Шри-Ланкад цуврал дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүний тоо 290 хүрчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-22 11:30 GMT+8

Өчигдөр Шри-Ланка улсад болсон цуврал дэлбэрэлтүүдийн улмаас 290 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.

Халдлагуудын гол бай нь христийн шашинтай иргэд байжээ. Дэлхий даяар загалмайн шашинтнууд Улаан өндөгний баяраа тэмдэглэж байх үед тус халдлагыг үйлдсэн байна.

Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо, Баттикалоа гэсэн гурван хотын гурван сүм болон томоохон гурван зочид буудалд болжээ. Долоо дахь дэлбэрэлт нь Коломбогийн өмнөд зүгт Дэхивала амьтны хүрээлэнгийн газарт, найм дахь нь Коломбо хотын орон сууцны цогцолборт болсон байна.

Дэлбэрэлтийн улмаас 36 гаруй гадаадын иргэн амиа алдав. Тодруулбал, Их Британи, Дани, Япон, Португал, Энэтхэг, Бангладеш, Нидерланд болон Турк улсын иргэд халдлага болсон газарт байж таарчээ.

Эрх баригчид уг хэрэгт холбогдуулан 13 хүнийг баривчилсан байна. Дэлбэрэлт болсон зарим газарт хүмүүс өөрийгөө дэлбэлсэн байж болзошгүй гэнэ. Гэхдээ хэн ямар зорилгоор уг халдлагыг үйлдсэнийг хараахан баталгаажуулж чадаагүй байна.

Шри-Ланка улс онц байдалд шилжиж, “WhatsApp”, “Facebook” зэрэг аппликейшнийг түр хаагаад байна.

2018 онд буддист шашинтай иргэд муслим хүн амын эзэмшил рүү дайрсан хэрэг гарч байв. Шри-Ланка улсын иргэдийн 70 хувь  нь буддын шашин, 12 хувь нь хинду шашин, 9 хувь нь муслим шашинтай шүтдэг. Харин 1.5 сая гаруй хүн загалмайн шашинтай гэнэ.

Эх сурвалж: BBC, Reuters

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ