NFL: Рассел Уилсон лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-19 13:05 GMT+8

АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн “Сиэттл Сихокс” багийн куартербэк Рассел Уилсон багтайгаа 4 жилийн 140 сая долларын гэрээ байгууллаа. 30 настай Уилсон 2014 онд “Super Bowl”-д түрүүлсэн бөгөөд 2023 он хүртэл багтаа үлдэхээр болжээ. Тэрбээр шинэ гэрээний дагуу улиралд 35 сая долларын цалин авна. Энэ нь лигийн хамгийн өндөр цалинтай “Грийн Бэй Пакерс” багийн куартербэк Аарон Рожерсын 33.5 сая долларын цалинг давсан үзүүлэлт болсон юм.

Уилсон “Сиэтл Сихокс” багийн төлөө 7 жил хүчин зүтгэхдээ 6-д нь плэй-оффт шалгарсан бөгөөд 2014 онд “Денвер Бронкос” багийг ялж, анх удаа “Super Bowl”-д түрүүлсэн. Дараа жил нь дахин аваргын төлөө шалгарсан ч “Нью Энгланд Патриотс”-ыг дийлээгүй юм. Анх 2012 оны драфтын 3-р тойргийн 75 дахь сонголтоор Сиэтлд хөл тавьж байсан Уилсон NFL-д 112 тоглолтод оролцохдоо 25,624 яард гүйж, 196 удаа тачдаун хийжээ. Тэрбээр 43 нас хүртлээ тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ