Нийт зөрчлийн 70 хувийг бүрэн бус техниктэй, жолоочийн дэглэмийг мөрдөөгүй зэрэг эзэлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-16 14:05 GMT+8

Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, автотээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдал, нийгмийн харилцааны асуудалд анхаарах талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр ЗТХЯ, МХЕГ болон АТҮТ хамтран зохион байгууллаа.

Манай улсын хэмжээнд 253 аж ахуйн нэгж, байгууллага 4200 гаруй тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд, улс хоорондын зорчигч тээвэрт 16, хот хоорондын зорчигч тээвэрт 60, жуулчин тээвэрт 137, хот хоорондын такси үйлчилгээнд 7 аж ахуйн нэгж байгаа бол 19 аж ахуйн нэгж хотын доторх үндсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь хот хоорондын зорчигч тээвэр, жуулчин тээвэр болон хот доторх үндсэн чиглэлд үйлчилж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын автотээврийн хяналтын улсын байцаагчид зөвхөн өнгөрсөн жилд гэхэд нийт 25734 зөрчлийг илрүүлснээс 66,4 % буюу 17093 зөрчлийг хугацаатай үүрэг өгч арилгуулжээ. Мөн улсын байцаагчийн 80 дүгнэлт боловсруулж, улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох 3, сэргээх 1 буюу нийт 4 актыг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 502 албан шаардлага өгч, 914 зөвлөмж, сэрэмжүүлгийг гаргасанбайна.

Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын ажлыг тогтоосон цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэггүй, салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтнаар бүрэн хангагдаагүй, бүрэн бус техниктэй, жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдөөгүй зэрэг нь нийт зөрчлийн 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Иймд илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн бусад ажлуудыг аяны хүрээнд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ