Уул уурхайн салбарын 3 хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-04-19 12:35 GMT+8

Уул уурхайн салбарын голлох 3 хуулийн өөрчлөлтийг УИХ-ын бүтцийн байгууллагууд хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын ЭЗБХ ашигт малтмалын тухай, газрын тосны тухай, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уул уурхайн салбарын хууль эрх зүй давхардал ихтэй байгаа. Салбарын нийт 10 хуульд дүн шинжилгээ хийж, 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон байдаг. Үүнийг арилгахад энэ удаагийн хуулийн өөрчлөлт тустай гэж УУХҮЯ үзжээ.

Зарим өөрчлөлтөөс дурьдвал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх төлбөрийг тогтоохоор тусгаж өгсөн. Одоо байгаа ордуудын хэмжээнд тооцвол энэ төрлийн АМНАТ-т 200 орчим сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой. Энэ нь үнийн өсөлтөөс хамаарч нэмэгдэнэ гэж УУХҮЯ мэдээллээ. Мөн стратегийн орд эзэмшигч нь орон нутгийн Засаг захиргааны удирдлагатай гэрээ байгуулахыг тусгаж өгчээ.

Газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөл байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам баталж мөрдүүлэхийг тусгасан. Оны эхний улиралд газрын тосны экспорт 1.6 сая баррель болж, өнгөрсөн оныхтой ойролцоо түвшинд хадгалагдсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг", "Доншин" компаниуд экспорт хийж байна.

"Петрочайна Дачин Тамсаг" 2019 онд 1 сая 50 мянган тонн, "Доншин" компани 50 мянган тонныг экспортлохоор төлөвлөсөн. Цаашид олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хайгуулаа эрчимжүүлэх хүсэлтээ "Петрочайна Дачин Тамсаг" компани гаргасан гэдгийг УУХҮЯ мэдээлсэн. 2019 онд улсын төсөвт газрын тосны салбараас 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр зорьж байгаа. Мөн цаашид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түүхий эдийг нь дотоодоосоо хангах төлөвлөгөөтэй байгаа тул хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Т.Элиса

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 313 санал өгсөн байна.

Дээшээ