй сайн дураараа хийе, Монголтой холбох ажилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэдгээ илэрхийлсэн. Гэнэт нэг оюутан та бүхний ажилд үнэ төлбөргүй тусалъя гэхээр мэдээж тэд гайхна шүү дээ, тэгсхийгээд л өнгөрсөн. 

Оюутан байхдаа мөн Токиогийн ЭСЯ-нд боломжтой гэсэн зүйлстээ тухай бүрт нь туслаад л явдаг байлаа. Түүнээс хойш гурван жилийн дараа докторын зэргээ хамгаалж сургуулиа төгсөхийн алдад Монголоос Япон улсад суугаа бүрэн эрхт элчин сайд асан С.Хүрэлбаатар гуай Саппород ирж таарахдаа “Сайн дурын олон ажил эхлээд явж байна, хийх зүйлс ч их байна. Төгссөн ч эндээ хэсэг байгаад Хоккайдог Монголтой холбох ажилд тусалж болно” гэж хэлсэн. Би ч мөн тийм бодолтой байсныгаа дээр дурдсан шүү дээ. 

Яг тэр үед мөн Такебэ гуай Хоккайдо Монголын Эдийн Засгийн харилцааг дэмжих нийгэмлэг байгуулаад чамд хариуцуулъя гэсэн саналыг албан ёсоор тавьсан. Ер нь бол сургуулиа төгсөөд Японд ажиллах бодол байгаагүй, ирэхээсээ өмнө ажиллаж байсан ХААЯ-даа л буцаж ажиллана гэж боддог байсан ч би саналыг нь маш баяртайгаар хүлээж авсан. 

Оюутан байхдаа сайн дураар ажиллая гээд залгаж байсан газраасаа албан ёсоор ажиллах санал авсан юм. Одоо тус нийгэмлэгийнхээ гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Саппоро дахь Монгол улсын өргөмжит консулынхаа ажлыг давхар хийгээд явж байна.  Өөрийн үндсэн ажлаас гадна Саппоро JCI байгууллага, мөн Саппоро худалдаа, аж үйлдвэрийн газрын дэргэдэх залуу бизнес эрхлэгчдийн холбоонд гишүүнчлэлтэй үйл ажиллагаанд оролцдог. 

-Хоккайдо муж болон Монголын уур амьсгал төстэй байдаг нь нэг талаараа давуу талтай гэсэн. Чухам ямар давуу талтай байдаг вэ? 

-Эндэхийн цаг агаар Монголоос харьцангуй дулаан гэх боловч мужийн хойд талаараа манай нутгаас ч хүйтэн байдаг. Хоккайдод хүйтэн сэрүүн бүсийн барилгын технологи мөн газар тариалангийн технологи сайтар хөгжсөн. Мөн тэд хүйтэн сэрүүнийг үл ажран өвлийн цасаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чаддаг. Үүнд жил бүр хэдэн сая жуулчин үзэхээр ирдэг Саппорогийн цасны баярыг дурдаж болно. 

Тэд жилийн дөрвөн улирлын алинд ч амсхийхгүйгээр аливаа үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг онцлогтой. Энэ онцлогийг л Монголдоо жишээ болгон авмаар санагддаг. Мэдээж орчин нөхцөлөөсөө шалтгаалаад ялгаатай байдал бий. Гэхдээ бүгдийг нь хуулж авах биш, санаа аваад хэрэгжүүлмээр зүйлс олон байдаг. 

Энд ирж эмчилгээ хийлгэж байгаа Монголчуудыг ч мөн ажаад байх нь ээ их тохиромжтой санагддаг. Бидний бие махбодь хүйтэн сэрүүн цаг агаартаа нэгэнтээ дасан зохицсон байдаг шүү дээ. Яг ид халуун зунаар энд ирж эмчилгээ хийлгэхийг би хүмүүст зөвлөдөггүй. Өвөл, хавар, намар их зүгээр. Мэдээж таатай уур амьсгалтай газар амрангаа эмчилгээ хийлгэж болно л доо. Гэхдээ энд ирж байгаа хүмүүс зөвхөн бие махбодийн илааршлаас гадна сэтгэл санааны ч хувьд сэргэхдээ их амархан байдаг. Нарийн судалбал тохирсон эмчилгээний арай өөр арга барил байдаг байх гэж боддог. 

Мөн Хоккайдо муж нь “Чингис хаан” хэмээх нэртэй хонины махтай хоолоороо алдартай. Яг л Монголдоо байгаа юм шигээр хонины махаа иддэг. Өвчтөнийг хагалгаанд ороход нь би өөрөө, заримдаа би боломжгүй бол нөхөр маань хамт ордог. Мөн энд амьдардаг Монголчууд маань нэгдэн “Хамтын хүчээр хамтдаа хөгжье” гэсэн уриан доор нэгдэн нийгэмлэг байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм. Тэр хүрээнд Хоккайдод ажиллаж, амьдардаг Монголчууд маань ч гэсэн банштай цай, монгол хоолоо хийж ирэн аль байгаа боломжоороо л туслахыг хичээдэг нь гайхалтай. Хоол унд, уур амьсгал нь ижил байгаа нь нэг талаараа ийм давуу талыг бий болгодог. 

Японд бага сургуулийн хүүхдүүдийг 4-5-р анги хүртэл нь тоглуулангаа хөгжүүлэх аргачлалтай байдаг

-Хоккайдо муж өмнө нь яг өнөөгийн Улаанбаатар шиг утаатай, автозамын түгжрэлтэй байсан гэж сонсож байсан. Тэд хэрхэн энэ бүх асуудлаа шийдэж чадсан юм бол?

- Монголыг 30 жилийн өмнөх Япон гэж хүмүүс ярьдаг. Бид гучаа байг ядаж арван жилийн дотор өнөөгийн Хоккайдо шиг яагаад болгож болохгүй гэж боддог юм. Таны хэлсэнчлэн энд утаа униар, түгжрэлтэй, өвчлөл ихтэй газар байсан. Саппоро хот түүхий нүүрсний хэрэглээгээ хийн түлшээр орлуулахаас гадна цахилгааны хэрэглээгээ нэмсэн. Харин нийтийн тээврийнхээ үйлчилгээг сайжруулснаар түгжрэлийг бууруулсан.

Саппоро хот гурван огтлолцсон шугам бүхий метроны замтай. Улаанбаатарт нэг удаа л бүсээ чангалаад баруунаас зүүнтээ метроны замтай болоход түгжрэлийг тодорхой хувиар бууруулна гэж боддог юм. 

-Японы дадлагажигч солилцооны хөтөлбөрөөр дамжуулж Монголчууд их зүйл сурч болох талаар та өөрийн сошиал хуудсандаа дурдсан байсан. Монголчуудад ямар боломж байгаа вэ? 

-Өмнө нь дурдсан цаг агаар төстэй, манай эдийн засгийн гол тулгуур болсон хөдөө аж ахуй маш их хөгжсөн байдал зэргээс хамаараад дадлагажигч солилцооны хөтөлбөр Монголчуудад яг тохирсон мэт санагддаг. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголчуудыгаа зүгээр нэг ажиллуулах бус давхар сургаад, эргээд улсдаа үр бүтээлтэйгээр ажлаа хэрэгжүүлдэг байлгах юмсан гэсэн боломжийг хайж байна. Одоогоор энэ хөтөлбөрийн дагуу Хоккайдод Вьетнамчууд маш ихээр ирж ажилладаг. Энэ оны эхээр Вьетнамд томилолтоор ажиллахдаа дадлагажигч ажилчныг яаж, яг ямар бодлогоор явуулдаг гэх зэргийг нь судлахыг зорьсон. Жил бүр Вьетнам Японы хамтарсан фестиваль Вьетнамд зохион байгуулагддаг. Би энэ жил зорьж оролцсон ба энэ үеэр Вьетнамын дадлагажигч илгээдэг компаниуд дээр ч зочилсон. 

Бид юун дээр хоцорчихов гэж бодож үзлээ. Бүгдийг нь тийм гэхгүй ч манайхан дадлагажигч явуулахдаа бараа илгээж буй мэт ханддаг юм шиг санагддаг. Вьетнамчууд яг улсынхаа хөгжилд шаардлагатай, өөрсдөдөө нэн түрүүнд хэрэгтэй байгаа салбарт харьяалагдах дадлагажигчийг илгээдэг. Тухайн хүмүүс сураад ирэхэд нь дахин сургаад ажил дээр гаргадаг. Тэгэхээр энд зөвхөн явуулчихаад л орхих биш нөгөө боловсон хүчнээ эргүүлээд татдаг, авчраад дахин сургадаг гээд цаана нь маш том бодлого яваад байгаа юм. 

Нэг үгээр хэлэхэд үйл ажиллагааг нь сураад ирэхэд нь нутагт нь дахин сургаад жинхэнэ мэргэжилтэн төрүүлж байгаа гэсэн үг. Энэ тогтолцоо Монголд байдаг гэхэд эргэлзэж байна. Нөгөө талдаа олон тооны залуу боловсон хүчнээ гадаад улс руу илгээх нь эргээд тухайн улсдаа ажиллах хүчний баланс алдагдах сул талтай. Энэ бүхнийг нэгдсэн бодлоготойгоор зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй санагддаг.

Вьетнамчууд энэ тал дээр маш сайн бодлоготой ажиллаж байгаа. Жишээ нь, Засгийн газар нь өөрсдөө холбогдох яам, байгууллагууд руу хүнээ илгээгээд хөдөлгөж чадаж байна. Бидэнд ч мөн ийм боломж бий. Тэгэхийн тулд нарийн бодлого, төлөвлөгөө хэрэгтэй байна. Хэдий Вьетнам 90 сая, Монгол 3 сая хүн амтай ч бид боломжийнхоо хэрээр улс орныхоо хэрэгцээт байдлаар зэрэгцэн орших боломжтой гэсэн санаа юм. Вьетнамчууд үйлдвэрийн ажилчдыг илгээж байгаа бол бид инженер техникийн ажилчдаа илгээж болно. Гэхдээ энд дан Вьетнамчууд биш олон орны зөндөө хүмүүс дадлагажигчаар ирдэг л дээ. Гэхдээ манай улс дадлагажигч улсын нэгд багтаж чадсан нь сайшаалтай.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би гурван хүүхэдтэй. Хоёр багыгаа энд сурч байхдаа төрүүлсэн. Том хүүгээ төрүүлээд долоо ч хонолгүй сургуульдаа орж байлаа. Намайг үргэлж дэмжиж ард минь байдаг ханьдаа болон ээждээ үргэлж баярладаг.

Ер нь л Хоккайдод байгаа Монгол бүсгүйчүүд сурч байх хугацаандаа хүүхдээ төрүүлээд л сургуульдаа эргээд явдаг. Харин Японд бол тийм биш, ихэвчлэн 30 нас хүртлээ зөвхөн сургууль, ажлын карьераа хөөдөг. Манай багш оюутнуудаа сурч байх хугацаандаа хүүхдээ төрүүлнэ гэдгийг надаас хойш дэмждэг болсон байна лээ. (инээв)

Багш минь нэг удаа “Эмэгтэй хүн эмзэг сул дорой ч гэсэн эх хүн чанга хатуу байдаг юм байна гэдгийг Өсөхөөгөөс олж харлаа” гэж хэлж билээ.  Тэр үгийг бодох бүртээ би одоо ч урамшдаг. Аливаа асуудал тулгарахад “Би эх хүн, бууж өгч болохгүй” гэж өөрийгөө зоригжуулдаг даа. 

-Японы боловсролын системээс Монголдоо авч хэрэгжүүлмээр санагддаг зүйл байдаг уу?

-Бага сургуульд хүүхдүүдийг хичээл хий гэж огт шахдаггүй юм байна лээ. Тэднийг 4-5-р анги хүртэл нь тоглуулангаа хөгжүүлэх аргачлалтай. Нэг үгээр амьдралын ухааны наад захын зүйлс, хариуцлага, хүндлэл гэж юу болох, нийгэмд хүн биеэ хэрхэн авч явах ёстой талаарх хичээлийг түлхүү заадаг. Хүүхдийг заавал “Чи ийм л байх ёстой” гэж зааварлахгүй, өөрийнхөөрөө байх боломжийг илүүтэй олгодог юм шиг санагддаг. 

Мөн хичээлээс гадуурх дугуйлан секцийг сургууль бүр өөрийн хичээлийн нэг хөтөлбөр болгочихсон байдаг нь их авууштай. Ингэснээр тухайн хүүхэд багийн ажиллагаанд суралцаж, хариуцлагатай болж байдаг. Жишээ нь, том охин маань дунд сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглодог бол дунд хүү минь бэйсболлын багт харьяалагддаг. 

Их сургуулийн боловсролын тухайд би өөр дээрээ ярихад тийм амар байгаагүй гэж хэлнэ. Докторын зэрэг хамгаалсан сэдэв маань “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тэжээлийн бааз суурь” байсан юм. Гэтэл тухайн үед Монголд малын тэжээлийн тоон мэдээлэл маш хомс байсан. Тиймээс үүргэвчээ үүрээд Монгол руу малын тэжээл экспортолдог Өвөрмонголын үйлдвэрүүдээр ганцаараа 21 хоног явж мэдээллээ цуглуулж билээ. Манайхан том тоо баримттай, томъёотой байвал их сайн диплом гэж үздэг. Гэтэл Японд асуудал дэвшүүлсэн, амьд жишээ, бодит байдал дээр тулгуурласан тоо баримт юу байна гэх зэргийг үнэлгээндээ харгалзан үздэгээрээ их давуу талтай.

Мөн манайд судалгаа гараад л байдаг, тухайн судалгаагаа хэрхэн ашиглах, үр дүн нь бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдэг нь чухал. Нэг үгээр төрийн бодлого судалгаа шинжилгээ хоёр хоорондоо уялдаж байх ёстой байдаг. Тэгэхээр үүнийг уялдуулах тал даар анхаараасай гэж хүсдэг. 

Наймдугаар сарын эхний долоо хоногт Хоккайдо руу захиалгат, шууд нислэг үйлдэнэ

-Оны өмнөхөн Монгол улсын ерөнхий сайдын Хоккайдо муж дахь айлчлалын үеэр та мөн ажилласан байсан. Уг айлчлалын үр дүнд ямар ажил хийгдсэн бэ?

-Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдод арванхоёрдугаар сарын 14-нд айлчилсан. Монгол Улсын Засгийн газар, Япон дахь ЭСЯ, Гадаад хэргийн яам зэрэг байгууллагууд бидний ажлыг дэмжиж байгаа нэг хэлбэр гэж бид маш урамтайгаар хүлээж авсан. Айлчлалын хүрээнд Хоккайдо их сургуулийн оюутнуудын судалгааны ажилтай танилцсанаас гадна хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа махны үхрийн үржүүлгийг Монголд нэвтрүүлэх талаар судлах, туршлага судлах ферм эрхлэгч, мэргэжилтнийг илгээх талаар яригдсан. Тэднийг энэ оны наймдугаар сард хэрэгжүүлэх Улаанбаатар Хоккайдо чиглэлийн шууд нислэг буюу захиалгат нислэгийн үеэр хүлээн авна гэж төлөвлөж байна.   

-Улаанбаатар Хоккайдо чиглэлийн шууд нислэгтэй болно гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл…?

-Яг эцсийн байдлаар батлагдаагүй ч хуваарьт оруулаад явж байна. Наймдугаар сарын эхний долоо хоногт хоёр талдаа захиалгат нислэгийг үйлдэх юм. Энэ маань амжилттай хэрэгжвэл цаашдаа тогтмол нислэгтэй болохыг зорьж байна. Үүний үр дүнд Японы жуулчид Монгол руу шууд хүрч очих мөн манай албаны хүмүүс, нийгэмлэгийн төлөөлөгчид Хоккайдод хүрэлцэн ирж бизнес уулзалт, форумд саадгүй оролцох боломж нээгдэнэ.

Бид энэ жил мөн “Mongolian week” буюу Монголыг танилцуулсан долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр бид харилцан бие биедээ үр өгөөжтэй үйл ажиллагааг хийж байна гэсэн үг. Би Хоккайдод анх газардахдаа л “шууд нислэгтэй болгох юмсан” гэж бодож байлаа. Одоо уг бодол маань зөвхөн миний төдийгүй олон хүний хүсэл болж арван жилийн дараа биеллээ олох гэж байгаад баяртай байна. 

-Та Монголын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хүний хувьд эндээс Монголдоо авч хэрэгжүүлмээр ямар шинэ зүйл байгаа гэж боддог вэ? 

- Өвлийн хүлэмжийн аж ахуй болон хоршооны талаар дурдмаар байна. Энд өвлийн улиралд хүлэмжиндээ нарийн ногоонуудаа тариалдаг. Мөн газрын гүний дулааныг хүлэмжийн аж ахуйд ашиглах аргыг нэвтрүүлмээр санагддаг. Мөн хоршоологчдын холбоо, дээр үед бид үүнийг нэгдэл гэж нэрлэдэг байсан.

Нэгдсэн зохион байгуулалтад орох, нэгдэж ажиллах, хөдөө аж ахуйн салбарт хоршооллын бүтцийг шинээр оруулах шаардлагатай мэт санагддаг. ХААЯ-нд ажиллах хугацаанд хоршоо, нөхөрлөлийн талаар нэлээн судалсан. Гэхдээ яг утгаар нь үйл ажиллагаа явуулж байгаа нь тун ховор. Тэгэхээр нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар хоршооллын үйл ажиллагааг явуулмаар санагддаг. 

-Таны цаашдын хийхийг хүсэж, тэмүүлж байгаа дараагийн зүйл юу вэ?

- Хоккайдод Монголын соёлын төв, тэр дундаа гэр кэмптэй болгохыг хүсдэг гээд их олон ажлын талаар бодож явдаг. Гэхдээ энэ бүхнийг ганцаараа биш хамтдаа, мөн шат дараатайгаар хийхийг зорино. Санаж явбал бүтнэ гэж мэдээж энэ бүгдийг хийх боломжтой, бүтээхийн төлөө ч зүтгэнэ.

Мөн Хоккайдод Монголын Консулын газар албан ёсоор байгуулагдах өдөр ирнэ гэж найддаг. Зарим хүмүүс улсыг орон нутагтай жишлээ гэж хэлж магадгүй ч байгаль орчин нөхцөл, хүн ам гэх мэт төстэй зүйлүүд их учир Монгол улсыг Хоккайдо шиг, Улаанбаатар хотыг Саппоро хот шиг болоосой гэж хүсдэг. Үр хүүхдүүд минь өвлөн авч үлдэх Монгол улсыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, ядаж эхлэлийг нь тавих л миний хүсэл зорилго доо. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Санал болгох

Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 109 1107 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 53 3349 Дэлгэрэнгүй
“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал, “Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Арав хүрээгүй насандаа ээжийгээ даган гадаадад амьдрах болсон хүү Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллажээ. "Оюутолгой"-н бизнесийн шинжээчээр томилогдохдоо компанийн үр ашгийн тооцооллыг хийхээс эхлээд Рио Тинтогийн зэсийн ерөнхий зөвлөх хүртэл дэвшин ажилласан чадварлаг мэргэжилтэн. Улмаар “Ньюком” группийн эхлүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин цахилгаан станц барих төслийг удирдан, цахилгаан станцаа ашиглалтад оруулсан эрчим хүч үйлдвэрлэгч. Монгол орноо эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, хээрийн салхи, нарны элчийг эрчим хүч болгон “хувиргаж”, гадаад руу экспортлох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, түүнийгээ бодит болгохын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг Монгол залуу. Түүний хүүхэд насны амьдрал ч сорилт сургамжаар дүүрэн өнгөрчээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бэрхшээлийг даван өнөөдрийг бүтээх шат гишгүүр болсон бага насных нь дурсамж ч сонирхол татаж байв.

Э.Орчлон: Залуу хүн тансаг машин, эд зүйл авах төдийгөөр мөрөөдлөө хайрцаглавал хамгийн хайран

2019-04-27 92 826 Дэлгэрэнгүй
“Yuve Yuve Yu”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондогийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Тавдугаар сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад хийх анхны аялан тоглолтынхоо салхийг хагалах гэж буй “The Hu” хамтлаг. 
 Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд хүлээж байна. Энэ бол Том хариуцлага, Том сорилт, Тэднийг дэлхий хэрхэн угтахыг харах нь монгол түмний хувьд маш сонирхолтой хүлээлт, бахархал юм.

Б.Дашдондог: Бидэнд Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго бий

2019-05-18 128 483 Дэлгэрэнгүй
“GoGo Cafe” -ны зочин Банзрагчийн Мөнххишиг.  АНУ-ын Виржиня мужийн Худалдаа, технологийн их сургуульд системийн архитектур мэргэжлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.  Биг дата анализ, дата олборлолт хэмээх мэдээллийн технологийн ололтыг даатгалын салбарт нэвтрүүлж, харилцагчаа халамжлах соёлыг нутагшуулахын төлөө ажиллаж буй шинэ цагийн удирдагч. “Миг даатгал” компаниа удирдаад хагас жил болж буй  Б.Мөнххишиг “Монголын даатгалын салбар хөгжлийн замаа тодорхойлох цонх үедээ явна. Энэ үеийг зөв ашиглавал 2-3-хан жилийн дотор Америк, Европын даатгалын тогтолцооны түвшинд хүрч хөгжих боломж байна” хэмээсэн.  IT суурьтай хүн хэрхэн даатгалын салбартай холбогдов, шинэ үеийн залуустай баг болон ажиллах, тэднийг удирдахад ямар сонирхолтой сорилттой тулгарч байгаа талаар хөөрөлдсөнөө эрхэм уншигч тантай хуваалцъя.

Б.Мөнххишиг: Шинэ үеийнхэн илүү ухаантай, чадвартай төрдөг гэдэгт би итгэдэг

2019-06-22 38 460 Дэлгэрэнгүй

Дээшээ