Агаарын тээвэрт тэсрэлт авчрах аварга бөмбөлөг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-03-13 08:50 GMT+8

БНХАУ-ын дэмжлэгээр хөгжүүлж буй аварга бөмбөлөг маягийн хөлгүүд агаарын тээвэрт хувьсгалт өөрчлөлт авчирч болзошгүй байна.

Францын Flying Whales компанийн бүтээл, гелий дүүргэсэн аварга бөмбөлөг маягийн хөлөг 2021 онд анх удаа тэнгэрт хөөрнө. Гэхдөө Эйфелийн цамхгийн дэргэдээс гараагаа эхлэхгүй. Уг хөлөг Төв хятадын аж үйлдвэрийн хот, шороо бужигнасан хөдөөгийн фермүүдийн хооронд зорчих бололтой.

Францын компани БНХАУ-ын төрийн өмчийн CAIGA (China Aviation Industry General Aircraft Co) компанитай агаарын хөлөг угсрах үйлдвэр хамтран байгуулах болсноо саяхан зарласан юм. Үйлдвэрлэл 2022 оноос эхэлж, нэг нь л хоёр Boeing747 онгоц нийлүүлсэнтэй тэнцэхүйц аварга хөлгүүдийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ.

Гэхдээ удаан хөдөлгөөнтэй шинэ хөлгүүд зорчигч булаацалдан орчин цагийн нисэх онгоцнуудтай өрсөлдөхгүй.

Наян жилийн өмнөх Hindenburg-ийн сүйрлээс үүдэн зохицуулах байгууллага, үйлдвэрлэгч, олон нийт агаараас хөнгөн аяллыг эсэргүүцэгч болцгоосон түүхтэй. Тэгвэл хий нь гарахаар шалчийж орхидог хуучны дирижабль биш, хатуу бүтэцтэй шинэ үеийн хөлгөөр аялах гэж байна.

Гэхдэ шинэ хөлгүүд зорчигч булаацалдан орчин цагийн нисэх онгоцнуудтай өрсөлдөхгүй. Гибрид цахилгаан хөдөлгүүрт орчин цагийн технологийн ачаар шинэ үеийн аварга хөлгүүд нислэгийн зурвас гэх мэт наад захын дэд бүтэцгүй бүс нутагт ачаа тээврийг хямд зардлаар хүргэдэг, нүүрстөрөгчийн ялгарал бага тээврийн хэрэгсэл болно.

Хоцрогдсон бүс нутгуудыг эдийн засгийн тойрогтоо багтаахыг эрмэлзэгч Хятад улс шинэ төрлийн агаарын хөлгийн үндсэн үйлчлүүлэгч төдийгүй ирээдүйг нь тодорхойлогч байх юм.

Flying Whales-тэй хамтран ажиллах болсон түүх 2012 онд Францын ойн аж ахуйд тулгарсан бэрхшээлээс үүдэлтэй. Тус улс мод бэлтгэлийн нөөц ихтэй ч өндөр өртгөөр шинэ зам тавих, нисэх онгоцны зурвас байгуулахгүйгээр мод цагаалах газарт хүргэх аргагүй байрлалд оршдог юм.

Шийдэл хайсан Францын ойн алба нисэж буух зурвас шаарддаггүй агаарын хөлөг мод бэлтгэлд тохиромжтой юм биш үү гэсэн асуулт тавив. Асуултын хариу нь Flying Whales компанийн бүтээл болох  хатуу раам хийц, гелий хий дүүргэмэл LCA60T хэмээх 60 тоннын даацтай хөлөг болсон юм. Хөлгийг бүтээж амжаагүй ч олон компани сонирхож, Flying Whales-ыг 250 сая ам.доллараар санхүүжүүлээд байна. Эдүгээ Хятадын CAIGA компани Flying Whales-ын 25 хувийг эзэмшиж байна.

Умард туйлд газрын тос, шатдаг хий олборлодог компаниуд Lockheed Martin корпорацын 20 тонн ачаа тээвэрлэх чадалтай гибрид-цахилгаан хөдөлгүүрт LMH-1 агаарын хөлгүүдийг (2020 юм уу 2021 оноос хэрэглээнд нэвтэрнэ) түрээсээр ашиглахаар зөвхөн 2016 онд 500 сая ам.долларын захиалга өгчээ. Ийм хөлөг ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хайлсаар байгаа цэвдэг дундуур зам тавихаас хавьгүй хямд тусна. Нэг тонн ачаа тээврийн зардал нь хүнд даацын нисдэг тэрэгнийхтэй харьцуулахад долоо дахин хямд.

Онолын хувьд шинэ төрлийн хөлөг нь Хятад улсад тулгардаг хэд хэдэн бэрхшээлийг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, Хятад зэрэг том улсууд алслагдмал бүс нутагт түүхий эд материалын хайгуул хийхэд ийм онгоц ачаа тээврийн гол үүрэг гүйцэтгэх ирээдүйтэй. 

Хоёрдугаарт, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд, дэд бүтэц хөгжөөгүй ч нутгуудад эдийн засгийн тусламж үзүүлэхэд хямд төсөр тээврийн хэрэгсэл болж өгөх юм. БНХАУ-ын анхаарал чиглэж буй Африк, Азийн хөгжиж буй улсуудын хүн амын тал орчим хувь нь дэд бүтцийн сул хөгжилтэй бүсэд амьдардаг.

Эцэст нь Хятадын хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгод ийм тээврийн хэрэгсэл нийцдэг. Дэлхийн агаарын тээврийн салбар ялгарал бууруулах үүргээ биелүүлэхийн тулд хүнд даацын онгоцуудаа хөнгөн жингийн тээврийн хэрэгслээр солих шаардлагатайг бүр 2010  онд дэлхийн Агаарын тээврийн холбоо (IATA) анхааруулсан билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 997 санал өгсөн байна.

Дээшээ