- Уншиж гэгээрэхийн зам мөр тэгшрэх болтугай -
“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаатай ярилцлаа. Тэрээр "Улирал ба Зохиолч” сэтгүүлээ уран зохиол, шүлэг яруу найрагт дуртай уншигчиддаа зориулж эрхлэн гаргасаар багагүй хугацааг үджээ. Сэтгүүлийн ээлжит дугаар мэндлээд удаагүй байгаа энэ цаг үед түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-"Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй" уриатай уран зохиолын шилдэг цоморлиг - "Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 2019 оны хаврын дугаар уншигчиддаа хүрчээ. Энэ хэд дэх дугаар вэ?
-Сэтгүүл гараад даруй 5 оныг үджээ. Зургаа дахь жилийнхээ хавартай золгож байна. Улирал тутамд гардаг болсоор 21 дэх улиралтайгаа золгож байна даа. Тууж, найраглал, өгүүллэг, яруу найраг, жүжиг, кино зохиол, Нобелийн шагналтнуудын ярилцлага, хөрөг, гадаадын зохиолчдын шилдэг өгүүллэг, зохиол төрсөн түүх, зохиолчдын захидал, Монгол туургатны яруу найраг, аян замын тэмдэглэл, дурсамж, гэрэл зураг, онол судлал, шүүмж, эсээ, ойллого гээд уран зохиолын бүхий л төрөлд хуудсаа зориулдаг юм. Гэхдээ явц дунд шинэ, сонирхолтой булан хуудас ч нэмэгдэх л юм.
"Улирал ба Зохиолч" сэтгүүл дугаарын онцлох зохиолчоороо саяхан төрийн шагнал хүртсэн Пунцагийн Бадарч абугайг, харин дугаарын онцлох номоороо Ж.Саруулбуянгийн шинээр гарсан таван боть номыг тодрууллаа
-Тухайлбал...
-Тухайлбал “Зохиолч, яруу найрагч,орчуулагч Г.Аюурзана: Уран зохиолын тухай яриа”. Ийм нэгэн шинэ булантай боллоо. Энэ буланд дэлхийн болон өрнө, дорнын уран зохиолыг уншиж ойлгоход дөхөм болох оюуны түлхүүр” ойлголтыг уншигч бидэнд ганц хоёр хуудсаар тайлбарлан хүргэх болно. Өөрөөр хэлбэл сэтгүүлийн уншигч, захиалагчдад оруулж байгаа юугаар ч орлуулашгүй хөрөнгө оруулалт юм.
Нөгөө нь “Алдартай зохиолчдын гэр өргөө” гэсэн булан. Энэ булан гэсэн үгийг ямар үгээр орлуулмаар ч юм бэ дээ. Тогтчихсон үг болохоор яалтай ч билээ дээ. Уг нь булан төдий ч юм биш л дээ. Энэ буланг Японд сууж уран бүтээлээ туурвигч яруу найрагч, орчуулагч С.Хишигсүрэн хөтөлж байна.
Энэ дугаарт Э.Хемингуэйн гэр өргөөний тухай машид сонирхолтой эсээ тэмдэглэл гарсан. Номхон “Далайн эрэгт ургасан гантиг цагаан өргөө”-ндөө ямар нэрд гарсан бүтээлээ турвисаныг эндээс олж уншиж болно.
- Танай сэтгүүлийн эхэн үеийн нэгэн дугаараас Н.Нямдорж найрагчийн Өмнөговь аймагт амьдарч ахуй үедээ Горькийн сургуулийн нөхөд Д.Нямаа Д.Гармаа гуай нарт бичсэн захидлыг уншиж байснаа санаж байна. Гар бичмэлээрээ их сонирхолтой захидал байсан.
- Дугаар бүрдээ зохиолчдын захидал нийтэлдэг юм. Гар бичвэртэй дээ л сонин шүү дээ. Энэ дугаарт гэхэд л Горькийн нэрэмжит Утгаа зохиолын дээд сургуулийн оюутан Б.Хишиг-Ундралаас яруу найрагч анд А.Эрдэнэ-Очиртоо бичсэн захидал орсон. Их сонирхолтой захидал байна лээ. Сонирхолтой гэснээс энэ дугаарт уншигчдын сэтгэлийг хөдөлгөх олон шинэ сайн бүтээлүүд бий. Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Минийх" өгүүллэг, яруу найрагч Л.Ганзулын агсны сүүлчийн шүлгүүд, Жамбын Пүрэв зохиолчийн "Хөгжмийн эгшиг" роман хэрхэн бичигдсэн тухай ч юм уу, дээр нь бас онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батсүхийн "Дөргөнэ хатны хатны дэглий" фото тэмдэглэлийг ч дурдах ёстой.
Яруу найрагч С.Оюуны "Үгүйлэн санана даа" дууны тухай хуучийг уншиж гар бичмэлээр тольдох боломж уншигчдад олдоно. Миний эрхэм дотно анд, зохиолч П.Баярсайханы мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Түүнд зориулж "Абсурд хүн" онол судлалын машид сонирхолтой өгүүлэл энэ дугаарт гарлаа. Түүнийг саяхан Д.Нацагдоржийн шагнал хүртсэн судлаач, доктор А.Мөнх-Оргил бичсэн юм. Энэ мэт дурдаад байвал сонирхолтой, уншууртай зохиол бүтээлүүд дуусахгүй. Төрийн шагналт яруу найрагч Б.Цэнддоо Д.Нацагдоржийн шагналт яруу Х.Сүглэгмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав нарын шинэ шүлгүүдийг ч нэрлэмээр байна.
-Та ч сэтгүүлээ бараг л бүтнээр нь ярьж өгөх нь ээ?
-Одоо зогсох минь, өөр ч олон сонирхолтой зохиол, бүтээлүүд үлдлээ дээ. Тэдгээрийг уншигчид өөрсдөө уншсан нь дээр байх.
- Танай сэтгүүлийн 2018 оны шилдэг бичлэгийн шагналтан тодорсон уу?
- Сэтгүүлийн зөвлөл 2018 оны шилдэг бичлэгийн шагналтнаа санал нэгтэй тодрууллаа. Захиалагчдаасаа ч санал бодлыг нь авдаг юм. 2018 оны шагналтнаар АНУ-д амьдран сууж уран бүтээлээ туурвигч сэтгүүлч, зохиолч, орчуулагч Лувсангийн Батбаярыг тодрууллаа.
Тэрбээр Нобелийн шагналтнуудын цуврал ярилцлага болоод хүүхэд багачуудад зориулсан англи шүлгийн монгол орчуулгаараа энэхүү шагналыг хүртэж байгаа юм. Мөн тэрбээр манай сэтгүүлийн “Цээжлээрэй” булангийн байнгын хөтлөгч билээ. Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд "Улирал ба Зохиолч" сэтгүүл дугаарын онцлох зохиолчоороо саяхан төрийн шагнал хүртсэн Пунцагийн Бадарч абугайг, харин дугаарын онцлох номоороо Ж.Саруулбуянгийн шинээр гарсан таван боть номыг тодрууллаа.
-Танд болон танай сэтгүүлийн хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Уншиж гэгээрэхийн зам мөр тэгшрэх болтугай.
“Улирал ба Зохиолч” сэтгүүлийг та бүхэн Интерном номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүр, УИД-ын номын тасгаас худалдан авах боломжтой.