ҮНДЭСНИЙ БӨХ: О.Цэрэндагвын нэрэмжит барилдааны шилдэг арав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-22 14:48 GMT+8

Монгол улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагвын нэрэмжит, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрөв. Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших урамтай сайхан барилдан түрүүлж, Хутагийн Цогтгэрэл үзүүр булаав. Жүдогийн хоёр шилдэг арслан анх удаа бөхийн өргөөнд үзүүр түрүүнд үлдлээ.

  1. Б.Бат-Орших-Х.Цогтгэрэл. Жүдогийн хоёр шилдэг арслан тэргүүн байр булаацалдав. Анх удаа тэргүүн байрын төлөө үлдэв. Сэжиж алсын шуудаг авч Б.Бат-Орших анх удаа бөхийн өргөөнд түрүүлэв.  
  2. Э.Ууганбаяр- Б.Бат-Орших. Өнөө жилийн топ байгаа арслан Э.Ууганбаярыг Б.Бат-Орших арслан мордоход нь сөрөөд мушгичихлаа. Түрүү бөхийн хийморь, бэлтгэл энэ өдөр бөхийн өргөөг чимж байлаа.
  3. М.Бямбадорж-Х.Цогтгэрэл. Долоогийн давааны тунаа. М.Бямбадорж өмнөх даваануудад тун ч өнгөтэй сайхан барилдаж байлаа. Харин их шөвөгт Хутагийн Цогтгэрэлд хонгодуулж унав. Х.Цогтгэрэл жүдогийн хүн гэмээргүй хонгодох хөл авах мэхийг даалгаж байлаа.
  4. Б.Бат-Орших-Н.Мустафа. Өнөө жилийн аймаг цэргийн цолтой болон залуу бөхийн арваннэгдүгээр сарын түрүү бөх Н.Мустафаг шинэхэн түрүү маань зургаагийн даваанд амлаж давлаа. Хавирхад нь тахимдчихсан.
  5. Д.Хүдэрбулга-Х.Цогтгэрэл. Чөлөөт барилдааны Ази тивийн аварга Доржхандын Хүдэрбулга энэ өдөр сайхан барилдлаа. Тавын даваанд хоёр шилдэг арслан тунав. Эхний барилдаан элэг бүс тасарсан тул дахив. Харин Х.Цогтгэрэл хавирсан хөлийг нь авч давлаа.
  6. Х.Цогтгэрэл-Б.Лхагвадорж. Жүдогийн хоёр  арслан зургаагийн даваанд тунав. Х.Цогтгэрэл шахаад татчихав. Ойролцоо хэдий ч Б.Лхагвадоржийн тохой түрүүлж хүрлээ.
  7. Б.Түмэндэмбэрэл- Б.Бат-Орших.  Булганы Б.Түмэндэмбэрэл тавын давааны ам сонин байв. Баянхонгорын Б.Бат-Орших баруун ачихад нь сүлжээд тулгуур хөл дээр нь мордож давлаа. Түмээ арслан түрүү бөхийг амласан байв.
  8. Ц.Сандагдорж-Т.Сайханжаргал. Даагаа нэхэх барилдаан. Өнөө жил хоёр таарч нэг нэг давсан. Нийт харьцаа 2:2. Аль ч утгаараа хайнаа хагалах барилдаан байлаа. Энэ удаа Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж илүүрхэж харагдав.
  9. Н.Ганзориг-О.Баярбаасан. Архангай аймгийн Хайрхан сумын заан О.Баярбаасан энэ өдөр уран барилдааны шагнал хүртэв. Нэгийн даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн арслан Намсрайн Ганзоригийг өмсөөд давжээ.
  10. Ш.Пүрэвгарьд -Б.Лхагвадорж. Хэн нь хэн нь шуугиулж байгаа бөхчүүд дээ. Тавын даваанд Завханы арслан гурван бөхөөс Б.Лхагвадоржийг амлав. Хутгахад өргөөд хаячихлаа.
GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ