Уул уурхайн үйлдвэрлэл “солонгорч” байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-12 08:30 GMT+8

Уул уурхайн салбарынхан жил бүрийн өдийд Буянт-Ухаа спортын ордонд цугладаг. Учир нь энд Mongolia Mining 2019 үзэсгэлэн гурван өдрийн турш болдог юм. Ес дэх удаагийн үзэсгэлэн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв.

Энэ үзэсгэлэнд уул уурхайн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ ханган нийлүүлэгчид өөрсдийгөө танилцуулдаг бол хайгуул, олборлолт, ашиглалт эрхэлж буй компаниуд сезон эхлэхээс өмнө буюу их ажлынхаа өмнө хаанаас, ямар бүтээгдэхүүн худалдан авч, хэнтэй хамтран ажиллахаа шийддэг юм. Иймд үзэсгэлэнгийн цар хүрээ улам өргөжин, гадаад талбайд нэмэлт майхан барьж, оролцогчдыг мөн байршуулжээ. Мөн зарим компани Буянт-Ухаа дахь уулзалтын өрөөнүүдийг дүүргэн, павильоныг нь үзэж сонирхсон хамтрагчдадаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, яриа хэлэлцээ өрнүүлж байв.

Энэ үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн ханган нийлүүлэлтийн талаарх бодит мэдээллийг өгдөг уламжлалтай. Манай улсын хамгийн том уурхай болох “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн энэ оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө эхний өдөр танилцуулсан. Харин хоёр дахь өдөр нь АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэгч илтгэл тавьсан юм.

Дундговь аймаг уул уурхайн хамгийн бага төсөл хэрэгжиж буй аймаг юм. Тус аймгийн Гурвансайхан суман дахь Цагаан тээгийн ордоос “Үнэн бэх” компани том хэмжээний гантиг олборлож эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах, олон салбарыг жигд хөгжүүлэхийн ач холбогдлыг их ярих болов. Учир нь уул уурхайгаас шууд хамааралтай болсон манай эдийн засаг энэ салбар сэргэхэд дагаж өндийн, унахад мөн л урууддаг болсон юм.      

Уул уурхайн салбараа задалбал зэс, нүүрс, цайр, молибден, хар тугалга, гянт болд гээд олон төрлийн эрдэс олборлож байна. Гэхдээ нүүрс, зэс, алт гэсэн гурван эрдэс илүү жин дарж, экспортын орлогын дийлэнхийг энэ гуравхан бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Тэгвэл АМГТГ-аас мэдээлснээр цахиур, улаан хас чулуу, гантиг зэрэг шинэ бүтээгдэхүүнийг олборлон, анх удаа экспортолж эхэлжээ. Японы хөрөнгө оруулалттай “Мегатек манюфактюринг” компани Дорноговь аймгийн Сайхандулаан суман дахь Урд залаа нэртэй ордоос цахиур олборлож эхэлжээ. Телевизийн дэлгэц, нарны эрчим хүчний хавтанд цахиурыг түүхий эд болгон ашигладаг аж. Төмөрлөгийн үйлдвэрүүдийн ган хайлуулах зуухны тоосгыг ч цахиураар хийдэг юм байна.

Үүний сацуу “Баатар ван транс” компани Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Гүн нэртэй ордоос улаан хас чулуу олборлож эхэлжээ. Энэ чулууг хууль бусаар хил гаргах нь түгээмэл байсан бол одоо албажуулснаар хууль бус худалдаа зогсоно гэж үзэж байна.

Хэдийгээр өмнийн говийн бүс боловч Дундговь аймаг уул уурхайн хамгийн бага төсөл хэрэгжиж буй аймаг юм. Тэгвэл тус аймгийн Гурвансайхан суман дахь Цагаан тээгийн ордоос “Үнэн бэх” компани том хэмжээний гантиг олборлож эхэлжээ.

Уул уурхайн салбар ийнхүү илүү олон төрлийн эрдэс олборлосноор энэ салбараас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх орлого өснө. Мөн алт, зэсийн үнэ олон улсад уналаа гэхэд бусад эрдсийн экспортоос олох орлого тогтвортой байх зэрэг давуу талтай.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ