Э.Орчлон

"Клийн энержи Ази" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Э.Орчлон: Залуу хүн тансаг машин, эд зүйл авах төдийгөөр мөрөөдлөө хайрцаглавал хамгийн хайран

2019.04.22

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал, “Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 

Арав хүрээгүй насандаа ээжийгээ даган гадаадад амьдрах болсон хүү Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллажээ. 

"Оюутолгой"-н бизнесийн шинжээчээр томилогдохдоо компанийн үр ашгийн тооцооллыг хийхээс эхлээд Рио Тинтогийн зэсийн ерөнхий зөвлөх хүртэл дэвшин ажилласан чадварлаг мэргэжилтэн. Улмаар “Ньюком” группийн эхлүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин цахилгаан станц барих төслийг удирдан, цахилгаан станцаа ашиглалтад оруулсан эрчим хүч үйлдвэрлэгч. 

Монгол орноо эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, хээрийн салхи, нарны элчийг эрчим хүч болгон “хувиргаж”, гадаад руу экспортлох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, түүнийгээ бодит болгохын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг Монгол залуу. Түүний хүүхэд насны амьдрал ч сорилт сургамжаар дүүрэн өнгөрчээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бэрхшээлийг даван өнөөдрийг бүтээх шат гишгүүр болсон бага насных нь дурсамж ч сонирхол татаж байв. 

-Өмнөговь аймгийн Цогтцэций дэх 50 мегаваттын салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг та эхнээс удирдан чиглүүлж ажиллалаа. Говийн салхи исгэрч, эрчим хүч үйлдвэрлэсээр байгаа юу?

-Тийм ээ, Манай говийн салхи үнэхээр “саак” юм байна. Бид анх ТЭЗҮ-ээ боловсруулахдаа салхины хурд 7 м/сек гэж тооцоолсон бол станц ажиллаж эхэлснээс хойших сүүлийн хоёр жилд говьд салхины дундаж хурд 8.5 м/сек байна. Үүгээрээ бид салхины арвин нөөцтэй гэдгээ дахин баталлаа. Ер нь 7 м/сек гэдэг өндөр үзүүлэлт л дээ. Вьетнам, Малайзад салхин станц барих гэж байгаа хөрөнгө оруулагчид салхины хурд 4 м/сек гэж хэлдэг. Тэд манайхыг сонсоод “Сайхан салхитай юм” гэж арааны шүлс нь асгардаг шүү.  

-Сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө түшиглэн “Азийн супер сүлжээ”-г байгуулах талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч үнэндээ итгэл үнэмшил сул байдаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бүрэн боломжтой. Азийн супер сүлжээний эхлэл нь Цэцийгийн станц гэж үзэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтаараа дамжуулан бид Монголд салхин цахилгаан станц барьж болдог, монголчууд бүтээн байгуулалт хийж чаддаг, салхины нөөцтэй гэдгээ баталсан. “Клийн энержи Ази” компанийн толгой компани болох “Ньюком” групп анх Салхитад 50 мегаваттын салхин цахилгаан станц байгуулсан бол 2017 оны сүүлчээр Цэцийд хоёр дахь 50 мегаваттын цахилгаан станцаа ашиглалтад оруулснаар одоо нийт 100 мегаваттын цахилгаан станцын үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч. Манай станцууд жилд тус бүр 50 мегаватт цахилгаан үйлдвэрлэнэ гэвэл ойролцоогоор 200 мянган айлыг цэвэр эрчим хүчээр хангасан гэсэн үг. 50 мегаваттын нүүрсний цахилгаан станц баривал жилд 1.3 сая тонн ус хэрэглэнэ гэхээр ийм хэмжээний хэмнэсэн тооцоолол гардаг. 

Монгол бол сэргээгдэх эрчим хүчний диваажин

-Монгол юугаар баян нүүрсээр баян. Нүүрсний станц барих нь амар биш үү?

-Нүүрсний цахилгаан станц барьж болно. Гэвч дэлхийн жишиг сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулах шалтгаан болсон. Ньюкомын түүхийг харвал нар, салхины эрчим хүчний судалгаагаа 2004 оноос хийж эхэлсэн. Тухайн үед дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж, судалдаг хүн бараг байгаагүй. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртээ тулгуурлан Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээг дотоодоосоо хангах ёстой гэсэн байр суурьт үндэслэн энэ салбарт хөрөнгө оруулсан. Өргөн агуулгаар нь харвал Монгол Улсад дэлхий нийтэд тэргүүлэх боломжтой цөөхөн салбаруудын нэг нь сэргээгдэх эрчим хүч.

Монгол бол сэргээгдэх эрчим хүчний диваажин, Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлөөр Монгол дэлхийд тэргүүлж байна” гэсэн мессэж Монголоос гарахад амархан. Яагаад гэвэл сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Цогтцэцийн 50 мегаваттын станц дэлхийн рекорд эвдсэн. Дэлхийд хамгийн хурдан баригдсан салхин цахилгаан станц болсон. Салхин станц барих дундаж хугацаа 1-1.5 жил гэж үздэг. Гэтэл бид 2016 оны 11 дүгээр сард эхлээд хойтон наймдугаар сард нь дууссан. Дунд нь хоёр сар өвлийн зогсолт хийсэн гэхээр 6-7 сард барьж гүйцэтгээд ашиглалтад оруулсан амжилттай төсөл болсон. Төслийн багийнхны 97 хувь монголчууд. Турбины компаниас гадаадын нэг хоёр инженер ажилласан, угсралт бүтээн байгуулалт, барилгын бүх ажлыг монголчууд гүйцэтгэсэн. 

-Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс гадна энэ салбарт ажиллах хүний нөөц ч хангалттай гэж Та хэлэх гээд байна аа даа?

-Яг тийм. Бид дотоодынхоо эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах ёстой, цаашдаа эрчим хүчээ экспортлох талаар ажиллана. Бид үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна. Экспортолъё гэвэл Хятадаар дамжуулан Япон, Солонгост нийлүүлнэ. Азийн супер сүлжээний схем энэ төсөөллөөр хийгдсэн. Нэг сарын өмнө Хойд Азийн эрчим хүчний эвлэлийн хурал Монголд болсон. Супер сүлжээний урьдчилсан ТЭЗҮ-г хийж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ийн дүгнэлт нь Азийн орнуудаас Монголоос Япон, Солонгос руу нар, салхины эрчим хүч экспортолбол хамгийн өрсөлдөхүйц хэмжээний эрчим хүчээр хангагдана гэж гарсан.

Монголд нүүрс, нар, салхи нь байна. Япон улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээ багасгах бодлоготой, дотоодын эх үүсвэргүй учир импортын эрчим хүч авна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ гэж бодлогоо тодорхойлсон. Тэр чиглэлийг харж анх бид Азийн супер сүлжээг ярилцаж эхэлсэн.  

-Сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр гэдэг

-Юутай харьцуулснаас л болно. Шинэ 450 мегаватт чадалтай нүүрсний цахилгаан станц барих, төдий хэмжээний хүчин чадалтай нар, салхи, батерей хосолсон тогтмол энерги гаргах боломжтой сэргээгдэх эрчим хүчний станц барья гэж тооцоход сэргээгдэх нь илүү хямд тусна. Шинэ нүүрсэн цахилгаан станцын тариф 8 цент хавьцаа байхад сэргээгдэхийнх 8-аас доошоо орох боломжтой. Яагаад гэхээр нүүрсэн станцад хөрөнгө оруулагч олдохоо больсон. 450 мегаваттын цахилгаан станц 1.2-1.3 тэрбум ам.доллараар босно. Ийм том хэмжээний төслийг хэзээ ч 100 хувь өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлдэггүй. Тодорхой хувийг өөрөөсөө гаргаж, үлдэх 70-80 хувьд хөрөнгө оруулагч хайдаг. Жишээ нь, манай Цэцийгийн станцын 30 хувийг Ньюком, Японы Софтбанк хоёр, үлдсэн 70 хувьд ЖАЙКА, Европын сэргээн босголт банкнаас зээл авсан. Том том банкиуд нүүрсэн станцад зээл олгохоо больсноо шууд зарлаж байна.

Нөгөө талаар Женерал электрик, Сиеменс зэрэг том том компаниуд нүүрсэн станцын турбин үйлдвэрлэхээ больж, салхин станцын турбин үйлдвэрлэдэг болсон. Хэрэв нүүрсэн станцын турбин авъя гэвэл зөвхөн тухайн төсөлд зориулж үйлдвэрлэх учир үнэ нь өндөр тусна. Тэгэхээр цаашид нүүрсэн станцын үнэ өсөж, сэргээгдэх станцын өртөг багасна. Сэргээгдэх эрчим хүчний станцыг 1960-аад онд баригдсан 3, 4-р станцтай харьцуулах боломжгүй л дээ. Аль хэдийнэ баригдаж, хөрөнгө оруулалтын өртгөө нөхсөн станцтай бид өрсөлдөх аргагүй. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ гэж бий. Гэрээний  хугацаандаа тохирсон тарифаараа эрчим хүч нийлүүлнэ. Гэрээний хугацаа дуусаж дахин хугацаагаа сунгах тэр үед тухайн төсөл хөрөнгө оруулалтаа нөхсөн байдаг тул маш хямдаар эрчим хүч нийлүүлэх нөхцөл бүрдэнэ. Нэгэнт барьсан байхад нар салхи нь үнэгүй тул давуу тал маш их. 

-Манай улсын эрчим хүчний сүлжээний онцлог?

-Манай улсын эрчим хүчний сүлжээ өөрөө онцлогтой. Хүмүүс өглөө ажилдаа явахад хэрэглээ тодорхой хэмжээгээр багасна. Орой гэртээ ирээд цахилгаан хэрэгслүүдээ асаагаад эхлэхэд хэрэглээ огцом нэмэгдэж, тэр оргил ачааллын үеийн эрчим хүчийг бид Оросоос импортолдог. Монголд том үйлдвэрүүд байхгүй, Оюутолгой Хятадаас эрчим хүчээ авдаг учир шөнө нь хэрэглээгүй болчихдог. Тэгсэн ч нүүрс, салхин станцыг ч ялгаагүй зогсоож болохгүй учир доод чадлаар нь ачаалах шаардлагатай. Тэр эрчим хүчийг зайлшгүй урсгаж байх хэрэгтэй болдог тул бид эргээд Орос руу хямд тарифаар шөнөдөө буцаагаад экспортолдог. 

-Хүчээр алдагдал хүлээж байгаа эрчим хүчний энэ тогтолцоог өөрчлөх ямар гарц байна вэ? 

-Сэргээгдэх эрчим хүчний салбар нь асар их хөрөнгө оруулалт шаардагддаг, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь дор хаяж 12 жил байдаг. Хажуугаар нь манай улсын эрчим хүчний систем 50-60 жил ашиглаж хуучирсан систем. Энэ систем дээр  хамаагүй сэргээгдэх эрчим хүчээр бөмбөгдөж болохгүй. Гэхдээ бид одоо энэ салбар хэцүү байна гээд хаяж болохгүй. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь ойлгомжтой болсон энэ үед  бид ч мөн адил бодлогын хүрээнд энэ салбараа дэмжээд төр, хувийн хэвшил хамтраад ажиллах нь зөв. Нар, салхины станцад давуу тал их ч сул тал бий. Наргүй бүрхэг эсвэл салхигүй бол эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй, хэлбэлзэнэ. Тэр нь сэргээгдэх эрчим хүч муу гэсэн үг биш. Ашиглагдаагүй эрчим хүчээ нөөцөлж, хэрэгтэй үед нь зарцуулах нар, салхи, батерей хосолсон горимоор ажиллуулах боломж байна.

Энэ төслөө бид Монголын анхны салхин парк Салхитын 50 мегаваттын станцдаа өргөтгөл хийж, дахин 24 мегаваттын нарны станц барих гэж байна. Монголд анхны нар, салхины хосолсон тэжээлт станц болох юм. Хосолсон станцтай бол найдвартай ажиллагаа илүү сайжирна. Дараа нь тэр комплексоо улам өргөжүүлж батерей нэмэх гэж байна. Дээр нь hydrogen буюу тодорхой хэмжээгээр устөрөгч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэхээр энэ долоо хоногт Австралийн компанитай уулзах гэж байна. Ингэж бага багаар Салхитынхаа станцыг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэр бүхий комплекс болгохоор төлөвлөн ажиллаж байна. 

Машин авах хүмүүс одооноос бодож, өөртөө ухаалаг хөрөнгө оруулалт хийгээсэй

-Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд шатахуун хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ больж, цахилгаан хөдөлгүүрт шилжиж буйгаа уралдан зарлаад эхэллээ?

-Тийм ээ. Машин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниуд таван жилийн дараа бензин хөдөлгүүрт машин үйлдвэрлэхээ болино гэдгээ зарласан. Тэгэхээр бүх юм тэр хандлага руу явж байна. Ялангуяа манайх шиг сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй улсад боломжоо ашиглаад цахилгаан нийтийн тээвэр, цахилгаан машинаар хангах боломжтой нь харагддаг. Монгол Улс оргил ачааллын үедээ Оросоос эрчим хүч импортолдог. Түлш ч ялгаагүй 97 хувь нь Оросоос хараат. Үүнийг цогцоор нь шийдэх боломжтой гэж хардаг. Хүндрэлүүд байгаа ч 2-3 жилдээ батерей оруулах зэргээр шийдэж болно.

Аль болох сэргээгдэх эрчим хүч давамгайлсан шийдлүүд хийж болмоор. Хэрэглээнийхээ эрчим хүчнээс гадна машиныхаа эрчим хүчийг дотоодоосоо хангах боломжтой. Манай хамт олон таван жилийн дараа гэхэд зөвхөн эрчим хүчийг зөвхөн гэр ахуй биш, нийтийн тээврийг ч гэсэн эрчим хүчний нөөцөөрөө хангадаг тогтолцоонд орох боломжтой. Цахилгаан машин үнийн хувьд өрсөлдөхүйц болж байна. 2012 оны Nissan Leaf гэж машиныг Монголд 13 сая төгрөгөөр худалдаж байна. 220 Вт-д 4 цаг бүтэн цэнэглэхэд 3000 төгрөг болно. Нэг цэнэгээрээ 130-140 км явна гэхээр арай дэндүү гэмээр хэмнэлттэй байгаа биз. Тэгэхээр эрчим хүчний хувьд хэнээс ч хараат бус амьдрах боломж бидэнд байна. Эрчим хүчний хэрэглээ ихсэх тусам үнэ буурна.

-Тэгвэл та цахилгаан машин унаж байна уу? 

-Би дараагийн машинаа авахдаа цахилгаан хөдөлгүүрт машин сонгоно. Судалж үзээд яагаад өдийг хүртэл цахилгаан машин аваагүй юм бол гэж бодож байна. Би Nissan Leaf-ийг жолоодож үзсэн. Үзэмжтэй, хурд авч байгаа зэрэг нь үнэхээр мундаг юм билээ. Гэрийн нөхцөлд 4 цаг цэнэглэнэ, үүний зэрэгцээгээр арай өндөр үнээр хурдан цэнэглэгч станцуудыг байгуулж болно. Холын замд яваа жолооч нарт зориулж ШТС шиг цэнэглэгч замд нь байгуулаад өгнө. Тийм цэнэглэгчүүд Америк, Европт гарсан байна лээ. Шинэ “Тесла”-г сая танилцуулсан. Нэг цэнэгээрээ 500 км явдаг, 30 мянган долларын үнэтэй гэхээр бензин хөдөлгүүрт шинэ машинтай өрсөлдөхүйц үнэтэй.

Монгол Улс 3-хан сая хүн амтай, эдийн засаг, улс орны хөгжилд тустай, нэг ашигтай зүйлийг массаараа хүлээж аваад хэрэгжүүлбэл асар хурдан хэрэгжүүлэх боломжтой. Түүгээрээ Монгол Улс дэлхийд сэргээгдэхээр эрчим хүчнийхээ бүх асуудлыг шийдсэн үлгэр жишээ улс болох боломжтой. Өөр зүйл дээр монголчууд бидэнд ийм боломж гарахгүй байх аа.  Төрийн өндөр албан тушаалтнууд, удирдлагууд гадаадад явахдаа “Тавхан жилийн дотор манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бүх шатандаа нэвтрүүлж чадсан" гэж бахархаж жишээ татдаг болбол дэлхийд танигдах гайхалтай имиж болно.

-Ийм богино хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг огцом нэмэгдүүлэх боломж бий гэж үү?

-Бүрэн боломжтой. Хэрэглээ тал дээр ч гэсэн цөөхөн хүн амтай учир хөрөнгө оруулалт татахад бэрхшээл гарахгүй. Мөн экспортлоход ч хялбар болно. Тэгэхээр дэлхийн чиг хандлагыг харж машин авах хүмүүс одооноос бодож, өөртөө ухаалаг хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хэлмээр байна. Айл өрхийн төсөвт шатахууны зардал жин дарж байгаа манай нөхцөлд хамгийн боломжит хувилбар энэ юм. Манайд одоогоор цахилгаан машины сонголт бага байгаа, хүмүүс худалдаж аваад эхэлбэл мэдээж нийлүүлэлт нэмэгдэж таарна. Дээр нь цахилгаан машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Бид Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарч, аян өрнүүлэх гэж байна. Хороо цэнэглэгч станц байрлуулах гэж байна, эрчим хүчээ хэмнэлттэй ухаалгаар шийдэх хүрээнд хамтарч ажиллах гэж байгаа.

-Нью-Йоркийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн сэргээгдэх эрчим хүчний салбар руу яагаад ингэж гүн орох болов?

-Нью-Йоркийн их сургуулийг 2010 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сэргээгдэх эрчим хүчний салбар руу яагаад орсон гэхээс илүү “Яагаад Монгол гэж?” гэхээс яривал зүгээр болов уу. Би 1989 онд Улаанбаатарт төрсөн. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан тэр үед манайх 13 дугаар хороололд ээж бид хоёр, өвөө эмээ, буурай эмээ, ээжийн эгч, дүү гээд олуулаа гурван өрөө байранд амьдардаг байлаа. Олуулаа амьдрах нь надад гоё байсан. Миний ээжийг Энхцэцэг гэдэг. Ээж Свердловскд инженерээр төгсөж ирээд, телевизэд ажиллаж байв. Өвөө мотоспортын тамирчин, эмээ хэвтрийн өвчтэй. Ээж 2 эгчтэй. Нэг нь эмч, сагсан бөмбөгийн спортын мастер, нөгөөх нь Монголын анхны эмэгтэй хурандаа Батдолгор гэж Зэвсэгт хүчний мундаг хүн бий. Ээжийн ажил өөрчлөгдөж, НҮБ-д ажиллах болов. Ээж надад нэг их тоглоом авч өгдөггүй, “Ном бол бүх цалингаараа авч өгье” гэдэг байсан. Нэг л удаа ээж надад машин авч өгснийг нандигнан тоглодог байснаа санадаг юм. Намайг хоёрдугаар ангид байхад ээж Узбекистанд томилогдон ажиллах болж, бид хоёр явсан. Орос хэл мэдэхгүй би шууд Орос сургуульд орлоо. Узбекистанаас Киргизстан, тэндээсээ Албанид амьдрах болсон.

-Ээж нь НҮБ-д ямар алба хашдаг байсан бэ?

-Эхэндээ бол сайн дурын ажилтан байсан учир цалин ч сайнгүй. Гадаадад ажиллаж үзэх нь ээжид чухал байсан. Одоо бол НҮБ-ын системд гэж 25 дахь жилдээ ажиллаж байна. Ажлыг багаас эхэлж карьер нь өссөөр одоо Истанбулд НҮБ-ын эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллагад ажилладаг. Би Монголоос эрт гарсан учир гэрийнхнээ санана, сардаа нэг удаа Төв шууданд захиалга өгч утсаар ярьдаг байлаа. Очмоор байвч ойр ойрхон Монгол руу ирэх боломжгүй үе.

-Албанид удаан амьдарсан юм байна. Хаалттай, социалист орон байх аа?

-Европын хамгийн хаалттай социалист орон шүү дээ. Албанид 4 жил амьдарсан. 1990 оны дундуур бослого болж, коммунизмыг халж, дөнгөж ардчилсан тогтолцоонд шилжээд удаагүй байлаа. 2000 онд Албанид байсан цорын ганц Ази гэр бүл байлаа, манайх. Хүмүүс нь ази хүн харж байгаагүй, дэлгүүр лүү явахад 5-10 хүүхэд араас дагаж “Чайна, Чайна” гэж хашгирна, ирж барьж үзнэ, шоолно. Тэр нь дөнгөж 11-12-той намайг эмзэг байдалд оруулчихаж байгаа юм./инээв/ Тэгэх тусам Монгол руу буцмаар санагдана. Гэвч буцах боломжгүй, хүн тэгж оролдуулах тусам улам их хатууждаг. Бас “Хятад биш Монгол гэж улс байдаг. Би Монгол” гэж байнга хэлнэ. 2010 онд сургуулиа төгсөөд Монголд ирсэн чинь нэг сонин юм ажиглагдсан нь “Чи аль нутгийнх вэ?” гэж хүмүүс байнга асуудаг. Тэр хүртэл Монгол гэдгээ харуулах гэж явсан шүү дээ. Миний бодлоор гуравхан сая монголчууд дотроо хуваагдаж тэгж нутгархах нь буруу санагддаг. 

Зуны амралтаар би дүүгээ харна, ээжтэйгээ хамтарч дүүгээ өсгөсөн дөө 

-Албанид ахлах сургуулиа төгссөн үү?

-Албанид байхад миний дүү төрсөн. Ээж минь их ажилсаг, амьдралаа дүү бид хоёрын боловсролд зориулсан хүн. Ээж төрөхийнхөө өмнөх өдрийг хүртэл ажилдаа явж, үүрээр эмнэлэгт хүргэгдэж миний дүү охин төрсөн. Төрөөд хоёр хоногийн дараа буцаад ажилдаа орсон, 12 настай би дүүгээ хараад үлдэж байлаа. Сар хагасын дараа ээж гурван сарын хугацаагаар амралт авч, бид гурав Монгол руу ирж байсан. Ялангуяа зуны амралтаар би дүүгээ харна, ээжтэйгээ хамтарч дүүгээ өсгөсөн дөө.

Удалгүй ээж Косовод ажиллах боллоо. Тэр үед Косово-д дайн болсон, НҮБ-ын ажилтнууд гэр бүлээ авч явах боломжгүй улс байсан. Ингээд би НҮБ-ын тэтгэлгээр Англид ахлах сургуульд орохоор болж, тэнд ахлах сургуулиа төгссөн. Дүүг Монголд ээжийн эгч нь харах болсон. Тэр бол их хэцүү үе. Косовод дэлбэрэлт болж уу? гээд өглөө бүхэн түгшүүртэйгээр мэдээ харна. 2006 оноос ашгүй Косовогийн нөхцөл байдал тогтворжиж, гэр бүлээ аваачих боломжтой болоход ээж дүүг өөр дээрээ авсан. Би 2006 онд ахлах сургуулиа төгсөж, Нью-Йоркийн их сургуульд тэнцээд их сургуульдаа явсан.

-Хүүхэд байхаасаа л олон оронд амьдарсан. Очсон орон бүхэн Таны амьдралын философийг ухаарах, аливааг таньж мэдэх сургууль болсон нь ярианаас тань харагдаж байна. Нью-Йорк хот Танд юуг ойлгуулав?

-Нью-Йорк бол маш хөл хөдөлгөөнтэй, том хот. Ийм газарт хүн өөрөө өөрийгөө л бий болгох ёстой юм. Тэнд бусдыг дагаж уусвал хэн ч биш болно. Нью-Йоркийн их сургууль 40 мянган оюутантай, Америкийн хамгийн том хувийн их сургууль. Том сургууль учир оюутнуудын сонирхлоос шалтгаалан олон зуун оюутны холбоотой. Их сургуульд орсноос хойш ийм, тийм холбоонд элсэх боломжтой гэсэн и-мэйл ар араасаа ирнэ. Хамгийн олон оюутан хамрагддаг, Олон улсын оюутны холбоо байдаг. Гадаад оюутнууд тэр холбоонд заавал элсэх ёстой. Би ч элслээ, холбооноос тогтмол арга хэмжээ зохион байгуулна. Би хичээлээ хийнэ, хажуугаар нь ажил хийдэг учир холбооны ажилд идэвхгүй байлаа. Багаасаа старт-ап бизнест дуртай, онлайнаар хайж байгаад фудболкны жижиг үйлдвэрт ажилд орсон.

Хийдэг ажил минь уйтгартай, үйлдвэрээс ирсэн хэдэн зуун фудболкийг эвхэж, хайрцагладаг ч бас л хөдөлмөр. Тэгшхэн эвхээд, хайрцаг нь хайш яйш байвал хажуугийн дэлгүүрээс өөрөө шинэ хайрцаг авч, тэрэн дээрээ логог нь хэвлүүлж наах зэргээр арай санаачилгатай ажилласан шиг байгаа юм. Маркетингийн зөвлөх, сүүлдээ санхүүг нь ч мэддэг боллоо. Ажлын оффис Манхэттэнд манай сургуулийн ойролцоо, үйлдвэр нь Брүклинд байсан. Нэг удаа яаралтай захиалга орсон учир үйлдвэр лүү мөнгө хүргэх хэрэгтэй болов. Үйлдвэрийн эзэн маань намайг "250 мянган доллар үйлдвэрт аваачаад өгчих" гэсэн. Нью-Йоркийн метронд 250 мянган доллартай цүнхээ тас тэврээд явж билээ.

-Гадаад оюутанд тийм их мөнгө өгөөд, метрогоор явуулчихдаг. Итгэсэн л байна даа. Айдастай байсан уу?
-Айлгүй яах вэ, метроноос буугаад 10-аад блок газар алхана. Тэндээ бараг жил гаруй ажилласан. 2006-2010 он бол хөрөнгө оруулалтын банкиудын оргил үе, 2011-2012 онд санхүүгийн хямрал болсон доо. Найзууд, манай өрөөнийхөн хөрөнгө оруулалтын том том банкиудад ажиллаж, цагийн 13 долларын цалин авдаг байл уу даа, америкчууд учир татвараа хасуулаад 7-8 доллар л авна. Тэгэхэд би данс байхгүй, цагийн 18 доллараар тооцож цалингаа бэлнээр авдаг. Манай найзууд том том газарт ажиллаад тийм бага цалинтай, би юу нь мэдэгдэхгүй ажил хийгээд цалин хамаагүй илүү. Ямар сайндаа “Чи юу хийгээд яваад байгаа юм?” гэж гайхдаг сан. Тэндээс би ажлыг сайн, муу гэж голохгүй хийсэн шиг хийвэл үнэлэгддэг юм байна гэдгийг ойлгосон. 

-Сургуулиа төгсөтлөө тэндээ ажиллав уу?

-Гуравдугаар курсээ төгсөж байх үед манай сургуулийн Оюутны холбооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, холбооны удирдлагын сонгууль болно гэсэн и-мэйл ирэв. Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Санхүүч, Харилцааны менежер гээд багаар нь шинээр сонгоно. Би нэг мөр Ерөнхийлөгчид нь үзье гээд анкет бөглөж, “Сонгогдвол ингэж ажиллана” гээд мөрийн хөтөлбөр гэж гоё гоё юм бичиж, явуулаад л мартчихсан. Хэдэн долоо хоногийн дараа “10 гаруйм хүн шалгарсны нэгт чи багтсан байна. Сонгуулийн сурталчилгаагаа хий” гэсэн и-мэйл ирсэн. Хэдэн зуун оюутнууддаа мөрийн хөтөлбөрөө танилцуулна, и-мэйлээр санал хураадаг. Тэгж өрсөлдөөд ялчихсан. Хүн өөрийгөө голох хэрэггүй юм байна гэдгийг тэр үед ойлгож билээ. Миний хувьд өөрийгөө хүчлээд Оюутны холбоо руу и-мэйл бичсэн нь амжилт байсан. Албанид хүн бүр шоолдог байсан нь миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доош татсан шиг байгаа юм./инээв/ 

Америкт оюутан байхдаа найзуудтайгаа хамтарч Монголд “Брикхаус” тоглоомын дэлгүүрийг нээж байлаа

-Монголд “Брикхаус” тоглоомын дэлгүүрийг үүсгэн байгуулсан гэж дуулсан?

-Батхүү, Тэнгис гэж хоёр найзтайгаа хамтраад 2007-2008 оны үед “Брикхаус” тоглоомын дэлгүүрийг байгуулсан. Гурвуулаа легод дуртай, тэр үед Монголд лего байдаггүй. Бид гурав юмыг яаж мэдэхэв гээд LEGO-гийн толгой компани руу и-мэйл бичсэн. "Манай салбар Монголд байхгүй, хамтарч ажиллаж болно" гэсэн хариу ирснээр Монголд анхны лего дэлгүүрийг нээх боломж олдсон. Бид гурвын оюутан байхдаа эхлүүлсэн бизнес юм. Хүмүүс чанартай тоглоом авъя гэвэл Брикхаус руу очдог болсон байна лээ. Одоо Батхүү маань Брикхаус-ынхаа захирал. Тэнгис Оюутолгойд ажилладаг. Батхүү маань бизнесээ амжилттай явуулж байгаа. Би үйл ажиллагаанд нь оролцдоггүй.

-Нью-Йоркийн их сургуулийг төгсөхөд тэндээ үлдэж болох байсан. Монгол руу татах хүч нь юу байв?

-Манай найзуудын ихэнх нь Уолстрийтэд үлдсэн. Миний хувьд Америкт үлдчихвэл Монгол руу очих боломж гарахгүй байх гэж бодоод буцахаар шийдсэн. Ирээд Америкт Дюк-ийн их сургуулийг 2010 онд төгссөн найзтайгаа хамтарч, бизнесийн зөвлөгөө өгөх компани байгууллаа. 3-4 сар судалгаа хийгээд, монголчууддаа бизнесээ хөгжүүлэхэд нь тусалж зөвлөгөө өгнө гэж байгаа юм. Ямар ч бизнесийн болоод ажлын туршлагагүй хоёр шүү дээ. /инээв/ Хоёулаа Ньюком группт очиж, “Бизнест нь зөвлөгөө өгье" гэж компаниа танилцууллаа. Б.Болд захирал байсан. Одоо Рио Тинто-гийн нүүрсний салбарынх нь захирал, өндөр боловсролтой хүн шүү дээ. Тэр мундаг хүн тухайн үед бид хоёрыг яаж ч шоолоогүй юм.

Захирал “Сайн байна, мундаг байна” гээд өөрийнхөө ажилласан туршлага, тухайн үедээ хийсэн ажил, тэдэн зуун сая долларын IPO гаргасан гээд их юм хэлсээн. Би тэр хүний ярианы талыг нь үнэндээ ойлгоогүй. Болд захирлын өрөөнөөс гараад "Хоёулаа юугаа мэдэж зөвлөгөө өгөх гээд байна” гэж ярилцаж билээ. Дараагийн долоо хоногт нь “Бид хоёр Ньюкомд ажиллая гэвэл зай байгаа юу?” гэж асуусан. Тэгээд 2010 оны есдүгээр сарын 12-нд анх Ньюкомд хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилд орж байлаа. Тэр үед Салхитын салхин цахилгаан станцын төсөл эхлэхээр яригдаж байсан, Изинест ажиллаж байв. Ньюком компанийн засаглал, бизнесийн ёс зүй, хараат бус байдалд манай хөрөнгө оруулагчид маш их ач холбогдол өгдөг. Ньюком бол 1993 онд байгуулагдсан Монголын томоохон компаниудын нэг, бүхнийг шинээр эхлүүлсэн. Тухайн үед миний хувьд олон улсын бизнесийн стандарт тогтсон том компаниудад ямар байдгийг үзмээр санагдаж байв.

-Оюутолгойд ажиллах болсон тань хэдэн он байв?

-2012 оноос Оюутолгойд бизнесийн шинжээчээр ажилд орсон. Тухайн үед санхүүгийн загварчлал хийх, excel дээр ажиллах зэрэг хөрөнгө оруулалтын талын мэдлэг хангалтгүй байсныг өөрөө ойлгосон. Манай Бизнесийн шинжилгээний багийнхан бүх хөрөнгө оруулалтууд дээр нь дүгнэлт хийж, тооцоог нь гаргаж, Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх нь зөв үү, буруу юу гэсэн дүгнэлт гаргадаг яг миний хүсээд байсан сонирхолтой ажил байсан. Рио Тинто Оюутолгойн менежментийг авч байсан үе л дээ. Рио Тинтогийн хэдэн зуун жил нутагшуулсан загварыг Оюутолгойн хөрсөнд буулгах ажил. Манай багийнхан 10 гаруй хүнтэй, Австрали, Америкт 10-20 ажилласан туршлагатай хүмүүс байлаа. Гурван монгол байсан. Би яаж өөрийгөө сайжруулах, энэ хүмүүсээс ихийг сурах вэ гэж өөрийгөө нэлээд шахаж ажилласан. Жилийн дараа Оюутолгойн санхүүгийн загварчлалыг гаргаж сурсан. Санхүүгийн загварчлал нь excel дээр ажилладаг маш том файл байдаг. Нөөц нь яаж боловсрогдох, зардал нь ямар байх, хөрөнгө оруулалт хэд болох, зэсийн баяжмалаа зарвал орлого хэд болох гэх мэтээр бизнесийн бүх тооцооллыг хийж, Лондон дахь Рио Тинтогийн толгой компани руу явуулдаг. Рио Тинто групп ганц Оюутолгой биш, олон улсад уул уурхайн бизнес эрхэлдэг. Анх Америкт хийдэг байсан Оюутолгойн бизнесийн моделийг нэг жилийн дараа буюу 2013-2014 оны үед Монголд авчруулаад, моделийнх нь эзэн болж, ахлах бизнесийн шинжээчээр ажиллах болсон.

-Рио Тинтогийн олон уурхайн нэг нь л Оюутолгой биз дээ. Рио Тинтогоос Оюутолгойд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байв уу? 

-Оюутолгой хийдэг миний гол ажил Рио-гоос хөрөнгө оруулалт татах. Рио Тинто бүх санхүүжилтээ Лондонд төвлөрүүлж, захирлууд нь санхүүжилтийг Австралийн уурхайдаа өгөх үү, Оюутолгойд өгөх үү гэдгээ шийддэг. Бид нар хөрөнгө оруулалт авахын тулд Лондонд очиж гаргасан санхүүгийн тооцооллоо хамгаалдаг. Бидэнтэй адилхан 20-30 уурхайгаас ирсэн өрсөлдөгч уурхайнууд санхүүжилт татахаар ажиллаж байгаа. Ийм хөрөнгө оруулалт хийхэд өгөөж нь ийм байна гэх мэтээр хамгаална. Зургаан сар үргэлжилж байж, анхны 125 сая долларын хөрөнгө оруулалт батлуулаад бөөн баяр болж байв. Миний байх үед дан монголчуудын багаараа Австрали, Америкчуудтай өрсөлдөж 500 гаруй сая долларын хөрөнгө оруулалт батлуулсан. Анх гадаад монгол нийлсэн 10 гаруй хүнтэй Бизнесийн шинжээчдийн баг сүүлдээ 5-6-хан монгол залуучуудаас бүрдэх  болсон. Багийн хүн цөөрсөн ч хийх ажил нь ихэссэн, ажлын бүтээмж нэмэгдсэн гэж боддог. Тэгж ажиллаж байтал бүтцийн өөрчлөлтөөр Рио Тинтод хамаарагдах болж Америкийн Солтлэйк, Австралийн Брисбанд голдуу ажиллах боллоо. 

Солтлэйкт ажиллаж байхад Оюутолгойгоос ярьж, “Зэсийн үнэ буурч байна, Оюутолгойн зардлыг танах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна, ирж ажиллаач” гэхэд нь Улаанбаатарт ирсэн. Мэдээж зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзлийг харж, Оюутолгойн бүх тооцооллыг хийх боллоо. Эхлээд "Оюутолгойн жилийн үйл ажиллагааны зардлаас 100 сая доллар танах хэрэгтэй байна" гэсэн. “Би чадах чинээгээрээ ажиллана. Харин орон тооны цомхтгол хийхгүй шүү” гээд ажилдаа орсон. Хүний нөөц, далд уурхай, ил уурхайгаас гэх мэтээр нэгж бүрээс нэг нэг төлөөлөл орсон баг гаргасан. Уурхайн зардал хасах биш, үргүй зардлыг бууруулах ажил юм. Ус хэмнэх, гэрэл унтраах, үр ашиг багатайгаар хүмүүсийг ийш тийш нь нисгэх, гадаад руу явах зэргээр бүтээн байгуулалт ид өрнөж байгаа уурхайд хэмнэх зардлууд зөндөө байсан. Ингээд гурван сарын дотор төсвөөс нь 100 сая доллар зовлон багатайгаар хасчихлаа. Тэгсэн "Дахин 100 саяыг хас" гэсэн. Тэр нь илүү хэцүү байсан. Уурхайд очоод машин нь дээшээ явахдаа хэр их шатахуун зарцуулдаг, уруудахад шатахуун зарцуулалт ямар байдаг, явах зам нь хамгийн оновчтой зам мөн үү?, машинд шороо ачих хооронд машинууд дугаарлан зогсох зэргээр хүлээгдэл үүсдэг. Тэр хамгийн оновчтой хүлээгдэл үү, яаж явуулбал оновчтой болох гэх мэтээр маш нарийн зүйлээс эхэлж бага багаар мэрсээр ямар ч байсан дараагийн 100 сая долларын хэмнэлт гаргаж чадсан. 

-Уул уурхайн салбарын талаар гүн гүнзгий ойлголттой болжээ. Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулахад орж ажилласан гэсэн?

-Уул уурхай надад их таалагдсан. Хажуугаар нь Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулахад ажилласан. Гол нь Монгол Улсын Засгийн газар ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрч байж, ажил цааш явна. Бүтэн жил ажиллаж, хөрөнгө оруулалтын тооцоог нь хийж, Эрдэс баялгийн зөвлөлөөр Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг батлууллаа. Ажлаа сайн хийсэн дүгнэлт аваад, албан тушаал дэвшиж Рио Тинтогийн Зэсийн группийн ерөнхий зөвлөх болов. 25-тай байсан надад “Чи группийн хэмжээнд хамгийн залуу ерөнхий зөвлөх боллоо” гэж байсан даа. Ажилдаа маш дуртай, манай хамт олон ч асар мундаг. Зарим нь Рио Тинтогийн бусад уурхайнуудад дарга, зөвлөхөөр ажиллаж байна. 

-Ерөнхий зөвлөхийн ажлыг хаанаас хийх вэ? 

-Брисбан, Улаанбаатараас. Рио Тинтод ерөнхий зөвлөх болоод байх үедээ Америкт ажилладаг найз нартайгаа утсаар ярьсан чинь “Өнөөдөр гоё өдөр байлаа, би өөрийн гэсэн ширээтэй боллоо” гэж билээ. JP Morgan гэх мэт том том банкинд ажилладаг. Тэдний цалин бонус мэдээж өндөр л дөө, гэхдээ Латин Америкт элсэн чихрийн үйлдвэр барих зэрэг өөрт нь ямар ч хамааралгүй, компьютерээс зөвхөн тоон дээр суудаг ажил. Миний хувьд Монголдоо Оюутолгойд бүтээн байгуулалтын төлөө ажилласан. Эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Дараа нь Ньюкомд ороод ч ялгаагүй сэргээгдэх эрчим хүчний салбар бас л улс орны хөгжилд тустай. Энэ бол мөнгөөр үнэлшгүй чухал зүйл гэж боддог юм. 

Хүнд өөрийгөө өрөвдөх шиг цаг үрсэн зүйл байхгүй 

-Уул уурхайгаас сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах боллоо?

-Рио Тинтод жил гаруй ажиллаж байхад Ньюкомын үүсгэн байгуулагч холбогдоод “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ийм төсөл эхэлж байгаагаа хэлээд ажиллах санал тавилаа. Эрчим хүчний салбар миний сонирхлыг татсан. Намайг Албанид байхад өдөр бүр 15.00-20.00 цагийн хооронд цахилгаан хязгаарладаг. Ялангуяа өвөл эрт харанхуй болно, лааны гэрэлд эсвэл тагтан дээрээ ганцаараа ном уншиж суудаг байлаа. Жаахан байсан учир мэдээж бяцхан айдастай. Тэр үеэс гэрэл цахилгааны ач холбогдлыг ойлгосон доо. Нэлээд бодож эргэцүүлсний эцэст зургаан жилийн дараа 2016 онд анх ажлынхаа гараагаа эхэлсэн “Ньюком” группийнхээ ТУЗ-ийн гишүүнээр томилогдон орсон.

-Сэргээгдэх эрчим хүчний салбар бас шинэ ажил, шинэ сорилт байсан уу? 

-Аймшигтай л байсан даа. Миний хувьд цоо шинэ салбар, тэр үед инженер болоогүйдээ харамсаж билээ. Шинэ ажилдаа суралцахын төлөө чадах чинээгээрээ хичээсэн. Манай Цэций төсөл Софтбанктай хамтарсан том төсөл учир ТУЗ-ийн гишүүдийн нэг нь хариуцаж ажиллах нь зөв гэж шийдээд, намайг 2017 онд Клийн Энержи Ази  Цэций төслийн захирлаар томиллоо. Эрчим хүчний салбар бол онцгой хариуцлага шаардсан ажил. Мэдээж зөв ажил хийж байгаа, гэхдээ би чадах уу? гэж эргэлзэж, нэг хэсэгтээ л шок-ийн байдалтай явснаа нуугаад яахав. Манай төсөл дээр 500 хүн ажилладаг, санхүүгийн хариуцлага гэх мэтээр бодох юм их байлаа. Гэхдээ хүнд ийм эгзэгтэй үеүд олон тохиолддог, тэр давж гарах уу, дарагдаж үлдэх үү? гэдэг цэгт очдог юм билээ. Маш амжилттай, сайн төсөл болсон. Дан монголчууд ажилласан. Туслан гүйцэтгэгчээр Монголын 80 ААН ажилласан, дараагийн төслүүдийнхээ суурийг тавьсан гээд яривал өгөөж ихтэй төсөл болсон доо.

-Ингэж тасралтгүй ажиллахад шантрах үе тохиож байв уу? 

-Ядрах ч үе байдаг. Оюутолгойд ажиллаж байхад миний дүү хүндээр өвдөөд, ээж бас өөр эмнэлэгт хэвтэж байсан. Шинэ ажилд ороод 7-8-хан хонож байхад шүү дээ, ажлынхаа учрыг олох гэж ачаалал ихтэй байх тэр үед сэтгэлзүйн хувьд ч хүнд байсан. Шөнө болтол ажиллаад, шөнөөр ээж, дүүгээ эргэнэ. Цэцийгийн төсөл эхлээд байхад салхин станцынхаа турбиныг авах гэж Сингапур руу долоо хоногт гурван удаа ниссэн. Монголдоо өдөржин хуралдаад шөнө нь ниснэ. Тэндээс шөнийн нислэгээр Улаанбаатарт ирж бас өдөржин хуралдаад шөнийн нислэгээр эргээд нисэх жишээтэй. Сүүлдээ сульддаг л юм билээ, байнга тэгж ажиллаж болохгүй, тэр бол оргил ачааллын үе байсан. Рио-д ерөнхий зөвлөх байхдаа долоо хоног нар үзээгүй. Өдөржин прожектор асаасан өрөөнд хуралдаад гарахад шөнө болсон байдаг. Хүн ер нь өөрийгөө өрөвдөж болдоггүй юм билээ, тэрэн шиг цаг үрсэн зүйл байхгүй. 

-30 нас хүртлээ ажиллахын төлөө л төрсөн мэт явжээ. Гэр бүл зохиож амжсан уу?

-Өнгөрсөн жил хуримаа хийсэн. Миний хань их сургуульд ажилладаг багш хүн. Монголдоо үлдэх бас нэг шалтгаан минь гэр бүл минь байсан. Эрчим хүчний салбарт ороход эргэлзсэн, эмээсэн, стресс тэр бүх бэрхшээлийг даван туулахад миний хань маш их дэмжлэг болсон. 

-Та азтай хүн үү?

-Азтай гэж хэлнэ. Өнөөдрийг хүртэлх ажлын өсөлт бол миний мундагийнх биш. Би хүнээс илүү ухаантай ч биш. Мэдээж азтай байсан. Ээж минь сурч боловсроход бага байхаас л дэмжсэн. Мөн бүх талаар дэмждэг сайн эхнэртэй болсон, энэ бол миний аз. Харин ажлын тал дээр уйгагүй хөдөлмөрлөснөө би өөрөө мэдэж байгаа. Тодорхой хэмжээний ажлын амжилт гаргасан бол тэр амжилтын төлөө би хичээсэн, өөрийгөө дайчилсан. Ажлын үр дүн бол аз биш, тохиолдлын зүйл биш хичээл зүтгэлийн үр шим байсан гэдэгт итгэл үнэмшилтэй явдаг. Тэгэхээр залуучууд хариуцсан ажлаа л чанартай хийдэг байгаасай. Ажлыг голохгүй хийж, бага багаар л урагшилдаг. 

Би азтай хүн. Гэхдээ ажлын минь үр дүн аз, тохиолдлын зүйл байгаагүй гэдэгт итгэлтэй явдаг

-Ажлаа явуулах хөшүүрэг Тань юу байдаг бол? 

-Би хоёр зүйлээс хөшүүрэг авдаг шиг байгаа юм, айдас, мөрөөдөл. Анх ажлаа эхэлж байгаа надад юуных нь том мөрөөдөл байх билээ. Гайгүйхэн сураад, ээж, дүү хоёрыгоо аваад явах юм шүү гэх мэтээр бага багаар өөрийгөө дайчилж, цэнэглээд явдаг хүүхэд байж. Жаахан стресстэй ч гэсэн айдас нь гол хөшүүрэг байсан. Нөгөөх нь мөрөөдөл. Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчээр тогтвортой хангасан дэлхийн жишиг орон болгох. Сэргээгдэх эрчим хүчийг экспортлох Азийн супер сүлжээг байгуулах хоёр мөрөөдөл байна. Азийн супер сүлжээ гэхээр хүмүүс "Чи битгий мөрөөдөөд бай" гэдэг. Одоо карьерийнхаа тодорхой түвшинд хүрсэн учир айдас биш мөрөөдөл минь мотиваци болоод явж байна л даа.  Бас л сонирхолтой байна. 

-Орчин үеийн, үе тэнгийн залуус чинь юун дээр эндүүрч, алдаж байх шиг санагддаг вэ? 

-Мөрөөдлөө хайрцагласан хүмүүс байдаг. Залуу хүн өндөр үнэтэй тансаг машин, эд зүйл авах төдийхнөөр мөрөөдлөө хайрцаглавал хамгийн хайран. Тэгж мөрөөдлөө хайрцаглавал тэр хүний сэтгэх, харах хүрээ, харьцах хүрээ түүгээр л хязгаарлагдана. Тэр бол харамсалтай. Мөрөөдөл заавал том байх албагүй, гол нь хийж байгаа ажилдаа хариуцлагатай байхаас бүх зүйл эхэлнэ. 

-Энэ их ажлын хажуугаар чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлж байна? 

-Уйтгартай л санагдах байх, гэртээ байх шиг сайхан зүйл алга /инээв/. Өнгөрсөн жил хуримаа хийсэн. Хүүхэдтэй болохоосоо өмнө цаг зав гарвал аялах дуртай. Ялангуяа Монголдоо аялах, үзэх газар олон байна. Манай эхнэр бас ажил ихтэй, цаг зав багатай. Ном унших дуртай. Ном бол гайхамшиг. Унших нь миний бодлоор өөр өөр супер хүмүүсийн тархийг түр хугацаагаар зээлдэж байна л гэсэн үг. Стив Жобс, Илон Маск гэх мэт хүмүүсийн алдаа оноо, амьдралын сургамж, үзэл бодлыг 5-10 доллар төлөөд бүхэлд нь мэдээд авчихаж байгаа биз дээ. Тэр бол хүн төрөлхтөнд олдсон том боломж. 

-Уул уурхай, эрчим хүчний салбарт амжилттай ажиллажээ. Дараагийн зогсоол тань юу байх бол? 

-Мэдэхгүй, би өмнө нь ийм газарт ажиллана гэх мэтээр мөрөөддөг, төлөвлөдөг байсан. Ажиллах тусам тэгж төлөвлөх аргагүй болсон мэт санагдах болсон. Тэр нь ч гоё юм байна. Одоо бол дуртай ажлаа аз жаргалтайгаар хийж байна. Миний хувьд ажилдаа цаг заваа гаргаад чадах бүхнээ зориулна гэсэн гол зарчимтай. Зогсох цэг нь хаана байгааг мэдэх шаардлага ч алга. 

-Монголын өнөөгийн нийгэм, амьдрал ямар байна вэ? 

-Монгол шиг сайхан улс байхгүй. Хотод утаа, түгжрэл гээд яривал асуудлууд байгаа л даа. Гэхдээ  улс орон бүхэн л асуудалтай, улс төртэй байдаг. Манайх бусдаас илүү дордлоо гэж харах үндэслэл байхгүй. Манайхаас сайхан, манайхаас муухай ч орон бий. Аливааг аль болох эерэг талаас нь харж, стрессгүй байхыг л боддог доо. Гэр бүлийн амьдрал сайхан байна. Нэг хөгжилтэй юм гэвэл, олон орноор яваад байхад Монгол эрчүүд шиг азтай хүмүүс алга. Ялангуяа монгол эмэгтэйчүүд гадаад өнгө төрхөөс эхлээд ажлаа хийж, ар гэрээ авч явж байгаа талаас нь харвал үнэхээр мундаг. Хажуудаа байгаа ээж, эхнэрээсээ ч харсан тэр. Тэрийг эрчүүд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн хамгийн сайн хийж чадсан нэг зүйл бол өөрсдийгөө эмэгтэй хүмүүсээс илүү шүү гэж ойлгуулж чадсан байж магадгүй. /инээв/ Ээж минь ганцаараа хоёр хүүхдээ өсгөсөн, ажлаа ч сайн хийсэн. Монголын нийгмийн тодорхой хувийг эмэгтэйчүүд үүрч яваа. 

-Зарим залуус бүх боломжоо алдсан мэт гутранги үзэлтэй нь анзаарагддаг. Боломжийг яаж олох вэ?

-Хүн өөртөө боломжийг бий болгодог. Зүгээр сууж байхад боломж ирэхгүй. Манай дарга нэг япон тэрбумтны үгийг хэлдэг байсан. “Боломжууд хүний толгой дээгүүр олноороо байнга нисдэг, чи байнга үсэрч байж л тэр боломжуудаас шүүрнэ. Суугаад л байвал боломж хэзээ ч олдохгүй” гэсэн байдаг.

-Forbes-ийн 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр анх удаа шалгарсан тань монголчуудын хувьд содон мэдээ байсан? 

-Энэ бол ямар нэг мөнгөн дүнтэй шагнал биш л дээ. Залуу хүнд урам өгсөн хөшүүрэг юм уу даа. 30 нас хүртлээ ажилласан, бүтээснийг минь ийм хэмжээнд үнэлсэнд мэдээж талархахаас аргагүй. Би бол тийм ухаантай биш, IQ сайтай ч биш. Монгол хүүхдүүд маш мундаг болсон. Хүүхэд насны минь амьдрал намайг маш хариуцлагатай болгосон шиг байгаа юм. Дээр нь ээжээс өвлөсөн ажилсаг чанар байдаг болов уу. Бас маш чадварлаг  хамт олонтой ажиллаж байна. Би эхэлсэн ажлынхаа ард гарах гэж нойр, хоолоо хасаж байгаад зүтгэдэг зуршилтай. Надаас хойш хоёр ч монгол залуу Форбес-ийн 30 хүртэлх насны Азийн шилдэг  30 залуугийн нэгээр сая тодорлоо. Тэгэхээр залууст “Энэ залуу шалгарч байхад би яагаад болохгүй гэж” хэмээн өөрийгөө өдөөх бас нэг мотиваци болоосой. Тэгэх ч ёстой гэж боддог. 

-Их ажлынхаа хажуугаар цаг гарган дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

 

Санал болгох

Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 106 1107 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 53 3349 Дэлгэрэнгүй
“Yuve Yuve Yu”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондогийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Тавдугаар сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад хийх анхны аялан тоглолтынхоо салхийг хагалах гэж буй “The Hu” хамтлаг. 
 Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд хүлээж байна. Энэ бол Том хариуцлага, Том сорилт, Тэднийг дэлхий хэрхэн угтахыг харах нь монгол түмний хувьд маш сонирхолтой хүлээлт, бахархал юм.

Б.Дашдондог: Бидэнд Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго бий

2019-05-19 95 375 Дэлгэрэнгүй

Дээшээ