16 настай швед охиныг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-03-15 17:16 GMT+8

Дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын хөдөлгөөн өрнүүлсэн 16 настай швед охин Грета Тунбергийг энэ оны Нобелийн энх тайвны шагналд Норвегийн парламентын гурван гишүүн нэр дэвшүүлжээ. 

Тэрбээр шагнал хүртвэл түүхэн дэх хамгийн залуу Нобелийн шагналтан болох юм. Өмнө нь энэ шагналыг Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсүфзай охин 17 настайдаа хүртсэн билээ.

“Хэрвээ бид цаг уурын өөрчлөлтийг зогсоохын тулд юу ч хийхгүй бол энэ нь дайн дажин, мөргөлдөөн, төрсөн нутгаасаа дүрвэх шалтгаан болох учраас бид Грета Тунбергийн нэрийг дэвшүүлэх санал тавьсан” хэмээн Норвегийн парламентын гишүүн Фредди Андре Овстегард хэлжээ.

Тэрбээр Грета Тунбергийг олон мянган сурагчдыг нэгтгэн, цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэмгий алхам хийхийг шаардаж, тэмцэл өрнүүлсэн тухай ярьсан байна. Тунбергийн гаргасан санаачилга дэлхий дахинд энх тайван тогтоох үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг сургуулийн жагсаал цуглаан зохион байгуулсныхаа дараа Грета Тунберг алдартай болсон байна. Тэрбээр олон улсыг шийдэмгий алхам хийхгүй байгааг шүүмжилсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Польшид болсон НҮБ-ын чуулганд, мөн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд илтгэл тавьсан юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ